| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/353 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/353
2025 11 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цэгмэд (томилолтоор),
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530006120374 эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт *******оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 132 дугаар зүйлийн 2-т зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Бух овогт Баяржаргалын *******(РД:ЛЮ84041038),
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дахь "Автовокзал"-ийн хашаан дотор тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “нүүр урууланд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
*******ийн яллагдагчаар өгсөн "... Тухайн хэрэгт би урьд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын үнэн зөвөөр, бүрэн гүйцэд ярьж өгсөн болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна." гэх (хх 50-51 дүгээр хуудас),
хохирогч " Би 2025 оны 10 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн үед сумын Сүхбаатар худалдааны төвийн хажуу талаас такси барих гээд Автовокзалаар дамжиж явсан юм. Автовокзалын хамгийн баруун талын сандал дээр хот хоорондын хүн тээвэрт явдаг хоёр жолооч залуу архи уугаад сууж байхаар нь би тэр хоёр хүний хойд талд нь очиж хараад зогсож байтал тэр хоёр залуугийн нэг болох ******* гэх хүн нь намайг "яв ах" гээд хөөгөөд, бид хоёр хоорондоо маргалдсан. Нэг мэдэхэд бид хоёр хоорондоо зодолдоод ******* нь намайг цохисноос миний дээр уруул язарч урагдсан. Миний хувцас бөөн цус болчихсон. Манай хуурай дүү ирээд цагдаа дуудаж өгөөд, эмнэлэг рүү дагуулж явсан. Тэр үед би нэлээд согтууралтай байсан болохоор зарим асуудлыг сайн санахгүй байгаа.Би өөр хүнтэй маргаж муудаагүй, *******той маргалдсан.Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.Надад хохирол хор уршигтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. .Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ." гэх (хх 07-09 дүгээр хуудас),
гэрч " 2025 оны 10 дугаар сарын 03-ны орой би Зүүн бүс орчоод буцаж явахдаа Вокзал дээр *******той таарсан юм. ******* “ найзынх нь бие эвгүй байна, 2лаа ганц юм ууя” гээд дэлгүүр орж 0,5 граммын ЕХ нэршилтэй архи аваад бид 2-р Вокзал дотор машиндаа ууж байтал нэг хүн ирээд *******оос архи нэхээд тэгээд ******* “юу яриад байгая та яв” гэсэн чинь *******ийг цохиод авсан. ******* зөрүүлээд цохиж аваад тэр хоёр зууралдаад авсан. Би салгаад та одоо яв гээд тухайн хүнийг явуулсан. Тухайн иргэн *******ийн курткыг урсан байсан. Нэг удаа гараараа уруул хэсэг рүү нь цохисон. Тухайн хүний амнаас нь цус гарч байсан." гэх (хх 15-16 дугаар хуудас),
Гэрч “ ахын эхнэр нь намайг гэртээ байхад утсаар холбогдоод " ах чинь хүнд зодуулчихсан цагдаа дээр байна гэнээ. Эгч нь очих гэсэн унаагүй байна" гэхээр нь би цагдаа дээр ирэхэд ах хүнд зодуулсан байдалтай ирчихсэн байсан. Цагдаа нар нь ахыг дагуулаад эмнэлэг рүү явсан” гэх (хх 19-20 дугаар хуудас) мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн СҮХ0725/422 дугаартай "...1. биед нүүр, урууланд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаагдана. 4 Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хх 25-26 дугаар хуудас),
*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх 54 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх 55-58 дугаар хуудас),
*******ийн Иргэний үнэмлэх, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх 60-64 дүгээр хуудас)
*******ийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх 66-67 дугаар хуудас)
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.11.17-ны өдрийн 146 дугаартай тогтоол (хх 68-70 дугаар хуудас)
2025.11.24-ний өдрийн 147 дугаартай Прокурорын санал (хх 81-82 дугаар хуудас) зэрэг болно.
2. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч С.д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд СҮХ0725/422 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг цохиж зодон гэмтэл учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
5. Шүүх шүүгдэгч *******ийн тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн маргаан, согтуурснаас шалтгаалан хохирогчийн цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
7. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “нүүр урууланд шар” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******оос прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцов.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогч С. нь “*******оос сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” болох нь түүний мэдүүлгээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч С. тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******оос торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бух овогт Баяржаргалын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500 ( таван зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (таван зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН