Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

иргэдийн төлөөлөгч О.Раднаа,

шүүгдэгч Б.Төмөртогоо, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг,

хохирогч “Нью Энержи Стар” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлийсайхан, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

иргэний хариуцагч Д.Цэрэндэндэв, А.Дөрвөнжин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар  зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Адуучин овогт Батсайханы Төмөртогоод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301012408 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1973 оны 09-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 б байр 22 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 04-р сарын 30-ны өдрийн 224 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 07 сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 02 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Адуучин овгийн Батсайханы Төмөртогоо /РД:ЧН73091619/

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нью Энержи Стар" ХХК-тай хуурамч бичиг баримтаар газрын тос худалдах худалдан авах гэрээ байгуулж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 375.440 литр түлш залилж бусдад 788.424.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Орос улсын хоёр иргэн надтай танилцаад Монгол талаас хүн хэрэгтэй байна. Түлш зээлээр авна гэж хэлсэн. 500 тн түлш авах гэсэн юм гэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Герлов, Сергей, Сердиков нартай ярьсан. Тэгээд Өрнө Дорнын гүүр ХХК-ийн гэрчилгээг хоёр Орос хүн надад өгсөн. Тэдгээр оросууд нэг компанийг залилсан гэсэн. Би хувьдаа юу ч аваагүй оросуудад хууртагдсан. Би хоёр удаа Дөрвөнжингөөс баримт авч оросуудад өгсөн. Бас би түлш аваагүй. Зарж байгаагаа мэдээгүй. Би зочид буудалд очоогүй. Хоёр оростой хамт нэг орчуулагч нэг монгол хүн, хоёр буриад залуу явсан байсан. Тэр хоёр орос надад үнэмлэхээ өгчих хойноос нь паспорт гаргаад өгье гэхээр нь үнэмлэхээ өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сергейд иргэний үнэмлэхээ өгсөн. Би орос хэлээр ярьж байгаагүй. 91915093 дугаарыг НЕС ХХК-нд ороход хоёр орос надад бариулсан. Би өдий насалтлаа ийм зүйл хийгээгүй. Би тэдгээр хоёр оросыг олуулахыг хүсэж байна. Надад 80.00.000 төгрөгөөс 500 төгрөг авсан. Миний үйлдэл санаатай шинжгүй” гэв.

 

Хохирогч “Нью Энержи Стар” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Манай компанийн хувьд гэрээний явц надаар хянагдах ёстой байсан боловч би тухайн үед жирэмсний амралттай байсан. Миний оронд өөр хүн ажиллаж байсан. Компаний хувьд их хэмжээний мөнгөөр хохирсон. Тухайн үед шүүгдэгч эрүүл саруул, өөрийн үйлдлийг мэдэж байсан. Тухайн үеийн шатахууны ханшаар 788.424.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Манай байгууллагад хүмүүсээс танай бүтээгдэхүүнийг гадуур зараад байна гэж гомдол гаргасны дагуу түлшээ нийлүүлэхээ зогсоосон. Одоог хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй. Энэ мөнгө 2014 оноос хойш тодорхой хэмжээний эргэлтийн мөнгө байсан” гэв.

 

Иргэний хариуцагч Д.Цэрэндэндэв, А.Дөрвөнжин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Хэрэгт байх баримтаар Гүн Зэгстэй ХХК-ийн захирал Цэрэндэндэв, Алтайн богд ХХК-ийн захирал Дөрвөнжин нарыг гэрчээр байцааж байгаад тэр өдрөө иргэний хариуцагчаар татаад мэдүүлэг авсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар иргэний хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагаа хийлгүйгээр гэнэт шүүх хуралдаанд дуудсан.

Яллах дүгнэлтэд Дөрвөнжин, Цэрэндэндэв нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож яллаж байгаад хавсралтаараа иргэний хариуцагчаар оролцуулна гэдэг санал гаргасан. Иргэний хариуцагчаар 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Цэрэндэндэв, мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дөрвөнжин нар мэдүүлэг өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт энэ талаар нотлох баримтууд байгаа. Зээлээр худалдах худалдан авах зохицуулалттай иргэний гэрээгээр ял шийтгэдэггүй. Худалдах худалдан авах гэрээгээр эд хөрөнгө шилжүүлж байхад эрсдэл нь хаанаас хэдий үед шилждэг талаар тодорхой зохицуулалт байгаа. Хэрэгт байх 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн 2 дугаар хавтасны 50-54 дүгээр хуудасны Өрнө дорнын гүүр, Нью Энержи Стар компаниудын хооронд байгуулсан гэрээнүүд байгаа бөгөөд тодорхой нөхцөлүүдийг тохирсон. Хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь худалдагчаас худалдан авагчид шилжсэн даруйд өмчлөх эрх шилждэг. Өмчлөх эрх шилснийг нотолсон шатахуун авч явсан паданууд хэрэгт байдаг. Өрнө дорнын гүүр ХХК-нд худалдагч талаас 2013 оны 11 дүгээр сарын 17-12 дугаар сарын 09-ний өдрүүдэд шатахуун шилжүүлсэн баримт байдаг тул шатахуунтай холбоотой өмчлөх эрх нь ачилт ачилтаас тухай тухайн хэмжээгээрээ Өрнө дорнын гүүр ХХК-нд шилжсэн. Үүнээс хойш Өрнө дорнын гүүр ХХК өөрийн эзэмших, ашиглах эрхээ хэн нэгнээр хязгаарлуулахгүйгээр эдлэх эрхийнхээ дагуу Гүн Зэгстэй ХХК, Алтайн богд ХХК-нд худалдсан. Худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг нь төлсөн. Улсын яллагч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Төмөртогоо нь 788.424.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн. Хавсралтад нь мөн энэ хэмжээний мөнгийг Төмөртогоо төлнө гэсэн байдаг. Тэгэхээр иргэний хариуцагчаар Гүн Зэгстэй ХХК болон Алтайн богд ХХК нь татагдах үндэслэлгүй юм” гэв.

 

Хэргийн талаар тогтоогдсон үйл баримт болон шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нью Энержи Стар" ХХК-тай хуурамч бичиг баримтаар хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар газрын тос худалдах худалдан авах гэрээ байгуулж 375.440 литр түлш залилан авч уг компанид 788.424.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан баримтууд болох:

Хохирогч Н.Амаржаргалын “Би “Нью энержи стар” ХХК-д маркетингийн менежер ажил эрхэлдэг юм. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нью энержи стар” ХХК-д маркетингийн менежерийн өрөөнд байж байхад албаны 70145549 дугаарын утсанд Батсайханы Төмртогоо гэдэг хүн ярихдаа манайх “Өрнө дорны гүүр” ХХК-н байгаа юм танайхаас түлш сонирхож байна манайх Өмнөговь аймгийн Баян-овоо суманд  Хятадын нэг компаний тендерийг аваад гэрээтэй ажиллаж байгаа болохоор түлш хэрэгтэй байгаа юм. Тэр Төмөртогоо гэдэг хүн танай компани манай компанид түлш нийлүүлэх үү мөнгөө бэлнээр төлөх үү, эсвэл зээлээр түлш нийлүүлэх үү гэхээр нь би зээлээр авах бол үл хөдлөх хөрөнгө барьцаанд хэрэгтэй гэхэд Б.Төмөртогоо манай компаний эзэмшлийн БГД-н 12-р хороонд байрлах Хасбаатарын гудамж 3-6 тоотод үйлчилгээний зориулалтай барилга миний нэр дээр байдаг танайд барьцаанд тавиад танай компаниас түлш авъя гэж хэлсэн. Би Төмөртогоо гэдэг хүнд эргээд холбогд гэж хэлээд өөрийн албаны маркетингийн ахлах менежер Отгонболд, Лувсаншарав нарт танилцуулсан чинь давхар Сэргэлэн захиралд танилцуулаад холбогдох баримтыг нь үзэж хараад эргэн танилцая гэж хэлснээр судалгааг хийхэд тухайн үл хөдлөхийн гэрчилгээнд 4289 мкв талбайтай зочид буудлын барилга байсан. Түүнийг үнэлэхэд нь 4 тэрбум түлш олгоё гэхэд Б.Төмөртогоо зөвшөөрсөн. Тэгээд холбогдох бүх баримтаа аваад ирээрэй гэхэд үл хөдлөхийн лавлагаа болон “Өрнө дорнын гүүр” ХХК-ний гэрчилгээг хувилаад явуулсан байхаар шалгаад дарга нарт танилцуулаад материалыг бүрдүүл гэснээр дахин холбогдож зочид буудлын үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ, тамга зэргийг авчир гэхэд Төмөртогоо өөрөө бариад манай ажил дээр ирээд манайхаас комисс гараад нөгөө объектыг үнэлгээ хийгээд 1.050.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой 2013.11.13-нд зээлээр газрын тос худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад бичиг баримтыг нотариатаар оруулаад шалгуулаад баталгаажуулсан. Тухайн үед би маркетингийн менежер Лувсаншарав, Төмөртогоо нарын хамт очоод нотариатын хүн нь ерөнхий нягтлан бодогч чинь хэрэгтэй гэж хэлээд нягтлан бодогч Г.Амаржаргалыг дуудаж авчираад нотариатаар гэрээгээ хийсэн. Гэрээ байгуулснаас хойш 15 удаа түлш татан авалт хийгээд 375.440 л түлш аваад мөнгөн дүнгээр 788.424.000 төгрөгийн татан авалт хийсэн. Гэтэл түлш татах ёстой газар нь Өмнөговь аймаг руу авахаар гэрээ хийсэн мөртлөө тээвэрлэлт нэг өдөртөө багтаад эргэж түлшээ аваад байхаар нь гайхаад өөрсдийн компанитай гэсэн чинь 15 машин ирээд 15 өөр улсын дугаартай байсан. Ер нь манай компаний түлшийг ченжүүд мэддэг гэтэл сүүлийн үед манай компаний түлшний талаар ченжүүдийн дунд “Нью энержи стар” ХХК-ний түлш хямдхан зарагдаад байна гэснээр манай компани сэжиглээд Төмөртогоогийн үл хөдлөх гэрчилгээг шалгуулахад уг гэрчилгээг хуурамч байна гэхээр нь шалгуулахаар болсон.

“... “Өрнө дорны гүүр” ХХК-ний захирал  Төмөртогоо нь өөрөө зочид буудлын үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг эх хувиар нь авчираад дараа нь гэрээ хийхдээ өөрийн “Өрнө дорны гүүр” ХХК-ний гэрчилгээг авчирч гэрээгээ хийсэн. ... Манайх улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахад уг гэрчилгээг ямар нэг өр авлага барьцаанд байхгүй байна гэсэн лавлагаа гарснаар /хуурамч эсэхийг нь шалгаагүй/ түүнд тулгуурлан зээлийг олгосон юм. Уг лавлагаа нь гарахдаа Батсайханы Төмөртогоогийн нэр дээр гарч ирсэн. ... Манай компаниас 500.000л болон 1.050.000.000 төгрөгийн түлш авахаар гэрээ хийгээд 2013.11.14-нөөс 12.09 хүртэлх хугацаанд гэрээ байгуулснаас хойш 15 удаа түлш татан авалт хийгээд 375.440л түлш аваад мөнгөн дүнгээр 788.424.000 төгрөгийн татан авалт хийсэн. Одоо манай компаниас 788.424.000 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байна. ... Бид нар очиж үзээгүй, харин гэрээнд бичигдсэнээр СХД-ийн 11-р хороо “Агро амгалан” ХХК-ний байрны баруун талд Автобусны баазын 1-р байранд оффис байдаг гэрийн хаяг нь Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл 32б байрны 22 тоот гэсэн байсан” /хэргийн 1 дүгээр хавтас, 17-18 дугаар хуудас/

“ ... Манай байгууллага дээр компаний талаархи танилцуулга авчирч дараа нь гэрээ хийхээр, гэрээгээ нотариатаар батлуулахаар авч яваад буцаан авчирч өгсөн зэрэг 4 удаа манай ажил дээр ирсэн. Гэхдээ өөр ямар нэг хүн дагуулан ирж байгаагүй, дандаа ганцаараа ирдэг байсан. ... Манай компаниас гэрээг хийсэн л бол дахин ирээд байх шаардлагагүйгээр утсаар яриад авчихаж болдог юм. ... Б.Төмөртогоо хамгийн сүүлд ирэхдээ хар өнгийн “Лексус-470” маркийн шинэвтэр машинтай ирсэн. Жолооч гэх намхан жижигхэн залуу харагдсан урдаас нь хараагүй араас нь харсан. Машины дугаар болон өөр зүйлийг нь санахгүй байна. ... Манай ажлаас маркетингийн менежер Лувсаншарав хамт зээлийн ажиллагааны судалгааны ажил дээр байнга хамт явсан”гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 19 дүгээр хуудас /

 

Гэрч Л.Очирын “Би “Петоржанп” ХХК-нд гэрээгээр ажилладаг. Гэрээгээ нэг жилийн хугацаатай хийгээд хавар сунгуулдаг. Би 2013 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тосгоны овооны орчим байрлах “Синчи ойл” ХХК-ны менежер Төгсөө надруу утсаар яриад Очироо ахаа хоёр ачаа ачаад өг гэж хэлснээр Сонгинохайрхан дүүргийн Орбитод байрлах “Хүнс трейд” ХХК-ний агуулахаас 19 тонн түлш 2 удаа ачаад төмөр замын депо нь урд байрлах “Хөвсгөл трейд” ХХК-ний агуулахад 2013 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 2 удаа тус компаний нярав Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн. ... “Синчи ойл” ХХК-ний менежер Төгсөө ачаадах гэснээр ачсан. Төгсөө нь 99012226 дугаарын утастай, Оюунгэрэл нь 99019598 дугаарын утастай” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 20 дугаар хуудас/

 

Гэрч Н.Энхтөгсийн “Би “Синчи ойл” ХХК-д менежерийн ажил эрхэлдэг. ... Би 2013 оны 11 дүгээр сарын 21-ний орчим “Тэс петролиум”  ХХК-наас А80 шатахууныг аваад байж байхдаа түлш байна уу гэж асуухад тус компаний борлуултын менежер Мягмар /99116414/ өөр хүнд түлш хямдхан зарна гэж байна лээ гэж хэлж байсан. Тэгээд 1 цаг орчмын дараа 91915093 гэх утаснаас түлш авах гэж байгаа юм уу гэж асуухаар тиймээ түлш байна уу гэхэд надад байгаа шүү гээж хэлсэн. Би 1 дэх өдрөөс авна гэж хэлээд тасласан чинь түүнээс хойш байнга л түлш авах уу гээд залгаад байсан. Тэгээд 1 дэх өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нөгөө түлш зарна гэсэн хүн залгаад үнэтэй машин авчихаа тээврийн хөлсөө хуваагаад төлчихье гэсээр байгаад би 50.000 литр түлш дараа өдөр 90.000 литр түлшийг “Хүнс трейд” ХХК-ний агуулахад ачаад “Хөвсгөл трейд” ХХК-ний өөрийн агуулахад буулгасан. Тэгээд нөгөө түлш зарсан залуу мөнгөө бэлнээр авмаар байна гээд нөгөө хүн над руу утсаар яриад бөхийн өргөөний тэнд уулзахаар болоод би эхний өдөр 85.000.00 орчим сая төгрөгийг өгөхөд надад Батсайханы Төмөртогоо гэдэг хүний иргэний үнэмлэх үзүулээд манай ах ажилтай болчихлоо, би дүү нь байна гээд 1 залуу ирээд иргэний үнэмлэхийг үзүүлээд надтай ярьж байсан 91915093 гар утсыг барьж ирээд би иргэний үнэмлэхийг нь гар утсан дээр зургийг нь аваад бэлэн мөнгө хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулаад авсан. Тэгээд дараа өдрийн тээвэрлэлтийн мөнгийг маргааш нь манай ажил болох “Синчи Ойл” ХХК-д ирж авахаар болсоноо Б.Төмөртогоо би ажил ихтэй байна дүүгээ явууллаа гэхээр нь би жаахан гайхаад тэгтэл 25 орчим насны залуу ирээд том цүнх авчираад 160,000,000 орчим сая төгрөгийг тоолоод бэлэн мөнгө гаргасан баримтан дээр гарын үсэг зуруулаад хоцорсон. Түүнээс хойш нөгөө хүн  байнга л утсаар түлш авах уу гээд яриад байдаг байсан, дахин тулш аваагүй. ... Түлшийг манай ажилд байнга тээвэр хийдэг хувийн жолооч Очирыг гуйгаад ачуулсан. Машины дугаар нь 46-82 УНЗ улсын дугаартай. ... Манай  өөрийн “Хөвсгөл трейд” ХХК-ний агуулахад хүргээд буцаад өөрийн шатахуун түгээх газрууд болон өөрийн хэрэглэгчдэд тараан өгсөн.

... Түлш авахдаа байгуулсан гэрээ хэлцэл байдаггүй, харин мөнгөө өгсөн баримт байгаа. Би тэр хүнтэй утсаар яриад өөрөө очиж байгаа юм шиг яриад яг ирэхдээ өөр хүн ирээд нөгөө хүндээ өгчих би ажилтай байна гээд байдаг байсан.  Манайх ажил хийсний хөлсөнд “Хүнс Трэйд”-с шатахуун авч байгаа юм, түүнийг зараад мөнгө болгох гэсэн юм гээд 1 литрийг 1700 төгрөгөөр зарсан. Би түлш зарсан хүнийг танихгүй, хараагүй. Эхлээд авсан хүн нь 170 орчим см өндөртэй махлаг, 30 гаран насны дээгүүрээ бараан өнгийн богино күртиктэй доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан, дараа өдөр ирсэн залуу нь 170 см орчим өндөртэй үсээ хагас босгосон 25 орчим насны, хар ногоон өнгийн цүнхтэй бараан өнгийн халаасанд оруулгатай дунд зэргийн урттай куртиктэй туранхай залуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Дэлгэртүвшингийн “Би Баянгол дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн тасагт улсын бүртгэгч ажилтай, үл хөдлөх хөрөнгө бүртгээд, эд хөрөнгийн барьцаа болон тухайн хүний өмч мөн эсэхийг шалгах, ямар нэг байгууллагаас эрх түдгэлзүүлсэн болон сэргээсэн талаар лавлагааг гарган өгдөг. ... Манайд “Нью Энержи Стар” ХХК-наас БГД-ийн 12-р хороо Хасбаатарын гудамж 3-6 тоотод байгаа гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон БГД-ийн 12-р хороо Хасбаатарын гудамж 3-6 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2008.12.28-ны үйлчилгээний зориулалтын 4289 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг ямар нэг барьцаанд байгаа талаар лавлагаа авахаар хүлээн авахын цонхон дээр ирсэн. Тэгээд улсын бүртгэлийн газрын гэрчилгээний дугаар мэдэхгүй байна гэснээр хайхад байхгүй байсан. Тэгээд би ямар нэг барьцааны гэрээ байгуулсан бол гэрээний хуулбарыг нь аваад ир гэж хэлээд  маргааш нь авчирахаар нь харсан чинь миний тамга тэмдэг, бичилт биш мөртлөө миний тэмдэгний дугаар байхаар нь хуурамч гэрчилгээ байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнд гэрчилгээний лавлагаа чинь хэдхэн хоногийн өмнөх бүртгэл байна хэрэв би бүртгэсэн бол мэдэх ёстой гэж хэлээд та нар лавлагаа авах гээд байгаа материалаа бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Манайх өмчлөгч, барьцаалагч, эрх бүхий байгууллагад л лавлагаа гаргаж өгдөг. Харин тэр хүнд барьцаалагч гэдэг утгаар лавлагаа гаргаж өгсөн.  Миний тамга тэмдэгт байдаг дугаар нь 6/2-22 дугаартай, улсын хэмжээнд байгаа нийт байцаагч нараас адилхан дугаар байдаггүй, минийх нэг л байна. Би мэдэхгүй байна. Хуурамчаар хийгдсэн байна гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 1 дүгээр хавтас, 23 дугаар хуудас/ 

 

Гэрч Ц.Ганхүлэгийн “Манай аав Цэрэндэндэвт нэг хүн утсаар яриад хямдхан түлш авах уу гэж санал болгосноор манай аав над руу хэлээд 2013.12.03-ны өдөр “Өрнө Дорнын гүүр” ХХК-иас түлш авахаар “Хүнс трейд” ХХК-ний агуулахад өөрийн эзэмшлийн 8267 УНХ улсын дугаартай “Даевоо” маркийн ногоон өнгийн түлшний машинаар очоод нярав Амаржаргалтай /99048227/ дугаарын утсаар холбогдон “Өрнө дорнын гүүр” ХХК-иас түлш ачих гэсэн юм гэхэд машинаа аваад ороод ир гэсэн зөвшөөрөл ирсэн гэж хэлээд 12830 литр түлшийг ачиж өөрийн компаний Эмээлтийн цагаан хөтлийн шатахуун түгээх газарт буулгасан. Манай аавтай Төмөрөө гэх хүн утсаар яриад хямдхан түлш байна гэж хэлээд өөрийн шатахуун түгээх газарт авч зарахаар худалдан авсан байсан. Тэр Төмөрөө гэх хүнээс 1 л  1950 төгрөгөөр тооцож авсан. ... Төмөрөө гэх хүн шатахууны мөнгийг бэлнээр авна гээд авсан гэсэн өөрөө хэлэхдээ манай компани Өмнөговь аймагт ажилладаг автозамын компани ажилчдын цалин тавих гээд шатахуун зарж байгаа гэж аавд хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цэрэндэндэвийн “Би “Гүн Зэгстэй” ХХК-ний захирлын ажил хийдэг. ... Би ажил дээрээ байж байхад 10 дугаар сараас эхлэн 91915093 утаснаас “Өрнө Дорны гүүр” ХХК-ний захирал Төмөрөө гэдэг хүн байна, та түлш их авдаг гэсэн надаас түлш аваач гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сард түлш авах гэхэд орж ирээгүй байна гээд хэлсэн дараа нь  11-р сарын 05-ны өдөр 23,490 л түлш худалдан аваад өөрийн 82-67 УНХ улсын дугаартай машинаар “Хүнс Трэйд” ХХК-ий  агуулахаас “Өрнө Дорны гүүр” ХХК-ний зөвшөөрлөөр ачуулсан. Түүнээс хойш аваагүй байж байгаад 12 дугаар сарын 09-ний өдөр дахин Төмрөө надруу яриад түлш авах уу гэхээр нь 12,830 л түлш худалдан авсан. Би Төмрөө гэх хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй, утсаар байнга яриад гэрээ хийх талаар ярьж байсан, харин мөнгө авахдаа дансаар шилжүүлэх үү гэхэд бэлнээр авна гэж хэлээд би өөрөө ажил ихтэй байна дүүгээ явууллаа гэж хэлээд 2013.11.05-өдрийн 16 цагийн орчим байхаа  БГД-ийн 20-р хороонд байрлах “Энхжин” худалдааны төвийн замын урд байрлах “Энхжин” “ХААН” банкны үүдэнд нэг залуутай уулзахад "Төмрөө ах явууллаа" гээд Төмрөөгийн иргэний үнэмлэхийг авч ирээд мөнгөө авах гэхээр нь энэ хүн согтуу тэгээд ч машингүй юм байна яаж мөнгөө өгөх юм бэ гэхэд би яриадахъя гэж хэлээд загнаад байгаа бололтой байснаа надаас 45,805,500 төгрөгийг торонд хийгээд аваад явсан. Дараа нь 2013.12.09-ны өдрийн 16 цагийн орчим БГД-ийн  8-р хороо Алтай хотхонд өөрийн гэрийн гадна нөгөө урьд ирж мөнгө авсан залуу ирээд 25,018,500 төгрөг аваад явсан. Би мөнгө авсан хүний нэрийг мэдэхгүй, асуугаагүй, 23 орчим насны 150-160 см орчим өндөртэй, туранхай,  шар царайтай залуу, үстэй чих нь унждаг малгайтай, нилоон нь хар өнгийн богино куртик, цэвэрхэндүү  царайтай, цэвэрхэн царайтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас/

 

Гэрч Д.Сайнбаярын “Би тийм утасны дугаар мэдэхгүй, ярьж байсан талаар мэдэхгүй байна надруу олон хүн утсаар ярьдаг. Над руу энэ утаснаас түлш авах уу гээд яриад байсан хүн мөн байхаа би сайн санахгүй байна. Тэгээд сүүлдээ миний байгаа газар яваад очъё гэж хэлээд манай дүүгийн гэр болох ХУД-ийн 120 мянгатад байдаг “Оргил” худалдааны төвийн тэнд ирээд уулзмаар байна, би түлш хямдхан зарна гэсэн юм.Тэгээд уулзахад өндөр залуу та түлш худалдаж аваач гэж хэлээд хямдхан зарна гэсэн, би НӨТ падаан байгаа юмуу гэхэд байхгүй, манайх замын компани байгаа юм гэж хэлсэн. Дараа нь манай шатахуун түгээх газарт 1 жижигхэн намхан залуутай хамт ирээд түлш аваач гэхээр нь хөөгөөд явуулсан. Би 30 орчим насны 168 см өндөртэй цайвар царайтай, хувцасыг нь анзаараагүй, нөгөө өндөр залуу нь 40 гаран насны 176 см орчим өндөртэй, чихтэй үстэй малгайтай, бараан царайтай, бор шаргал өнгийн нэхий шиг /нап шиг/ гэмээр куртиктай, түрүүтэй гуталтай залуу байсан. Би түлш худалдаж аваагүй, миний утасны дугаарыг хэнээс авсан юм гэж асуухад надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас /

 

Гэрч Д.Нармандахын “Манай компани зээлээр гэрээ хийх тохиолдолд барьцаанд байгаа хөрөнгөнд үнэлгээ хийдэг комисс байдаг, түүний гишүүнд би багтдаг. 2013 оны 11 дүгээр сарын дундуур байхаа /сайн санахгүй байна/ манай комиссийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Амаржаргал надад маркетингийн менежер Амаржаргалын зээлээр гаргаж байгаа зээлийн материалд дурьдсан зочид буудлын байрыг үнэлүүлэхээр би болон ерөнхий нягтлан бодогч Г.Амаржаргал, маркетингийн менежер Амаржаргал, Лувсаншарав нарын хамт БГД-ийн 12-р хороонд байрлах 4 давхар зочид буудалд өөрийн албаны машинаар очиход Төмөртогоогийн дүү гэх залуу бид нарыг зочид буудлын гадна тосож аваад /нэрээ хэлээгүй/ дотогш оруулаад би өрөөнүүдийн зургийг зургийн аппаратаар аваад гадна байдлаар нь зургийг авсан. Тэр залуугаас бид нар нэг давхарт байрлах банк байсан болохоор банктай хийсэн гэрээг үзуүлээч гэхэд ахад байгаа гээд үзүүлээгүй. Бид нарт тэр обеъктийн үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ хорооны тодорхойлолт мөн түүнийг шалгасан баримтууд байсан. Бид нарын хувьд тус зочид буудлыг үнэлээд үнэлгээний дагуу хичнээн төгрөгт ногдох зээл олгож болох талаар үнэлгээ гаргах байсан. Уг объөктийг Төмөртогоо нь 4 тэрбумаар үнэлээд 2 тэрбум төгрөгийн зээлийн түлш авмаар байна гэж санал тавьсан. Харин бид нар 1,5 тэрбум төгрөгөөр үнэлээд 1 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой гэж үзсэн. Үүнээс өөрөөр энэ зээлийн ажиллагаанд оролцоогүй. Тэр залуу 30 орчим насны 180 см өндөртэй жижиг шулуун үстэй цайвар царайтай байсан байхаа, бараан өнгийн богино куртиктэй бусад зүйлийг  санахгүй байна. Нэрээ хэлээгүй машинтай байсан эсэхийг мэдэхгүй байна.Тэр залуутай би яриагүй, зочид буудалд анх Амаржаргал, Лувсаншарав нар түрүүлж ороод юм ярьсан байх, өөрөөр яриа байхгүй. Харин буудалд ороход 2 давхарын зөөгч эмэгтэй юун хүмүүс бэ гэж асуухад танай захирлын дүүтэй хамт явж байна гэж манай ажилтан хэлээд зураг авах гэсэн юм гэж хэлсэн. Зочид буудлын хүн гэж хүн байгаагүй, Төмөртогоогийн дүү нь гэх залуу л дагуулаад яваад байсан. 1 давхарт зочид буудлын хүлээн авагч, подвальд караокетай түүнийг цоожтой гэж байсан, 2 давхарт ресторан, 3,4 давхарт зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг, 5 давхарт засварын үйл ажиллагаа явагдаж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 34 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Дөрвөнжингийн: ... 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Төмөртогоо гэдэг хүн миний  99104611 утасны дугаарлуу 91915093 дугаараас залгаад түлш авах уу манайх барилгын компанитай мөнгө хэрэг зочид буудлын барилгийг барьцаалаад түлш авсан гэхээр нь би авахгүй ээ гэж хэлэхэд дахин 2013.10 дугаар сард дахин утсаар залгаад түлш авах уу гэж хэлэхээр нь яг хэдээр өгөх юм бэ /тэр үед манайх түлшний гэрээ хийсэн байсан/ гэхэд 1600 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би гадуур хямдхан байгаа гэж хэлэхэд та үнэ ээ хэл гэж хэлэхээр нь би үнэ хэлэхгүй НӨТ байгаа биздээ гэж хэлэхэд манайх зээлээр авсан болохоор НӨТ байхгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу 1 литрийг 1550 төгрөгөөр тооцож зарна гэж хэлэхээр нь авахаар болоод түүнээс хойш нилээд хэдэн удаа залгаад байхаар нь авахгүй байж байгаад 2013 оны 11 дүгээр сард түлшний хэрэгцээ гараад байж байхад Төмөртогоо дахин утсаар залгаад түлш авах уу гэхээр нь би Төмөртогоог иргэний үнэмлэхээ авчраарай бас манай машинд түлш хийсэн тохиолдолд л мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд 2013.11.18-ны өдөр 34,260 л түлш авахаар болоод өөрийн жолооч Мөнгөншагайгаар 58-25 УНЧ улсын дугаартай машинаар “Хүнс Трэйд” ХХК-ний агуулахаас авахаар болоод явуулсан чинь Төмөртогоо залгаад танай жолооч одоо түүшээ авч байна гээд жолоочтой утсаар яриулахаар нь Төмөртогоог мөнгөө ирж ав гэж хэлсэн. Тэгээд Төмөртогоо ганцаараа ирээд 34,260 летр түлшний мөнгө болох 43.103.000 төгрөгийг бэлнээр өгөөд 10,000,000 төгрөгийг банкаар шилжүүлэхээр болоод маргааш нь “ХААН” банкаар 5023296336 дансаар шилжүүлсэн. Дараа нь дахин залгахаар нь би авахгүй гэж байж байгаад 2013.11.28-ны өдөр 29,810 л түлшийг манай жолооч Бямбасүрэн түүний 46-68 УНИ улсын дугаартай машинаар тээвэрлэлт хийлгээд Төмөртогоо өөрөө манай ажил дээр ирээд 46,205,500 төгрөгийг бэлнээр тоолоод өөрөө гараараа мөнгө хүлээн авсан талаар бичиг үйлдээд гарын үсэг зураад авсан. Маргааш нь 11 дүгээр сарын 29-ний өдөр 22,910 л түлшийг манай танил жолооч Ганбаатар түүний 81-36 УНЭ улсын дугаартай машинаар тээвэрлэлт хийгээд тэр өдрөө Төмөртогоогийн дүү гэх залуу ирсэн. Төмөртогоо ах ханиад хүрсэн, гадаад паспортаа өгөөд явууллаа гэснээр манай ажил дээр ирээд 35,510,500 төгрөгийг бэлнээр тоолоод дүү гэх Г.Энхболд /УЧ86100511/ гэх хүн гараараа мөнгө хүлээн авсан талаар бичиг үйлдээд гарын үсэг зураад авсан. 2013.12.04-ниЙ өдөр 32,000 л түлшийг манай жолооч Бямбасүрэн түүний 61-64 УНХ улсын дугаартай машинаар тээвэрлэлт хийгээд тэр өдрөө Төмөртогоо дүүгээ явууллаа гээд түүний дүү гэх залуу ирээд Төмөртогоо иргэний үнэмлэх өгөөд явууллаа гэснээр нөгөө залууд 49,600,000 төгрөгийг бэлнээр тоолоод дүү гэх Г.Энхболд гэх хүн гараараа мөнгө хүлээн авсан талаар бичиг үйлдээд гарын үсэг зураад авсан. Дээрхи тээвэрлэлтийг манай компани өөртөө худалдан авсан. Манайх тээвэрлэлт хийдэг болохоор түүндээ ашиглахаар худалдан авсан. Манайх өөрийн машинд байлгаж байгаад ашигласан. Төмөртогоо нь 180 см, орчим өндөртэй, улаан царайтай, 1973 онд төрсөн гэх бичиг баримттай, мах нь таарсан, дотроо пиджак цамцтай, савхин куртиктай байсан. Харин дүү гэх залуу 27-28 насны, туранхай жижгэвтэр биетэй, 160 см орчим гаруй өндөртэй цагаан шаргал царайтай, цэнхэр өнгийн өвлийн содон куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, малгайтай  байсан тэр 2 хүнийг харвал танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 35 дугаар хуудас/

 

 Гэрч Ж.Нансалмаагийн “Манай дүү Мөнхзул нь гаднаас шатахуун оруулж  ирээд түүнийг нь би зарж өгдөг байсан юм. Тэгтэл Чингэлтэй дүүргийн ТҮК-с надруу яриад түлш байна уу гэж асуухад нь өөрийн дүү Мөнхзулаас асуусан чинь Мөнхзул нь манайх дууссан “Хүнс Трейд” ХХК-ний агуулахаас Төмөртогоо гэдэг хүн түлш зарж байна гэж хэлснээр түүний утас болох 91915093 утсаар холбогдоод түлш байгаа талаар асуухад байна гэж хэлээд 20.000 летр түлш авъя гэж хэлэхэд Төмөртогоо машиныхаа дугаар, утасны дугаарын хамт өгөөд явуул гэж хэлснээр машиныг явуулахад удалгүй манай жолооч түлш авсан гэж хэлснээр би мөнгийг чинь дансаар шилжүүлье гэж Төмөртогоод хэлэхэд би бэлнээр авна өөрөө ажилтай болохоор очиж чадахгүй дүүгээ өөрийн гар утас, иргэний үнэмлэхийн хамт явууллаа гэж хэлсэн. Тэгээд би БГД-ийн Од кинотеатрийн хажуугийн “Прага” рестораны үүдэнд машинтай очиход дүү гэх залуу уулзаад машинд суугаад Төмөртогоогийн иргэний үнэмлэхийг үзүүлээд мөнгөө тоолоод нийт 34,000,000 төгрөг аваад цүнхэндээ хийгээд явсан. Манайх руу Чингэлтэй дүүргийн ТҮК-с манайд түлш авахаар захиалга өгсөн. Тэгээд манай дүү Мөнхзулд түлш байхгүй болохоор Төмөртогоо гэдэг хүнээс авсан. Эрдэнэбилэг гэдэг шатахуун тээвэрлэдэг машинаар түлшээ тээвэрлэсэн/99896735/. Манай дүү Мөнхзул 99096262 дугаарын утсан дээр байдаг. Би Төмөртогоог хараагүй, дүү нь 22 орчим насны, 165 см орчим өндөртэй, туранхай, цагаан царайтай, хянган хамартай, зуйван царайтай, үс нь солонгос маягийн засалттай /уртавтар/, хар саарал өнгийн сэгсгэр чихтэй малгайтай, хүрэн өнгийн ташаагаар татсан даавуун материалтай куртиктэй /халаас нь ил оёдолтой/, цэнхэр жинсэн өмдтэй, дараа харвал танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас/, 

 

Гэрч М.Мөнгөншагайгийн “Би “Алтай бугат” ХХК-д компаний эзэмшлийн 58-25 УНЧ улсын дугаартай, “Деовоо” маркийн чирэгч толгойтой машинтай. Би 2013.11.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трэйд” ХХК-ний агуулахаас 34,260 л түлш ачаад өөрийн компани болох "Алтайн бугат" ХХК-ний хашаанд авчираад машинтай нь орхисон. Би тээвэрлэлт хийсэн өдөр манай захирал Дөрвөлжин над руу утсаар яриад “Хүнс Трейд” ХХК-с 34.260 летр ордог чиргүүлээр түлш авчирч авчираад өөрийн компаний хашаанд авчир гэж хэлснээр авчирсан. Манай компанитай тооцоо хийсэн байх би ачаагаа ачаад л аваад ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 37 дугаар хуудас/

 

          Гэрч С.Бямбасүрэнгийн “Би “Алтайн бугат” ХХК-д компаний эзэмшлийн 4668 УНИ улсын дугаартай, “Деовоо” маркийн чирэгч толгойтой машинтай. Би 2013.11.18-ны өдөр, 2013.12.04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трэйд”ХХК-ны агуулахаас эхний өдөр 29,810 л түлш ачаад  өөрийн компани болох “Алтайн бугат” ХХК-ний хашаанд авчираад, дараа нь 2013 оны .12.04-ний өдөр мөн л  “Хүнс Трейд” ХХК-ний агуулахаас 32,000 л түлш ачаад өөрийн компани болох “Алтайн бугат” ХХК-ний хашаанд авчираад манинаас чиргүүлийг нь орхисон. Би тээвэрлэлт хийсэн өдөр манай захирал Дөрвөлжин надруу утсаар яриад “Хүнс Трейд” ХХК-наас 2 удаа чиргүүлээр түлш ачиж авчираад өөрийн компаний хашаанд авчир гэж хэлснээравчирсан. Манай компанитой тооцоо хийсэн байх би ачаагаа ачаад л аваад ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 38 дугаар хуудас/,

 

Гэрч М.Дамдиндоржийн “Би хувиараа өөрийн эзэмшлийн 62-54 УНЗ улсын дугаартай Зил-130 маркийн ёмкосътой машинтай. Би 2013.12.05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнс Трэйд” ХХК-ний агуулахаас эхний өдөр 12,960 л түлш ачаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ойролцоо баруун урагш зүгт байрлах юуны уурхайг мэдээгүй нэг уурхайд очоод 168см орчим өндөртэй, бондгор бор царайтай залуу “Ланд крузер”  маркийн машинтай ирээд өөрийнхөө шатахуун түгээх газарт буулгуулаад тээврийн зардлыг нь бол туранхай 1 залуу “Хүнс Трэйд” ХХК-ний агуулахын үүдэнд ирээд 780,000 төгрөг надад өгөөд такси бололтой машинаар буцаад явсан. Би тээвэрлэлт хийлгүүлсэн хүний талаар мэдэхгүй байна. Тэр хүн утсаар надруу 2 удаа л утсаар яриад ачаа ачуулж байсан. Би тэр хүнийг хараагүй, харин “Хүнс Трейд” ХХК-ний агуулахын хашааны гадна ирж мөнгө өгсөн залуу бол 40 орчим насны, 168см насны, цайвар царайтай туранхайдуу хүн байсан бусад зүйлийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 39 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Лувсаншаравын “Би 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр манай борлуулалтын менежер Амаржаргал надад хандаж “Өрнө дорны гүүр” ХХК-ниас 6 давхар зочид буудал барьцаалаад түлш зээлийн хэлбэрээр авмаар байна гэж надтай холбоо барилаа чи надтай хамтраад гэрээний материал бүрдүүлэхэд хамтраад туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд хамтраад материалаа бүрдүүлэхээр болоод эхний ээлжинд зочид буудлыг үзэхээрТөмөртогоо гэх хүнтэй тохиролцсон байсан болохоор зочид буудлыг үзэхээр гарч ирэхэд саарал өнгийн “Ланд крузер-200” маркийн машинтай жолооч гэх нэг залуу хажууд нь бор царайтай 170см орчим өндөртэй, бага зэргийн махлаг залуу Амаржаргал бид хоёрыг дагуулаад Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах “Хай класс” нэртэй 6 давхар, саарал өнгийн зочид буудал дээр очоод бор царайтай залуу нь зочид буудал руу дагуулаад ороход хүн байхгүй нөгөө залуу дээш дагуулаад өрөө үзүүлэнгээ үүдний үйлчлэгчээ дуудаад дахин хэдэн өрөөг үзүүлээд бид хоёр өрөөнүүдийн зураг аваад гадаа гарч гадна зургийг аваад буцаад ажил дээрээ ирсэн. Түүний дараа Амаржаргал дээр материал бараг цугларсан гээд Төмөртогоо гэх хүнийг ажил дээрээ дуудаад өөрийн захирал Сэргэлэнтэй уулзаад Төмөртогоо явсан. Түүний дараа манай үнэлгээний хороо дахин зочид буудлыг үзэхээр болоод ерөнхий нягтлан бодогч Амаржаргал, стратеги төлөвлөлт Нармандах, борлуултын Амраа бид нар дахин зочид буудал дээр очиход нөгөө урьд нь зочид буудал үзүүлсэн залуу дахин буудлыг үзүүлээд бид нар зураг аваад ажил дээрээ ирсэн. Тэгээд Төмөртогоо манай ажил дээр гэрээ хийхээр ирээд гэрээг баталгаажуулахын тулд нотариатын газар болох 10-р хорооллын автобусны хойд талд байрлах нотариатын газар ороод бүх гэрчилгээ, гэрээ, иргэний үнэмлэх зэргийг баталгаажуулсан. Тэндээс гараад барьцааны гэрээг Баянгол дүүргийн үл хөдлөхийн газрын үүдэнд “Лексус-570” маркийн машинтай ирээд би Амаржаргалын хамт машинд үлдээд Төмөртогоо үл хөдлөхөөс дүүгээ дуудъя гээд утсаар яриад нэг залуу гарч ирээд түүнд материалыг өгөөд бид нар явсан. Түүнээс хойш матераил бүрдээд зээлээр өгөхөөр болсон. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны орчимоор эхлэн түлшийг өгч эхэлсэн. ”Ланд крузер-200” маркийн машинтай залуу Төмөртогоогийн дүү нь байна ах Төмөртогоо та нарт зочид буудлыг үзүүлээдэх гэж хэлсэн гээд бид нарт үзүүлсэн. Тухайн үед нэр хэлээгүй. “Ланд крузер-200” маркийн саарал өнгийн шинэ машинтай, харин “Лексус-570” маркийн хар өнгийн хуучивтар машин байсан дугааруудыг хараагүй. 175 см өндөртэй, бор царайтай , махлагдуу, жижиг духтай, шулуун жижигхэн үстэй, цэнхэр өнгийн жинсэн яктай, өнгийг нь санахгүй байна бараан өнгийн кэпэгин малгайтай,  хар хөх өнгийн жинсэн өмдтэй, нөгөө хамт явсан жолоочийн царайг хараагүй шар царайтай, намхандуу хүн харагдсан өөр зүйл анзаараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 40 дүгээр хуудас/ 

 

Гэрч Б.Ариунжаргалын “Би 2013 оны 10 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах “Хай класс” ХХК-ний зочид буудалд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд 2013 оны 11 дүгээр сард яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Төгөлдөр гэх нэртэй 178 см орчим өндөртэй 9191... гэх дугаартай, залуу ирээд Герман улсаас тэмцээнд 50 төлөөлөгч ирэх гэж байгаа юм, танай буудалд буулгах гэсэн юм. Надад зочид буудлаа дэлгэрэнгүй танилцуулаач гэж хүсэлт тавиад танилцаад явсан. Дараа нь надруу утсаар яриад би дунд нь зуучилж байгаа хүн цааш нь тэр хүмүүс 80 доллараар хөлслүүлэх гэж байгаа юм, тэр хүмүүсд  би өөрийгөө буудлын эзэн гэж хэлээд танай үйлчлэгчтэй хамт яваад өрөөгөө танилцуулмаар байна боломжтой бол майлээр буудлын танилцуулга, зураг явуулаач гэж хэлэхээр нь явуулаагүй харин би захирал Эрдэнэцэцэг эгчид хэлээд зөвшөөрөл аваад үйлчлэгч Бямбагаар өрөөг танилцуулахаар болсон. Тэр залуу надтай уулзсанаас хойш 10-аад хоногийн дараа нөгөө хүмүүсээ дагуулаад ирлээ гэж хэлээд надруу утсаар ярихаар нь би гадуур ажилтай байсан болохоор Бямба руу утсаар яриад наад хүмүүст буудлынхаа  гайгүй өрөөг үзүүлээд  танилцуулаарай гэж хэлээд тэд нар үзээд буудлын өрөөний зураг аваад явсан байсан.  178 см орчим өндөртэй, 37-38 орчим насны, зүүн гар тал руу хагалсан шулуун үстэй, хөмсөг тод, дугуйвтар шөвгөр царайтай, хэвийн махлаг биетэй, хар өнгийн костьюм пиджак өмссөн, машин байсан талаар мэдээгүй. 9191.... арын тоог нь санахгүй байна. Өөрийн гар утсанд хайгаад байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 50 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Дэлгэрмаагийн “2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Нью энержи стар” ХХК болон “Өрнө дорнын гүүр” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ хийсэн. “Нью энержи стар” ХХК-ниас Г.Амаржаргал, нягтлан бодогч Амаржаргал, өөр нэг охин, “Өрнө дорнын гүүр” ХХК-с захирал Төмөртогоо нар ирээд бид нар өмнө хамтран ажиллаж байсан юм одоо хөдөө байгаа ажилд газрын тос хэрэгтэй байгаа болохоор газрын тос зээлээр худалдан авах гэрээг хийх гэсэн юм гэж хэлээд хийж байсан. Төмөртогоо нь өндөр бор залуу харагдсан. Би хуулийн хүрээнд баримт бичгийг шалгаад  тэдгээр хүмүүсийн эрх хэмжээ байна уу , мөн компаний хувийн байдлын хуулийн хүрээнд тогтоон үзээд гэрчилсэн. Иргэний хувийн байдлыг тогтоохдоо иргэний цахим үнэмлэх, ажлын газрын үнэмлэхийг тулган үзээд мөн биеийн байцаалтыг тулган асууж, зургаар нь тулган шалгасан. Компаний хувийн байдлыг тогтоохдоо улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга зэргийг шалгаад тогтоосон. Үл хөдлөх гэрчилгээнүүдийг тухайн өмчлөгчийн өмч, лавлагааг мөн байна уу гэдгийг неон гэрлээр шалгаад гэрээг батлахдаа улсын бүртгэл хууль ёсны байна гэж үзээд бүртгэсэн. Тэгээд гэрээтэй холбоотой бүх нотлох баримтуудыг эх хувиас хуулбарлаж гэрээ тус бүрийн ард баримтжуулж  хийсэн. Одоо нотариатын ажлыг үгүйсгэх гэж байгаа мэт бүх нотлох баримтуудыг үгүй хийгээд цагдаагийн байгууллагад авчирсныг ойлгохгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөдлөхийн лавлагаа болон бусад бичиг баримт эх хувиараа байх ёстой. Өмчлөгч мөн эсэхийг шалгана, гэрчилгээг неон гэрлээр тогтоодог. Гэрчилгээг неон гэрлээр шалгахад гэрчилгээний дээд 2 буланд төрийн соёмбо, сүлд гарч ирдэг, улсын бүртгэлийн газрын лавлагааг бас үндэслэдэг. Дээрхи үл хөдлөхийн гэрчилгээнд соёмбо, сүлд гарч байсныг санахгүй байна. Зарим гэрчилгээнд соёмбо, сүлд гардаг яагаад гарахгүй байгаа талаар улсын бүртгэлээс асуухаар зарим нь гарахгүй байгаа гэж хэлдэг. Би хуурамч гэдгийг мэдэхгүй байна. Хуурамч гэдгийг энгийн нүдээр хараад мэдэх боломж байхгүй, улсын бүртгэлийн газрын лавлагаа , өмчлөх эрхийн гэрчилгээг аваад ирж байгаа тохиолдолд баталгаажуулж байгаа. Манайх нотариатын газар неон гэрлийг байнга үйл ажиллагаандаа ашигладаг. Гэрчилгээг баталгаажуулахаас өмнө ирж байгаагүй, “Нью энержи стар” ХХК-ний ажилчидтай ирэхдээ л хамт ирээд Б.Төмөртогоог анх харсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас,  211 дүгээр хуудас/ ,

 

Иргэний хариуцагч Д.Цэрэндэндэвийн “Миний хувьд манай компанийг иргэний хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь бид нар шатахуун худалдан авахад тухайн агуулахаас мөнгөн төлбөр нь хийгдсэн эсхүл зээлээр худалдан олгохоор зөвшөөрөл нь олгогдсон шатахууныг агуулахын ачилтын хэсэгт ачиж өгдөг. Түүний дагуу уг түлшийг авахад “Өрнө дорнын гүүр” ХХК-ний түлшийг авъя гэхэд цаанаасаа олгох зөвшөөрөл нь ирсэн байсан учир шууд олгож байсан юм. Түүний дагуу олгосон учир бид ямар ч асуудалгүй юм байна гэж ойлгоод авсан хэрэв ямар нэг асуудалтай төлбөр тооцоо хийгээгүй байсан бол цаанаасаа түлш өгч ачилт хийдэггүй зөвшөөрөл олгоогүй гэдэг юм. Тухайн үед “Өрнө дорнын гүүр” ХХК манайд худалдсан түлшийг ачиж авахад ямар ч асуудалгүй өгч байсан учир бид итгэхгүй байх арга байхгүй. Тэгээд л бид түлшээ авчихсан учир мөнгийг нь дараа нь бас тохирсон ёсоор олгож өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас, 236 дугаар хуудас/                                                                                                                                                                                                                                                  

 

Иргэний хариуцагч А.Дөрвөнжингийн “Тухайн үед гэмт хэрэг үйлдэж олсон түлш гэж би мэдээгүй. Тэр залуу бас тухайн үед намайг хуураад түлш худалдсан байсан. Тухайн үед хамгийн гол нь албан ёсны агуулахаас компаний нэртэй байгууллагаас худалдаж байсан болохоор би түлш худалдан авсан юм тиймээс би энэ гэмт хэрэг үйлдсэн Төмөртогоо хүн хууль бус үйлдэлээ өөрөө хариуцах учиртай гэж үзэж байна. Иймд би энэ асуудалд иргэний хариуцагчаар оролцохыг зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас, 238 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримининалистикийн шинжилгээний хэлтсийн “Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн №518 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2013.11.07-ны өдрийн “№286975" дугаартай “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа” гэсэн баримт нь хуурамч. Уг баримтын “УЛСЫН БҮРТГЭГЧ” гэсэн хэсэгт байгаа тэмдэгийн дардас нь ердийн хэвлэх, хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2008.12.29-ний өдрийн 0000111569 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн баримт нь хуурамч. Уг баримтын “Ерөнхий бүртгэгч, Улсын бүртгэгч” гэсэн хэсэгт байгаа тамга, тэмдгийн дардасуудыг ердийн хэвлэх, хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн. Мөн “Д.Долгормаа” гэсний ард байгаа гарын үсэг нь ердийн хэвлэх, хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэсэн баримтад харьцуулах загвар ирүүлээгүй учир адитгалын шинжилгээ хийх боломжгүй. Уг баримтын “Тамга/тэмдэг” гэсэн хэсэгт байгаа тамганы дардас нь ердийн хэвлэх, хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн” гэсэн дүгнэлт. /1-хх-ийн 53-55 хуудас /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримининалистикийн шинжилгээний хэлтсийн “Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Д.Энхбаярын “Улсын бүртгэлийн 6/2-22 дугаартай (барьцаалагдсан гэрчилгээний) тэмдэг нь улсын бүртгэгч Б.Дэлгэртүвшингийн 6/2-22 дугаартай дугуй тэмдэг болон бүртгэлийн дөрвөлжин тэмдэгтэй тохироогүй. Учир нь шинжилгээнд ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа (286975), үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (0000111569) үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2-р хуудас дээрх шилжиж буй тэмдэгтийн дардасуудыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж  ашиглан хуурамчаар үйлдсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Тодруулбал аливаа тамга тэмдэгний дардас нь олон удаа ашиглах зориулалтаар буюу тамга тэмдэг хэвийн ашиглах дардас хэлбэрээр буулгасныг хэлдэг. Тэгэхээр шинжилгээнд ирүүлсэн хуурамт бичиг баримтан дээрхи тамга тэмдэг дардасны дүрсүүд нь жинхэнэ дардас ашиглан дараагүй өнгөт принтер (хэвлэгч) ашиглан хэвлэж гаргасан хуурамч бичиг баримт байсан. Учир мөн хуурамч хэвлэмэл байна гэдэг нь өмнөх асуултнуудад тодорхой дурьдсан түүнчлэн хэвлэмэл байдлаар гарсан тамга тэмдэгний дүрсийг харьцуулах (дардастай) байсан болохоор 4-р асуултын хариултыг тусгайлан дүгнэлтэнд бичээгүй, өөрөөр хэлбэл 4-р асуултын нь дүгнэлийн 1-3 дах дүгнэлт хэсэгт дурьдсан “ хуурамчаар үйлдсэн байна” гэсэн хариулт тусгагдсан гэж үзэж болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар  хавтас, 240-241 дүгээр хуудас/

 

Б.Төмөртогоо, “Нью Энержи Стар” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “V-04 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Б-12-47 дугаартай, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээнүүндийн хуулбарууд. /хэргийн 2 дугаар хавтас, 69-79 хуудас/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “... Батсайхан Төмөртогоогийн зургийг 3 гэсэн дугаартай бусад хүмүүсийн зургуудийг 1, 2, 3, 5 дугааруудад байрлуулан. ... Гэрч Б.Ариунжаргал ширээн дээр 1-5 хүртэл дугаарлан 1 эгнээ зэрэгцүүлэн байрлуулсан зурагнуудыг хараад:

“Энэ зурагнуудын “3” дугаартай байгаа эрэгтэй хүний зураг нь 2013 оны 11-р сард манай ажил дээр ирж надтай уулзаад Герман улсаас ирэх 50 тамирчин танай буудалд буулгая үнэ хөлсийг нь танай үнээр төлнө. Харин тэр ирэх хүмүүст би буудлын хөлсийг 60 ам доллараар тохирч зөрүүг авах гэсэн юм. Буудлын байрыг танилцуулахад миний буудал юм шиг чимээгүй байгаарай гэж гуйж надтай уулзаж манай буудлыг хүмүүст үзүүлсэн байсан залуугийн цээж зураг мөн байна энэ залууг нүүр царайны төрхөөр нь таньж байна” гэсэн баримт. /хэргийн 3 дугаар хавтас, 211-213 дугаар хуудас/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/9606 дугаартай албан бичигт “... Ү-2205018846 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай гэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Төмөртогоо бүртгэгдэж байгаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтас, 177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг цуглуулах”, 93 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг бэхжүүлэх” зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан тул хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь “№286975" дугаартай “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа” гэсэн, “0000111569” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн, “000173354” дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэсэн хуурамч баримтуудыг ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Нью Энержи Стар” ХХК-тай “V-04 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, “Б-12-47 дугаартай, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээгээр 500,000 литр, 1.050.000.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш авахаар гэрээ байгуулж улмаар 375.440 литр буюу 788.424.000 төгрөгийн дизель түлшийг авсан нь “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл төрүүлэх аргаар залилан мэхлэх аргаар олж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд энэ үйлдэл нь бүрэн нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь өөрийн үйлдсэн хэргийн улмаас “Нью Энержи Стар” ХХК-нд учирсан 788.424.000 төгрөгийн хохирлоос төлж барагдуулаагүй тул энэ төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж тус компанид олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор /хэргийн 1 дүгээр хавтас, 148-150 дугаар хуудас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан бөгөөд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 2 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тэнсэж сулласан байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас/

 

Түүний дээрх хэрэгтээ ялтай байх хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл төрүүлэх аргаар залилан мэхлэх аргаар олж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэнээр тасрах боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1028 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Төмөртогоо нь сэтгэцийн хувьд “Тархинд цус харвасны дараах танин мэдэхүйн хөнгөн хэлбэр, Сэтгэц органик хам шинж эмгэгтэй” байна.

2. Б.Төмөртогоогийн эмгэг нь 2015 оны 12 дугаар сард тархинд цус харвалт болсоноос үүссэн байх боломжтой байна.

3. Б.Төмөртогоо нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Төмөртогоо нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хэргийн 5 дугаар хавтас, 14 дэх хуудас/

Иймд шүүгдэгч Б.Төмөртогоо нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдсэн хэргийн эрүүгийн хариуцлагыг хүлээх чадвартай тул түүнд онц хүнд гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар “Гүн зэгстэй” ХХК-ний захирал Д.Цэрэндэндэв, “Алтайн бугат” ХХК-ний захирал А.Дөрвөнжин нарыг иргэний хариуцагчаар татаж тогтоол гаргажээ.

Иргэний хариуцагчаар татагдсан Д.Цэрэндэндэв, А.Дөрвөнжин нар нь Б.Төмөртогоогийн үйлдсэн бусдын хуурч мэхлэх, итгэлж төрүүлэх аргаар шууд санаатай үйлдлээр залилан мэхэлж эд хөрөнгийг авсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүд биш байх тул тэдгээрийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул иргэний хариуцагчаар татан оролцуулсан тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Төмөртогоо нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлэх ялыг хуульд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

    

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Адуучин овгийн Батсайханы Төмөртогоог бусдын эд хөрөнгийг  хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт зааснаар Батсайханы Төмөртогоод 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Батсайханы Төмөртогоод оногдуулсан 12 /арван хоёр/ жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Төмөртогоогийн цагдан хоригдсон 552 /таван зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжилэгдсэн зүйлгүй   болохыг дурдсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Төмөртогоогоос 788.424.000 /долоон зуун наян найман мянга дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж “Нью Инержи Стар” ХХК-нд олгосугай.

 

7. Иргэний хариуцагч А.Дөрвөнжин, Д.Цэрэндэндэв нарыг иргэний хариуцагчаар татсан тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Төмөртогоод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Төмөртогоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Ч.ОТГОНБАЯР                        

 

                                                                                                 Л.ОЮУН