| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/00474/И |
| Дугаар | 130/ШШ2023/00835 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2023/00835
| 2023 10 18 | 130/ШШ2023/00835 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт И-ны Д
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт Б-ны Н
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд 3,000,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч И.Д, түүний өмгөөлөгч С.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Иргэдийн төлөөлөгч Д.Б,
Орчуулагч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.Д нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Нйн гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч И.Д нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар багасгаж хариуцагч Б.Нэс гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд 3,000,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай Нүүрсний захын хашаанд нүүрс ачиж ирсэн жолооч нарын машин дахь нүүрсийг худалдан авагчдад худалдах портер тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж мөн худалдан авагчийн гэр хашаанд аваачиж буулгах, хурааж өгөх зэрэг ажлыг эрхэлж хийгээд 8-9 жил болж байна. Нүүрсний захын хашаанд олон тооны нүүрс ачсан тээврийн хэрэгслүүд үргэлж ирж байрладаг бөгөөд худалдан авагчид байнга ирж наймаа тасралтгүй явагддаг ба өглөө 9 цагаас орой харанхуй бүрий 18 цаг хүртэл тэнд 8-9 ачигч, буулгагч залуус бид хамтарч ажилладаг юм. "Нүүрсний зах”-ын хашаа нь ганцхан хаалгатай ба тойрч зогссон тээврийн хэрэгслүүдийн дунд гаднаас машин орж ирж буцаад тэр хаалгаар гардаг. Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед тус нүүрсний захын хашаан дотор би нүүрс ачиж өгчхөөд хамт ажилладаг 7 залуусын хамт байхад гадна хашааны хаалгаар “Ssangyong Musso” загварын тээврийн хэрэгсэл хашаан дотор орж ирснээ нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийн дундах онгорхой хэсэгт зогсож байсан залуус биднийг чиглэн явж шууд намайг мөргөж дайрч миний зүүн шилбэ нь дээр дугуйгаараа урагшаа нэг, хойшоо нэг удаа дарж зогсоод бууж ирээд намайг дайрснаа мэдээд машиндаа суугаад асаалттай машинаа ухрааж эргэж яваад нүүрсний захын хашаагаар буцаад гараад хэрэг болсон газраас зугтаад явчихсан юм. Би асууж сураглаад намайг дайрсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Н гэдэг залуу мөн болохыг олж мэдсэн. Тэгээд түүний 111111 гэсэн гар утсанд холбогдож уулзахад тэр гэм буруугаа хүлээн гэрт ирээд уучлалт гуйсан ба гэмтэл учруулж хохируулсан хохирлыг бүрэн төлнө гэж хэлж эмнэлэгт аваачин үзүүлж тэнд үзлэгт зарцуулсан 150,000 төгрөгийг төлсөн. Түүнээс гадна надад гарын баримт өгсөн.
1.2. Би осол болсон байдлыг цагдаагаар шалгуулахад Б аймгийн Цагдаагийн газрын дэслэгч К.Нурбек нь шалгаж 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг зөрчлийн 33/2056 дугаартай хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэж зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 5 дах хэсгээр 100,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан юм. Миний биед ослын улмаас хөнгөн гэмтэл учирсан байгаа юм.
1.3. “Нүүрсний зах” хашаан дотор хавиараа 7-8 хэсэг залуус бид нүүрс ачсан жолооч нарт ажиллаад тэндээс бусдад хөлсөөр ажиллаад өдөртөө доор хаяж 150,000-300,000 төгрөг олдог юм. Нэхэмжлэлийн эхэнд ч энэ тухай тайлбарлаж бичсэн байгаа. Уг хашаан дотор 30-40 тооны даацтай ачааны машинуудаар жолооч нар уурхайгаас нүүрс ачиж ирээд нүүрстэй машинаа эгнүүлэн тавьдаг. Тэгээд нүүрс буулгадаг ачдаг, худалддаг ажил хийдэг тэнд ажилладаг бидний хэдэн залуустай тээврийн жолооч нар нь амаар гэрээ хийгээд 10 тонны даацын нүүрсийг 150,000 төгрөгөөр 30-40 тонны даацын нүүрсийг 200,000 төгрөгөөс 250,000 төгрөгийн хооронд бусдад худалдаарай гэж өгч өөрсдөө явчихдаг. Тэгээд бид хэд хэдэн нүүрс ачсан машин авч үлдээд өглөөнөөс орой бүрий болтол таксины портер машинуудад 2-3 тонноор ачаад нүүрсийг захиалан авагсдад хүргэж мөнгийг нь цуглуулаад жолоочид өгдөг. Өдөртөө 2-3 машин нүүрсийг зарчихдаг болохоор өдөрт багадаа 100,000 төгрөгөөс 300,000 төгрөг ашиг олж байдаг юм. Өдөрт олдог энэ орлогыг намайг дайрсан тээврийн жолооч Б.Нд дэлгэрэнгүй тайлбарлаж өгч ойлгуулаад “Би өдөрт 100,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн ашиг олж ажилладаг. Чиний буруутай үйлдлээс болж би хохирлоо эмнэлэгт, гэрт хэвтэж эмчлүүлж ажил хийж чадахгүй боллоо гэж хөлөө үзүүлсэн. Нэг сар ажил хөдөлмөр хийх боломжгүй юм гэж бид хоёр ярьж дүгнээд би түүнээс өдрийн 100,000 төгрөгөөр тооцож 30 хоногийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг авахыг санал болгоход Н нь зөвшөөрч өдөрт 100,000 төгрөгөөр бодож ажил хийгээгүй өвчтэй байсан хоногийн мөнгө өгнө гэж гарын баримт бичиг өгсөн. Дараа нь өдрөөс нь асуухад өгөхгүй байдал гаргасан тул шүүхэд хандаж байна. Би гэртээ энэ ослын улмаас 34 хоног хэвтсэн ба ажил хийж чадаагүй бөгөөд 30 хоногийн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Түүнээс гадна эмчилгээ, бусад зардалд 1,000,000 төгрөг гарсан юм. Б.Н нь хохирлын мөнгийг өгнө гэх боловч өгөлгүй өдий хүрлээ.
1.4. Иймд Б.Нэс гэмтэл учруулснаас болж гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Н хариу тайлбартаа:
2.1. Миний бие Б.Н хувиараа тээвэр үйлчилгээ хийдэг ба 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд байгаа нүүрсний захад өөрийн бага оврын суудлын тэргээр ороод эргэж гарах гэж байхад нүүрсний захад ажилладаг И.Дн баруун хөлийг шүргээд өнгөрсөн ба тэр даруй зогсоод би түүнд “...хөл чинь гайгүй үү, би эмнэлэгт аваачаад үзүүлье” гэхэд зүгээр байна гэж өөрөө татгалзсан тул яваад өгсөн.
2.2. Харин тэр орой нь түүний эхнэр над руу залгаад “... И.Дн хөл нь өвдөж байна, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна" гэхээр нь нүүрсний зах дээр очоод тэндээсээ такси аваад эмнэлэгт очиж үзүүлэхэд “...хугаралт, няцралт байхгүй юм байна, рентгенд үзүүл” гэхээр нь рентгенд харуулахад ямар нэгэн гэмтэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би түүнд би “...хотод эсвэл Ховдод очоод үзүүлэх үү, би өөрийн унаагаар аваад очъё" гэж хэлэхэд өөрөө татгалзсан ба би тухайн үед түүнд 150,000 төгрөг өгсөн. Дээрх замын хөдөлгөөний зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаад надад 100,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Ингээд дээрх асуудал төгсгөл болсон. Харин одоо И.Д нь надаас 3,000,000 сая төгрөг нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.
2.3. Нүүрсний зах дээр 1 машин нүүрс зарахад ажилчдад 100,000 төгрөгийн хөлс өгдөг байсан тул уг мөнгийг өгье гэж хэлсэн ба түүнийг нь би өгсөн. Харин И.Дн бичсэн шиг 150-200 төгрөгийн хөлс өгнө гэсэн ойлголт байхгүй юм.
2.4. Иймд Н би И.Дд одоо хэргийн материалд хавсаргасан эмийн мөнгө болох 14,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Б: Хариуцагч Б.Н И.Дн хөлийг шүүргэснээс болж ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан байна. Ажилгүй байсан үеийн олох ёстой орлогыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
5. Хариуцагчаас Т.Б-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
6. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Е.Е, Т.Б, Ж.А, М.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч И.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
8.1. Миний бие Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай Нүүрсний захын хашаанд нүүрс ачиж ирсэн жолооч нарын машин дахь нүүрсийг худалдан авагчдад худалдах портер тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж мөн худалдан авагчийн гэр хашаанд аваачиж буулгах, хурааж өгөх зэрэг ажлыг эрхэлж хийгээд 8-9 жил болж байна. Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед хариуцагч Б.Н намайг өөрийн машинаар дайрсан. Үүнээс болж би хөнгөн гэмтэл авч ажилдаа очиж чадахгүй хохирол учирсан. Тухайн үед хариуцагч Б.Н нь надад гарын баримт бичиж өгч байсан тул түүний дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Нэс гэмтэл учруулснаас болж гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч Б.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
9.1. Миний бие Б.Н хувиараа тээвэр үйлчилгээ хийдэг ба 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд байгаа нүүрсний захад өөрийн бага оврын суудлын тэргээр ороод эргэж гарах гэж байхад нүүрсний захад ажилладаг И.Дн баруун хөлийг шүргээд өнгөрсөн ба тэр даруй зогсоод би түүнд “...хөл чинь гайгүй үү, би эмнэлэгт аваачаад үзүүлье” гэхэд зүгээр байна гэж өөрөө татгалзсан тул тухайн үед түүнд 150,000 төгрөг өгсөн. Дээрх замын хөдөлгөөний зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаад надад 100,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Нүүрсний зах дээр 1 машин нүүрс зарахад ажилчдад 100,000 төгрөгийн хөлс өгдөг байсан тул уг мөнгийг өгье гэж хэлсэн ба түүнийг нь би өгсөн. Харин И.Дн бичсэн шиг 150-200 төгрөгийн хөлс өгнө гэсэн ойлголт байхгүй юм. Иймд Н би И.Дд одоо хэргийн материалд хавсаргасан эмийн мөнгө болох 14,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
10.1. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЗШ/32 дугаартай шийтгэврээр хариуцагч буюу холбогдогч Б.Нйг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн дэслэгч К.Н-ийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0174822 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Энэ шийтгэврийн үндэслэх хэсэгт Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 821 дугаартай дүгнэлтээр хохирогч И.Дн эрүүл мэндэд холбогдогч буюу хариуцагч Б.Нйн гэм буруутай үйлдлийн улмаас “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан байна. Харин холбогдогч Б.Н нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэндэд ... хохирол учруулсан” зөрчлийн шинжийг хангасан байх тул түүнд торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй гэж дүгнэж шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба энэхүү шийтгэвэр нь хүчин төгөлдөр болжээ.
10.2 Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... эрүүл мэнд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч И.Д нь хариуцагч Б.Нэс эрүүл мэндэд учирсан гэм хор хохирлыг шаардах эрхтэй байна.
11. Хариуцагч Б.Нйн нэхэмжлэгч И.Д нь биед хөнгөн гэмтэл учруулснаас болж тэрээр хөдөлгөөн хязгаарлагдаж, 14 хоног эмчилгээ хийлгэж эм уусан болох нь эмчийн жороор тогтоогдсон бөгөөд түүнд талууд маргаагүй.
12.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч И.Д нь өдөрт 100,000-150,000 төгрөгийн орлого олдог талаар бичгийн нотлох баримт байхгүй байгаа боловч хариуцагч Б.Нэс тухайн үйл явдал болох үед нэхэмжлэгч И.Дд “Би Н Дг машинаар мөргөсөн нь үнэн болохыг хүлээн зөвшөөрч байна өдрийн 100,000 мянган төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан, 94211863, 2022/10/22 гэх” баримт болон гэрч Е.Е, Т.Б, Ж.А, М.Х нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч И.Дн хөдөлгөөнөө хязгаарлагдаж, 14 хоног эмчилгээ хийлгэсэн хугацаанд олох байсан орлогод 1,400,000 (14 хоног х 100,00 ) төгрөг, мөн эмчийн жороор авсан эмийн үнэ 14,000 төгрөг нийт 1,414,000 төгрөгийг хариуцагч Б.Нэс гаргуулан нэхэмжлэгч И.Дд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
13. Хариуцагч Б.Нэс нэхэмжлэгчид эмийн үнэ 14,000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч,үлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн олох байсан орлого, эмийн үнэ гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл болох нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байх тул шүүх бүрэлдэхүүнээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
14. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул хариуцагч Б.Нэс 37,574 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Х овогт Б-ны Н-ээс гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд 1,414,000 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш овогт И-ны Дд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,586,000 /нэг сая таван зуун наян зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,950 /далан есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Дд олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Нэс улсын тэмдэгтийн хураамжид 37,574 /гучин долоон мянга таван зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М
ШҮҮГЧИД А.Ж
К.Б