| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/369 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530004530309 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эмэг эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн ******* ******* гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* ******* / *******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” нэртэй бааранд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хэл амаар доромжилж, гарт нь байсан Айфоне 14 про макс загварын гар утсыг нь булаан авч газар шидэн эвдэлж эд юмсыг зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болгож 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2530004530309 дугаартай хэргээс: нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Хохирогч 1,950,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Найс” нэртэй бааранд иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний гарт нь байсан Айфоне 14 про макс загварын гар утсыг нь булаан авч газар шидэн эвдэлж 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Эрдэнэцагаан сумын төвд байдаг Найс бааранд г пиво уугаад сууж байхад нэг найзтайгаа хамт орж ирээд өөрсдийнхөө 2 лаазтай пивоны мөнгийг намайг төлчих гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би д хандаж “өөрийнхөө мөнгөөрөө авч өгсөн гар утсаа авъя” гэхэд өгөхгүй байхаар нь булааж аваад шалан дээр шидээд эвдчихсэн. Тэр гар утас нь гар утас байгаа юм. Би гар утасны хохиролд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан. Баримт нь надад байгаа Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу ” гэх (хх 54-55 дугаар хуудас),
хохирогч Т. “2025 оны 08 дугаар сарын 12-нд шөнө 02 цагийн орчимд найз Баясалсайханы хамт Найс бааранд ороод бид хоёр нэг, нэг лаазтай пиво авах гээд зогсож байхад *******тэй таараад “чи энэ пивоны тооцоог хийчхээрэй” гэж хэлсэн юм. Тэгсэн ******* нь намайг “гичий, янхан” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би *******г “чи яахаараа намайг хэл амаар доромжилдог юм бэ” гээд очиход ******* нь намайг барьж аваад миний гарт байсан гар утсыг булааж авах гээд зууралдсан. Тэнд байсан хүмүүс рүү “туслаач” гэхэд баарны эзэн гэх Мөнхтуяа гэх эмэгтэй “наад хоёр чинь хоорондоо учраа олог”гээд хүмүүсийг ойртуулахгүй байсан. Тухайн залуу нь миний гарт байсан утсыг булааж аваад тухайн баарны шалан дээр хүчтэй савсан. Тэгээд тухайн утсаа аваад тухайн баарнаас гараад явсан. Тухайн утас хөх өнгийн I phone 14 pro max маркийн гар утас байсан. Би тухайн утсыг 2025 оны 06 дугаар сарын 07-нд Сүхбаатар аймгаас 3,500,000 мянган төгрөгөөр авч байсан. Би ******* гэх хүнтэй 2025 оны 05 дугаар сард танилцсан. ******* нь над руу утсаар яриад “чи надад таалагддаг” гэх мэтээр ярьж бид хоёр хоорондоо харилцаж эхэлсэн. Танилцсанаас хойш 20 гаран хоногийн дараа ******* нь надад утас авч өгнөө гээд байхаар нь “эхэндээ хэрэггүй” гээд зөндөө хэлсэн. Нэг өдөр “суманд утасны худалдаа ирсэн байна, би чамд авч өгье” гэхээр нь би чи өөрөө мэдээ гэж хэлсэн. Тэр өдрөө хайрцаг савтайгаа I phone 16 pro max гар утас аваад ирэхээр нь би авахгүй гээд хэлэхэд “чи авчихаа” гээд надад өгсөн. Би 3 хонуулаад *******г дуудаад “би утсыг чинь авч чадахгүй ээ, чи өөрөө утсаа аваа” гээд өөрт нь өгөөд явуулсан. 7 хоногийн дараа ******* “чи энэ утсыг авчихаа, би чамаас мөнгө төгрөг нэхэхгүй” гээд надад өгчхөөд явсан. Тэрнээс хойш бид хоёр маргалдаад харьцахаа больсон юм. ******* нь намайг энд тэнд явсан газартаа намайг муухайгаар хэлж “ би 5,500,000 мянгаар утас авч өгсөн” гээд яриа гаргасан байсан. Тухайн үед би архи уугаагүй байсан. Харин ******* нь архи уусан, нэлээн согтуу байсан.Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ******* нь миний шинээр авсан утсыг эвдэж устгасанд гомдолтой байна” гэх (хх 17-18 дугаар хуудас),
гэрч “2025 оны 08 дугаар сарын 11-ний 22 цагийн орчимд манай “Найс” бааранд ******* ганцаараа орж ирсэн. Тэрнээс цаг гарсны дараа нь танихгүй хүүхэнтэй орж ирээд 2 ширхэг лаазтай пиво авсан. Шөнө 02 цагийн орчимд би тооцоогоо хийгээрэй гэхэд нь “******* төлнө” гэж байсан. ******* нь тухайн үгийг сонсоод “янхан минь яахаараа пивоны мөнгийг чинь төлдөг юм бэ” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. нь гартаа барьж байсан лаазтай пивоор *******г цохисон. Тэр хоёр зууралдаад зүүн хана руу шахаад ирэхээр нь би тэр хоёрыг салгах гэхэд дийлээгүй. Тэнд байсан залуучууд ******* рүү дайрах гээд ирэхээр нь би ”боль наад хоёр чинь хоорондоо учирна” гэж хэлээд болиулсан. ******* нь Т. гарт байсан гар утсыг нь булааж аваад шалан дээр шидсэн. Би *******г “чи яаж байгаа юм бэ хүний юм шиддэг нь” гэхэд “та нарт хамаагүй битгий оролцоод бай” гэсэн. Тэгээд ******* тухайн баарнаас гараад явсан. нь “******* миний гар утсыг эвдчихлээ, та цагдаа дуудаад өг” гэхээр нь “та хоёр хоорондоо учраа ол” гээд явуулсан. Тухайн үед *******тэй зодолдсон зүйл байхгүй. Харин гар утсаа булаалцалдаад байсан” гэх (хх 24-25 дугаар хуудас),
гэрч “манай найз бид хоёр Эрдэнэцагаан сумын төвд байх Найс бааранд орсон. Тэр бааранд байсан нэг танихгүй залуу манай найз тай хоорондоо юм яриад байж байснаа гэнэт тэр залуу гар утсыг нь булааж аваад шалан дээр шидээд хагалчихсан” гэх (хх 28-29 дүгээр хуудас) мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2502194 дугаартай Айфоне 14 про макс загварын гар утас нь 1,950,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 34-39 дүгээр хуудас),
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хх 4 дүгээр хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-7 дугаар хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 10-12 дугаар хуудас),
*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх 58 дугаар хуудас/,
*******гийн Иргэний үнэмлэх, Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / ххн 59-63 дугаар хуудас/,
- Хохирогч Т. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан “сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй, тогтоолгохгүй” гэх хүсэлт / хх 20-21 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******г, хохирогч Т. Айфоне 14 про макс загварын гар утсыг газарт шидэн эвдэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нараас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн, Т. Айфоне 14 про макс загварын гар утсыг эвдэлж 1,950,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Тухайлбал, хохирогч учирсан эд хөрөнгийн хохирлыг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2502194 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Айфоне 14 про макс загварын гар утсанд учирсан хохирол 1,950,000 төгрөг төгрөг” гэж тогтоосон ба оролцогч нараас шинжээчийн дүгнэлттэй танилцан, хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй бөгөөд дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******гийн тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч иргэн Т. Айфоне 14 про макс загварын гар утсыг газар шидэн эвдэлж ,950,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч 1,950,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүний Айфоне 14 про макс загварын гар утсыг газар шидэн эвдэлсэн дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүх шүүгдэгч *******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Т. эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утсыг газар шидэн эвдэлж эд хөрөнгийн эрхэд нь зориуд хохирол учруулсан байх буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
2. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т. Айфоне 14 про макс загварын гар утас эвдэрч 1,950,000 хохирол учирсан бөгөөд тэрээр уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Өмнө нь нэг сая төгрөг өгсөн, сая 900,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг болон “ Т. гэх дансанд 950,000 төгрөг утас мөнгө хийсэн” гэх дансны хуулбараар нотлогдоно.
3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1.Шүүгдэгч *******гийн холбогдсон 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай”.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Айфоне 14 про макс загварын 1 ширхэг гар утсыг хохирогчид буцаан олгох” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж түүнд 500,000 төгрөгөөр торгож өгнө үү. ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ******* ******* гэх уурхайд ажилладаг. Иймд түүний орлоготой байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү” тайлбарыг гаргав.
3. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
4. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “ ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ******* ******* гэх уурхайд ажилладаг. Иймд түүний орлоготой байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд тодорхой ажил эрхэлдэг талаар мэдүүлсэн бөгөөд түүний хувьд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор,... биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхэд түүнд хүндрэл учрахгүй гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хэрэгт ирүүлсэн “ deli DVD-R 467GB загварын, 253000453 гэсэн бичвэртэй, саарал өнгийн ”Дивидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдья.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ip 14 pro max гар утас”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч шүүгдэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Учир нь түүний хувьд гар утасны хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр хохирогч нөхөн төлж хохирол, гэм хорыг бүрэн арилгасан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/...гэсэн зохицуулалтад нийцэх тул бүрэн хэмжээгээр нөхөн төлөгдсөн хохирлыг дахин төлүүлэх буюу гар утсыг хохирогч олгох үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ipone 14 pro max” гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д олгосугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг ирүүлсэн “ deli DVD-R 467GB загварын, 253000453 гэсэн бичвэртэй, саарал өнгийн ” Дивидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН