Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

                                  

 

                                                        Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О , Т.Б , А ХХК, С ХХК, С ХХК-д тус тус холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 598 087 820 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Н.Батгэрэл, А.Бүднам,

Хариуцагч “Си Ди Эм Кей” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд,

Хариуцагч “Сод өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа,

Хариуцагч Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс,

Хариуцагч Т.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А ХХК, иргэн Т.Б , Б.О  нар нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 200 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2101018957 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 1 дүгээр байр, 10 давхар, 3 926.31 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 2 дугаар байр, 992 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай барилга болон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10 202 м.кв талбайтай нэгж талбарын 18432433359477 дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 390 673 156 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 640 828 058 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1 031 501 214 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн төлбөрт 61 600 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 61 600 000 төгрөг төлсөнөөс хойш зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдсэн. Зээл нь тусгай активын албанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/328 тоот тушаалын дагуу шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Иймд зээлийн төлбөр 1 809 326 843 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 704 355 991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84 404 985 төгрөг, нийт 2 598 087 820 төгрөгийг А ХХК, Т.Б , “Си Ди Эм Кей” ХХК, С ХХК, Б.О  нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж үүргийг хангахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. А ХХК-ийг зохиомлоор дампууруулсан гэж үздэг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрхийн чадамж нь байгаа, хуулийн этгээд татан буугдаагүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан байх ёстой. Гэтэл А ХХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй үүрэг хэвээрээ байгаа гэж харагдаж байна. Үндсэн үүрэг дуусгавар болоход бусад дагалдах үүрэг дуусгавар болно гэж байгаа боловч, нэг үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсоноор нөгөө үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас бид А ХХК-ийг мөн бусад компаниудыг хамтран хариуцагчаар татсан. Төлбөрийн чадваргүй болсон бол тэр төлбөрийн чадваргүй болсон этгээдтэй үүрэг хүлээсэн бусад хуулийн этгээдүүдийн үүрэг бас чөлөөлөгдөхгүй. Шаардлага яаж хувиарлагдах уу, хэн хэдийг хариуцах уу гэдэг асуудал байгаа болохоос биш хэн ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг таван хариуцагчид холбогдуулж гаргасан байгаа юм. Дампуурлын хэргийн хувьд А ХХК-ний захирал Т.Б  гэдэг хүн албан ёсоор хуулийн дагуу дампуурах гэж байгаа тухай Т ХХК-д мэдэгдэж байгаагүй. Харин 2018 оны 01 дүгээр сард Монгол таск ТМЗ ХХК-аас маргааш нэхэмжлэгчдийн хурал болох гэж байна, А ХХК-д дампуурлын хэргийн талаар хуралдах тухай хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчдийн хуралд очсон. Хэргийн материалтай танилцах 30 хоногийн хугацаа өгөөч гэж хүссэний дагуу 30 хоногийн хугацаа өгсөн ба хугацааг дуусгалгүй нэхэмжлэгчдийн хурлыг зарлаад хурлаа хийгээд асуудлыг шийдсэн гэжээ. 

Хариуцагч А ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Банкны нэхэмжлэлийн зүйл үндэслэлтэй холбоотой дампуурлын хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Б  шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийг миний бие одоо төлөөлөх эрхгүй болсон. Тамга тэмдэг хураагдсан. Хэрэг гүйцэтгэгч төлөөлөх байх. Харин иргэний хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Т ХХК нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд л зуруулсан. Учир холбогдол, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй. Төсөл хэрэгжүүлэх хүрээнд зээлийг авсан, хөрөнгө оруулсан, бүх баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид өгсөн. Хамгийн гол нь Т ХХК-ийн нэхэмжлэлийн зүйл болох зээлийн гэрээтэй холбоотой асуудал. Шүүхийн А ХХК-ийг дампууруулж татан буулгасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 000 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой хэрэг маргаан өөр шүүгч дээр дампуурлын ажиллагаагаар шийдвэрлэгдсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. Хариуцагч Б.О  нь энэ зээлийг аваагүй, түүнд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Б.О , Т.Б  нарын байр нь дуудлага худалдаанд орчихсон, Б.О  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 нялх хүүхэдтэй. Бүх эд хөрөнгийг нь хураачихсан, юу ч байхгүй.. Т ХХК дампуурлийн хэргийг мэдсэн, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гээд ороогүй.. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон. Гэтэл бүх юм дууссан, ямар ч төлбөрийн чадваргүй болсон хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөрийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Т ХХК зээл олгохдоо “Сод өргөө” ХХК-ийг хамтран зээлдэгчээр оруулаад, газрыг нь барьцаанд авчихсан байгаа.  “Сод өргөө” ХХК-ийн газрыг А ХХК руу шилжүүлээд барьцаалах ёстой байсан. Ийм тохиолдолд дампуурлын тухай хуулиар зөвхөн А ХХК-ийн хөрөнгийг зарж борлуулдаг болохоос, “Сод өргөө” ХХК-ний хөрөнгийг зарж борлуулахгүй, шууд чөлөөлөгддөг. Хэрвээ А ХХК дампуурлаа зарлаагүй байсан бол нэхэмжлэгч иргэний хэрэг, маргааны журмаар хамтран зээлдэгчээс үүргийг шаардаж болно, А ХХК дампуурлаа түрүүлээд зарласан учир нэхэмжлэгч нар дампуурлын хэрэг маргаанд хүчээр орох болсон. Дампуурлын тухай хуулиндаа 21 хоногт багтаан нэхэмжлэл гаргах ёстой байсан гаргаагүй, хугацаагаа сэргээх хүсэлт гаргах боломж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. Т ХХК нэхэмжлэлээ гаргаагүй учраас А ХХК нь Т ХХК-д өргүй болсон” гэжээ. 

Хариуцагч “Сод Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр “Сод өргөө” ХХК-аас юу шаардаад байгаа нь тодорхой бус. Т ХХК, “Сод өргөө” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26-01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны эд зүйл нь Орхон аймаг Баян-Өндөр сум, 2-р баг, Оюут 2А хороололд байрлах 10,202 м/кв талбай газар байсан. Газрын үнийг барьцааны гэрээнд дурдаагүй, үнэгүй байгаа. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан ч Т ХХК шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй. Тиймээс үндсэн үүрэг нь дуусгавар болсон болохоор дагах үүрэг нь мөн адил дуусгавар болох ёстой. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон. Тиймээс Иргэний хуулийн 160.1.3-д зааснаар Т ХХК нэгэнт эрхээ алдсан учир энэ барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзэж, “Сод өргөө” ХХК-д барьцааны эд хөрөнгө болох 10  202 м.кв газрыг буцаан өгөх үүрэг бий болсон. Батлан даагчийн тал дээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-03 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Талуудын тохиролцсон үнэлгээ, батлан даагчийн данс, борлуулалтын орлого, бүх бараа материалууд байна гэдэг ч огт нэр заагаагүй байдаг. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 дэх хэсэгт батлан даагчийн эрх, үүргийг хуульчилж өгсөн байдаг. Үүрэг гүйцэтгүүлэгчээс, батлан даагчид шаардлага гаргавал, үүрэг гүйцэтгэгчээс, үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзалыг батлан даагч гаргах эрхтэй байхаар зохицуулагдсан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байсан гэдэг. Зээлийн гэрээний 6.2.3-д заасан зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагчийн санхүүгийн байдал муудсан тохиолдолд гэж заасан байна. Хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаад санхүүгийн байдал муудсан талаар хэлээд байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Яг энэ харилцан тохиролцсон гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэжээ.  

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани. А ХХК-ийн захирал Т.Б  нь мөн С ХХК-ний захирал. Т ХХК нь С ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээг харахад С ХХК нь ямар хөрөнгөөр А ХХК-ийн үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй, зааглаж ялгасан зүйл байхгүй. Нөгөө талаар С ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох, ямар хөрөнгөтэй эсэх, ямар эх үүсвэрээр орлого олдог зэргийг Т ХХК нь судлаагүй зэрэг нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Энэ 2 компани нь хоёулаа төлбөрийн чадваргүй, дампуурсан байгаа. Батлан даалтын гэрээг байгуулахдаа С ХХК-д хэдий хэр хөрөнгө байгаа эсэх талаар, хэрэв үндсэн зээлдэгч төлж чадахгүй тохиолдолд ийм, хэмжээний хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулна гэж тодорхой зааж өгөх байсныг зааж өгөөгүй. Би С.Төгс өмгөөлөгчийн энэ хэрэг шийдэгдсэн, шийдээд дууссан гэсэн байр суурин дээр санал нэг байна. Хамгийн анх энэ хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйг тооцож, дампуурсаныг тогтоон, 2018 оны 01 дүгээр сарын 10-ний дотор нийтэд мэдээлэхийг Тамгын газарт үүрэг болгосон байдаг. Энэ дотор хуулийн хугацаанд Т ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ингээд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэ том хуулийн дагуу алдсан байгаа. Т ХХК нь шийдэгдэж байгааг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хуульд заасан эрхээ алдсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр А ХХК-ийг дампуурсанд тооцоод татан буулгасан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч болон хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй. Ийм учраас энэ хэрэг шийдэгдсэн байна гэж үзэж, Т ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. А ХХК-ийн хэргийн талаар Монгол таск ТМЗ ХХК мэдэж байгаа. Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна гээд хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд гурван удаагийн шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн энэ асуудалд нэхэмжлэгч тал дахин шүүхээр шийдүүлэх гэж байгаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн үүрэг дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, нэхэмжлэл гаргах 21 хоногийн хугацаа алдсан. Энэ хугацаа алдсаныг шүүхээс анхаарна уу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулах гэж байгааг буруу гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасан. Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд татан буугдсанаар бүртгүүлээд, Улсын бүртгэлээс хасагдснаар эрх зүйн чадамж дуусгавар болно гэж байсан. Яг энэ заалтыг хэрэглэхэд бэрхшээлтэй, дампуурлынхаа хуулинд заасан хуулийнхаа хугацааг хэрэглэнэ. Мөн үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон учраас үр дагавар нь цаашаагаа батлан даагч болон батлан даагчид адилхан хамаарна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нараас зээлийн гэрээний үүрэгт 2 598 087 820.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгон, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар А ХХК, Т.Б , Б.О  нар зээлийн үүргийг гүйцэтгээгүй хэмжээгээр нөхөх хариуцлагыг “Сод өргөө” ХХК, С ХХК-д хүлээлгэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нараас улсын тэмдэгтийн хураамжид 13 218 589.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 218 589.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О , Т.Б , А ХХК, С ХХК, С ХХК-ийн төлөөлөгч Т.Б  нар давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. "Аида" ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот гэрээгээр 2.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Энэхүү зээл нь "Аида" ХХК-ийн дансанд орсон бөгөөд "Аида" ХХК нь зээлийг Эрдэнэт хотод Блю Даймонд хотхоныг барих төслийн ажилд зориулалтын дагуу зарцуулсан. Улмаар "Аида" ХХК нь төлбөрийн чадваргүй болсон ба Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд дампуурлын хэрэг үүсгэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхээс 184/ШШ2018/02879 дугаартай шийдвэрээр "Аида" ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан. Гэтэл Төрийн банк ХХК мэдсэн боловч нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх Дампуурлын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23, 25 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хуралдаанд "Аида" ХХК-аас ямар ч төлөөлөгч, өмгөөлөгч оролцоогүй. Өөрөөр хэлбэл Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дампуурлын хэргийг өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаанд тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч А ХХК, С ХХК, С ХХК, Т.Б , Б.О  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 598 087 820 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч шүүхээс А ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан тул зээлийн үүргийг хариуцахгүй гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нартай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн гэрээ, мөн өдөр Т ХХК нь хариуцагч А ХХК, С ХХК, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК нь А ХХК, Т.Б  нартай 1090/26-4 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК, А ХХК, С ХХК, С ХХК, Т.Б  нарын хооронд 1090/26-3 тоот батлан даалтын гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл авагдсан байх ба энэ үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй байна. /хх 7-17/

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлийн гэрээний нэг тал болох А ХХК-д дампуурлын хэрэг үүсгэн, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШШ2018/02879 дугаартай шийдвэрээр хариуцагч А ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК, С ХХК, С ХХК, Б.О , Т.Б  нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаа явуулжээ. Үүнээс үзвэл дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байсан байна. Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан ажиллагааг дампуурлын хэрэг гүйцэтгэгч хэрэгжүүлж тайлангаа ирүүлээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор хариуцагч А ХХК-ийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгосны дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлийн албанаас хасуулаагүй байгаа нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул анхан шатны шүүх А ХХК-ийг эрх зүйн чадвар чадамжтай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Т ХХК болон А ХХК, Т.Б , Б.О  нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн, зээлийн үүргийн тооцооллын талаар хариуцагч А ХХК маргаагүй тул шүүх тэдгээрийн хооронд Иргэнийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл болон түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 хуулийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2 598 087 820 төгрөгийг төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Т ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А ХХК, С ХХК-тай 1090/26-01 тоот барьцааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А ХХК, Т.Б  нартай 1090/26-4 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул тэдгээрийн хооронд барьцааны эрх зүйн харилцаа үүссэн, мөн Т ХХК, А ХХК, С ХХК, С ХХК, Т.Б  нарын хооронд 1090/26-3 тоот батлан даалтын гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 460 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүх хариуцагч нарын зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэх журамтай. Батлан даалтын гэрээний 2.2-т батлан даагч нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дараах эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцаж барагдуулана гэж заасан тул хариуцагч А ХХК, Т.Б , Б.О  нар зээлийн үүргийг гүйцэтгээгүй хэмжээгээр нөхөн хариуцлагыг С ХХК, С ХХК-д хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 218 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН