| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0332/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/365 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/365
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530004710331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******т оршин суух,
урьд Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
*******,
Холбогдсон хэргийн талаар ( яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр маргалдаж, улмаар үснээс нь гараараа зулгааж, хоолойг нь гараараа багалзуурдан, модон сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “ зулайн шарх, дух, баруун бугалгад цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Одоо хамт амьдарч байгаа. Өмнө эхнэрээ зодож байгаагүй. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Миний буруу...гэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр маргалдаж, улмаар үснээс нь гараараа зулгааж, хоолойг нь гараараа багалзуурдан, модон сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн шарх, дух, баруун бугалгад цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “ Би энэ хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийн ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол, эмчилгээний зардал төлж барагдуулаагүй. Манай эхнэр бид хоёр одоо эвлэрсэн, хоорондоо хэвийн харилцаатай байгаа ” гэх (хх 77-78 дугаар хуудас),
- хохирогч “ Манай нөхөр ******* өнөөдөр аймаг руу ирэх замдаа залгаад “би согтуу байна, хашааны хаалгаа нээгээд байж байгаарай” гэж хэлэхээр нь би хаалгаа нээгээд тосож авах гээд Сүхбаатар сумын зам дагуу гүйсэн. Манай нөхөр гэртээ ирчхээд намайг авчруулах гээд дүүдээ машинаа бариулаад явуулсан байсан. Манай хадам дүү “та намайг гэрт хүргэж өгчихөөд машинаа бариад явчих” гэхээр нь би дүүг гэрт нь хүргэж өгчхөөд гэр лүү ирэхэд манай нөхөр ******* гэрийнхээ гадаа сууж байхдаа намайг харсан аа “чи надад хоол цай хийж өгсөнгүй янхан, гичий минь, машин тэрэг дүүгийн гэрт үлдээхгүй яасан юм, би машинаа засуулах гэж байхад унаад ирэх юм” гээд уурлаад байсан. Би нөхөртөө “би яаж мэдэх юм, засуулах олон машин байхаар нь унаад ирлээ” гэж хэлчхээд, гэртээ орж хоол халаах гээд сандал дээр сууж байхад нөхөр ******* миний араас ирээд үснээс зулгаагаад, миний хоолойг багалзуурдаад дайраад байхаар нь би “болиоч ээ” гээд хоол хутгах гэж байсан халбаган шанагаараа *******ын нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл ******* газар байсан модон сандлыг аваад миний толгой руу 3 удаа цохисон. Би толгойгоо гараараа хамгаалаад хорьж дийлэхгүй байтал харин гаднаас хадам аав орж ирээд салгасан. Сандалаар цохиулснаас болоод миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь би өөрийн төрсөн ах луу залгаад “намайг ирж ав, ******* миний толгой тархийг хагалчихлаа цус гоожиж байна” гэж хэлчхээд, дахиад хадам эгч рүү залгаад “танай дүү чинь намайг зодоод толгой хагалчихлаа” гэж хэлсэн. Удалгүй *******ын төрсөн хоёр эгч нь ирээд миний толгойг цэвэрлэж боож өгөөд явахад араас нь манай төрсөн ах, эгч хоёр сумаас ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад өөрийн биед учирсан хохирол холбоотой гаргаж өгөх баримт,нэхэмжлэх зүйл байхгүй” гэх (хх 11-13, 16 дугаар хуудас),
- гэрч ын “2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед төрсөн дүү залгаад “Ахаа намайг ирж аваарай, манай нөхөр ******* миний тархи толгойг хагалчихлаа, та яаралтай ирж намайг авахгүй бол ******* намайг алах гээд байна” гэж хэлсэн. Би дүүдээ “за одоо ах нь сумаас гарлаа, хувцсаа бэлдээ байж бай” гэж хэлчхээд том эгч Д.Ичинхорлоотой хамт сумаас гарч 14 цагийн үед аймагт ирээд шууд дүүгийнхээ гэр лүү очсон. Тэгсэн манай дүү толгойгоо даавуугаар боочихсон, хүргэн ******* нь орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би шууд цагдаагийн газар, эмнэлэг рүү дуудлага өгсөн” гэх (хх 27-28 дугаар хуудас)
- гэрч “ нь миний төрсөн дүү юм. Тэр өдөр манай дүү нь төрсөн ах луу утсаар холбогдоод “Манай нөхөр намайг зодоод тархи толгой хагалчихлаа, ахаа та намайг ирээд авчих” гэж хэлсэн байсан. ах манай руу ирээд бид хоёр хамт сумаас Баруун-Урт суманд ирээд хүргэн гэр лүү очиход гэрийнх нь үүдэнд нэлээд цус гоожсон, манай дүү ын толгойноос цус гарсан байдалтай “Ахаа, эгчээ миний толгойг хагалчихлаа, намайг аваад яваач” гээд уйлаад сууж байсан. ах бид хоёр шууд эмнэлэг дуудаж үзүүлсэн” гэх (хх 31-32 дугаар хуудас) мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаярын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн СҮХ0725/341 дугаартай “...1. биед зулайн шарх, дух, баруун бугалгат цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүснэ. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... ” гэх шинжээчийн дүгнэлт (хх 46-47 дугаар хуудас)
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх 81 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх 82-89 дүгээр хуудас)
- Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх 90-92 дүгээр хуудас)
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаартай тодорхойлолт (хх 94 дүгээр хуудас),
- *******ын Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх 95-98 дугаарр хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй, нотлогдож,тогтоогдсон байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд СҮХ0725/341 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ыг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******ын зүгээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэж гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Харин дээрх гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан шинжээр тодорхойлогдоно.
5. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай.
Түүнчлэн бие, хүчний болон бусад давуу байдал, өөрөөс шалтгаалсан хамааралтай, эрхшээлдээ байгаа байдлыг ашиглан огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн нэг удаагийн үйлдлийг үүнд хамааруулан ойлгоно.
6. Энэ хэргийн хувьд шүүгдэгч ******* нь ямар нэгэн тодорхой шалтаг, шалтгаангүйгээр эхнэр маргаан үүсгэн, улмаар үснээс нь гараараа зулгааж, хоолойг нь гараараа багалзуурдан, модон сандлаар толгойн тус газарт нь цохиж биед нь халдаж зодсон нь түүний согтуурсан байдал болон хувийн зан авир, зуршилтай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.
7. Иймд шүүгдэгч *******ын, хохирогч ыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон, уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиж зодсоноор бусдын эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн ахуйн маргаан үүсгэн, улмаар бие хүчний давуу байдлыг ашиглан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
9. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч ыг цохиж зодсон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин хохирогч нь шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, согтуурсан байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогт овогт Батбямбын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН