Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 127/ШШ2023/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2023/0013/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ХАБСИТХ-д холбогдох,

            Гуравдагч этгээд: Д.Т, Д.М, Г.Г, Э.Э, Д.Б, Н.О нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: “...БСИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” маргааныг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагч ХАБС-ын ИТХД О.А, гуравдагч этгээд Д.Б, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нөхөр Г.Д, хүү Н.Гы хамт ХАБС-ын Тариа бригадад 1991-2005 он хүртэл 15 жил, трактор комбайны жолооч, үтрэмийн туслах ажилтан, тоо бүртгэгч, тогооч зэрэг ажил хийж байсан. Тухайн үед 2000 га газарт тариалалт хийн 1 га-с 25-28 ц ургац хураан, жилд дунджаар 1300-1600 тн хүнсний буудайг Хэнтий аймгийн Гурилын үйлдвэрт нийлүүлж, тариаланчдын хүнсний ногоог хангахаар 5 га-д төмс, хүнсний ногоог тариалж байсан анхны тариаланч гэр бүл билээ.

            Миний хүү Н.Г нь 2002 онд “Бэрх Уул” ХХК-д трактор комбайны жолоочоор ажиллаж байгаад ХААИС-д урилгаар элсэн орж 2006 онд ХААИС-ийг инженер мэргэжлээр төгссөн, төгсөж ирээд Тариа бригаддаа ажиллаж байсан боловч бригад татан буугдсаны улмаас ажиллах боломжгүй болсон.

            ... ХАБС-ын ББИНХ 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр багийн төвд болж, иргэдийн ирц 57 хүн ирж оролцсон. Уг хүмүүсээс 50 хувиас дээш санал болох 27 хүн санал өгч байж тэнцэх байсан.

            Тэр хуралд Д.Т, Д.М, Г.Г, Г.Зыг төлөөлж Р.П, Э.Э нар нь 27-с дээш хүний санал авч, хурал тарсан.

            Хурал тарсны дараа 50 хувийн саналд хүрээгүй 43.8 хувьтай, 25 хүний санал авсан Д.Б, Н.О, 23 хүний санал авсан С.Б гэсэн 3 хүнийг нэмж нийт 8 хүн болгож, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дэгийг зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан. Үүнийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын дэгийг зөрчсөн, шударга бус болсон гэж үзэж байна.

            Мөн Д.М, Г.Г, Э.Э, Д.Б, Н.О нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, тариалалтыг 2 жил хийсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

            ...Баянбулаг багийн Засаг дарга М.Б-ын мэдэгдэлд, 2021 оны ургацаас Г.Г 100 боодол, Д.Б 100 боодол, Э.Э 50 боодол, 2022 онд Г.Г 50 боодол, Д.Б 50 боодол ногоон тэжээл өгсөн гэж мэдэгдэл хийсэн. Эдгээр хүмүүс багийн Иргэдийн Нийтийн Хурлаас санал давуу эрхээр авахын тулд иргэдэд ногоон тэжээл зарж, багт хандивласан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, багийн иргэдийн саналыг авахад нөлөөлсөн гэж үзэж байна.

            Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу давуу эрхээр газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

            Тус сумын газрын даамал Э.Зулцэцэг нь багийн Иргэдийн Нийтийн Хуралд ирээгүйгээс багийн хурал цагтаа эхлээгүй, хүмүүс Мартын 8-ны баяр тэмдэглэх гээд яарч, хүмүүсийг үг хэлүүлэхгүй болно, одоо болно, боль гэх зэргээр хашгирч байсан.

            2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсон. Э.Зулцэцэг надад утсаар та хуралдаа өөрийн биеэр ирж оролцоорой гэсэн. Хурал 11 цагт эхэлж, 22 цагт дууссан ба намайг хурлын зааланд оруулаагүй, цаанаа байж бай, дуудаж оруулна гэсэн боловч намайг үүдний коридорт байлгасаар байгаад хурал өндөрлөсөн.

            Газрын даамал Зулцэцэг гарч ирээд багийн Иргэдийн Нийтийн Хурлын саналаар гарсан хүмүүс газар эзэмших эрхтэй боллоо ... гэсэн.

            Миний бие “Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “ Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших журам”-ын 2-т заасны дагуу давуу эрхээр үр тарианы 100 га, төмс хүнсний ногооны 5 га газар эзэмших хүсэлтэй байна” гэжээ.

 Нэхэмжлэгч Ц.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр газар тариалан эрхэлдэг байсан ... Баянбулаг сумын Иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан. Миний бие Засгийн газрын 2003 оны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт зааснаар батлагдсан “Тариалангийн газрыг иргэнд буюу гэр бүлийн хэрэгцээнд давуу эрхээр олгох” хуулийн дагуу газар эзэмших  өргөдөл өгсөн. Багийн хуралд нийт 57 хүн оролцсон 50%-иас дээш санал авсан  27 хүний саналаар Д.Т, Д.М, Г.Г,  Р.П, Г.Зыг төлөөлж Р.П нар байсан. Э.Э, Д.Б, Н.О, н.Баатаржав нар 27 хүний саналд хүрээгүй 40,3-43,8%-ийн санал авсан. Дэгийн дагуу 5 хүн тэнцэж хурал тарсан. Хурал цагтаа эхлээгүй өөрсдийгөө танилцуулах эрхээр хангаагүй дэг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасны дагуу дэг зөрчсөн гэж үзэн тухайн хурлыг хүчингүй болгох хүсэлтээ илэрхийлсэн. Хурал тарсны дараа Багийн даргаас орж хурлын тогтоол шийдвэрийг авъя гэхэд өгөх боломжгүй бичиг баримтаа бүрдүүлж гарын үсэг зуруулсны дараа өгнө гэсэн. Би сумын Засаг даргад хандан миний асуудлыг шийдэж өгнө үү миний материалыг гүйцэт танилцуулсангүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцэж өгнө үү гэж н.Жавхланбаяр даргад өргөдөл өгсөн. БСИТХ-ын2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

Хариуцагч ХАБС-ын ИТХД О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам"-ын хүрээнд Батноров сумын Баянбулаг 4 дүгээр багийн Засаг дарга тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх өргөдлийг хүлээн авч 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэн бүрийг танилцуулан хэлэлцүүлж иргэдээс гарсан саналыг эрэмбэлсэн тогтоол, тэмдэглэлийг сумын Засаг даргад ирүүлсэн бөгөөд сумын Засаг даргаас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/71 албан тоотоор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан байна.

Энэ асуудалтай холбоотойгоор 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ИТХ-ын 13 дугаар хуралдааны тов тогтоох сумын хурлын даргын захирамжийг гаргасан.

СИТХ-ын 13 дугаар хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12:24 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 16 төлөөлөгч буюу 59.2 хувийн ирцтэй хуралдаж 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын 11-т байсан бөгөөд нийт хуралдаанд оролцсон 16 төлөөлөгчдийн 9 төлөөлөгч буюу 56.2 хувийн саналаар дэмжигдэж тогтоолын төсөл батлагдсан тул хүчин төгөлдөр гэж үзэж байна” гэжээ.

 Хариуцагч ХАБС-ын ИТХД О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Б-т СИТХ-ын тогтоол хүчин төгөлдөр гарсан талаар хэлсэн. Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай нэхэмжлэгч андуурч, хольж солиод байна. СИТХ-ын 11 дүгээр тогтоолын хавсралтаар газар эзэмшүүлэх 6 хүний нэр байгаа. Өнөөдөр та шүүхэд нэхэмжлэл гаргаад яваагүй бол эдгээр хүмүүсийн газрын гэрчилгээ гарч тариалалтаа хийгээд явах байсан. Шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэтэл уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх талаар Засаг даргад албан тоот явуулсан. Одоогоор эдгээр хүмүүс газрын гэрчилгээ аваагүй байгаа. Та Тариа бригад дээр 4 хүн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэсэн байна. СИТХ-ын өмнөх даргын үед газар эзэмших эрх нь батлагдан гарч, үйл ажиллагаа нь явж байгаа газрууд байгаа. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас ямар ч хүнд тариалангийн зориулалттай, үр тарианы газарт гэрчилгээ олгоогүй. Шүүхийн шийдвэр хүчинтэй үлдсэн тохиолдолд тогтоолыг хэрэгжүүлж энэ 6 хүнд гэрчилгээг нь олгох үе шаттай ажиллагааг хийх боломжтой болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би тус сумын уугуул. 1994 онд ХААИС-ийг ерөнхий агрономичоор төгсөөд тус сумын /Тариа бригад/ “Гурван бүрд” УҮГ-т 1997 оны 10 сар хүртэл ажилласан. Намайг ажиллаж байхад нэхэмжлэл гаргагч Ц.Б- тогоочоор ажиллаж байсан. Би 2020 оноос эхлэн энэхүү газарт тариа тарихаар өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байгаа. 2022 оны 10 сар, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар санал хураахад дэмжигдээгүй хүний нэг нь Бадамцэцэг юм.

Миний хувьд 100 га газарт үр тариа тарьж үр дүн гаргана гэж төлөвлөгөө, хөтөлбөрөө танилцуулж, илэрхийлсэн хүн.

Би 2022 оноос тус сумын тариалангийн хувийн компанид зөвлөхөөр ажиллаж сайн ургац авсан. Харин зөвшөөрөлгүй 1 га газарт ч юм тариагүй. Ц.Б-ийн хувьд  сум орон нутгийн иргэдтэйгээ зөв харьцаж өөрийгөө сайн ойлгуулах хэрэгтэй байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би 1991 онд Батноров сумын Социализмын зам нэгдлийн Тариа бригадад анх механикжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2004 онд төрийн өмчит болж татан буугдтал тасралтгүй 13 жил ажилласан. Би өөрийн нутаг дэвсгэрт малын ногоон тэжээл тариалах зориулалтаар тариалангийн газар хүсэж, багийн Засаг даргад өргөдөл өгсөн. Манай багийн хурал 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж , тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтэй иргэдийн өргөдлийг хэлэлцэхэд миний бие тухай хуралд ирсэн иргэдийн 43 хүний санал авсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, намайг дэмжсэн байсан....” гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2016 онд ХААИС-ийг Агрономич мэргэжлээр дүүргэн Сэлэнгэ аймагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арвин хур” ХХК, “Гацуурт” ХХК-уудад 2016-2020 оны хооронд агрономичоор ажиллаж тодорхой туршлага хуримтлуулсан.

Батноров сумандаа гэр бүлийн хамт ажиллаж амьдрахаар ирж 2020 оны хавар Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Зосын хүлэг” галын уяач Б.Баярнэмэх ахтай хамтран сумын 4 дүгээр багийн нутагт орших “Төмстийн ар" гэх газарт байх “Мостлийринг” ХХК-ийн тариалангийн талбайн 200 га-д холимог ногоон тэжээл тариалан 1200 тн ургац авсан. Үүнээс хойш Батноров сумын зогсонги болсон байсан газар тариалан эргэн сэргэсэн. Сумын иргэн, аж ахуй нэгжүүд 2021 оноос хойш тариалалт хийж эхэлсэн.

Тус онд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын дагуу 100 га талбай хүссэн хүсэлтээ сумын Засаг дарга Д.Жамбаад өгсөн.

Сум орон нутагт зогсонги байсан газар тариаланг сэргээж тариалалт хийх гэж байгаа хүсэлтийг минь дэмжиж, тухайн тогтоолын дагуу, давуу эрхээ хангаж байна гэж үзээд хуралд өргөн барих гэсэн боловч “Ковид-19” цар тахлын улмаас тухайн онд багийн Иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдах боломжгүй байсан тул газрыг эргэлтэд оруулж, мэргэжлийн түвшинд зөв технологиор тарьж, чанартай өндөр ургац авах юм бол Сум орон нутаг залуу үеэ бодлогоороо дэмжинэ гэж Газрын даамал Э.Зулцэцэгээр 100 га талбайн координат тогтоолгож тариалалт хийх боломжийг олгосон.

2021 онд тухайн газрыг хашаалан 50 га-г эргэлтэд оруулж хөрс боловсруулалт хийж тариалалт хийсэн. 2022 оны 01 дүгээр сард “Баянбулаг” 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдахад мөн хүсэлтээ өгч багийн иргэдийн 54%-ийн санал авч дэмжигдсэн боловч тухайн хурлыг хүчингүй болгосон байсан.

2023 оны 02 дугаар сарын 03-нд “Баянбулаг” 4 дүгээр багийн Засаг даргад давуу эрхээр газар тариалангийн зориулалттай газар хүссэн материал, хүсэлтээ өгч 02 дугаар сарын 13-нд сумын Соёлын төвд хурал зарласан боловч иргэдийн ирц хүрээгүй тул 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хурал хойшлогдсон.

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр багийн Иргэдийн Нийтийн Хурал 57 өрхийн ирцтэй байна гэж үзэж хуралдааныг эхлүүлсэн. 20 иргэний тариалангийн газрын хүсэлтийг хэлэлцэж 5 иргэн 50-аас дээш хувийн санал авч дэмжигдсэн.

Сум орон нутгийн иргэд залуу мэргэжлийн агрономич, тариалалт хийж ургуулж чадаж байгаа гэж итгэл үзүүлэн 2 ч удаа дэмжсэн байдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдан хүсэлт өгсөн иргэдийг хуралд оруулж тайлбар хэлүүлнэ гэж газрын даамал Э.Зулцэцэг хэлсний дагуу 11 цагаас эхлэн 22 цагийн турш хүлээсэн боловч ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонсоогүй, 1 ч иргэнийг оруулаагүй, 22 цагт хурал өндөрлөсөн. Та бүхнийг оруулсангүй нэг хүнд 30 га талбайг нийт 6 хүнд баталлаа гэсэн хариу авч тарсан. Яагаад 30 га талбай болгоод хуваасныг тодруулахад 2023 онд давуу эрхээр газар хүссэн 13 иргэн байсан тэр бүгдэд давуу эрхээр эзэмшүүлэх нийт талбайг тэнцүү хуваан олгох зорилгоор ингэж хувааж баталсан боловч яг шалгаад үзсэн чинь 6 хүн л давуу эрхээ хангаж байгаа тул энэ 6 иргэнийг баталлаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө 13 хуваачихсан тул өөрчлөх боломжгүй гэсэн тайлбар хэлсэн.

Тариалалт хийх явцдаа Баянбулаг 4 дүгээр багийн фонд, сумын өвөлжилтийн бэлтгэл, сум орон нутгийн олон нийтийн үйл ажиллагааг дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ногоон тэжээл хандивласан. Энэ нь иргэний нийгмийн хариуцлага болохоос биш Ц.Б- эгчийн хэлсэн шиг иргэдийн саналд нөлөөлсөн зүйл огт байхгүй болно. Мөн зөвшөөрөлгүй дур мэдэн тариалалт хийсэн зүйл байхгүй. Цаг үеийн байдлаас шалтгаалан сум орон нутгийн удирдлагын зөвшөөрөл, Газрын даамлын заасан талбайд үйл ажиллагаа бүрээ мэдэгдэн тариалалт хийж байсан. Сум орон нутгийн удирдлагууд ч мөн ажлын үйл явцтай тухай бүрд ирж танилцан, тайлан мэдээ, ургац хураалтаар ирж ажиллаж байсан.

Ц.Б- эгчийг “Баянбулаг” 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжээгүйгээс болж батлагдсан, дэмжигдсэн иргэд хохирч болохгүй гэж үзэж байна.

2023 оны СИТХ-аар 30 га талбай дэмжигдэн батлагдсан тул миний бие 2023 оны 4 дүгээр сарын 28-аас тариалалтын бэлтгэл ажлаа эхлүүлэн ажиллаж байна...” гэжээ

 

            Гуравдагч этгээд Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 2-т заасан болзлыг хангасан учир Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлт багийн Засаг даргад гаргасан. Батноров сумын Баянбулаг багт 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Иргэдийн Нийтийн Хурал болсон.

... Газар хүссэн иргэд нэг нэгээр босож өөрсдийгөө танилцуулаад, юу тарих ямар зорилгоор ашиглах талаараа танилцуулсны дараа дэмжих, дэмжихгүй асуудал яригдсан. Би 33 хүний санал авч дэмжигдсэн.

            2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутгийн удирдлагын ордонд болсон. Үүнд Бадамцэцэг гэдэг хүнийг ганцааранг нь хуралд оруулаагүй мэтээр нэхэмжлэлдээ бичиж, нэг талыг харж бусдын ажлыг алдагдуулж байгаад харамсаж байна. Энэ хуралд дэмжигдсэн нэр бүхий хүмүүсийг мөн адил хуралд оруулаагүй шийдвэр гаргасан. Энэ жилийн тариалалтын ажлыг гацааж, ажилгүй болгож буйд  маш их харамсаж байна.

            ... Хурал хууль дүрэм журмын дагуу явагдсан тул ИТХ-ын тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хуулийн дагуу давуу эрхээр өгөх хүнд нь өгүүлэх саналтай байна. Би энэ газрын асуудлаар 2 жил хөөцөлдөөд одоог хүртэл бүтээгүй л байна. Би тухайн сумын газар тариаланд 5 жил механик, бригадын даргаар ажилласан...” гэжээ.

 

            Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжихгүй ИТХ-ын тогтоол үндэслэлтэй хууль ёсны байна” гэв.

 

 Гуравдагч этгээд Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 2-т заасан болзлыг хангасан учир Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтийг 4 дүгээр багийн Засаг даргад гаргасан. Батноров сумын Баянбулаг багт 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр багийн Иргэдийн Нийтийн Хурал болсон. Тус хуралд өөрийн биеэр очиж суусан ба уг хурал нь иргэдийн асуултаар эхэлж, бид өөрсдийгөө танилцуулсан.

Үүний дараа миний хүсэлтийг дэмжих, дэмжихгүй санал явагдаж, миний хүсэлт дэмжигдсэн. Ингэснээр 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Батноров СИТХ-аар орж хуулийн дагуу 30 га газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй болсон.

Уг 30 га газартаа Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс болж өдийг хүртэл ажлаа эхлүүлж чадахгүй байгаад харамсалтай байна. Хурал хууль дүрмийн дагуу явагдсан тул ИТХ-ын тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ИТХ-ын тогтоол үндэслэлтэй хууль ёсны байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь ХАБСИТХ-д холбогдуулан “...ХАБС-ын ИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

 

            1. Шүүхээс нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б- нь ХАБС-ын ИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ “...багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн хурлынхаа дэгийг зөрчиж, шударга бус шийдвэр гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт хүргүүлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дэмжигдсэн хүмүүс нь давуу эрх эдэлсэн. Тэд багийн иргэдэд ногоон тэжээл зарж, багт ногоон тэжээл хандивласан хүмүүс байсан. Тэгээд олонхийн санал авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, багийн иргэдийн саналыг авахад нөлөөлсөн.  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу давуу эрхээр газар эзэмших эрх зөрчигдсөн. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсон, намайг хурлын зааланд оруулаагүй, цаанаа байж бай, дуудаж оруулна гэсэн боловч намайг үүдний коридорт байлгасаар байгаад хурал өндөрлөсөн...” гэжээ.

 

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5 “...бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт”-д /багийн чиг үүрэгт/ заасны дагуу ХАБС-ын ББИНХ нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” асуудлыг хэлэлцээд 01[1] дугаартай багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргасан байна.

Уг тогтоолд: Баянбулаг багийн “Төмстийн ар” нэртэй газарт Д.Т, Д.М, Г.Г, Г.З, Э.Э, Д.Б, Н.О, С.Баатаржав гэсэн нэр бүхий 8 иргэнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр дэмжиж, дэмжигдсэн иргэдийн материалыг холбогдох баримтын хамт сумын Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4. ХАБС-ын Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/71[2] тоот албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ. Тухайн албан бичигт “...Баянбулаг баг нь Иргэдийн Нийтийн Хурлаа зохион байгуулж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоо ирүүлээд байна. Иймд СИТХ-аар тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтэй иргэдийн асуудлыг хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.13-т “...нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж .... заасны дагуу сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтэй иргэдийн асуудлыг СИТХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулахаар хандсан байна.

5. Сумын Засаг даргын дээрх албан бичгийг үндэслэж БСИТХ-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04[3] дугаартай захирамж гарч, СИТХ-ын 13 дугаар хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлын 10 дугаарт “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” асуудлыг оруулжээ.

 

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “...Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална” гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, 11[4] дугаартай тогтоолоор Батноров сумын Баянбулаг багийн “Төмстийн ар” нэртэй газарт тариалангийн газрыг давуу эрхээр Д.Т, Д.М, Г.Г, Э.Э, Д.Б, Н.О гэсэн нэр бүхий 6 иргэнд тус бүр 30 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба тогтоолын хэрэгжилтийг сумын Засаг даргад даалгасан байна.

 

7. Нэхэмжлэгч Ц.Б- нь нэхэмжлэлдээ “...багийн Иргэдийн Нийтийн Хурал цагтаа эхлээгүй, өөрсдийгөө танилцуулах эрхээр хангаагүй, хуралдааны дэг зөрчсөн, шударга бус болсон...” гэж тайлбарлах боловч тухайн багийн  Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд[5]  “...хурал эхэлсэн цаг, дууссан цаг тодорхой, хуралдааны хэлэлцэх асуудал болон дотоод журам, хуралдааны дэгийг иргэд 100%-ийн саналаар баталсан нь” тусгагджээ. Улмаар СИТХ-ын 13 дугаар хуралдаанаас гарсан,  2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоол нь ямар хууль, дүрэм, журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг тодорхойлоогүй, мөн энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй байна.

 

Мөн нэхэмжлэлдээ “...2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсон. Газрын даамал Э.Зулцэцэг надад утсаар та хуралдаа өөрийн биеэр ирж оролцоорой гэсэн. Хурал 11 цагт эхэлж, 22 цагт дууссан... намайг хурлын зааланд оруулаагүй, ...цаанаа байж бай, дуудаж оруулна гэсэн боловч намайг үүдний коридорт байлгасаар байгаад хурал өндөрлөсөн” гэжээ.

Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаандаа /ганцхан/ өөрийг нь оруулаагүй гэж тайлбарласан.

Гуравдагч этгээд Г.Гын шүүхэд гаргасан хариу тайлбарт: “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохоор ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонсоогүй, нэг ч иргэнийг оруулаагүй...”, гуравдагч этгээд Э.Эын шүүхэд гаргасан хариу тайлбарт: “...энэ хуралд багийн иргэдийн Нийтийн Хурлаас дэмжигдсэн нэр бүхий хүмүүсийг хуралд оруулаагүй, шийдвэр гаргасан” гэсэн тайлбаруудаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурлаас давуу эрхээр тариалангийн газар эзэмшихээр дэмжигдсэн хүмүүсийг мөн адил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулаагүй нь тодорхой байна.

 

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж, 32.2-т Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, 32.8.1-т “...баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу ХАБС-ын ББИНХ 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаж, өөрийн багийн нутаг дэвсгэрт хамаарах “Төмстийн ар” нэртэй газрыг тариалангийн зориулалтаар иргэдэд эзэмшүүлэх эсэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

 

9. Шүүхээс ХАБС-ын ИТХ-аас гарсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч Ц.Б-ийн давуу эрхээр газар эзэмших эрхийг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, СИТХ-ын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно...” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчөөгүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

10. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “...сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж заасныг, мөн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 2, 3, 4, 5, 6, 7-д заасан заалтыг зөрчөөгүй, холбогдох хууль, журмын дагуу СИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоол гарсан байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч Ц.Б- нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 3-т заасны дагуу тариалангийн газар давуу эрхээр эзэмших хүсэлтээ ХАБС-ын Баянбулаг багийн Засаг даргад дахин гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, 35 дугаар зүйлийн 35.1.17, 35.2, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.2, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, ХАБС-ын ИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БАЯСГАЛАН

 

[1] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,

[2] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас,

[4] Хавтаст хэргийн 52-64 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас