Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 96

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Ш.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Жүр овогт Шагдарсүрэнгийн Бямбасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201626021788 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ын байгаль орчны хяналт үнэлгээний 3 дугаар курсэд суралцдаг, ам бүл 4, эцэг,  эх , ахын хамт Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Дунд тасган 9-р гудамж 102 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жүр овогт Шагдарсүрэнгийн Бямбасүрэн  /РД:УХ98030719/

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миланж баарны гадна Ч.Анхныбаярыг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь дээд уруулд нь цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Буянтогтох найз маань 10 жилийн дээд талын дээд талын ангийн хүүүхэдтэй уулзаж байсан. Тэгээд би очоод явъя гэхэд Анхныбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа цохисон. Тэгээд цааш явж байтал араас нөгөө хүүхэд орилоод байхаар нь нэг удаа хавсарч унагаагаад дахин нэг удаа цохисон. Мөрдөн байцаалтын үеэр хохирогч намайг тамхи нэхээд зодсон гэж хэлсэн байсан. Тэгээд дараа нь шал өөр мэдүүлэг өгсөн байсан. Би Анхныбаярын хохиролд 55.000 төгрөг өгсөн. Надаас өөр зүйл нэхэмжлээгүй” гэв. 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миланж баарны гадна Ч.Анхбаярыг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь:

 Хохирогч Ч.Анхныбаярын “... Би Буянаатай юм яриад зогсож байтал хажуунаас явъя гээд байхаар нь чи зүгээр байж бай гээд Бямбасүрэнг түлхээд барилцаж авахад Бямбасүрэн шууд намайг барьж аваад газар унагаад цохьсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

Гэрч Б.Буянтогтохын “2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө би найз Бямбасүрэн, Уранболд нарын хамтаар Баянгол дүүргийн Ачлал их дэлгүүрийн ойролцоох караокед орсон бөгөөд Уранболд бид хоёр пиво уусан. Харин Бямбасүрэн ундаа уусан. Бид гурав караокеноос гараад Миланж баарны гадаа өөрийн танил Анхныбаяртай таарсан бөгөөд бид хоёр юм яриад зогсож байхад Бямбасүрэн намайг явъя гэхэд хажуунаас Анхныбаяр Бямбасүрэнг байж бай гээд жоохон хараалын үг хэлж дайрахад Бямбасүрэн Анхныбаярыг газар унагаад нэг цохиж авахаар нь би салгаад Бямбасүрэн, Уранболд нарын хамтаар явж байтал араас Анхныбаяр дагаад салахгүй байсан ба Бямбасүрэн Анхныбаярыг дахиад газар унагахаар нь би Бямбасүрэнг Анхныбаярт ойртуулахгүйгээр шууд аваад явсан.

“... Бямбасүрэн намайг явъя гэхэд л Анхныбаяр учиргүй уурлаад Бямбасүрэн рүү дайрснаас л болж зодоон болсон. Бямбасүрэн Анхныбаярыг газар унагаад нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Гэрч Г.Уранболдын “... Миланж баарны гадна талаар явж байтал Буянтогтох нэг танихгүй согтуу залуутай юм яриад байхаар нь Бямбасүрэн явъя гээд Буянтогтохыг дуудахад нөгөө согтуу залуу Бямбасүрэн лүү учиргүй хараалын уг хэлж байснаа шууд Бямбасүрэнг заамдаад авахад нь Бямбасүрэн тухайн залууг газар унагаад нэг удаа цохиж авахад Буянтогтох салгасан”, “.. Тэр залуу эхэлж Бямбасүрэнг хэл амаар доромжилж заамдаж авахаар нь Бямбасүрэн тэр залууг шууд газар унагаад нэг удаа л цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шинжээчийн 15866 дугаартай Ч.Анхныбаярын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн үзлэгийн:

“1. Ч.Анхныбаярын биед дээд уруулд цус хуралт, баруун хацарт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 16 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг цуглуулах”, 93 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг бэхжүүлэх” зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан тул хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос Ш.Бямбасүрэнг ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан Ч.Анхныбаярыг зодож танхайрсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт ирүүлсэн байна.

Гэвч хохирогч Ч.Анхныбаярын зүй бус үйлдэл буюу “Бямбасүрэн явъя гээд Буянтогтохыг дуудахад нөгөө согтуу залуу Бямбасүрэн лүү учиргүй хараалын уг хэлж байснаа шууд Бямбасүрэнг заамдаад авсан”, “Бямбасүрэн намайг явъя гэхэд хажуунаас Анхныбаяр Бямбасүрэнг байж бай гээд жоохон хараалын үг хэлж дайрсан”, “Би Буянаатай юм яриад зогсож байтал хажуунаас явъя гээд байхаар нь чи зүгээр байж бай гээд Бямбасүрэнг түлхээд барилцаж авсан” зэрэг нөхцөл байдал хэрэг гарахад нөлөөлсөн нь хохирогчийн өөрийн болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Ш.Бямбасүрэнгийн үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчсөн шинжгүй байна гэж үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан “Бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг уг зүйл, хэсгээр өөрчлөх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Бямбасүрэн хохирогч Ч.Анхныбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Прокуророос Ш.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөв.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэнг Ч.Анхныбаярын биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна /хэргийн  31 дүгээр хуудас/  гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн нь хохирогч Ч.Анхныбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 55.000 /тавин таван мянга/ төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан тул /хэргийн 8 дугаар хуудас/ шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Бямбасүрэнг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэнд холбогдох хэргийн хохирогч Ч.Анхныбаяраас  ирүүлсэн  хүсэлтэндээ “Бямбасүрэнд гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хэргийн 35 дүгээр хуудас/ гэсэн баримтыг үндэслэж Ш.Бямбасүрэнгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.  Шүүгдэгч Жүр овогт Шагдарсүрэнгийн Бямбасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бямбасүрэнд холбогдох 201626023073 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ш.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бямбасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.АЛТАНХУЯГ