Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/18

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000293 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Жишиг хорооллын 619 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 5 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг Жишиг хорооллын 6-617 тоот гэрийн хаалгыг эвдэн гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би найзынхаа хуримд ороод гарсан. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 5 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг Жишиг хорооллын 6-617 тоот гэрийн хаалгыг эвдэн гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь:

 

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай найз нь байх гэртээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найр хийсэн бөгөөд найранд ирсэн хүмүүс нь тасрахгүй байсан учраас 2024 оны 10 дугаар сарын 19-ний оройны 21 цагийн үед найз гийн гэрт очоод ойр зуурын ажилд нь тусалж өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед найранд ирсэн хүмүүсийн хамт яг хэдэн шил архи хувааж уусан гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан миний санаж байгаагаар 2 билүү 3 удаа өгөхөөр өгсөн архийг нь уусан. Би өмне нь огт архи дарс ууж байгаагүй, гэртээ согтуу орвол асуудал болно гэж бодоод найз гийн гэрээс гараад ахын гэрийн гадаа очсон. Тэгээд тухайн айлд орохын бол хүмүүс байгаа байх гэж бодоод тухайн айлын ертөнцийн зүгээр зүүн талд байх Э. Үүрийнцолмонгийн гэрийг хаалгыг тогшиж байгаад гэрт нь ороод ус уугаад гарсан. Тухайн айлаас гарахдаа гэрийнхэн хаалгыг эвдээд гэртээ орж амарсан. Миний хувьд ийн гэрт орж ус уусан нь үнэн тэгэхдээ тухайн хүнийг хүчиндэхийг завдсан ямар нэгэн асуудал бол байхгүй…гэх мэдүүлэг ( хэргийн 55-58 дугаар хуудас),

 

- Хохирогч ийн: Би тоот гэртээ унтаж байхад 2024 оны 10 дугаар  сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад  манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд “ус уучхаад гаръя” гэж хэлэхээр нь “чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна” гэсэн чинь тэр залуу “намайг уучлаарай” гээд усаар амаа зайлчхаад гарч явсан. Гарсан хойгуур нь би гэрийнхээ хаалгыг түгжээд байж байтал 05 цаг 49 минутын үед ахин хаалга цохиж “хаалгаа тайлаач” гэхээр нь би “хэн юм бэ яваач” гэж хэлээд би  гэх хүргэн ахынхаа тоот утас руу нь залгаад “согтуу хүн хаалга нүдээд байна” гэж хэлэхэд хүргэн ах “за одоо очлоо” гэж хэлээд утсаа тастсан. Би хаалганы дотор талын бариулаас чангаахад гаднаас хүчтэй татаж гэрийн түгжээг эвдэж орж ирсэн. Тэгээд миний гарт байсан утсыг авч шидээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээрээс дарж унан миний майкнаас зулгаан хөх базаж, шоорт тайлах гэж оролдож байх үед манай хүү сэрээд уйлахад “юун хүүхэд вэ” гээд дээшээ өндийхөд нь би гар луу нь өшиглөөд гэрээсээ гүйж гараад эгч гэр лүү орсон юм. Тэгээд эгчдээ орж хэлээд гараад ирэхэд өнөөх залуу явсан байсан. Нэр нь мэдэхгүй манай хойд хашааны залуу байсан.

...Миний хувьд худал мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Тухайн үед болсон асуудлын талаар л мэдүүлж байна. Дээрх асуудлын талаар тухайн үед хүргэн ах, эгч хоёрт хэлсэн бөгөөд тухайн хүмүүс нь намайг гэрчилж өгнө. ******* нь намайг гэрээс гараад явсны дараа гэр лүүгээ явсан гэдгийг нь мэдсэн шалтгаан нь манайх элсэрхэг газар байдаг, тухайн хүн нь манайхаас гэр рүүгээ явсан гутлын мөрөөр нь мэдсэн. Сэтгэл санааны хохирлоо тухайн хүнээс нэхэмжлэхгүй. Тухайн үед хүүхэд уйлаагүй байсан бол хүчиндэх байсан байх гэж бодож байгаа...гэх мэдүүлэг ( хэргийн 11-12, 15-16 дугаар хуудас),

 

- Гэрч ын: 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 50 минутад нь гэх дугаараас миний дугаар луу залгаад “манай гэрийн хаалгыг согтуу хүн зохиод байна та хаана байгаа юм” гэж асуухаар “ах нь айлд байна одоо очлоо” гээд утсаа тастсан.  Тэгээд ирэхэд хаалга үүд нь эвдэрсэн үс гэзэг нь сэгсийсэн уйлсан байдалтай байсан. Ямар хүн байсан талаар асуухад би сайн мэдэхгүй байна гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд  гэрийн гадуур арзгар ултай ботинкийн мөр байхаар нь дагаад явтал хойд талын хашаа руу өнөөх гутлын мөр нь орсон байсан. гэх ахын гэр лүү ортол ******* нь гэртээ унтаж байхаар нь сэрээгээд оос “энэ  залуу мөн үү” гэж асуухад “мөн байна” гэж хэлсэн. гэх ахын дунд хүү гэх залуу байсан.  Гэр нь манай хойд талын хашаанд байдаг юм...гэх мэдүүлэг ( хэргийн 19-20 дугаар хуудас),

 

- Гэрч : Би тоотод той айл саахалт юм. 2024 оны 10 дугаар сарын 20-ний 05 цагийн үед намайг унтаж байхад манай дүү гэр лүү уйлж орж ирээд “манай гэрт  согтуу хүн орж ирээд намайг оролдоод байна” гэхээр нь би “хаана ямар хүн байна” гээд гүйж гараад хартал өнөөх хүн нь явсан байсан. Яг гэрт нь юу болсон талаар бол би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь гэрт нь ороход гэрийнх нь хаалга эвдэрсэн байхаар нь юу болсон талаар дүүгээсээ асуухад “хаалганы түгжээ эвдэлж орж ирээд намайг түлхэж ойчуулаад дээрээс дараад хөхнөөс нь базсан” гэсэн. Манай дүү үсдээд өшиглөж байгаад арай чимээ гүйж гараад танай руу орсон гэж хэлсэн. Манай хойд талын хашааны гэх ахын хүү байсан нэр бол мэдэхгүй байна зүс танина...гэх мэдүүлэг (хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

- Гэрч : 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 06-07 цагийн үед унтаж байхад танихгүй дугаараас залгаад “дуудлага өгөх гэсэн юмаа” гэхээр нь асуухад "Дугуй засдаг Тайвангийн арын эгнээний хамгийн баруун талын айлд хүрээд ир, манай дүүгийн гэрийн хаалгыг эвдэж, оролдсон байна " гээд утсаа тасалсан. Тухайн хүний хэлсэн газарт очиход сувилагч ийн гэр байсан. юу болсон талаар асуухад “ би гэртээ 2 хүүхэдтэйгээ унтахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй унтсан байсан, тэгэхэд гэрт хүн орж ирэх үед нь сэрээд юу хүн бэ гээд асуухад ус өгөөч гэхээр нь ус өгөөд гэрээс гаргасан.Тухайн хүнийг гэрээс гараад явсны дараа гэрийнхээ хаалгыг цоожилсон, тэгэхэд удалгүй гэрийн хаалга хүн тогшиж байгаад сүүлдээ балбаад байхаар нь хүргэн ах ын утас руу залгаад энэ талаар хэлсэн. Тэгэхэд гэрийн хаалга балбаж байсан хүн улам илүү хүчтэй балбаад гэрийн хаалганы цоожийг мулт татаж орж ирээд гар утас шидээд намайг түлхэж газар унагаагаад миний дээр гараад хүчиндэх гэхээр нь эсэргүүцэж, яагаад байгаа юм бэ болиоч гээд 2 удаа өшиглөхөд хүү уйлахад юу нь хүүхэд уйлаад байгаа юм бэ гээд миний дээрээс бага зэргийн дээш өндийж босохоор нь тухайн хүнийг түлхэж унагаагаад ахын гэр рүү ороод гараад ирэхэд тухайн хүн манайхаас зугтаад гараад явсан” талаар хэлсэн. Тэгэхээр нь тухайн хүний содон шинж тэмдгийн талаар асуухад ямар ч байсан хар хүрэн өнгийн туртиктэй, чамаас 2, 3 насаар ах гэмээр залуу байсан талаар хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг хэн болох талаар мэдэхгүй байсан учраас ул мөрийг хайж үзэхэд тухайн айлын хашааны хойд талын хаалгаар гарсан гутлын мөрийг дагаад явахад ийн арын айл руу орсон байсан. Орсон айл нь ахын гэр байсан учраас тухайн айлд ороод танайд надтай ойролцоо насны хүн байдаг уу гээд асуухад гээд хүү байдаг гэхээр нь тухайн хүнтэй уулзаад юу болсон талаар асуухад “би юу ч санахгүй мэдэхгүй байна “гэж байсан. ******* тухайн үед мэдэхгүй, санахгүй байна гэдэг нь нэлээн согтуу өөрийнхөө хэлж ярьж байгааг ойлгох ухаангүй болтлоо согтуу байсан. Тэгэхээр нь г хохирогч оор харуулахад намайг оролдсон хүн мөн гэж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 27-28 дугаар хуудас),

 

- Гэрч Л.ийн: Манай хүү нь бүрэн дунд боловсролтой, 2023 оны 10 сард цэргийн алба хаагаад ирсэн, аав, ээжтэйгээ хамт мал малладаг, тогтой томоотой элдэв ааш зан байхгүй, эмээ, аав, ээж, дүү нартайгаа амьдардаг төвөл даруу хүүхэд байгаа юм. Найз нөхдийн хүрээлэл нь тогтоо томоотой найзуудтай. Архи дарс хэрэглээд байдаггүй. Элдэв муу ааш авиргүй хүүхэд.” гэх мэдүүлэг ( хэргийн 31-32 дугаар хуудас),

 

- Гэрч : Манай хүү төлөв даруу, архи тамхи хэрэглэдэггүй, тусч, найз нөхөд. болон гэр бүлийнхээ хүмүүстэй эвтэй, найзалж байгаа найз нөхөд нь манай гэрээр орж гардаг, эелдэг хүүхдүүдтэй найзалдаг, цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой, биеэ даасан, ажилтай, тусч хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг ( хэргийн 35-36 дугаар хуудас),

 

- 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн 2-8 дугаар хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн 7 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******гийн Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 59-60 дугаар хуудас)

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024.10.21-ний өдрийн 198 дугаар албан бичиг ( хэргийн 63 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч *******гийн Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэл, Гэрлэсний бүртгэлгүй, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд ( хэргийн 64-68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

2. Прокуророос шүүгдэгч *******д холбогдох дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох,

хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

  

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “ ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчимд Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлан, мөн биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “Зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, энэ хэрэг 5 удаагийн хурлаар орж байгаа тул гэм буруугийн талаар маргах зүйлгүй байна” гэх дүгнэлтийг  тус тус гарган мэтгэлцэв.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.

 

5. Шүүгдэгч *******гийн хувьд хохирогч ийн гэрийн хаалганы түгжээг эвдэн нэвтэрч, улмаар түүнийг түлхэж унаган, дээрээс дарж майкнаас зулгааж, хөхийг нь базаж, шоортыг тайлахаар оролдож хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох үйлдэл хийсэн боловч гэрт байсан хүүхэд сэрж уйлснаар түүнийг дээш өндийхөд нь хохирогч гар луу нь өшиглөн эсэргүүцэж салж, гэрээс зугтан гарснаар түүний дээрх үйлдэл төгсөөгүй байна.

 

Тодруулбал, тэрээр хохирогч ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох үйлдлийг хийх явцад түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хүүхэд сэрж уйлан, шүүгдэгчийг өндийхөд хохирогч түүнийг өшиглөж эсэргүүцэж гэрээс зугтан гарснаар тухайн гэмт үйлдэл зогсож, төгсөөгүй бөгөөд энэ тохиолдолд түүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “ оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан ” шууд санаатай үйлдлээр илэрнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Орон байр халдашгүй байна.”, 2-д “Орон байранд нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэжээ.

 

Тухайн гэмт хэрэг гарсан гэх Сүхбаатар аймгийн тоот дахь хохирогч ийн монгол гэр нь хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр бөгөөд  тэрээр тухайн гэрийн оршин суугч юм.

 

7. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

 

8. Хэргийн баримтаар шүүгдэгч *******гийн, хохирогч ийн гэрийн хаалгыг татаж цоожийг эвдэн, түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн уг гэрт түүнийг түлхэж унаган, дээрээс дарж майкнаас зулгааж, хөхийг нь базаж, шоортыг тайлахаар оролдож хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Шүүх шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу “ оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах, мөн хүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж болохгүйг ухамсарлаж мэдсээр байж бэлгийн харьцаанд орох зорилгоор оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний бэлгийн халдашгүй байдалд халдаж хор уршигт зориуд хүргэн, тухайн гэмт хэргүүдийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

10. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч ийн бэлгийн эрх чөлөө, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгч *******гийн гэм буруутай дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

2. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ы хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлүүдийг тус тусад нь оногдуулах” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс  “Улсын яллагчийн саналыг сонслоо. Шүүгдэгч ******* нь найзынхаа найранд ороод архи уусан. Өөрөө бол архи дарс уугаад байдаггүй гэж мэдүүлдэг. Гэвч найз нөхөдтэйгөө дарвиад архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас урд айлынхаа орон байр руу нэвтэрч хохирогч Үүрийнцолмонг хүчиндэхийг завдсан үйлдэл гаргасан байгаа. Хохирол төлбөрийг барагдуулж шинэ хаалга авч өгсөн. Хохирогч Улаанбаатар хотод амьдарч байгаа, хохирол байхгүй гэсэн байгаа. нь уг гэмт хэрэгт холбогдох үедээ эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 21 насанд хүрээгүй нийгмийн амьдралд дөнгөж хөл тавих насандаа байсан, ухаан санаа нь эрүүл боловч ухаан санаа нь бүрэн төлөвшөөгүй, ухамсарлах тал дээр учир дутагдалтай байсан гэдгийг хэлмээр байна. Өсвөр нас гэдгийг анагаахын болон хууль зүйн шинжлэх ухаанд бэлгийн сонирхол хүсэл тэмүүлэл үүсэж, сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн хүний байр сууринаас аливаад хандахыг эрмэлздэг. Хүүхэд нас бол орь залуу насны хоорондох үе гэж үздэг тул эрүүгийн хуульд тусгай бүлгээр хуульчилсан байдаг. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байгаа. Энэ зүйлчлэлд 3 санкци байдаг. Үүнд: Торгууль, албадан ажил хийлгэх, гадагш явж болохгүй хилийн хориг.

Шүүгдэгч ******* нь 91 настай эмээгээ асардаг. Эмээ нь явганаас ойчоод хөлөө хугалсан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах санкци байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар *******гийн хувийн байдал болон гэм буруугаа ухамсарлаж байгааг харгалзан хорих ял оногдуулахгүй үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-ын зохицуулалтай юм.

 

3. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ.

 

Шүүгдэгч *******гийн согтуурсан үеийн нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан, нөхцөл болсон, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр)  сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил  2 (хоёр)  сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 45  хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.

 

Бусад асуудлаар:

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.

 

 Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 99 хоног хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн 1 минут 13 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орлой овгийн ийн г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг  завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 45  хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ы цагдан хоригдсон нийт 99 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хэрэгт ирүүлсэн 1 минут 13 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, хохирогч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН