| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00350/И |
| Дугаар | 130/ШШ2023/00914 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2023/00914
| 2023 11 10 | 130/ШШ2023/00914 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б, Хаяг: З аймаг, И 1-р баг, М гэх газарт оршин суух,
Хариуцагч: А. Хаяг:Б аймаг, Ө сум, 6 дугаар баг, оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 1000 боодол өвсний үнээс үлдсэн 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б /З аймгаас цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /З аймгаас цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч А т холбогдуулан түүнээс зээлээр авсан 1000 боодол өвсний үнээс үлдсэн 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 З аймагт 2022 онд гандуу байсан учраас өвс тэжээлийн гарц сайн биш байсан. Тийм учраас миний бие Б нь С аймгийн О сумаас хадлангийн талбай түрээсэлж аваад малынхаа өвсийг бэлдэж аваад, давхар амьжиргаагаа залгуулах мөнгө төгрөг олж авах санаатай байсан ба Б аймгийн С гэх найздаа хамтран ажиллаад ашгаа хувааж авах санал тавьсан.
1.2 Тэгээд би С аймгийн О сумаас 200 га газрыг 9 сая төгрөгөөр түрээсэлж аваад, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны С , Д , До болон нэг тогооч залуутай хамт С аймгийн О сум руу явсан. Газрын түрээсийг С төлсөн.
1.3 Харин би ажилчдын цалин хөлс, техник хэрэгслийн түрээс, эдэлгээний явцад гарах эвдрэл гэмтэл, түлш дизель, ажилчдын хоол хүнс, газрын түрээс зэргийг хариуцаж байсан.
1.4 Хэсэг хугацааны дараа С Б д барьж байгаа 2 давхар байшингийнхаа дулаалгын ажлыг сэрүүн орохоос өмнө дуусгахаар явахаар болсон тул түүнд гаргасан мөнгөнд нь 2000 боодол өвс ачаад явуулсан.
1.5 Тэгээд И сумаас П.Б , Б аймгаас А нарыг дуудаж өдрийн 60,000 төгрөгийн хөлсөөр ажиллуулах болсон. Ингэхдээ өвс хаддаг трактор, тармуур, преслэгч машин зэргийн түрээс, шатахуун, засвар үйлчилгээ, ажилчдын цалин хөлс, хоол хүнс зэргийг би хариуцаж төлж байсан. Тухайн газраас нийт 6000 боодол өвс хадсан. Уг өвснөөс 1000 боодлыг нь би З аймаг руу ачуулаад 1000 боодлыг нь газар дээр нь зарчихсан.
1.6 Харин А надаас 1000 боодол өвсийг нэг бүрийн үнэ 6000 төгрөгөөр буюу нийт 6,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. А ын миний данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөг, түүний 16 хоног ажилласан ажлын хөлс 960,000 төгрөг, Д д ажлын хөлс гэж миний өгөх ёстой байсан үлдэгдэл 540,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг 1000 боодол өвсний үнэд тооцоод, А надад үлдсэн 3,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. А эхэндээ утсаар ярихдаа 3,500,000 төгрөгийг төлж өгнө гэдэг байсан. Гэхдээ сүүлдээ мөнгөө төлөхгүй намайг хохироож байгаа учраас шүүхэд хандаж байна.
1.7 Иймд А аас зээлээр худалдаж авсан 1000 боодол өвсний үнээс үлдсэн 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ын тайлбар, татгалзал:
2.1 Хариуцагч А нь нэхэмжлэгч Б аас зээлээр өвс авч байгаагүй ба түүний С аймаг дахь О сумд түрээслэн авсан газраас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1000 ширхэг боодол өвс гардаг газрын түрээс болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б ын дансанд шилжүүлсэн байна.
2.2 Ингэхдээ Д ийг туслах ажилтнаар авч яваад ажлын хөлсийг нь төлж байсан. Энэ нь гэрч Д ий мэдүүлгээр ч нотлогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс А т 10 дугаар сарын сүүлээр өвс худалдсан гэдэг тайлбарыг нэхэмжлэлдээ гаргасан байна.
2.3 Гэхдээ энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б ын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Д ий ажлын хөлсийг би төлсөн гэсэн тайлбарыг гаргаад байгаа боловч Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б ыг танихгүй, түүнээс ажлын хөлс авч байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн.
2.4 Хавтаст хэрэгт талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар нотлох баримт байхгүй. Талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тохиролцсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.04.03-ны өдөр нэхэмжлэгчээс Б.Б од олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023.05.11-ний өдөр нэмэлт тайлбар болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай холбогдох нотлох баримтын хамт мөн гэрч асуулгах тухай хүсэлт, 2023.05.11-ний өдрийн хариуцагчийн Х банкны 000 дугаартай дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж өгөхийг хүссэн тухай хүсэлт, нэхэмжлэгч Б ын 2023.11.03-ны өдөр Б.Б од олгосон итгэмжлэлээс татгалзаж, түүнийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, 2023.04.03-ны өдрийн түүнтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч Б ын Х банкны 000 тоот дансны хуулга зэргийг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тухай 2023.05.04-ний өдөр гаргасан тайлбар, Х банкны 000 тоот дансны хуулга, 2023.05.11-ний өдөр Н т олгосон 000 дугаартай итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр П.Б , Ж.Б нарыг мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д ийг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэлийг тус тус шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... миний бие С аймгийн О сумаас хадлангийн талбай түрээсэлж аваад малынхаа өвсийг бэлдэж аваад, давхар амьжиргаагаа залгуулах мөнгө төгрөг олж авах санаатай байсан ба Б аймгийн С гэх найздаа хамтран ажиллаад ашгаа хувааж авах санал тавьсан. С аймгийн О сумаас 200 га газрыг 9 сая төгрөгөөр түрээсэлж авсан бөгөөд газрын түрээсийг С төлсөн. Харин би ажилчдын цалин хөлс, техник хэрэгслийн түрээс, эдэлгээний явцад гарах эвдрэл гэмтэл, түлш дизель, ажилчдын хоол хүнс, газрын түрээс зэргийг хариуцаж байсан. Тэгээд И сумаас П.Б , Б аймгаас А нарыг дуудаж өдрийн 60,000 төгрөгийн хөлсөөр ажиллуулах болсон.. Тухайн газраас нийт 6000 боодол өвс хадсан ба 2000 боодлыг С ачиж явсан, 1000 боодлыг нь би З аймаг руу ачуулаад 1000 боодлыг нь газар дээр нь зарчихсан. Харин А надаас 1000 боодол өвсийг нэг бүрийн үнэ 6000 төгрөгөөр буюу нийт 6,000,000 төгрөгөөр худалдаж авч,түүнээс миний данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөг, түүний 16 хоног ажилласан ажлын хөлс 960,000 төгрөг, Д д ажлын хөлс гэж миний өгөх ёстой байсан үлдэгдэл 540,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 1000 боодол өвсний үнэд тооцоод, үлдсэн 3,500,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул уг мөнгөө нэхэмжилж байна гэжээ
8.Хариуцагч А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Б аас зээлээр өвс худалдаж авч байгаагүй ба түүний С аймаг дахь О сумд түрээслэн авсан газраас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлж газар түрээсэлж авч, туслах ажилтнаар Д ийг авч яваад ажлын хөлсийг нь төлж өвс хадаж авсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Гэрч П.Б , Ж.Б нарын гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б нь С аймгийн О сумаас өвс хадах газар түрээсэлж авч, өвс хадуулсан болох нь тогтоогдсон.
9.2 Гэрч П.Б , Ж.Б , Д нарын гэрчийн мэдүүлгээр хариуцагч А тухайн газраас 1000 боодол өвс ачиж явсан болох нь тогтоогдож байгаа боловч тухайн өвсийг нэхэмжлэгч Б аас зээлээр худалдаж авсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9.3 Гэрч П.Б ийн гэрчийн мэдүүлэгт “...А нь тусдаа газар түрээсэлж өвс бэлтгэж байгаагүй, Б ын ажилтнаар ажиллаж байсан. А нь Б аас зээлээр өвс аваад чиргүүлтэй шаланз машинаар ачаад аваад явсан. Нэг боодол өвсийг хэдээр тохирч худалдсан талаар би мэдэхгүй” гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба гэрч Ж.Б нь нэхэмжлэгч Б аас хариуцагч А нь өвс худалдаж авсан эсэхийг гэрчлээгүй бөгөөд тэд нарын хооронд яаж тохирсон талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийх боломжтой боловч гэрчийн мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт байхгүй, иймээс тэдгээрийг хооронд нь харьцуулан үнэлэх нь хуульд заасан дээрх журамд нийцэхгүй буюу бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү гэрч П.Б ийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.
10.Нэхэмжлэгч Б нь “... С аймгийн О сумаас 200 га газрыг 9 сая төгрөгөөр түрээсэлж авсан бөгөөд газрын түрээсийг С төлсөн. Харин би ажилчдын цалин хөлс, техник хэрэгслийн түрээс, эдэлгээний явцад гарах эвдрэл гэмтэл, түлш дизель, ажилчдын хоол хүнс, газрын түрээс зэргийг хариуцаж байсан. Д ий ажлын хөлсийг А аар дамжуулж төлсөн” гэж тайлбарладаг боловч Д ий “... миний ажлын хөлсийг С , А нар өгсөн. Б тай тохиролцоод түүний ажлыг хийж өгсөн тохиолдол байхгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
11.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Б нь С аймгийн О сумаас өвсний талбайгаас П.Б , Ж.Б нараар өвс хадуулж, хөлсийг өгч байсан нь тэдний гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд харин Д ээр өвс хадуулж түүний ажлын хөлсийг хариуцагч А ын Х банкны 000 тоот дансаар төлж байсан гэж Х банкны 000 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг дансны хуулгаар 2022.10.15-ны өдөр 350,000 төгрөгийг утга дээр b гэж бичиж хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх тул уг мөнгийг гэрч Д ий ажлын хөлс гэж хариуцагч А аар дамжуулан өгч байсан байна гэж дүгнэх боломжгүй болно.
12.Нэхэмжлэгч Б аас шүүх хуралдаанд “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хавьцаа газар дээр нь өвсний үнэ 6000-6500 төгрөгийн үнэтэй байсан ба А нь тухайн үед надаас 1000 боодол өвс авна гэж хэлж харилцан тохиролцож өвс авсан” гэж тайлбарлажээ.
13.Гэтэл хариуцагч А аас түүнээс нэг сарын өмнө буюу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б ын Х банкны дахь 0000 тоот дансанд 1,000,000 төгрөгийг утга дээр нь “Архалых өвс” гэж шилжүүлсэн болон гэрч Д “...Би зөвхөн өвс хадах ажил хийсэн. Надад ажлын хөлсийг С өгсөн. Үлдэгдэл ажлын хөлсийг Ө д ирсний дараа А өгсөн. А бид бүгд хамт хадаж байсан газраас уг өвсийг хадаж авсан. А өөрсдөө хадаж авсан өвсийг ачаад явсан. А хэн нэгнээс өвс худалдаж авсан гэдгийг мэдэхгүй юм байна” гэх мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд хариуцагч А нь нэхэмжлэгч Б аас хадлангийн талбай түрээсэлж авсан гэж үзнэ.
14.Иймд нэхэмжлэгч Б нь хариуцагч А т 1000 боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж түүнээс үлдсэн 3,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар нэхэмжлэгч Б ын хариуцагч А аас 1000 боодол өвсний үнээс үлдсэн 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү маргаан нь эцэслэн шийдвэрлэтэл тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 00 дугаартай шүүгчийн захирамжийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хэсгийг хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж