Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01456

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00980 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Т-ын хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан хөрөнгө оруулалт болох 9 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 9 000 000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэгт суутган тооцох, хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал хамтарч ажиллах санал тавьж, махны бизнесийг хамтран эрхэлж, ашгаа тэнцүү хувааж авч байхаар тохиролцсон. 2016 оны 9 дүгээр сарын 27 болон 28-ны өдөр хоёр удаа мах хүргэж өгсний дараа “Н” ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон тул би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Д.Чимэдээс 4 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж аваад “Н” ХХК-д эргэлтийн хөрөнгө болгон зээлдүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын дунд гэхэд мөн л компанийн эргэлтийн хөрөнгө дутагдаж эхэлсэн учраас гадаадад ажилладаг дүүгээсээ 2 000 ам.доллар зээлж авсан бөгөөд компанийн хувьцаа эзэмших зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Н” ХХК-ийн Голомт банк дахь 1415104539 тоот дансанд 4 000 000 төгрөгийг Г.Т-ын хөрөнгө оруулалт гэсэн тодотголтойгоор байрлуулж, дараа нь 1 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж зээлэн “Н” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд оруулсан. Д.Х  2017 оны 02 дугаар сарын 6, 07-ны өдрүүдэд энэхүү 1 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг нь хүүтэй нь, мөн өмнө авсан зээл болох 4 500 000 төгрөгт тооцогдох хүүгийн хамт буюу нийт 1 746 000 төгрөгийг Д.Чимэдэд буцаан төлсөн бөгөөд үлдсэн 500 000 төгрөгийг нь өмнөх зээлтэй нь нийлүүлж Д.Чимэдэд төлөх нийт зээлийн хэмжээг 5 000 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Эдгээр нь 2017 оны 02 дугаар сараас эхлэн “Н” ХХК нь сар бүр Д.Чимэдэд 200 000 төгрөгийн хүү төлж байснаар батлагдана. Мөн миний Д.Чимэдтэй байгуулсан 9 дугаартай зээлийн гэрээгээр ийнхүү зээл авсан болох нь батлагдана. Энэ үйл баримтаар энэ үйл баримтаар Г.Т би 5 000 000 төгрөгийг “Н” ХХК-д эргэлтийн хөрөнгө болгож оруулсан, эх үүсвэр нь Д.Чимэдээс мөнгө зээлж оруулсан болохыг нотолж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Чимэдийн 5027679041 тоот дансанд нь зээлийн гэрээний үүрэг болох 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас улсын бүртгэл болон дүрэмд өөрчлөлт оруулж миний нэрийг “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг шаардсан. Би тус компанид хөрөнгө оруулснаар компанийн ажиллагаа тогтвортой болж, цаг хугацаа харгалзахгүй ажиллаж, санхүүгийн болон гэрээтэй холбоотой бүх л бичиг баримтыг бэлтгэж байсан. Гэвч Улсын бүртгэлийн байгууллагад компанийн дүрмийг бүртгүүлэхдээ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул 9 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК болон түүний гүйцэтгэх захирал Д.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т-тай 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс махны бизнесийг хамтран эрхэлж ашиг, алдагдал, зардлаа тэнцүү хувааж авч байхаар амаар тохиролцон хамтран ажиллаж эхэлсэн. Г.Т нь “Н” ХХК-ийн дансанд 5 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгөөр 2 хувааж хийсэн. Энэ нь махны бизнес хийх эргэлтийн хөрөнгө. “Н” ХХК нь компанийн нэр, харилцах данс, тоног төхөөрөмжөөр Д.Х  нь 3 790 000 төгрөгийн төгрөг /хөргөгч, хөлдөөгч/-ийн хөрөнгө оруулж, дундын хөрөнгө болгосон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хүчит шонхор ХХК-ийн олон нийттэй харилцах албаны дарга Л.Цэдэнтэй мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулж, нийт 60153 кг үхрийн махыг килограммыг нь 5 000 төгрөгөөр тооцон, нийт 300 765 000 төгрөгийн үнэ бүхий махыг хүлээн авч, Молор менежмент ХХК-ийн зооринд байршуулан зарж борлуулан мөнгийг тухай бүрд нь шилжүүлэн тооцоо нийлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарах тээврийн зардал болон Хүчит шонхор зах дотор байрлах махны лангууны түрээс 1 сарын 900 000 төгрөг, павильоны түрээс 1 250 000 төгрөг, 2 худалдагч, 1 ачигч зэрэг ажиллах хүчний зардал буюу цалин зэргийг “Н” ХХК хариуцан гардан ажилласан. Эдгээр нь түрээсийн гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдох болно. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 60153 кг махыг зарж борлуулж дууссан ба энэ ажлыг Г.Т өөрөө хариуцан гүйцэтгэж байсан. Ингээд Санхүүгийн тооцоолол гаргахад нийт 42 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан тооцоо гарсан. Гэтэл энэ үед Г.Т нь Хүний эрхийн үндэсний комисст ажилд орохоор болсон гэдэг шалтгаанаар ажлаа орхин намайг өр төлбөртэй үлдээгээд явсан. Хүчит шонхор ХХК-ийн Л.Цэдэн даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт болох 42 000 000 төгрөгийг яаралтай төлөх шаардлагатай болох үед Г.Т нь төлөлцөхгүй орхиод явж байсан. Бидний өдөр тутмын хөтөлж байсан санхүүгийн тооцооллын бүртгэлээс үзэхэд Г.Тд бэлнээр буюу хувийн хэрэгцээнд нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 9 132 400 төгрөгийг өгч байсан тооцооллыг и-мэйлээр явуулсныг Г.Т нь хүлээн зөвшөөрөөд 2 тийш салсан болно. Г.Т нь бизнес эхлэх үед компани ашигтай болон алдагдалтай ажиллах үед ашиг ба эрсдэлийг хамтдаа туулах хамтрагч байна гэж анхнаасаа аман тохиролцоогоор ажлаа эхлүүлсэн атлаа алдагдалтай ажилласан гэх тооцоо гарах үед хамтдаа төлөлцөх ёстой 42 000 000 төгрөгөөс төлөлцөөгүйд гомдолтой байна. Хүчит шонхор ХХК-тай байгуулсан мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу 42 000 000 төгрөгийн алдагдлыг би өөрийн хувийн Приус-20 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт, ХААН банкнаас авсан цалингийн зээл болох 12 000 000 төгрөг, өөрийн 9911-тэй утасны дугаарыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж 10 000 000 төгрөг, Голомт банкны кредит картны зээл болох 5 000 000 төгрөг, нагац эгч болох н.Эрдэнэчимэгээс хүүтэй зээлсэн 10 000 000 төгрөгөөр тус тус 42 000 000 төгрөгийн алдагдлаа төлсөн. Уг зээлүүд нь цаг хугацааны хувьд болон Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Дээрх зээлүүдийг одоог хүртэл хүүгийн хамт төлж байна. Иймд Г.Т нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг алдагдал, өр төлбөр, зээлийн эргэн төлөлтийг оруулсан хөрөнгөөрөө хамтран хариуцах тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид махны худалдааны тооцоогоо өдөр, сар тутамдаа тооцож, “Н” ХХК-ийн ня-бо Г.Баяржаргалаар дүгнүүлж байсан. Энэ нь Г.Т, Д.Х нарын и-мэйл хаягт тодорхой байна. Г.Т-ын бусдаас авсан зээлийн хүүг хамтын ажиллагааны явцад төлсөн ба тэрээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээнээс гарснаар, хамтын үйл ажиллагааг биелүүлэх боломжгүй болсон. Г.Тд зээл хэлбэрээр, мөн бараа материалаар өгсөн тооцоог хийхэд 9 132 400 төгрөг гарсан. Г.Т үүнийг мэдэж байсан бөгөөд хамтран ажиллаж байх хугацаанд санхүүгийн бүх тооцооллыг Г.Т өөрөө хийж байсан. Г.Т оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү хэмжээний мөнгө авсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хүчит шонхор ХХК-ийн албаны дарга Л.Цэдэнтэй байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу авсан 300 765 000 төгрөгийн үнэ бүхий 60153 кг махыг борлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо гаргахад 42 000 000 төгрөгийн алдагдал гарч, өр үүссэн. Энэ өр төлбөрийг Д.Х, “Н” ХХК төлж барагдуулсан. Уг нь хамтын үйл ажиллагааны явцад гарсан энэ алдагдлыг Г.Т хамтран хариуцах үүрэгтэй байсан. Гэтэл Г.Т нь өртэй гэдгийг мэдээд, өр хамтран төлөх үүргээ биелүүлээгүй, өөр ажилд орохоор шалтаглан зугтаагаад явсан. Тухайн үедээ мөнгө, төгрөгөө нэхээгүй. Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 479 дүгээр зүйлийн 479.4, 479.5, 479.6 дахь хэсгийг тус тус зааснаар Г.Т-ын нэхэмжилж байгаа 9 000 000 төгрөгийг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэгт суутган тооцуулж, бидний хамтын ажиллагааг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Анх Д.Х тай махны бизнес эрхлэхээр тохиролцож махаа зочид буудлын ресторанд нийлүүлсэн. Хувь хүн, ресторанд мах нийлүүлэх боломжгүйн улмаас “Н” ХХК-ийн нэрээр нийлүүлэх болсон. Компани НӨАТ төлөгч биш байсан. Миний хувьд анхнаасаа хөрөнгө нийлүүлж, хамтран ажиллах санал тавиагүй, зөвхөн хариуцагчийн үйл ажиллагаанд нь туслах, компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болох, цалин хөлс, ногдол ашиг авах л сонирхолтой байсан. Би тус компанийн ажилтны хувиар махны ажилд оролцож байсан ба махнаас яаж ашиг гаргаж болох талаарх тооцооллыг гаргаж байсан. Надад захиран зарцуулах эрх байгаагүй, Л.Цэдэнтэй байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу авсан 300 765 000 төгрөгийн махыг борлуулахад ашиг гарахгүй байсан. Тухайн гэрээнд Д.Х гарын үсэг зурсан тул гэрээ надад хамааралгүй. Тэгээд ч Д.Х маш их хэмжээний мөнгийг хувийн зээлэндээ төлж байсныг би сүүлд мэдсэн. Би “Н” ХХК-ийг эргэлтийн хөрөнгөгүй гэхээр нь өөрийн найз Д.Чимэдээс 5 000 000 төгрөг зээлж компанид хөрөнгө оруулалт хийсэн нь хувьцаа эзэмшигч болох зорилготой л байсан. Д.Х  нь анхнаасаа намайг тус компанийн хувьцаа эзэмшигч болгоно гэж ажиллуулсан, мөн компанийн эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас надаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байгаа үйлдлүүд нь Иргэний хуулийг зөрчиж байна. “Н” ХХК-ийн захирал Д.Х ын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, компанийн санхүүгийн тооцоолол зэргээс харахад Д.Х  өөрөө компаниа ажиллуулж, Г.Т-ыг компанийн ажилтнаар ажиллуулж байсан. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цалин гэж 1 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Надад өгсөн гэх 9 123 400 төгрөгийн ихэнх нь бензин болон машины тос солиулах, ачигчийн олон мах хүргэлтийн зардал болох нь харагдана. Зээлсэн мөнгөө буцаан төлж байсан ба эдгээрийг буцаан өгөөгүй мэтээр тэмдэглэн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, суутган тооцох үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тохиролцооны дагуу “Н” ХХК нь өөрийн компанийн нэр, данс, худалдааны хэрэгсэл болох лангуу, павильон, мах хадгалах зоорийг, Д.Х 3 718 000 төгрөгийг мах борлуулах бэлтгэл ажилд зориулж, хөргөгч хөлдөөгч, жин хэмжүүр, тоног төхөөрөмж зэргийг, Г.Т нь 9 000 000 төгрөгийн хөрөнгө оруулснаар хөрөнгө, хүч хөдөлмөрөө нэгтгэж, махны бизнест хамтран ажиллаж ашиг, алдагдлаа тэнцүү хариуцахаар тохирсон. Бид Хүчит шонхор захын олон нийтийн албаны дарга Цэдэнгийн 60153 кг махыг борлуулж, ашиг гаргаж авахаар болж Г.Т махыг жинлэн хүлээн авч, “Н” ХХК-ийн нэр дээрх түрээсийн гэрээтэй зоорь, павильонд хадгалж, худалдан борлуулсан. Уг махыг борлуулахад хүн хүч дутагдсан ба лангуун дээр 2 худалдагч, 1 ачигч, мах шулагч хөлслөн өдөр тутам ажиллуулж байсан. Мах борлуулах ажил 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд тооцоогоо гаргахад 42 000 000 төгрөгийн алдагдал гарсан. Энэ үед Г.Т нь Хүний эрхийн үндэсний комисст ажилд орох болсон гэх шалтгаанаар өр төлбөрөөс төлөхгүй, орхиод явсан. Бид уг махны тооцоог “Н” ХХК-ийн ня-богоор хянуулж, 42 000 000 төгрөгийн өр төлбөрөө баталгаажуулсан. Хамтран ажиллаж байх хугацаанд Г.Т нь 9 132 400 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар авсан гэх тооцоо гарсан бөгөөд Г.Т өөрөө мэдэж байгаа. Г.Тын хөрөнгө оруулсан 4 500 000 төгрөгийн зээлийн хүүг би өөрөө болон “Н” ХХК-иас төлж байсан. Миний хувьд 42 000 000 төгрөгийн өр төлбөрөө өөрөө төлж дуусгасан. Энэ нь ХААН банкны дансны хуулгаас харагдана. Бидний хамтын үйл ажиллагаа бодиттой хэрэгжиж дууссан. Г.Т өөрийн оруулсан 9 000 000 төгрөгийн хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Г.Т хамтран ажиллахад ямар байдалтай ажилласан, ямар хэмжээний ашиг алдагдалтай байснаа тооцон үзсэн байх. Иймд Г.Т-аас хамтран ажиллах явцад түүнд өгсөн 9 132 400 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1 746 000 төгрөгийг, мөн Л.Цэдэнтэй байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээгээр 60153 кг мах авч хамтран борлуулснаас үүссэн алдагдал 42 000 000 төгрөгийн 50 хувь болох 21 000 000 төгрөг, нийт 31 869 500 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Т бие даасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х-ын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хамтран ажиллах гэрээ анхнаасаа байгуулаагүй. Харин “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоор хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилготойгоор компанийн дансанд Г.Т-ын хөрөнгө оруулалт гэж 4 000 000 төгрөгийг, дараа нь компани эргэлтийн хөрөнгөгүй болсон учир 5 000 000 төгрөгийг бусдаас зээлж мөн компанид хөрөнгө оруулсан, энэ нь нотлогдоно. Харин Д.Х-тай хамтран ажиллаагүй. Анх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Корпорэйт зочид буудалд мах нийлүүлэхэд нийлүүлэгч нь хувь хүн байж болохгүй, харин компани байх шаардлагатай гэсэн үүднээс “Н” ХХК-ийн нэр, харилцах данс, тоног төхөөрөмж хэрэгтэй байсан. Д.Х 2017 оны 3 дугаар сард “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон боловч, намайг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй, миний оруулсан 9 000 000 төгрөгийг өгөхөөс татгалзсан. Анх махны бизнес эхлүүлэхэд миний зүгээс ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулах талаар тодорхой тохиролцсон зүйл байхгүй. Харин Д.Х нь уг бизнесээ эхлүүлэхээсээ өмнө мах нийлүүлэх гэрээний загвар хийлгэхээр надтай уулзаж байсан. Тэрээр удирдлагын академид суралцаж байсан тул түүний эзгүйд би бизнесийг нь зогсоохгүй, мах хүргэх ажилд нь туслах гэрээ хэлцлийг компанийн өмнөөс байгуулах зэргээр тусалж байсан. Өөрийн найз Д.Чимэдээс зээлж өгсөн мөнгийг буцаан төлнө гэж тохиролцсон байсан учраас “Н” ХХК-д 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэнгэрийн шонхор ХХК-ийг төлөөлж Л.Цэдэн, Д.Х нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан ба үүнийг анхнаасаа зөвшөөрөөгүй, надад хамааралгүй. Уг гэрээнд “Н” ХХК нь хэд хэдэн сарын турш павильон үнэ төлбөргүй ашиглах, махны лангуу хямд үнээр түрээслэх, 12 000 000 төгрөг хүүгүй зээлэх зэрэг тохиролцоог гэрээнд тусгасан байдаг. Энэ нь зөвхөн Д.Х, “Н” ХХК-д л ашигтай байсан талаар баримт хэрэгт авагдсан. Дээрх хөрөнгө итгэмжлэх гэрээнд Д.Х өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Иймд Д.Х өөрийн гаргасан шийдвэр, гэрээний үүрэг хариуцлагаа өөрөө хүлээх нь үүргийн эрх зүйн харилцааны үндсэн зарчим. Мөн хамтран ажиллах явцад Г.Т-ын хувийн хэрэгцээнд 9 132 400 өгсөн гэж буцаан шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Д.Х болон бидний хооронд харьцаж байсан мэйл хаягт байсан экселийн файлд үндэслэн тооцоо бодсон ба уг тооцоо баталгаажуулалтгүй, тухайн файлууд байнга өөрчлөгдөж байдаг, нотлох баримтад тулгуурлаагүй тул тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Иймд бие даасан гуравдагч этгээдийн шаардлага болох 31 869 500 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 3 297 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгож нэхэмжлэлээс 5 703 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х-ын шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 070 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 300 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 67 702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Гэтэл Г.Т болон “Н” ХХК нь хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй, уг гэрээний дагуу хураамж төлөөгүй, хөрөнгө нийлүүлж түүнээс бий болсон үр шимийг дундаа хамтран өмчлөх, хамтын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах журам, удирдах төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлж тохиролцох зэрэг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх урьдчилсан нөхцөлийг хангаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ нь хамтрагч бүрийн оролцоо, дэмжлэгийг тодорхойлсон нөхцөлд байгуулагддаг. Үүний учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд хуулийн этгээд байгуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас дээрх бүх нөхцөлийг харилцан тохиролцож байж гэрээг байгуулдаг. Тухайлбал Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3 дахь хэсэгт “ хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно” гэж зааснаас үзвэл хамтын ажиллагааны явцад удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг харилцан тохиролцох нь гэрээний гол нөхцөл болох нь харагдана. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлд амаар хийх хэлцлийг “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” тохиолдолд хийгдсэн гэж үздэг. Талууд хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох хураамж, дундын өмч, удирдлага, зохион байгуулалт зэргийг тохиролцсон удаа байхгүй болох нь талуудын мэдүүлгээс харагдана. Г.Т болон Д.Х, “Н” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулсан, болон Д.Х, “Н” ХХК нар нь хамтын үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3 дахь хэсэгт заасан шиг "хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон зүйл байхгүй, энэ талаар гэрээнд тусгасан, талууд зөвшилцсөн зүйл байхгүй” юм. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох удирдах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх хэн хэрэгжүүлэх талаар огт тохиролцоогүй. Гэтэл Д.Х, Л.Цэдэн нар 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд энэ гэрээгээр иргэн Д.Х нь 60153 кг мах худалдан борлуулах, үүний үндсэн дээр Д.Х д 12 000 000 төгрөгийг түр зээлүүлэх, мөн гэрээний 1.2-т “гэрээгээр тохиролцсон үйлдлийг хийсний төлбөрт хөлс авахгүй”, гэрээний 1.3-т “итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө" зэрэг нөхцөл бүхий гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээг хийхэд Г.Т-ын зүгээс Д.Х-д Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон, зөвшөөрсөн, аль эсвэл Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Х хамтын үйл ажиллагаагаар гадагш чиглэсэн харилцаанд төлөөлөх, хамтын үйл ажиллагааг бие даан явуулахаар зөвшилцөж тохиролцсон зүйл огтоос байхгүй байхад шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж буруу дүгнэсэн. Тэгээд ч Д.Х, Л.Цэдэн нарын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээ”-нд Г.Т оролцсон, гэрээний нэг тал болж үүрэг хүлээсэн, аль эсвэл Г.Т-д ашигтай байх гэрээний нэг ч нөхцөл байхгүй бөгөөд үүргийн эрх зүйн суурь зарчим болох “үүрэг харьцангуй байх” зарчмын дагуу Д.Х л хөрөнгө итгэмжлэх гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээд юм. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байхын тулд талуудын эрх зүйн үр дагаврыг хариуцах ухамсар бүхий хүсэл зоригийн илэрхийлэл зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл Г.Т-ын хувьд компанийн хувьцаа эзэмшигч болох, хувьцаа эзэмшсэний үндсэн дээр компаниас ашиг хүртэх л зорилготой байсан болохоос биш Д.Х, Л.Цэдэн нарын хооронд байгуулсан 60 тн мах худалдан борлуулах, үүний ашиг алдагдлыг тэнцүү хэмжээгээр хариуцах хүсэл зориг байхгүй байсан болно. Энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн, мэдүүлэг тайлбар өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281.1, 492 дугаар зүйлийг 492.1.1-т зааснаар шаардаж байгаа. Г.Т нь өөрийн найз Д.Чимэдээс 5 сая төгрөг зээлж “Н” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө болгон компанид зээлдүүлсэн байдаг. Энэ талаар Д.Чимэд нь гэрчийн мэдүүлэг болон Д.Чимэдээс зээлсэн зээлийн хүүг “Н” ХХК болон Д.Х нар нь төлж байснаар нотлогддог. Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Н” ХХК-ийн дансанд хувьцаа эзэмшигч болох зорилгоор 4 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлгүүдийг гаргасан байдаг. Тухайлбал Шүүх хуралдааны тэмдэглэлийн 25 дугаар талд “даргалагчаас: 4 000 000 төгрөгийг ямар зорилгоор шилжүүлсэн юм бэ гэхэд хариуцагч Д.Х : 2 дугаар сард дүү нь 4 000 000 төгрөгийг дүү нь ахдаа өгсөн. Ах нь махны эргэлтийн хөрөнгөнд оруулсан, Д.Х, Г.Т нар компанийн хувьцаа эзэмшигч болъё гэж ярилцаж байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, Г.Т нь анхнаасаа хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор 9 000 000 төгрөгийн хураамж төлөөгүй бөгөөд компанийн эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас 5 000 000 төгрөг зээлдүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч болох зорилгоор хөрөнгө оруулалт гэж 4 сая төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хурлын тэмдэглэлээр тогтоогдоно. Тухайлбал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар талд “хариуцагч: “Н” ХХК-д, тухайн үед оруулсан хувь хэмжээгээрээ хувьцаагаа эзэмшье гэж ярьж байсан. Би ч эзэмшүүлье гэж ярьж байсан. Надад шууд эзэмшигч болгох эрх байхгүй, тийм учраас компанийн үйл ажиллагааны чиглэлийг мах болгоё, би компанийн гүйцэтгэх захирал, болох чи ерөнхий менежер болох уу эсхүл хувьцаа эзэмшигчээр орох уу гэж ярилцаж байсан тохиролцоо бий гэв”, тус шүүх хуралдааны тэмдэглэлийн 24 дүгээр талд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч: үүнийхээ хариуд хувьцаа эзэмшигч болъё гэж ярилцсан зүйл байгаа юу гэхэд хариуцагч: Байгаа гэв” гэж, 25 дугаар хуудаст “хариуцагч: 2 дугаар сард дүү нь 4 000 000 төгрөгийг дүү нь ахдаа өгсөн. Ах нь махны эргэлтийн хөрөнгөнд оруулсан. Д.Х, Г.Т нар компанийн хувьцаа эзэмшигч болъё гэж ярилцаж байсан гэв” гэж тус тус дурдсанаас талуудад хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зориг байсан бөгөөд энэ талаар тохиролцож байсан болох нь харагдаж байгаа юм. Дээрхээс дүгнэж үзвэл, “Н” ХХК нь Д.Х-ын төрсөн ээж, Д.Наранчимэгийн 100 хувийн эзэмшлийн компани бөгөөд энэ компанийн үйл ажиллагаанд Г.Т нь хөрөнгө оруулсан болох нь харагддаг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээгээр хамтран ажиллах гэрээний талууд хуулийн этгээд байгуулахыг шаардахгүйгээр хамтран ажилладаг байхад Г.Т нь харин “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл мах худалдан борлуулах үйл ажиллагааг “Н” ХХК өөрийн нэр, барааны тэмдэгт үйл ажиллагаагаар хийж байсан болохоос биш Д.Х, “Н” ХХК, Г.Т нарын хамтын үйл ажиллагааны гадаад илэрхийлэл огт байхгүй болохыг харуулах юм. Энэ нь дээрх 3 субъект дундын өмчлөлийн хөрөнгөгүй, дундаа хамтран эзэмших дансгүй, дундын хураамж төлсөн хураамжгүй зэргээс нотлогддог. Тус шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудаст “хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт баримтаар авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар “Н” ХХК болон Д.Х  нар нь Г.Тд 2 406 000 төгрөг төлсөн гэж дурджээ. Гэвч хэний нэр дээрх ХААН банкны дансны ямар, ямар гүйлгээгээр энэхүү үнийн дүнг тогтоосон нь тодорхойгүй бөгөөд Г.Т-аас Д.Х-д зээл төлсөн мөнгө зэргийг хасаж тооцсон эсэх тодорхойгүй байна. Мөн энэ хэмжээний мөнгөнд Г.Т-д өгсөн цалин болох 1 000 000 төгрөг, Чимэдэд зээлийн хүүнд төлсөн мөнгө зэргийг оруулж тооцсон эсэх тодорхойгүй бөгөөд яагаад, ямар учраас 2 406 000 төгрөг төлсөн гэж үзсэнийг шүүх хуралдааны явцад болон шүүхийн шийдвэрт тайлбарлаагүй бөгөөд шууд Г.Т-д өгөх ёстой 9 000 000 төгрөгөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудас үндэслэх хэсэгт “шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв”, мөн шийдвэрийн 9 дүгээр хуудаст “талууд үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдээгүй, түүнчлэн хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй, нөгөө талаар махны бизнесээс 42 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байгаа нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна” гэсэн бөгөөд аливаа гуравдагч этгээд Д.Х-аас гэрээний алдагдал нэхээгүй боловч зөвхөн хариуцагч Д.Х-ын аман байдлаар буюу ямар нэг баримт нотолгоогүйгээр мах зараад алдагдалд орсон гэж хэлсэнд үндэслэн тус шийдвэрийн 9 дүгээр хуудаст “үлдэх 6 594 000 төгрөгийн хэмжээгээр талууд хариуцлага хүлээх учир хариуцагч “Н” ХХК-иас 3 297 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 703 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж Түвшинжаргалаас бусдад учирсан алдагдлыг төлүүлэх байдлаар оногдох хэсгийн 50 хувийг багасган шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгч үндэслэх хэсэгтээ “ хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар “Н” ХХК болон Д.Х  нар нь Г.Т-ын өмнөөс зээлийн хүүд 2 406 000 төгрөг төлсөн байх тул Г.Т-ын оруулсан хураамж болох 9 000 000 төгрөгөөс 2 406 000 төгрөг хасч, үлдэх 6 594 000 төгрөгийн хэмжээгээр талууд хариуцлага хүлээх учир хариуцагч “Н” ХХК-аас 3 297 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 703 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүгч хуулийн ямар үндэслэл, ямар зүйл заалтаар 6 594 000 төгрөгийг хоёр хувааж байгаа нь ойлгомжгүй, мөн шүүгч үндэслэх хэсэгтээ “махны бизнесээс 42 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байгаа нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Г.Т-аас ямар үндэслэлээр алдагдал төлүүлж байгаа нь ойлгомжгүй, Д.Х, “Н” ХХК-аас хэн нэг гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэл шаардаагүй байтал хуулийн ямар үндэслэлээр, ямар хэмжээний алдагдлыг Г.Т-д хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгч үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч Г.Т нь тухайн махны бизнес эрхлэх зорилгоор 9 000 000 төгрөг, “Н” ХХК нь өөрийн компанийн нэр, харилцах данс, үйл ажиллагаагаар, Д.Х  нь 3 718 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө тус тус гарган хамтран ажиллахаар тохирсон гэж үзэхээр байх тул талуудын хороонд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагджээ” гэж хамтран ажиллах гэрээнд нэг компани, хоёр иргэний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан буюу гурван субъектийн хооронд гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүгч үндэслэх хэсгийн төгсгөлд “хариуцагч “Н” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х нар нь хоорондоо хамаарал бүхий этгээдүүд байх бөгөөд тухайн хамтран ажиллах гэрээний нэг тал болж оролцсон гэж үзнэ” хэмээн хамтран ажиллах гэрээг хоёр субьектын хооронд байгуулсан гэж хоорондоо зөрчилдөөн бүхий дүгнэлтүүдийг хийсэн. Мөн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн эхэнд "шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болон шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд: нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч “Н” ХХК, Д.Х нартай хамтран ажиллах гэрээ амаар байгуулж, махны бизнес эрхлэх зорилгоор хөрөнгө оруулж, мах худалдан борлуулсан болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шүүгч үндэслэх хэсгийнхээ төгсгөл хэсэгт “Д.Х, Г.Т нарын хооронд харилцаж байсан и-мэйл хаягт дахь эксел файл дахь санхүүгийн тооцоолол, тэдний хооронд цахим шуудангаар дамжуулан явуулж байсан баримт хувийн тооцооны дэвтэрт бичигдсэн тооцоог бодит байдалд нийцсэн, хөдөлбөргүй баримт гэж үзээгүй болно” гэсэн зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн. Шүүхэд нэг удаа хүсэлт гаргаж и-мэйл хаягт үзлэг хийсэн байдаг. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани 2016 оны 9 дүгээр сарын дунд үеэс нэхэмжлэгч Г.Т, Д.Х  нарын гуйлтаар махны бизнест хамтарч ажиллаж эхэлсэн. Маргааны зүйл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах тухай гэрээнээс үүссэн маргаан. Манай компани энэхүү махны бизнест компанийн нэр, харилцах данс, тоног төхөөрөмжөөрөө хөрөнгө оруулсан, Д.Х хөргөгч, хөлдөөгч, бусад мөнгөн хөрөнгөөр, Г.Т 9 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулсан. Г.Т-ын оруулсан 4 000 000 төгрөг нь “Н” ХХК-ийн Голомт банкны дансанд орсон. Мөн тэрээр бусдаас 5 000 000 төгрөгийн зээл авч махны бизнест оруулсан байдаг ба энэхүү зээл, зээлийн хүүгийн тооцоог бид хамтарч ажилласан үйл ажиллагааны орлогоосоо сар бүр тогтмол төлж байсан. Тухайлбал, хх-7-8 хуудас Г.Т, Чимэд нарын байгуулсан 4 500 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг хх-10,11 талд байгаа “Н” ХХК-иас Чимэдэд хаан банк 5027679041-д зээлийн хүү 180 000 төгрөг, хх-12 талд Чимэдэд “Н” ХХК-иас зээлийн хүү 480 000 төгрөг, хх-13 талд Чимэдэд зээлийн хүу 180 000 төгрөг Г.Т-аас зээлийн хүү, хх-14 талд Г.Т-аас зээлийн хүү 200 000 төгрөг, зээл төлөлт, хүү 1 546 000 төгрөг, хх-15 талд Д.Х  5029756060 данснаас зээлийн хүү 200 000 төгрөг Чимэдэд, хх-16 талд Чимэдэд Г.Т-ын зээлийн хүү Д.Х-ын данснаас 200 000 төгрөг, нийт 2 986 000 төгрөгийг бид зээл, зээлийн хүүд шилжүүлж байсан байна. Бид хамтарч ажилласан 6 сарын дотор буюу 2017 оны 1 сараас эхлэн мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу авсан 60153 кг мах борлуулж эхэлсэн. Үүнийг Д.Х, Г.Т нар гардаж хийсэн. Энэ 60153 кг мах борлуулах хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарыг сүүлээр 42 000 000 төгрөгийн алдагдал үүссэн. Тооцоог нь Г.Т өөрөө гаргасан. Энэ өр төлбөр үүссэн үеэс хамтарч ажиллахгүй, ажилд орох болсон гээд, мөн би өр төлөхгүй гээд явсан. Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу үүсэн 42 000 000 төгрөгийн өрийг “Н” ХХК, Д.Х бид үйл ажиллагаагаараа болон хувийн машин тэргээ зараад барагдуулж дууссан. Нэхэмжлэгч Г.Т хамтарч ажиллах явцдаа бусдаас авсан зээл, зээлийн хүүгээ төлүүлэхээс гадна өөрийн хэрэгцээндээ нийт 9 132 400 төгрөгийг авсан гэдгээ өөрөө тооцоолж гаргасан бөгөөд Д.Х, Г.Т нар өөрсдийнхөө и-мэйл хаягаар бие бие рүүгээ явуулдаг байдлаас харагддаг. Тухайлбал, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 24-ны хооронд 9 132 400 төгрөгийг авч хувьдаа хэрэглэж улмаар хамтарч ажилласан 6 сарын дотор их ашиг авсан нь хэрэгт авагдсан 2016 он, 2017 он гэсэн 2 босоо татсан хүснэгтээс харагдана, мон энэ нь шүүхээс Д.Х, Г.Т нарын и-мэйл хаягуудад үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажсан байна. Хариуцагч “Н” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ Г.Т-ын нэхэмжилсэн 9 000 000 төгрөгийг өөрийнх нь хамтран ажиллах явцдаа авсан 9 132 400 төгрөг, бусдаас авсан эээл, зээлийнх нь хүүд төлсөн 2 986 000 төгрөг, мөн хөрөнгө итгэмжлэх гэрээний алдагдал өр төлбөртөө суутган тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх 3 297 000 төгрөгийг манай компаниас гаргуулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Хэргийн 38-39 дугаар талд байгаа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан мөнгөн хөрөнгө итгэмжлэх гэрээг Д.Х манай компанийг төлөөлж 60153 кг махыг худалдан борлуулахаар гэрээ байгуулсан. Г.Т, Д.Х нар уг махыг жинлэж хүлээж авч, худалдан борлуулсан. Мах худалдан борлуулалтын өдөр тутмын тооцоог Г.Т, Д.Х  хийдэг байсан. Үүнээс үүссэн 42 000 000 төгрөгийн алдагдлыг бусад хамтарч ажилласан талууд төлж барагдуулж дуусгасан байхад Г.Т өөрийн оруулсан 9 000 000 төгрөгөөрөө хариуцах үүрэгтэй. Хамтран ажиллах гэрээний талууд анх хүсэл зоригоо илэрхийлэн, саналаа нэгтгэж, хөрөнгөө гаргаж үйл ажиллагаагаа явуулсан. Хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах ёстой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

  Нэхэмжлэгч Г.Т нь 9 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа 5 000 000 төгрөгийг компани зээлснээ буцаан төлөөгүй, харин 4 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хувьцаа эзэмших зорилгоор хийсэн боловч хувьцаа эзэмшигч болгоогүй гэж тайлбарлажээ.

  Хариуцагч болон гуравдагч этгээд нь талууд махны бизнес хамтран хийж, ашгаа тэнцүү хуваахаар амаар тохиролцож, Г.Т 9 000 000 төгрөгийн хураамж хамтын ажиллагаанд оруулсан, гэрээ дуусгавар болоход алдагдал хүлээсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарлан, хариуцагч нэхэмжлэлээр шаардсан мөнгийг алдагдалд суутган тооцуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 9 000 000 төгрөг нь хураамж биш, зээл, хөрөнгө оруулалт байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн тайлбарыг гаргасан тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү зээлийн болон хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмших гэрээ хийснээ нотлоогүй, харин шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ махны бизнесийг хамтран эрхэлж ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон талаар дурджээ.

 Мөн мах борлуулах ажилд зохигчдын хэн аль нь оролцож, гүйлгээ, орлого, зарлагыг тооцон харилцан мэдээлж байсан баримтууд хэрэгт авагдсан байна.

Дээрхээс үзвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талууд хамтран ажиллах үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хураамж төлсөн гэж шүүх дүгнэсэн нь  зохигчдын тайлбар, хэргийн баримтад үндэслэсэн байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, хураамжийн хэмжээг тодорхойлоогүй тохиолдолд хувь оролцоог тэнцүү хэмжээгээр хариуцах, хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байх хуулийн зохицуулалтыг анхаараагүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй  байна.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй, хураамжийн талаар гэрээнд тодорхой заагаагүй тохиолдолд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар хураамж нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө болох бөгөөд нэхэмжлэгч тал буюу Г.Т гэрээнээс гарч байгаа тохиолдолд түүний үлдээсэн 9 000 000 төгрөгийн хэмжээгээр нөгөө талын хувь өсөх тул өөрт ногдох хувийг мөнгөн дүнгээр шаардах эрхтэй. Ингэхдээ мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар түүний биелүүлээгүй хэлцэл буюу үүргийг харилцан тооцох ёстой.

     Хариуцагч “Н ХХК” нь Г.Т-д хамтын ажиллагааны явцад 9 123 400 төгрөгийг зээл, цалин хэлбэрээр олгосон гэж 9 123 400 төгрөгийн баримтыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд уг мөнгийг буцаан төлж байсан, мах борлуулах ажлын зардалд зарцуулагдсан гэж тайлбарласан, харин буцаан төлснөө  болон хэрхэн зарцуулснаа баримтаар нотлоогүй байна.

   Түүнчлэн хамтын ажиллагаанд хэн ямар үүрэг, оролцоотой байсан, хүлээсэн үүргийг талууд ямар хэмжээгээр биелүүлсэн талаарх тооцоо, тайланг гаргаагүй байна.

 Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хүлээх ёстой үүргийн хэмжээ буюу хариуцлагын хэмжээг тодорхойлох боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 106 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

                                                             ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

                                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ