Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэйгээр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Жаргал

иргэдийн төлөөлөгч Т.Туул,

хохирогч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Энхжаргал, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,  

бусад оролцогч шинжээч Ж.Баттулга, Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Чонос овогт Баттулгын Энхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар  зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201626022771 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй 30 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 13-26 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 72-4 тоот  байранд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /РД:ТЛ7121270/

 

Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 72 дугаар байрны 4 тоот өөрийн түрээслэн амьдарч буй гэртээ иргэн Э.Гантулгатай архидан согтуурч тодорхой шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр Э.Гантулгыг хутгалж олон тооны шарх гэмтэл үүсгэн өвтгөн шаналгаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Гантулгын гэрт нь нэг пиво уусан. Тэгээд хамтдаа 2 ширхэг пиво авч манай гэрт орсон. Би эхний шар айргаа уугаад гараад ороод ирэхэд Гантулга ихэнхийг нь уусан байсан. Тэгээд унтаж байхад хаалга нүдээд гарах гээд орилоод байсан. Тэгээд намайг гайхаад очтол Гантулга миний нүүр нүдгүй цохиод байсан. Тэгж байтал цагдаа нар ирээд “чи найзыгаа хутгалсан байна” гэж хэлсэн. Би өөр зүйл санахгүй байна” гэв.

 

Хохирогч Э.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Энхжаргалын гэрээс гарах гээд хаалга өшиглөж байснаа санаж байна. Тэгээд Энхжаргалыг над дээр ирэхэд нь цохиод өшиглөж байсан. Энхжаргал “болъё хөгшөөн” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би болиогүй. Цааш юу болсныг санахгүй байна. Одоо надад учирсан гэмтэл эдгэрсэн. Ажлаа хийж байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 72 дугаар байрны 4 тоот түрээслэн амьдарч буй байранд иргэн Э.Гантулгатай маргалдаж улмаар түүнийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны дагуу цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан дараахь баримтууд болох:

Хохирогч Э.Гантулгын “Би Баттулгын Энхжаргал гэдэг хүнийг 2-3 жилийн өмнөөс таних болсон ба тухайн үед би онлайнаар РС тоглож байхдаа Энхжаргалтай холбогдож тоглодог байсан тэгээд би Энхжаргалтай танилцаад тэр цагаас хойш барилга дээр хамт хийх зэргээр найзалж нөхөрлөсөн.

Ингээд 2016 оны 11-р сарын 03-ны өглөө намайг гэртээ байхад Энхжаргал 09 цагийн орчим манай гэрт ирээл бид манайд РС тоглоом хамт тоглож байгаад Энхжаргал гарч 2 литрийн хэмжээтэй 1 сав пиво аваад бид түүнийг манай гэрт хувааж уугаад 14 цагийн орчим хамт манай гэрээс гараад бид шууд Энхжаргалын гэр болох Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр 10-р хороолол 3-р эмнэлгийн автобусны буудлын урд талд байх гэрт очин дахин 2 литр хэмжээтэй 2 сав пиво авч хоёулаа хувааж уусан ингээд би найз охин Ариунсанруу утсаар залгаад дуудсан ба Ариунсан 20 цагийн орчим Энхжаргалын гэрт ирээд бид хоёртой 20 орчим минут хамт сууж байгаад орой болохоор оюутны байрны жижүүр оруулахгүй гээд яараад явчихсан. Ингээд бид 2 гэрт нь үлдээд пиво ууж байгаад хоорондоо маргалдсан байсан ба яг юунаас болоод яагаад маргалдсан гэдгийг санахгүй ямарч байсан бид хоёр хоорондоо маргалдаж байсан уу санаж байгаа ба гэхдээ яг юун талаар ярьж маргаж байсан гэдгээ бас санахгүй гэтэл гэнэт би амьсгаа авахад их хэцүү болоод миний хэвлийн урд хэсгээс цус гарахаар нь би Энхжаргалын гэрээс гарч явсан ба уг санаа нь 3-р эмнэлэгт очиж үзүүлэх гээд гарсан боловч хэсэг хугацааны дараа явж чадахгүй болоод 3-р эмнэлгийн урд талын автобусны буудлын дэргэд ирээд зам хөдлөн гарч чадахгүй юм шиг санагдаад тэнд хэвтсэн гэтэл нэг мэдсэн цагдаа ирсэн байсан ба намайг түргэний машинаар цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд бид тэнд хэвлий хөндийд нэвтэрсэн шархны улмаас үүссэн хэвлий дэх шингэнийг гуурсаар соруулж авах эмчилгээ хийлгүүлсэн ба эмч нар үзээд 5 шарх хэвлий хөндий нэвтэрсэн байна гэсэн тэгээд би тэнд 8 хоног хэвтэж эмчлүүлэн одоо гэрт гарсан байгаа ба өдөр бүр эмнэлэг дээр очин боолтоо сольж шархаа цэвэрлүүлж байгаа. Тухайн үед би Энхжаргалтай маргалдаж байсан гэтэл гэнэт миний хэвлий халуу оргиод цус гарч эхэлсэн ба тэгэхэд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Энэ үед гэрт Энхжаргал бид хоёроос өөр хүн байгаагүй тэгэхээр Энхжаргал хутгалсан. Гэхдээ бид яг юунаас болоод яагаад маргалдсан гэдгийг би санахгүй байна учир нь бид их хэмжээний пиво уугаад согтсон байсан. Ариунсан маргаан болохоос өмнө оюутны байр луу явсан түүнийг явсны дараа бид хоорондоо маргалдсан, намайг хутгалуулах үед Ариунсан дэргэд байгаагүй. Цэнхэр өнгийн урд хэсэгтэй Levis гэсэн бичигтэй футволк, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд, шар гутал, цагаан саарал ноосон өмд зэргийг өмссөн байсан гэхдээ эдгээр хувцасыг намайг эмнэлэг дээр байхад цагдаа нар аваад явсан. Би Энхжаргалын гартаа хутга барьсан байхыг хараагүй гэнэт маргаж байхад хэвлийгээс цус гараад би гараад зугтаасан. Энхжаргал бид хоёр архи ууж байхад Энхжаргалын ах Жаргалсайхан 22 цагийн орчим орж ирээд яасан их шуугидаг юм, архи уулаа гэж загнаж байсан тэгээд Ариунсан зэрэгцээд гарсан тэгээд гарсны дараа Энхжаргал бид маргалдсан. Бидний хоорондоо ямарч өр авлага байхгүй, харин 2 жилийн өмнө бас архи ууж байгаад хоорондоо маргаад би Энхжаргалыг зодсон байсан тухайн үед Энхжаргал гэмтлийн эмнэлэг дээр очин толгойгоо боолгоод тэгээд гомдол саналгүй гэсэн тул би эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгөөд бид салж байсан гэхдээ тухайн үед цагдаад хандаагүй хоорондоо ярьж тохирон салсан. Би эмчилгээнд зарцуулсан зардлыг хараахан тооцоогүй байна ямарч байсан одоогийн байдлаар 500.000 төгрөгийн зардал гарсан байгаа гэхдээ би зардлын баримтаа бүрдүүлж байгаад нэг мөр тооцоо хийж өгье одоогоор надад гаргаж өгөх ямар нэг баримт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

Гэрч Э.Гантуяагийн “ ... Энхжаргал ах анх манай гэрт орж ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан ба Гантулга ахыг унтаж байхад нь сэрээгээд хэсэг юм ярьж сууж байгаад Энхжаргал ах гарч явсан тэгээд нэг их удаагүй орж ирэхдээ 2 литр хэмжээтэй Боргио пиво авч орж ирээд Гантулга ахтай хувааж уусан ба пиво ууж дуусаад Гантулга ах Налайх аав, ээж дээр очиж ажлаа хийлээ гэхэд хамт гаръя гэсээр байгаад ажилд явуулахгүй дагуулаад гарсан. Үүнээс хойш Гантулга ах орж ирээгүй ба гэтэл шөнө орчим манай гэрт 2 цагдаа ирээд Гантулга гэдэг хүн амьдардаг уу гэхээр нь амьдардаг гэхэд ах чинь 3-р эмнэлгийн урд талд хутгалуулсан ухаангүй осгосон байдалтай байна, одоо эмнэлэгт байгаа гэж хэлсэн тэгээд би энэ талаар Налайх дүүрэгт ажил хийж  байсан ээжид хэлээд ээж эмнэлэг дээр очсон. Энхжаргал ах гэрээс гарч явахдаа цагаан, цэнхэр гэхээр жинсэн өмд футболк, шар өнгийн гутал, улаан өнгийн куртиктэй явсан. 2012 онд манайх Андуудын орчим амьдарч байхад анх Гантулга ах, Энхжаргал орж ирсэн тэр үеэс хойш би таних ба тэд түүнээс хойш найзалж байгаа хоорондоо найз нөхдийн холбоотой. Харин 2015 онд Энхжаргал, Гантулга ах 2 ба  архи уугаад Гантулга ах Энхжаргалын толгойг хагалж байсан гэсэн тухайн үед Энхжаргал цагдаад хандаагүй харин эмчилгээний зардал гэж 800.000 төгрөг авч байсан үүнээс өөр тэд маргалдаж байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/

Гэрч Б.Жаргалсайханы “ ... Баттулга овогтой Энхжаргал бол миний төрсөн дүү ба бид эцэг эхээс ам бүл 3-лаа би айлын том хүүхэд бол манай дунд хүүхэд байгаа юм. ...  2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим гэртээ унтаж байхад 22 цагийн үед гэрийн хаалга хүн 2-3 удаа маш хүчтэй цохих чимээ гараад би сэрсэн тухайн үед манай дүүгийн нөхөр ирж агсам тавьж байна гэж бодоод хаалгаа тайлаагүй тэгээд эгч Гантуяа  руу утсаар залгаад Учрал агсам тавид байх шиг байна юу болоод  байгаа юм гэхэд Учрал орой надруу согтуу яриад байсан, чи ороод шалгаадахаач гэхээр нь манай 2 тоот хаалганд байдаг  Гантулгын гэрт ороход янз бүрийн зүйл болоогүй харин манай дээд давхарт хүмүүс шуугилдаад байна гэхээр нь би дээшээ гарч 4 тоот өрөөнд амьдардаг дүү Энхжаргалын гэрт ортол танихгүй нэг залуу, мөн нэг эмэгтэй, Энхжаргал нар согтуу байсан тул би Энхжаргалд архи уухаа боль хүмүүсээ явуул гэж хэлээд гараад гэрлүүгээ орсон. Гэтэл 00 цагийн орчим дахин хаалга үүд дугараад хүмүүс дээш, доош яваад байгаа чимээ гараад байхаар нь Энхжаргалын гэрт хүмүүс нэмж ирсэн юм байхдаа гэж бодоод гэрт нь ортол Энхжаргалын гэрт цагдаа нар ирсэн байсан ба учрыг асуухад Энхжаргалыг хамт архи ууж байсан хүнээ хутгалсан байна гэсэн ба харин хутгалуулсан хүнийг эмнэлгийн машин аваад явсан харин Энхжаргал гавтай гэртээ сууж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

Гэрч Б.Баттулгын “ ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний 09 цаг хүртэл Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвгэрт авто эргүүлийн Бугат 115 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цагийн орчим Баянгол дүүргийн 5-р хороо 3-р эмнэлгийн урд талд автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээллийг Бугат-10 буюу цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанаас өгсөн. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа жолооч ахлах ахлагч Б.Батнямын хамт 3-р эмнэлгийн урд талын буюу төв замын урд талын  автобусны буудал дээр ирэхэд нэрээ Гантулга гэж хэлээд намайг Энхжаргал хутгалчихлаа гэж хэлээд байсан ба Гантулга нь тухайн үед  согтууруулах ундаа хэрэглэсэн ба Энхжаргалыг хаана байгаан хаана хутгалуулсан талаар асуухад ямар нэг үг хэлээгүй ба намайг автобусны буудал дээр ирснээс хойш нэг их удаагүй түргэний машин ирээд Гантулгыг аваад явсан харин би уг автобусны буудал дээр байсан ТҮЦ-ний хүнээс асуухад урд талаас байрны дундаас харанхуй газраас гарч ирсэн гэж байсан мөн Гантулгын хэвтэж байсан газраас урагш цус дуссан мөр байсан тул уг мөрийг дагаад явахад 200 орчим метр зайд буюу Баянгол дүүргийн 5-р хороо 72-р байрны 2 давхарт 4 тоот хаалганд ирсэн ба уг байрны хаалга онгорхой байхаар нь гэрт нь ороход Энхжаргал гэх залуу өмд нь цус болчихсон орон дээрээ сууж байсан ба мөн гэрт нь хар өнгийн хуванцар иштэй, жижиг гал тогооны хутга байсныг хураан авсан ингээд Энхжаргалаас Гантулгын гэрийг мэдэх эсэх талаар асуухад хаягийг мэдэхгүй зааж өгсөн чадна гэсэн тул түүнийг дагуулан Гантулгын гэрт очин түүнийг эмнэлэгт байгаа гэдгийг хэлээд Гантулгыг цагдаагийн хэлтэс дээр хүргэж өгсөн. Энхжаргалын гэрт ороход хар иштэй, ажлын хэсэг ишний хэсгээр тахийсан жижиг гал тогооны хутга байсан, мөн хэсэг газар цус бололтой жижиг дуссан мөр байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72 дугаар хуудас/

Гэрч Ц.Эрхбаярын  “Би Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлгийн замын урд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллууж байсан. Гэтэл 2016 оны 11-р сарын 03-04-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би ТҮЦ-нд сууж байхад автобусны буудал дээр зогсож байсан таксины жолооч манай ТҮЦ-ний цонхоор “танай ТҮЦ-ны дэргэд хутгалуулсан хүн байна, надад утас алга, чи утсаараа цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь би ТҮЦ-нээс гараад хартал манай ТҮЦ-ний ертөнцийн зүгээр баруун талд 5 орчим метр зайд явган хүний замын хайс налсан 25 орчим насны, дээд хэсгээр хөх өнгийн футволк өмссөн, цагаан өнгийн жинсэн өмдтэй залуу хэвтэж байсан тэгээд би гадна талаас ажиглаад харахад цус гарсан юм харагдахгүй байхаар нь би таксиний жолоочоос “энэ хүн хутгалуулсан юм уу, цус харагдахгүй байна ш дээ” гэж хэлтэл газар хэвтэж байсан залуу бага зэрэг хөдлөхөд хэвлийн тус газар цус тунасан байсан ба харин нөгөө залуу зүүн талын энгэр орчмоо дараад ёолоод байсан ба би тухайн үед тэр залууг их архи уусан байна гэж бодож байсан. Яагаад архи уусан гэж бодсон гэвэл орчиндоо ямарч харьцаа байхгүй согтуу хүн ямар байдаг яг түүн шиг байсан, тэгээд 10 орчим минутын дараа цагдаа дараа нь эмнэлэг ирээд тэр залуу аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2016 оны 11-р сарын 03-ний өглөө би 11 цагийн орчим Гантулгын гэрт очин 3 литр хэмжээтэй 1 сав пиво авч хоёулаа хувааж уугаад 15 цагийн орчим Гантулга бид хоёр манай гэрт ирсэн, бид манай гэрт 3 литрийн хэмжээтэй 1 сав боргио пиво авч хоёулаа хувааж уусан ба дахин нэг сав пиво аваад би нэг их уугаагүй, ихэнхийг Гантулга ганцаараа уугаад дууссан. Бид пиво уугаад дуусах үед Гантулга нилээн согтоод намайг “банди минь, чи намайг амжих уу” гэх зэргээр элдэв үгээр доромжлоод байхаар нь би түүнд “2015 онд чи яг ийм зан гаргаж байгаад намайг зодоо биздээ одоо бас яах гээд байгаа юм” гэж хэлээд бид хоорондоо маргаад бид заамдалцаж хоорондоо зодолдсон ба гэтэл Гантулга намайг доор хийж дарж унагаад дээр суугаад байхаар нь би түүнд одоо болъё гэж хэлсэн боловч тэр болихгүй намайг зодоод байсан тэгээд би юу болсон гэдгийг мэдэхгүй гэнэт ухаан алдаад нэг сэрэхэд цагдаа нар намайг хүн хутгалсан байна гэж байсан ба харин би Гантулгыг хутгалсан гэдгээ санахгүй, мөн түүнийг гарч явсан гэдгийг санахгүй байгаа юм ямарч байсан манай гэрт цус болсон байсан. Манай гэрт байсан үзүүр нь тахийсан хутга бол манай гэрийн хутга ба уг хутгаар төмс ногоо арилгадаг. Тухайн үед манйа гэрт Гантулга бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Би тухайн үед Гантулгад зодуулаад ухаан балартсан байх гэж бодож байна тэгээд Гантулгыг хутгалуулсан хэсгийг санахгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг.   /хэргийн 78 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 8-12 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6654 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар хөх өнгийн футболканд гарсан 34 см, 54 см, 12х2 мм, 13х4 мм, 2х4 мм, 15х2 мм, 6х1 мм  хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн №15199 дугаартай актын:

1. Э.Гантулгын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Энхжаргалын хохирогч Э.Гантулгатай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүнийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан буюу цээжний хөндийд нэвтэрсэн гэмтэл учруулсан үйлдлийг шууд санаатай үйлдсэн бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1 дэхь хэсэгт заасан “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан,  нийгэмд аюултай гэм буруутай үйлдэлийг ... гэмт хэрэг гэнэ” гэсэн заалтад хамаарч байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах ...” гэмт хэргийг 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар “танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар” үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлджээ.

 

            Улсын яллагч нь шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад шүүгдэгч Б.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 зааснаар яллагдагчаар татаж ял сонсгосон боловч уг гэмт хэргийн “онц харгис хэрцгий аргаар” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэхь хэсэгт зааснаар яллахаас татгалзсан тул дээрх нөхцөл байдлыг мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Б.Энхжаргалын хохирогч Э.Гантулгыг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь танхайн сэдэлт тогтоогдоогүй байна.

Учир нь хохирогч Э.Гантулга нь  мөрдөн байцаалтад өгсөн “бид 2 гэрт нь үлдээд пиво ууж байгаад хоорондоо маргалдсан байсан ба яг юунаас болоод яагаад маргалдсан гэдгийг санахгүй“ гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Энхжаргалын гэрээс гарах гээд хаалга өшиглөж байснаа санаж байна. Тэгээд Энхжаргалыг над дээр ирэхэд нь цохиод өшиглөж байсан. Энхжаргал “болъё хөгшөөн” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би болиогүй. Цааш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэдэлгэрийн “... Бид ялихгүй юмнаас болж маргалдсан, түлхүүр гэж ярьж байснаа санаж байна” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслээд Б.Энхжаргал нь уг гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Иймд  шүүгдэгч Б.Энхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Э.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Одоо надад учирсан гэмтэл эдгэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Энхжаргалаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирол гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

 

Гэрч Д.Эрдэнэчимэг “Б.Энхжаргал түүний ээж нарын зүгээс бэлнээр 900.000 төгрөг төлсөн ба бэлэн бусаар нэг уураг гэдэг эм авч өгсөн” гэж мэдүүлж байх тул Б.Энхжаргал нь хохирогч Э.Гантулгад сайн дураар төлбөр төлж байсан байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Энхжаргал нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг төлсөн, хохирогчийн биед учирсан гэмтэл эдгэрч гэм хор арилсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Энхжаргал нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тод хөх өнгийн футболик, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хөх өнгийн ноосон өмд зэргийг хохирогч Э.Гантулгад буцаан олгож, хар өнгийн иштэй хутгыг устгахаар шийдвэрлэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.3, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 зааснаар яллагдагчаар татаж ял сонсгосон гэмт хэргийн “онц харгис хэрцгий аргаар” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагч яллахаас татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Шүүгдэгч Б.Энхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Чонос овогт Баттулгын Энхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Б.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхжаргалын энэ хэрэгт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Энхжаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тод хөх өнгийн футболик, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хөх өнгийн ноосон өмдийг хохирогч Э.Гантулгад олгож, хар өнгийн иштэй ажлын хэсгийн угаар нугарч тахийсан хутга зэргийг устгасугай. 

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Энхжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Энхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

                                          

                                           ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ

                                                                                               

                                                                                                Ц. МӨНХ-ЭРДЭНЭ