Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/02122

 
 

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/02122

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2а байрны 28 тоотод оршин суух Боржигон овогт Цэмбэлийн Эрдэнэтуяа /РД:ХВ70040202/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 379 тоотод оршин суух Боржигон овогт Нямдондовын Уранчимэг /РД:ХЖ63061863/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 497,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч Н.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 2А байрны орцны өмнөх зам дээр Хьюндай Соната маркийн 22-28 УБГ улсын дугаартай автомашин жолоодож явсан ******* миний хүү Т.Оргилыг мөргөж хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндээр хохироосон. Уг ослын улмаас миний хүү Т.Оргилд баруун гарын эрхий хуруу шалбарсан, баруун гарын тохой маш их өвдөлттэй байсан ба 2 өвдөгний хооронд шалбарсан байсан. Баруун гар ёо ёо гээд орилоод байсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад баруун гар нь гэмтдэг нь юу вэ? гэж бодож байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд, зургийг нь авахуул гээд рентген зураг авахуулсан. Ясны хугарал байхгүй байсан. Тэгээд метнол гэдэг эм өгсөн. Тэр эмийг нь өгсөн чинь өвдөлт намдаахаас гадна мэдрэлийг дарангуйлдаг эм байсан. Хүүхдэд том хүний хэмжээгээр өгөөд байсан чинь томографийн зурганд тархи доргилттой гарсан хэрнээ хүүхэд гүйгээд байсан. Тухайн үедээ гайгүй болоод хичээлд нь явуулсан ба дараа нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хичээлээс нь авсан чинь ээжээ миний гар өвдөөд байна гэж ирсэн. Би тэр үед шууд яаралтай түргэн тусламж руу авч явсан. Эх нялхасын эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт үзүүл гэж хэлсэн. Би Эх нялхасын эрүүл мэндийн төвийн мэс засалд очиж үзүүлсэн ба хагалгааны буюу мэс заслын эмчид орой 23 цагийн үед үзүүлсэн. Орой болсон болохоор ЭХО оношлогоо хийх боломжгүй байна, битүү гэмтлээс болсон учир хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Өглөө эрт ирээд гарыг нь ЭХО-д үзүүл гэсэн. ЭХО-д авахуулсан зургаа хэрэгт хавсаргаж өгсөн. Тэр өдөртөө хагалгаанд орсон.

Би хагалгааны өмнө Костя эмчид үзүүлж байсан. ******* нь 140 000 төгрөгийн эм тарианы мөнгө өгсөн, дараа нь Костя эмчид үзүүл гэж 30 000 төгрөг өгсөн. ******* өөрөө бөөд үзүүлсэн гэж надад хэлсэн. Танай хүүхдийн 100 хувь буруу байна гэж хэлээд тэр бөөд очиж үзүүл гэж хэлээд надад 20 000 төгрөг өгсөн. Надад 50 000 төгрөг өгсөн. Энэ өгсөн 50 000 төгрөгөөр Костя эмчид 2 удаа хүүгээ үзүүлсэн. Шаргалжуут явж Ганууд эмнэлгийн Бүрнээ эмчид үзүүлээд ир гэсний дагуу үзүүлсэн. Бүрнээ эмч 5 удаа Шаргалжуут яв гэсэн боловч мөнгөний боломжгүй явж чадаагүй л байна. Өрх толгойлсон би хүүгээ эмчлүүлж асраад ажилгүй байна. Өвчтэй байснаас хичээлээсээ хоцорсныг гэрийн багш дамжаагаар нөхөж авсан. Иймд хариуцагч *******ээс 497 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2А байрны харалдаа 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр авто замаар 22-28 УБО улсын дугаартай автомашин жолоодон явж байтал 7 орчим насны эрэгтэй хүүхэд машины урдуур гүйж гарч ирснээс болж осол гаргасан. Би хүүхдийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт, зүүн өвдөгний арын зулгарал гэсэн. Би хүүхдэд 3D компьютер, томограф шнжилгээ, ЭХО оношлогоо хийлгэсэн. Тухайн үед хамгийн чанартай хийдэг эмнэлгээр /ээжээр нь сонгуулж/ оношлогоо хийлгэсэн. Энэ шинжилгээгээр хүүхдийн биед гэмтэл учраагүй, харин төрөлхийн тархины гистатай болох нь тогтоогдсон.

Мөн Т.Оргилын гэр бүл хүүхдийг шүүх эмнэлгийн үзлэгт оруулсан байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархи доргилт, хоёр хөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн нь гэмтлийн эмнэлгийн дүгнэлттэй адил онош бүхий акт гарсан. Ингээд би хүүхдийн тархины доргилт, дархлаа сайжруулах эмийг гэмтлийн эмчийн жорын дагуу авч өгснөөр ауудал дууссан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс ослын асуудлыг шалгагдаж байхад 70 000, 70 000 төгрөгийн эмийн зарлагын 2 баримтаар 140 000 төгрөг нэхэмжлэсэн, 140 000 төгрөгийн төлбөр өгвөл энэ асуудлыг дуусгая гэж хэлж байсан. Тэр эмчилгээ нь тархины эмчилгээний эм байсан. Би хүүхдийн эмчилгэнд зориулж 140 000 төгрөгийг сайн дураар төлсөн.

Миний учруулсан гэмтлийн улмаас 497 210 төгрөгийн эмчилгээний зардал гараагүй. Хүүхэд төрөлхийн тархины гистатай, харшилтай юм байна. Тухайн ослоор хүүхдийн баруун гарын тохойд ямар нэгэн гэмтэл учраагүй тул баруун гарын тохойд хийгдсэн хагалгаанаас болж сэдэрсэн гэх харшлыг эмчилсэн гэх зардлыг би төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Оргилын эмчлүүлэгчийн картнаас харахад хүүхэд 2 сартай байхаасаа харшилтай байсан байна. Иймд одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний хүү Т.Оргилын эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт 497,210 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарсан ослын улмаас тухайн үед 7 настай байсан түүний хүү Т.Оргилын баруун гарт битүү гэмтэл үүсэн үений шингэн хуримтлагдаж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орсон. Хагалгааны дараа их хэмжээний антибиотек, эм хэрэглэснээс хүүхдийн арьсны харшил хөдөлж эмчилгээний нэмэлт зардлууд гарсан. Хүүхдийн эм, эмчилгээний зардал буюу Баянхонгор аймгийн Шаргалжуутын сувиллын газрын эмч Бүрнээгээр эмчлүүлсний зардал болох 184,500 төгрөг, өндөр чанарын томографд харуулсны зардал 100,000 төгрөг, эмийн зардал болох үлдэх 212,710 төгрөг, нийт 497,210 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, осол гарсан, гэвч ослын улмаас хүүхдийн баруун гар гэмтээгүй. Миний бие осол болсны дараа эмчилгээний зардал гэж 140,000 гаруй төгрөгийг төлсөн. Харин энд нэхэмжилж буй 497,210 төгрөгийн зардал осолтой хамааралгүй. Хүүхдийн тархинд төрөлхийн уйланхай байгаа нь ослын дараах оношилгоогоор тогтоогдсон байдаг. Баруун гарын гэмтэл гээд байгаа нь ослын хямарлын үе өнгөрснөөс хойш илэрч байна. Хэрэв осолтой холбоотой байсан бол ослын хямарлын үед илрэх байсан. Хүүхэд өөрөө ч гүйж тоглож яваад гэмтсэн байх боломжтой гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 2а байрны үүдэнд 22-28 УБГ улсын дугаартай Соната маркийн суудлын автомашин 7 настай Т.Оргилыг мөргөж гэмтээсэн осол гарсан талаар маргахгүй байна. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

2. Нэхэмжлэгчийн тайлбар эмх цэгцгүй байх боловч шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбарт дүн шинжилгээ хийж үзвэл ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэхэд гаргасан гэх 497,210 төгрөгийн эм, эмчилгээний зардлуудаа үндсэнд нь ослоос хойш хагалгаа хийлгэх хүртэлх хугацаанд гаргасан эмчилгээний зардал (2015.08.28-2015.10.14), хагалгаа хийлгэснээс хойших хугацаанд ослын үр дагаврыг арилгахтай холбоотой зардлууд (2015.10.14-ний өдрөөс хойших хугацаанд) гэж ангилсан гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хагалгаа хийлгэснээс хойш ослын улмаас бий болсон тархины доргилт зэрэгтэй холбоотой эмчилгээнүүд хийлгэж байснаас гадна хожим илэрсэн уршиг болох баруун гарын тохойны үед мэс ажилбар хийлгэсэнтэй холбоотой эмчилгээний зардлууд гарсан гэжээ. Тухайлбал хэт их антибиотек, эмийн эмчилгээний улмаас хөдөлсөн арьсны харшлыг эмчлэхэд нэмэлт зардлууд гарах болсон гэж маргаж байна.

Хариуцагч нь Т.Оргилыг хагалгаа хийлгэхээс өмнөх хугацаанд гаргасан эмчилгээний зардлууд, хагалгаа хийлгэснээс хойших тархины эмчилгээний зарцуулсан зардлуудыг осолтой хамааралгүй, төрөлхийн тархины уйланхайн эмчилгээнд зориулагдсан байх үндэстэй гэж, харин хагалгаа хийлгэснээс хойших хугацааны харшлын эмчилгээний зардлууд нь осолд хамааралгүй, учир нь ослоор баруун гарын тохойнд гэмтэл учраагүй тул хагалгааны эмчилгээнээс үүссэн харшилд осол хамааралгүй гэж маргадаг.

Дээрх байдлаар ангилсан зардал тус бүрээр нэхэмжлэлийн шаардлага хэрхэн нотлогдож байгаа талаар дараах дүгнэлтийг шүүхээс өглөө. Үүнд:

1)    Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн зардалд холбогдох баримтуудаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий эм тариа худалдаж авсан зарлагын баримт нь Т.Оргилыг хагалгаанд орсон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах баримт байна. Дээрх баримтаар шприз болон тархи толгойны үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эм тариаг Түшиглэн ХХК-аас худалдаж авсан нь тогтоогдож байна. Хэдийгээр ослын дараах томографийн үзлэгээр Т.Оргил тархины төрөлхийн уйланхайтай болох нь тогтоогдсон байх боловч ослын улмаас тархины доргилт үүссэнийг гэрчилсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт мөн авагдсан байна. Тархи толгойны үйл ажиллагааг дэмжих зориулалттай эм тариа нь ослын улмаас бий болсон тархины доргилт бус чухамхүү уйланхайг эмчлэхэд зориулагдсан гэдгийг хариуцагч эргэлзээгүй нотлоогүй, түүнчлэн ослын хямарлын хугацаа гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно. Дээрх эм тариаг худалдаж авсан огноо нь осол болсноос нэг сар гаруй хугацааны дараа байгааг анхаарах нь зүйтэй. Иймд тархины үйл ажиллагааг дэмжих эм тариа гэж зохигчдын үзэж буй 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий 24,500 төгрөгийн баримтаар нотлогдох дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

2)    Т.Оргилын эм, эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтуудыг он цагийн байдлаар нь хөөж үзвэл түүнийг хагалгаанд орсноос хойших зардлуудад хамаарч байна. Эдгээр баримтуудаас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42000 төгрөгийн баримт нь хагалгаа хийлгэснээс хойших хугацаанд хамаарах хэдий ч тархины үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн тариа гэж зохигчид тайлбарлаж байх тул ослоос бий болсон шууд гэмтэлд зориулагдсан эмчилгээний зардал гэж үзэж энэ үнийн дүнгийн хэмээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ослын улмаас баруун гарын үед шингэн хуримтлагдаж 2015 оны 10 дугаар сард хагалгаанд орсон. Хагалгааны дараах эмчилгээнд ихээхэн зардал гаргасан уг зардлыг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Ослын улмаас Т.Оргилын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тус шинжээчийн дүгнэлтийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт гэсэн хэсэгт Т.Оргил 2 өвдөг, гар, толгой өвдөх зовиуртай болохоо дурдсан байна. /хх-ийн 13, 14 дүгээр тал/ Түүнчлэн осол гарсан тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Т.Оргилын ээж нэхэмжлэгч ******* Замын цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ ...Зүүн талаас нь машин ... ойрхон ирж мөргөөд ... зогсох шиг санагдсан. ...нэг мэдсэн чинь машины зүүн урд байж байсан. 2 өвдөг, баруун гарын сарвуу маш их өвдөөд уйлсан. Хүү Оргил минь уйлаад хөл, гар халуу оргиод өвдөөд байна гээд байв гэж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Ослын улмаас таны хүү Оргилын биед ямар гэмтэл учирсан бэ гэсэн хэрэг бүртгэгчийн асуултад хүүгийн 2 хөлийн өвдөгний дотор талд шалбарсан, хөхөрсөн, баруун гарын эрхий хуруу хөдөлж болохгүй өвдөөд байна гэсэн. Зүүн гарынх нь шөрмөс татсан. гэж тус тус хариулж байжээ. Мөн хүү Т.Оргилын баруун гарын тохойны үе хавдаж, шингэн хуримтлагдсаны улмаас хагалгаанд орохоос 2 сарын өмнө шинжээч болон хэрэг бүртгэгч нарт өгч байсан мэдүүлэгтээ хүүгийн гар өвдөж, шөрмөс татсан, хөдөлгөж болохгүй байгаа тухай тайлбарлан хэлж байжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл Т.Оргилын баруун гарын тохойн хэсэг хавдан үений шингэн хуримтлагдан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хагалгаа хийлгэх замаар эмчлүүлсэн явдалд дээрх осол шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байхын зэрэгцээ Т.Оргилын өвчний түүхэнд дээрх ослыг өвчний шалтгаан байж болохыг зөвшөөрч тэмдэглэл хийсэн нь хэрэгт авагджээ. /хх-ийн 176 дугаар хуудасны арын нүүр, 179 дүгээр тал/.

Хэдийгээр дээр дурдсанчлан хагалгаа хийлгэсэн явдал нь осолтой холбоотой байх боловч ослын улмаас эмчилгээнд зарцуулсан гэх харшлын эм тарианаас бусад бодитой зардал, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөнгүй.

Нэхэмжлэгч ослын улмаас бий болсон тархины доргилт зэрэг шууд үр дагаврыг арилгуулах, хагалгааны дараах бусад үр дагаврыг арилгуулахаар Бүрнээ, Костя зэрэг эмчид хандаж байсан бөгөөд Бүрнээ эмчээр эмчлүүлсний зардал 184,500 төгрөг болсон гэж тайлбарлаж байх боловч энэ тухай нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэнгүй. Тэрээр дээрх баримт Т.Оргилын эрүүл мэндийн картад байгаа, гэрт байгаа, цүнхэнд байгаа гэх зэргээр тайлбарлан Т.Оргилын өвчний картыг гаргаж өгөхөөр хугацаа авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч энэ тухай баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд хагалгааны дараах ослын үр дагаврыг арилгуулах зорилгоор хийсэн эмчилгээний зардлын нэг хэсэг гэх 184,500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3)    Нэхэмжлэгч хагалгааны улмаас түүний хүү Т.Оргил маш их эм тариа хэрэглэж, хүүхдийн арьсны харшил хөдөлсөн тул худалдаж авсан харшлын тос, эм тарианы зардлыг нэхэмжилж байна гэж тайлбараж байна. Нэхэмжлэгч харшлын эм тариатай холбоотой шаардлагаа нотлохоор төлбөрийн баримтууд хэрэгт хавсаргасан байна. Гэвч хавтаст хэргийн 179 дүгээр талд авагдсан өвчний түүх гэх баримтын эмчийн үзлэг гэх хэсэгт ...харшилдаг эм тариа үгүй, чихэр, шүүсний харшилтай гэж тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хүү Т.Оргилыг эм тарианы харшилтай байсан. Тухайн харшил нь чухам хагалгааны үед хэрэглэсэн эм тарианаас болсон гэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зохигчдын тайлбарласан харшлын гэх эм тариануудад холбогдох зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин хагалгааны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийлгэсэн томографийн зардал гэх 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 166,500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсэг болох 330,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 5,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хариуцагч *******ээс 166,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 330,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Уранчимэгээс 5,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

Т.ЭНХТУЯА