Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

                                                                                                           

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Э.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.*******

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолтой Э.*******д холбогдох 2115000000017 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Боржигон овогт Эрдэнээгийн ******* /рд:МЛ*******/, Сэлэнгэ аймгийн С суманд  19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Сэлэнгэ аймгийн С сумын ** дүгээр баг **-** тоот хаягт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, сангийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

Э.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнээгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.*******г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******н цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.*******эс гэм хорын хохиролд 327000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б-ийн *******д олгож, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 мм өргөнтэй, 56 см урттай, хүрэн бор өнгийн нэг ширхэг бургасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Э.******* давж заалдах гомдолдоо:

“...Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар би ямар нэгэн саналгүй. Ерөөсөө анхнаасаа хэргийг хүлээн зөвшөөрч байна. Тус шүүхээс хүсэхэд хохирогчид гарсан хохирлыг төлсөн. Ер нь цаашид гарах зардлыг төлж барагдуулна. Шүүхээс хүсэхэд  надад оногдуулсан ял шийтгэлээс маань багасгаж өгнө үү... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Э.*******н мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, шинжээч Б.Буянхишиг, гэрч Ч.*******, М.*******, Ж.******* нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.*******н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилжээ.

Шүүгдэгч Э.******* нь “...Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар би ямар нэгэн саналгүй. ...цаашид гарах зардлыг төлж барагдуулна. Шүүхээс хүсэхэд  надад оногдуулсан ял шийтгэлээс маань багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

   Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шүүгдэгч Э.*******д анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шүүгдэгч Э.*******д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ ...  6 /зургаа/ жилийн ... ” гэснийг “ ... 4 /дөрөв/ жилийн ... ” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.*******н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

 

                                                                                        Ё.БЯМБАЦЭРЭН