Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Цэгмэд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ******* т холбогдох 2530005530392 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт авто замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 3.4 в/Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 3.7 а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг авто замын хажууд байрлаж байсан гэрлийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас  Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан зорчигч ******* эрүүл мэндэд “баруун өвдөгний тойгны зөрүүтэй, ил хугарал өвдөгний дотор, гадна холбоосны тасрал, баруун өвдөгт шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би элэгний хагалгаанд орж элгээ тайруулсан, дэлүүгээ авуулсан. Аймагт Хишгээ эмчийн хяналтад байдаг. Эхнэрээсээ 2009 онд салсан. Ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нэг нь 18, нөгөө нь 19 настай. Хүү минь хорт хавдартай сүүлийн шатандаа орсон гэсэн хотод эмчлүүлж байгаа. Одоо байнга эмчлүүлнэ гэсэн. Одоо босож чадахгүй байгаа. Осол болсон нь толгой эргэсэн байх гэж бодож байгаа, би шоконд орсон байсан. Ослоос хойш хохирогчтой уулзсан, гомдол санал байхгүй гэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардлыг би дүүтэйгээ хамт хохирлыг төлж барагдуулна...гэв. 

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт авто замаар улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

3.7 а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг авто замын хажууд байрлаж байсан гэрлийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан зорчигч ******* эрүүл мэндэд баруун “өвдөгний тойгны зөрүүтэй, ил хугарал өвдөгний дотор, гадна холбоосны тасрал, баруун өвдөгт шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

- шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Би 2025 оны 07 дугаар 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газраас өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй сумын төв рүү явсан. Тэгээд 12 цаг өнгөрөөгөөд сумын төв дээр байх найз ******* гэр лүү орсон... тэгээд 13 цагийн орчимд би өөрийнхөө Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодоод миний ард суугаад сумын төвийн дэлгүүр орох гэж хөдөлсөн. Тэгээд яаж мотоциклоо жолоодож яваад шон мөргөснөө санахгүй байна. Нэг сэрэхэд сумын эрүүл төвд сэрсэн. Тухайн осол миний болгоомжгүй үйлдлийн улмаас болсон гэж бодож байна...” гэх (хх 109-111 дүгээр хуудас),

 

- хохирогч ******* “2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Нуурын байрны задгай тоотод байх гэртээ ******* гэх хүнтэй 1 шил “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд *******ийн эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикльтой ******* нь жолоо бариад би ард нь суугаад сумын төв рүү дэлгүүр орох гэж яваад сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн зүүн талд авто зам дээр ирээд ******* нь замын хажуу талын гэрлийн шонг мөргөж, зам тээврийн осол гарган миний биед гэмтэл учирсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх ( хх 81-82 дугаар хуудас) мэдүүлгүүд

 

            - Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 18-24 дүгээр хуудас),

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хх 16-17 дугаар хуудас),

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 64-66 дугаар хуудас),

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх 67-70 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ш.Оюунтунгалагийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн СҮХ0725/352 дугаартай “... 1. ******* биед баруун өвдөгний тойгны зөрүүтэй, ил хугарал, өвдөгний дотор, гадна холбоосны тасрал, баруун өвдөгт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх 56-57 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бэхбатын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “... Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* /*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа (хх 93-95 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямжавын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас (хх 71 дүгээр хуудас) зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч насанд хүрээгүй хохирогч ******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 352 дугаартай дүгнэлтээр, түүний биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргээр  тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ******* биед учирсан дээрх журмын 2.3.1. “ гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.

 

3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч *******ийн  холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бэхбатаас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “ Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* /*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.  

 

Харин дээр дүгнэлтэд тусгагдсан “ 3.4в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалт нь тухайн тухайн осол гарсан шалтгаан, нөхцөлд хамаарахгүй, харин зам тээврийн осол гаргасан жолоочийн хувьд хүлээх үүргийн зохицуулалт болохыг дурдъя.

 

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

 

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

5. Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* тухайн өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас авто замын хажууд байрлах гэрлийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хамт явсан зорчигч ******* эрүүл мэндэд “баруун өвдөгний тойгны зөрүүтэй, ил хугарал өвдөгний дотор, гадна холбоосны тасрал, баруун өвдөгт шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас  хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

Иймд шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс тухайн хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан уг үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой юм.

 

8. Шүүгдэгч *******ийн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчигдөх, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд аюул, осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр тээврийн жолоодсоны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотой баримт, нэхэмжлэлийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд ирүүлээгүй, хэрэгт “ Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон ба хуулийн дээрх зохицуулалтаар тухайн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч өөрт учирсан дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвөөс Алсын дуудлага, эмчийн эмчилгээ, гэрээр эмчлэх эмчилгээнд нийт 1,283,750 төгрөг, Гэмтэл согогийн Үндэсний төвөөс мэс заслын үйлчилгээнд 1,545,000 төгрөг, нийт 2,828,750 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025.11.14-ны өдрийн нэхэмжлэл, Цахим сангийн лавлагаа (хх 133, 137 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******өөс 2,828,750 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

4Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэг болох үеийн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж , тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах саналтай ”  гэх,

 

өмгөөлөгч Б.Цолмонгоос “Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон энэ гэмт хэргийн улмаас элэг дэлүүгээ тайруулж, хүндэвтэр гэмтэл авч эдгэрэх боломжгүй болсон. Мөн түүний хүү нь цусны хорт хавдартай байнга хүүхдээ харж асарч байгаа. 2009 оноос хойш гэр бүлээ цуцлуулж эхнэр нь тусдаа амьдардаг, өөрөө хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Хохирогч би гомдолгүй, эмнэлэгт эмчилгээгээ хийлгээд гарсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Харин хохирогчийг эмчлүүлсэн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын санд 2,828,750 төгрөг гарсныг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг ар гэрийн хамт гаргаж байгаа, цаашид сард 300,000 төгрөгөөр төлнө гэсэн байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Иймд хохирлоо нөхөн төлөх боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх боломжтой байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Иймд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

******* нь гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж, хохирогч тай найз нөхдийн холбоотой, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тухайн ослын улмаас өөртөө хүнд гэмтэл авсан, гэр бүл, хүүхдийн эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий                                                                                                        ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил  4 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Бусад.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн Сидиг хэргийн хугацаа дуустал хадгалахыг дурдъя.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийг                                                                                                        журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил  4 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан                                                                                                       “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 2,828,750 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэх хорыг  нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн Сидиг хэргийн хугацаа дуустал хадгалахыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН