Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Тийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХК-д холбогдох  

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагч Э ХК нь намайг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажилд эгүүлэн тогтоох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд эвлэрэн хэлэлцэхдээ ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал 12 cap ажилгүй байсан хугацааны цалин 52 269 600 төгрөг гаргуулж өгөхөөр тохирсон боловч одоо болтол өгөөгүй. Мөн уг нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны хооронд 1 жил 2 cap 3 хоног ажилгүй байсан хугацаа гэж тооцож 2 cap 3 хоног буюу 23 896 011 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 75 017 388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Т нь 2018 оны 03 дугаар сард Э ХК-д холбогдуулан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрээр Ц.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарч байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болохоор 3 сарын хугацаатай байгуулсан байна. Гэрээний хугацаа дуусахаас 8 хоногийн өмнө гэрээг цуцалсан явдалд Ц.Тийг гэм буруутай гэх үндэслэлгүй тул 8 хоногийн ажлын хөлс 1 227 906 төгрөгийг Э ХК-иас гаргуулан 8 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалд Ц.Тийг хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүйгээр Э ХК-ийн Захиргааны хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр ажилд орсныг шүүхэд буруу тайлбарлан ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагын хувьд эвлэрсэн гэж үзэж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Тийн ажиллаж байсан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаал цааш үргэлжлээгүй төсөл зогссон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр авсан. Иймд Ц.Тийи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 696 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Ц.Т давж заалдах гомдолдоо “...Хариуцагч тал надтай анх байгуулсан хөдөлмөрийн гэрээг устгаж, хамгийн арын, миний гарын үсэгтэй хуудсыг ашиглаж хөлсөөр ажиллах гэрээг өөрсдөө шинэчлэн, бичиж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд ирүүлснийг шүүх уг гэрээг нотлох баримтаар үнэлэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны хурал болж амжаагүй байхад хариуцагч талаас надтай холбогдож "таны нэхэмжилж буй цалин олговрыг бид дараах байдлаар шийдвэрлэж өгье. Байгууллагын Санхүү хариуцсан тэргүүн дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, цалингийн нягтлан нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүсээр тооцоолуулж, гарсан мөнгө нь 75 017 388 төгрөгийг бид танд олгоё, харин ажлаас буруу халсан гомдлын тухайд таныг халах ямар ч үндэслэлгүй байхад халсан байх тул таны өмнө нь эрхэлж байсан ажил нэгэнтээ манай байгууллагад байхгүй болсон тул ажилд эгүүлэн томилохдоо Захиргааны хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерийн ажлын байранд томилъё гэж хэлэлцэн тохиролцоод 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б/220 тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Үүнээс хойш 3 хоногийн дараа давж заалдах шатны шүүх хуралдаан болсон. Хуралдааны үеэр биднийг эвлэрсэн гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...Гэтэл хариуцагч нь ажилд эгүүлэн томилсноосоо хойш, буруу халагдсан үеийнхээ нөхөн олговрыг авъя гэж шаардахаар таны олговрыг би дур мэдэж, шууд гаргаж өгөх боломжгүй байна. Та олговрынхоо талаар дахин шүүхэд хандаж, шийдвэр гаргуулах шаардлагатай байна. Тухайн шийдвэрийг үндэслэж бид таны олговрыг гаргаж өгье гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч нь намайг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш ажилд буцаан томилсон нь миний гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байхад шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн байна гэж тайлбарлаж, дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Э ХК-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 52 269 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 75 017 388 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн үед ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцэхдээ ажилгүй байсан хугацааны цалин 52 269 600 төгрөгийг гаргуулж өгөхөөр харилцан тохиролцсон боловч өгөөгүй...” гэж, хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ “...шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан, гэрээний хугацааг 8 хоногийн өмнө цуцалсан гэж ажлын хөлс 1 227 906 төгрөг гаргуулахаар шийдэж, давж заалдах шатны шүүхэд бид эвлэрч Ц.Тийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулж томилсон” гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхээр нэхэмжилж, улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хариуцагч Э ХК-аас 1 227 906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тэд олгож, нэхэмжлэгч Ц.Тийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э ХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн байна. /хх 8-12/

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ 3 сарын хугацаатай байх ба энэ хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаар байна. ...Ч.Төмөрсүхтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болохоос 8 хоногийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хууль бус болсон тул ажлын хөлс 1 227 906 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1448 дугаар магадлалаар "Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас "нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Тийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, "Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнэс таван толгой" ХК-иас 1 227 906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тэд олгож, нэхэмжлэгч Ц.Тийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э ХК-д даалгасугай" гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 13-16/

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны зүйл нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэгдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 55 дугаар талд авагдсан тодорхойлолт гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа боловч уг бичгийн баримт нь хариуцагч компанид хөлсөөр ажиллаж байх үеийн дундаж цалинг тооцоолсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 14 сар цалин аваагүй гэсэн агуулгатай хариуцагчийг уг тодорхойлолтод дурдсан цалин хөлсийг олгохоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлүүд тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай бөгөөд дээрх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Тээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН