Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Цэгмэд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2630000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

            1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт авто замаар ******* УКУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 1.30 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн Би 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 20 цагийн үед ******* УКУ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн Наран сум руу гэр лүүгээ Т. гэх манай эгч, гэх эгчийн найзын хамт явж байсан. Дарьганга сумын дэлгүүрээс Наран сум руу гарахдаа “Агар” нэртэй. 0.5 граммын савлагаатай архи 1 шилийг авсан. Тухайн архиа Дарьганга сумаас баруун тийш 8 километр газар яваад “Баян гол” гэх газарт очоод Анхцэцэг гэж найзтай нь "Arap" нартай архиа хамт хувааж уусан. Дарьганга сумаас гараад бол эгч тухайн ******* УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьж байсан боловч, замд халтираад байсан тул би тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна ” гэх (хх 26-27 дугаар хуудас),

 

              Гэрч Т.ын “ Би 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу дүүдээ түлш хүргэж өгөхөөр , ******* нарын хамт миний эзэмшлийн ******* УКУ улсын дугаартай Приус-30 маркийн машинтай явсан. Дарьганга сумаас ирэх дээ дэлгүүр лүү би орж 0,5 литр “Агар” нэртэй архи худалдаж аваад замдаа *******, Б. хоёр хувааж уугаад ирсэн. Би хажууд нь суугаад ирсэн. Би машинаа барих гэтэл замд цас ихтэй халтиргаатай, элстэй байсан тул машин барьж чадаагүй. Тиймээс ******* дүүгээрээ машин бариулаад Наран сум руу орж ирсэн. Наран сумын хоёр цагдаа зогсоон шалгаж цагдаагийн хэсгийн албаны өрөөнд ирсэн. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 10 км газар машин барьж явсан” гэх (хх 14-15 дугаар хуудас),

 

              Гэрч “Би 2025 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* УКУ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус сумын 3 дугаар багийн иргэн овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байх үед нь зогсоож, тээврийн хэрэгслийг нь түр саатуулан 2025 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цаг 45 минутын үед Наран сумын цагдаагийн хэсгийн албаны өрөөнд драйгер багаж үлээлгэж шалгахад 1.30 хувийн согтолтын зэрэгтэй гарсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас)

 

              Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 03 дугаар хуудас)

 

              Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх 02 дугаар хуудас)

 

              Драйгер багажинд үзлэг хийсэн тэмдэглэл (хх 06-07 дугаар хуудас)

             

              Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/839 дугаартай шийтгэврийн хуулбар (хх 41-44 дүгээр хуудас),

 

 ******* Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хх 28 дугаар хуудас),

 

            Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/207 дугаартай тодорхойлолт ( хх 38 дугаар хуудас),

 

******* Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх 39-41 дүгээр хуудас),

 

 ******* тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх 42 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоол ( хх 43-46 дугаар хуудас),

 

2025.12.24-ний өдрийн 01 дугаартай Прокурорын санал ( хэх 55-56 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

5. Шүүгдэгч ******* тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.30 промиль спиртийн агууламжтай байсан нь хуульд  “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

тэрээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/839  дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул шүүгдэгч Ч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 (Арав) сарын хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 (Арав) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН