Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00865

 

 

 

 

      2023           10            26     

                           130/ШШ2023/00865

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Т-ний Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сум, Хөх толгой 11-24 тоот хаягт оршин суух, Ители овогт А-сийн Ж

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Жт холбогдуулан 16,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн Б сумаас Улаанбаатар хот хүртэл төмс 10 тонн, тарвас 7 тонн, амтат гуа 500 кг зэргийг тээвэрлүүлэхээр тохиролцож хариуцагч А.Жээр тээвэрлүүлсэн байна. Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу гарахын өмнө хариуцагч А.Жт “тээвэрлэхдээ агаар сэлгэлт хийж тээвэрлээрэй” хэмээн удаа дараа сануулсан байдаг. Гэвч ачааг Улаанбаатар хот хүртэл битүү орчинд тээвэрлэсэн бөгөөд ачааг хүлээн авахад 7 тонн арвас, 500 кг амтат гуа нь тээвэрлэгчийн буруугаас болж гэмтэж ашиглагдах боломжгүй болсон байсан тул 10 тонн төмс хүлээн авч бусад ачааг хүлээн авалгүй үлдээсэн байдаг. Ингээд тухайн хохирлоо үнэлгээ хийлгэхэд Хөнөргө э ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/52 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 16,250,000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Иймд А.Жээс Иргэний хуулийн 393 дүгээр зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хохирол болох 16,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А хариу тайлбартаа: 2.1. А.Ж би өөрийн хувийн 20.0 тонны даацтай том оврын Больво загварын ачааны тээврийн хэрэгслээр иргэд байгууллагын захиалснаар тээвэр хийж өгдөг юм. Би Фейсбук зараас “Х аймгаас Улаанбаатар хот руу 20 тонн ачаа ачна, Утас: 1111111 гэж” Т.А гэдэг хүний тавьсан зар мэдээг олж хараад 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байх зард нийтэлсэн дугаарт холбогдсон. Утсыг Т.А өөрөө авч зарыг танилцуулсан. Т.А Улаанбаатар хот руу Х аймгаас 20 тонн ачаа ачиж хүргүүлнэ. Тээврийн зардалд 5,000,000 төгрөг төлнө. Хоос ачсан ачааг хариуцаад “Хоос Улаанбаатар хүртэл миний итгэмжит төлөөлөгч дүү нь хувийн унаагаараа таны ачааны машиныг дагаж явах бөгөөд тэр хүн Улаанбаатарт очоод ачааг хариуцаж буулгаж авна” гэж хэлснийг нь зөвшөөрч түүний 20 тонн ачааг нь ачихаар 2022 оны 08 сарын 04-ний өдөр Ход очсон. Т.А нь Х аймгийн Б сумаас хэд хэдэн лангуу, бөөний худалдааны цэг, тариалангийн талбайгаас түүж шийгуа, мөн төмс ачсан. Ачааг 3 хоног түүж ачсан ба 28 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд 3 хоног ачсан ачааг өөрсдийнхөө хэлэлцэж хохирсон хүмүүсээр ачуулсан бөгөөд би тэдний ачих ёстой гэж надтай тохирсон 20 тонн а-аа ачигдах эсэхэд л хяналт тавьж байсан.

2.2. Би машинд тэсрэх, дэлбэрэх гузов эвдэх үзүүртэй, даац, тэнцвэрийг алдагдуулдаг хүнд төмөр чулуу, өндөр ачаа гэх мэт эрсдэлтэй ачаа барааг ачуулахгүй гэж Т.Атай тохирсон байсан. Би Т.Ат “Ачааг 20 тоннд хүргэ, ачаандаа өөрөө хяналт тавь, ачааны хамгаалалт зэргийг өөрөө хариуцаж ачаагаа ачиж, боож, баглаж явахад бэлдэж өгөөд шатахуунаа хүрэлцэхээр хэмжээнд тээврийн хэрэгсэлд хийж өг, хамт явдаг, ачааг харгалзаж хянаж очих газарт нь хүргэж буулгаж хүлээлцэж өгдөг таны төлөөлөх хүндээ сайн хэлж захиарай” гэж сануулж хэлсэн.

2.3. Т.А нь Улаанбаатар хүргэх ачааг Х аймгийн барааны зах, зарим айл, Б сумын тариалангийн талбай зэргээс түүж бүгд, 20 тонн төмс, тарвас, амтат гуа зэрэг жимс ногоогоо бусдын тусламжаар өөрсдөө байлцаад миний Больво маркийн БББББ улсын дугаартай 20 тонны даацтай машинд ачиж ачааг боож татаж бэхлээд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орой Улаанбаатар явахад бэлэн гэж надад хэлсэн яг тэр цаг хугацаа буюу 23:00 цагт би ачаатай машинаа жолоодож Улаанбаатарын зүг рүү шууд хөдөлсөн. Би Хоос гараад Улаанбаатар хот хүртэл бие засах, ганцхан газраас хоол идэх, ачааны эзэн Т.А-ийн итгэмжлэгдсэн итгэлтэй бие төлөөлөгч нь зам дагуу хамт суудлын машинаар нь дагаж явахдаа ачаандаа хяналт тавьж 4 удаа зогсоосноос өөр огт зогсож сааталгүй Улаанбаатар хүрсэн. Машин эвдрээгүй замд ачаа задраагүй, унаж алга болоогүй, гээгдээгүй. Улаанбаатар хотод очсоны дараа тарвас, амтат гуа муудсан гээд хамт явсан залуу төмсийг буулгаж аваад, тарвас амтат гуаг нэг фермерт буулгасан. Тухайн үед тарвас, амтат гуа муудсан бол шинжээч томилуулж шинжилгээг нь гаргах ёстой байсан. Тухайн үед шууд хамт явсан хүмүүсийн хэлснээр нь муудсан гэж хэлж байна.

2.4. Тийм учраас тээвэрлүүлэгч нь тээвэрлүүлсэн эд бараа ногоо буюу тарвас, амтат гуаг муудсан эсэхэд чанарын шинжилгээ болон дүгнэлт гаргуулаагүй болохоор үүнд тээвэрлэгч буюу хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Б.Гт олгосон итгэмжлэл, Хөрөнгө үнэлгээний тайлан, Кассын орлогын ордер, МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас С.Ад олгосон итгэмжлэл, фото зураг, 1 ширхэг СД бичлэг зэргийг гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх А.Жийн Хаан банкин дахь 2022 оны 07,08,09 дүгээр сарын гүйлгээний хуулга, гэрч Э.А, Х.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн Б сумаас Улаанбаатар хот хүртэл төмс 10 тонн, тарвас 7 тонн, амтат гуа 500 кг зэргийг тээвэрлүүлэхээр тохиролцож хариуцагч А.Жээр тээвэрлүүлсэн байна. Гэвч ачааг Улаанбаатар хот хүртэл битүү орчинд тээвэрлэсэн бөгөөд ачааг хүлээн авахад 7 тонн арвас, 500 кг амтат гуа нь тээвэрлэгчийн буруугаас болж гэмтэж ашиглагдах боломжгүй болсон байсан тул 10 тонн төмс хүлээн авч бусад ачааг хүлээн авалгүй үлдээсэн байдаг. Иймд А.Жээс Иргэний хуулийн 393 дүгээр зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хохирол болох 16,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч А.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А.Ж би Т.Атай тохиролцож түүний 20 тонн ачааг нь ачихаар 2022 оны 08 сарын 04-ний өдөр Ход очсон.  Т.А нь Улаанбаатар хүргэх ачааг Х аймгийн барааны зах, зарим айл, Б сумын тариалангийн талбай зэргээс түүж бүгд, 20 тонн төмс, тарвас, амтат гуа зэрэг жимс ногоогоо бусдын тусламжаар өөрсдөө байлцаад миний Больво маркийн БББББ улсын дугаартай 20 тонны даацтай машинд ачиж ачааг боож татаж бэхлээд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орой Улаанбаатар явахад бэлэн гэж надад хэлсэн яг тэр цаг хугацаа буюу 23:00 цагт би ачаатай машинаа жолоодож Улаанбаатарын зүг рүү шууд хөдөлсөн. Улаанбаатар хотод очсоны дараа тарвас, амтат гуа муудсан гээд хамт явсан залуу төмсийг буулгаж аваад, тарвас амтат гуаг нэг фермерт буулгасан. Тухайн үед тарвас, амтат гуа муудсан бол шинжээч томилуулж шинжилгээг нь гаргах ёстой байсан. Тухайн үед шууд хамт явсан хүмүүсийн хэлснээр нь муудсан гэж хэлж байна.  Тийм учраас тээвэрлүүлэгч нь тээвэрлүүлсэн эд бараа ногоо буюу тарвас, амтат гуаг муудсан эсэхэд чанарын шинжилгээ болон дүгнэлт гаргуулаагүй болохоор үүнд тээвэрлэгч буюу хариуцагчийг буруутгах  гэв.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Жээс тээвэрлэлтийн явцад учирсан хохирол 16,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

7.1. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч А.Ж нь 7477 улсын дугаартай ачааны машинд нэхэмжлэгч Т.Аийн төмс 10 тонн, тарвас 7 тонн, амтат гуа 500 кг барааг Х аймгийн Б сумаас Улаанбаатар хот руу хүргүүлэхээр ачсан болох нь зохигчдын хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.4-т Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасан байна.

7.2. Нэхэмжлэгч Т.А, хариуцагч А.Ж нар нь ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч дээрх нотлох баримтуудаар хариуцагч А.Ж (тээвэрлэгч) нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, нэхэмжлэгч Т.А (тээвэрлүүлэгч) нь хэлэлцсэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн байна.

8. Хариуцагч А.Ж ... Т.А нь надад тээврийн зардлыг чинь ачааг буулгаад дууссаны дараа  шууд шилжүүлэн одоогоор надад мөнгө байхгүй байна гэж миний тээврийн хөлсөнд шаардсан 5,000,000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

9. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Ж ачааг тээвэрлэн хүргэхэд 7 тонн тарвас, 500 кг амтат гуа муудсан ашиглагдах боломжгүй хохирсон, хохирлоо үнэлгээ хийлгэхэд 16,250,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон учир энэхүү хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарласныг хариуцагч А.Ж нь үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

9.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх талуудын тайлбараас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан Тээвэрлэлтийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

9.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Х.Х ... дараагийн өдөр нь буюу нэг өдрийн дараа өглөө нь би Тоёота Акуа машинаар араас нь гарсан. Тухайн тарвасыг хариуцаж авсан маань үнэн гэхдээ тухайн тарвас нь муудсан эсэхийг би мэдээгүй. А.Ж би байнга Казахстан улсаас тарвас тээвэрлэдэг зүгээр гэж хэлж байсан. Бид Ж ирсний дараа Т.Аийн бэр эгчийн хүүхэд нь тарвас авна гэж ирээд авахад тарвас муудсан байсан гэх мэдүүлэг, гэрч Э.А ... тухайн үйл явдал болоход Улаанбаатар хотод байсан. 2022 оны 8 дугаар сарын 10-ны үеэр миний бие машинтай ирсэн тарвасыг хүлээж аваад худалдах ёстой байсан, би тухайн үед тарвасыг хүлээж авах гээд машины тээшийг онгойлгоход бүх тарвас муудсан байсан болохоор ачааг бүрэн бүтэн хүлээж аваагүй,шалгаж үзэхэд 100 хувь муудсан байсан ..... гэх мэдүүлгүүдээр хариуцагч А.Жийн ачиж ирсэн тарвас, амтат гуа нь муудсан гэдэг нь нотлогдож байна.

10. Иймд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар хариуцагч А.Ж (тээвэрлэгч)нь ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачааг гэмтсэн хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах ёстой.

10.1.Тээвэрлэлтийн явцад ачсан 7 тонн тарвас, 500 кг амтат гуа муудсан ашиглагдах боломжгүй болсон гэж хохирлын үнэлгээ хийлгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан  2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/52 дугаартай Хөрөнгө Э ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

Дээрх Хөрөнгө Э ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг 16,250,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээг үндэслэн Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар хариуцагч А.Ж нь учруулсан хохирлыг хэсэгчлэн хариуцах ёстой гэж үзэж 8,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 144,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан И овогт А-ийн Жээс 8,125,000 /найман сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан Х овогт Тний Ат олгож, илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,000 /хоёр зуун гучин есөн мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 144,950 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б