| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01561/и |
| Дугаар | 182/ШШ2017/02290 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2017/02290
| 2017 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 182/ШШ2017/02204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М П ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С ХХК -нд холбогдох,
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 121/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 98,735,437.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани *******-тай 121/16 тоот Газрын тосны бүтээгдхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, 122/16 тоот барьцааны гэрээг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. 121/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор манай компанийн арилжааны банкин дахь дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. 121/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 59,420,500 төгрөг, түүний 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10 хүртэл хугацаа хэтрүүлсэн алданги тооцоход 81,765,892.50 төгрөг болсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 29,710,250 төгрөг, мөн энэхүү гэрээний 5.2-д заасны дагуу сарын 2 хувийн хүү тооцоход 9,604,687.81 төгрөг болж байна.
Иймд бид гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 59,420,500 төгрөг, алданги 29,710,250 төгрөг, хүү 9,604,687.81 төгрөг, нийт 98,735,437.81 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан болон тэрхүү гэрээний дагуу тодорхой тооны шатахуун шилжүүлсэн тухайд маргахгүй. Шатахууны үндсэн төлбөр болон алдангийн төлбөрийг төлөөгүй нь үнэн. Гэвч гэрээнд заасан хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээ байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ петролиум ХХК нь хариуцагч *******-нд холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 121/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр болох 98,735,437.81 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдагч талаас зохих бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн боловч худалдан авагч хариу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Иймд гэрээний үндсэн төлбөр 59,420,500 төгрөг, алдангийн төлбөрт 29,710,250 төгрөг, хүүгийн төлбөрт 9,604,687.81 төгрөг, нийт 98,735,437.81 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч, Талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдан авагч талаас шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд маргахгүй. Гагцхүү талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ биш байх тул хүү төлөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1. Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 121/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болон тус гэрээний дагуу нэг талаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 39,550 литр, 59,420,500 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг нэг нэгжийг нь 1460-1510 төгрөгөөр нийлүүлсэн, нөгөө талаас гэрээний үүргийн төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,188,410 төгрөг төлсөн үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.
Харин хариуцагч талаас талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэхгүй. Учир нь энэ төрлийн гэрээнд заавал тусгагдвал зохих зүйлсийг тусгаагүй, хүүгийн талаарх тохиролцоо нь алдангийн шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хүүгийн тохиролцоо биш гэж маргаж байгаа.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ...зээлээр авсан барааны үнэд хүү тооцохгүй. гэж заасны зэрэгцээ мөн гэрээний Гэрээний хариуцлага гэх 5 дугаар бүлэгт хүүгийн талаар зохицуулж, 5.2-т гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон төлөх үүрэгтэй гэж заажээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зохицуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь гэрээний дагуу төлөх хариу төлбөрийн хэмжээг тохиролцон тогтоох байдлаараа бусад хэлбэрийн худалдах худалдан авах гэрээнээс ялгагдах онцлогтой. Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах худалдан авах гэрээний үед үнийг тохирохдоо тухайн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан үеэс хойш тодорхой хугацааны дараа үнийг хэсэгчлэн эсхүл, бүрэн төлж байгаагийн төлөө худалдагч талд хүүгийн хэлбэрээр илүү төлбөр төлөхийг зөвшөөрсөн агуулгатай байдаг. Маргаан бүхий тохиолдолд талууд гэрээний үнэ буюу хариу үүргийн төлбөрт хүүгийн талаар тохирохгүй байх зарчмыг баримталсан атлаа хүү төлөх тохиолдлыг гэрээний хариуцлага гэх бүлэгт оруулан зохицуулсан нь тус гэрээг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ биш болохыг тодорхойлж байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан үндсэн төлбөрт тооцох хүү нь иргэний эрх зүйн буюу гэрээний хариуцлагын шинжийг агуулдаггүй, худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэ буюу хариу төлбөр байдаг.
Иймд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасны дагуу талуудыг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан гэж үзэж нэхэмжлэгчийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 9,604,687.81 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Хариуцагч гэрээний хугацаанд нийт 39,550 литр шатахууны үндсэн үнэ 59,420,500 төгрөгийг төлөөгүй ба төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн гэрээнд заасан алдангийн хувь хэмжээ, түүнийг бодсон аргачлалын хувьд харилцан маргахгүй болохоо шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Хариуцагч ийнхүү үндсэн төлбөр ба алдангийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээний 3.1, 5.1 дэх заалтууд /хх-ийн 11, 12 дугаар тал/, худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн акт /19-22 дугаар тал/, *******-аас нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан хүсэлтүүд /хх-ийн 22-25 дугаар тал/-ээр тус тус тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь хариуцагч гэрээнд заасан хариу үүргийн төлбөрт 1,188,400 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан болохоо зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Иймд гэрээний хариу үүргийн төлбөрт 59,420,500 төгрөг, алдангийн төлбөр 29,710,250 төгрөг, нийт 89,130,750 төгрөгөөс хариуцагчийн хүүгийн төлбөрт үндэслэлгүй төлсөн 1,188,400 төгрөгийг хасаж үлдэх дүн 87,348,150 төгрөгийг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 594,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгон шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч *******-аас 87,348,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ петролиум ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,793,097 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 594,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА