Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03649 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т газар т холбогдох,

 

Учирсан хохиролд 409 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь Т газар т холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол 324 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, нэмэгдүүлсэн. Д.Э нь Төрийн өмчийн хорооноос 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарласан дуудлага худалдаанд шалгарч Төрийн өмчийн хороотой байгуулсан 17/4-2014 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу 14 хоногийн дотор буюу 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 1 009 200 000 төгрөгийг Төрийн санд төлөх үүргээ биелүүлэхдээ 309 200 000 төгрөгийг өөрөө төлж, 700 000 000 төгрөгийг бусдаас зээлсэн. Н.Нацагдоржоос 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, Д.Ариунзаяагаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, Г.Батбаатараас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, Д.Энхээгээс 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 50 000 000 төгрөгийг 1,3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай тус тус зээлсэн. Эдгээр хүмүүсээс мөнгө зээлэхдээ шууд ажиллуулах боломжтой сувилал худалдан авч байгаа учир үйл ажиллагаа явуулан орлого олох боломжтой, мөн Н.Нацагдорж, Д.Э нартай эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлэгч нарт сувиллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэргээр зээлийн төлөлт саадгүй байх тооцоо судалгаа гарган дуудлага худалдаанд орох талаар материалыг тэдэнд танилцуулж, 700 000 000 төгрөгийг зээлж Төрийн өмчийн хорооны дансанд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 201 600 000 төгрөг, дуудлага худалдаанд шалгарсны дараагаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 807 600 000 төгрөг, нийт 1 009 200 000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Төрийн өмчийн хороо төлбөр төлмөгц 14 хоногийн дотор буюу 2015 оны  01 дүгээр сарын 15-ны дотор обьектыг хүлээлгэн өгөх, гэрээний үүргээ зөрчсөн. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын тухайн обьектыг хувьчлахгүй болсон гэх шийдвэрийг танилцуулж, авсан мөнгөө ч өгөхгүй, хувьчилсан хэрнээ хөрөнгөө ч өгөхгүй гэж тохиролцооноосоо буцсан. Ийм байдалтай 1 жил, 6 cap болсны дараа 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрээр Д.Эгийн мөнгийг буцаан олгосон. Төлбөрийг аваад 1 жил, 6 сарын хугацаа болгох эрх Төрийн өмчийн хороонд байхгүй. Үүнээс болж Д.Э төрөөс хөрөнгө аваагүй хэрнээ бусдад 1 жилийн болон хугацаа хэтэрсний хүү, алданги төлж хохирсон. Худалдах, худалдан авах гэрээний гол агуулга бол эд хөрөнгийг худалдах, харин худалдаагүй бол бусдын мөнгө, төлбөрийг өөртөө авах, байлгах эрх зүйн зохицуулалт хуульд огт тусгагдаагүй. Хэрэв төлбөрийг Засгийн газрын тогтоол гарсны дараа буцаан олгосон бол 2015 оны 2 дугаар сараас хойш 10 сарын зээлийн хүү төлөхгүй байсан, мөн хугацаа хэтэрсний хүү, алданги ч төлөхгүй. Иймээс энэ их хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн нь гагцхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хариуцлагагүй, санаатай гэм буруутай үйлдлээс болсон. Д.Э нь дээрх Төрийн өмчийн хорооны гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас Засгийн газрын тогтоол гарсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш мөнгийг буцааж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 25 хүртэл 15 сарын хугацаанд Н.Нацагдорж, Д.Ариунзаяа, Д.Энхээ, Г.Батбаатар нараас зээлсэн зээлийн гэрээний хүү 208 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 104 250 000 төгрөг, алдангид 225 000 000 төгрөг, нийт 534 500 000 төгрөгийн хүү, алдангийн төлбөр төлж хохирсон. Харин Засгийн газрын тогтоолоор хөрөнгөө өгөхгүй гэж шийдвэрлэсэн тэр даруйд мөнгийг буцаан төлсөн бол хүмүүсээс зээлсэн мөнгөө 2015 оны 2 дугаар сардаа буцаан өгч 2016 оны 5 дугаар сарыг дуустал энэ олон сарын хүү, алданги төлөхгүй байх байсан. Иймээс өмнө нь нэхэмжлэл гаргахдаа иргэн Н.Нацагдоржид төлсөн 273 000 000 төгрөг, Д.Ариунзаяад хугацаа хэтэрсний хүүнд төлсөн 13 500 000 төгрөг, мөн Г.Батбаатарт төлсөн 37 500 000 төгрөг, нийтдээ 324 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 187 500 000 төгрөг, 2016 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу мөнгөө буцаан авсан өдөр хүртэлх хугацааны хүү 73 000 000 төгрөг, нийт хүү 260 500 000 төгрөг болж байгаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө буцаан авсан даруй Н.Нацагдоржоос авсан үндсэн зээл 500 000 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү 155 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү 100 000 000 төгрөг, хүүнд нийт 255 000 000 төгрөг төлсөн. Одоо Н.Нацагдорж гуайн зээлийн хүүнд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 100 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид төлсөн 200 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийг, Д.Ариунзаяад 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хүү 32 400 000 төгрөг болсон ба уг мөнгийг cap бүр төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 13 500 000 төгрөг болсон. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 13 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Д.Ариунзаяагийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд төлсөн 40 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Г.Батбаатарт 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хүү 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 12 500 000 төгрөг болсон. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, нийт хүү 42 500 000 төгрөг, бүгд 92 500 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 38 000 000 төгрөг болсон хэдий ч талууд ярилцаад алдангийг 25 000 000 төгрөг болгосон ба уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. Г.Батбаатарт 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд төлсөн 37 500 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Д.Э нь өөрийн эгч Д.Энхээд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 6 500 000 төгрөг, нийт 56 500 000 төгрөгийг төлсөн. Иймд дээрх гэрээний улмаас учирсан хохирол болох нийт 409 500 000 төгрөгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эгийн гэрээний улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн тухайд болсон үйл баримттай маргахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төр хурах дахь амралтын газрыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Төрийн өмчийн хороо дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагч Д.Этай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Д.Э нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн. Гэрээний дагуу үнийн дүнг бүрэн төлж дууссанаас хойш 14 хоногийн дотор эд хөрөнгийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч тухайн үед Засгийн газрын бүтэн, бүрэлдэхүүн өөрчлөгдөж мөн түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга солигдсон. Шинээр бүрэлдсэн Засгийн газраас Төрийн өмчийн хороонд хөрөнгө хүлээлцэх ажлыг түр хойшлуулах чиглэл өгч байсны дагуу хөрөнгийг хугацаанд нь хүлээлцээгүй. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын хавсралтад заасан нээлттэй дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалтаас Төр хурахын амралтын газрын дуудлага худалдаатай холбоотой заалтыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Д.Э нь 2015 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2015 оны 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөнгийг буцаан өгөх эсэх асуудал ойлгомжгүй болж шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагатай болсон. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхиж, мөнгийг нь буцаан өгөх үүргийг Төрийн өмчийн хороо хүлээсэн боловч уг байгууллага тухайн үед татан буугдаж чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн. Сангийн яам 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд төлсөн 1 009 200 000 төгрөгийг Д.Эд буцаан өгсөн. Д.Э нь 2017 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний улмаас учирсан хохирол 635 000 000 төгрөг нэхэмжилснийг тус шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр 207 255 324 төгрөгөөр хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар магадлалаар 153 000 000 төгрөг болгон бууруулж шийдвэрлэснийг Хууль зүйн сайдын 2017 оны төсвийн багцаас төлж барагдуулсан. Д.Эгийн гэрээний улмаас учирсан хохирол барагдуулах нэхэмжлэлийг өмнө нь шүүх дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Т газар т холбогдох гэрээний улмаас учирсан хохирол 409 500 000 төгрөг гаргуулах тухай Д.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 363 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                    

Нэхэмжлэгч Б.Бямбажаргал, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, Д.Э нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн өмчийн хорооноос зарласан нээлттэй дуудлага худалдаанд оролцон шалгарч Төрийн өмчийн хороотой 17/4-2014 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Төр иргэнээс мөнгийг нь аваад таг чиг 2 cap болсны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 24-нд Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолыг танилцуулсан. Төрийн өмчийн хороо нь хөрөнгөө зарна гэж олон нийтэд зарлан, дуудлага худалдаа зохион байгуулж, гэрээ байгуулан, иргэн гэрээний үүргээ биелүүлсний дараа хөрөнгөө шилжүүлэхгүй байх боломжгүй болсон юм бол мөнгийг нь буцааж өгөхгүй нэг жил 6 cap гаруй хугацаа болгох эрхгүй болохыг шүүх дүгнэж чадалгүй, хариуцагч этгээд нь Засгийн газар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Э нь төрд итгэн хамаг мөнгөө шавхан өгсөн боловч Төрийн өмчийн хорооны буруутай үйл ажиллагааны улмаас хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй болж хохироод зогсохгүй, дээрээс нь дуудлага худалдааны үнийг төлөх зориулалтаар бусдаас зээлсэн мөнгөний хүү, алдангийн төлбөр, эд хөрөнгө, цаг хугацаа, ажил төрөл, сэтгэл санаагаар маш ихээр хохирсон байдаг. Аливаа хохирол гэдэг нь тодорхой этгээдийн хөрөнгө байх ёстойгоос багассан байхыг хэлдэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мөнгийг буцааж өгөөгүй саатуулсан хууль бус эс үйлдэхүйн улмаас Д.Э нь бодитоор 574 900 000 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэхүү хүү, алдангийг төлөх болсон буруутан нь яах аргагүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж үзэж байна. Учир нь, хэрэв ТӨБЗГ /хуучнаар ТӨХ/ нь Д.Эд тэр даруйд мөнгийг нь буцааж өгсөн бол зээлсэн мөнгийг зохих хүүгийн хамтаар төлөх боломжтой байсан, нэг жил дотор төлсөн бол гэрээний үүргээ ямар нэг зөрчилгүй биелүүлж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи 5 cap гаруйн хүү, алдангийг төлөхгүй байх бүрэн боломжтой байсан. Д.Э нь өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00629 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар магадлалаар "Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, ...өрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.3-т зааснаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ТӨБЗГ нь уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах маргаанд хариуцагчаар оролцох этгээд мөн байна, харин нэхэмжлэгч төлбөрөө төлснөөс хойш 16 cap 25 хоногийн дараа мөнгийг буцаан олгосон нь хариуцагчаас шалтгаалсан байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 37 дугаар тогтоол гарснаас хойш төлбөрийг буцаан олгоогүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болжээ. Иймд мөнгийг буцаан олгоогүйгээс нэхэмжлэгч нь бусдаас авсан зээлийг хугацаанд төлөх боломжгүй болж алданги төлсөн байх тул хариуцагчийн гэм буруугаас хохирол учирсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл алданги төлнө гэснийг хохирол учирсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Д.Э нь зээлдэгч Н.Нацагдоржтой 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг сувилал худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон, уг зээлийн хүүд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 153 000 000 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордероор тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна" гэж дүгнэж тухайн үед төлбөрийн хэсгээс төлсөн байсан иргэн н.Нацагдоржийн хүүнд төлсөн төлбөрийг л гаргуулахаар шийдвэрлэсэн. Бусад этгээдийн төлбөрийг тухайн үед хараахан төлж чадаагүй байсан учраас төлбөр хийсэн этгээдийн хувьд хангаж, бусдыг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Ингээд бусад зээлдэгч нарт төлөөгүй байсан зээлийн хүү, алдангийг тус шүүхийн шийдвэр гарснаас хойш төлж барагдуулан, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба өмнө шийдвэрлэж байсан үйл баримт өөрчлөгдсөн болохыг шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй болно. Өмнөх шийдвэр гарах үед нэхэмжлэгчид Н.Нацагдоржид төлсөн төлбөрөөс өөр хохирол гараагүй болохыг шүүх дүгнэж, шийдвэрлэсэн. Харин одоогийн энэ нэхэмжлэл гаргах болсон үйл баримт бол бүхий л төлбөрийг төлснөөр Д.Э нь 409 500 000 төгрөгөөр хохирсон явдал байгааг ялгамжтай байдлаар авч үзэх ёстой байсан. Өмнөх шүүхээс хэлэлцэгдсэн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримт өөр хоорондоо цаг хугацаа, үр дагавар, нотлох баримтын хувьд өөрчлөгдсөн буюу өөр нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэмээн үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Т газар т холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 409 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч өмнө нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудал тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо "Төр хурах" дахь амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулснаар мөн өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үүрэгт миний бие 1 009 200 000 төгрөгийг төлсөн. Гэтэл Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 тоот тогтоол гарснаар “Төр хурах” дахь амралтын газрыг худалдах жагсаалтаас хассан. Т газар  нь гэрээний үүрэгт төлсөн 1 009 200 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч миний бие амралтын газрыг худалдан авахаар бусдаас мөнгө зээлсэн бөгөөд Н.Нацагдортой 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү 100 000 000 төгрөг, алданги 200 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөг, Д.Ариунзаяатай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүү 40 500 000 төгрөг, н.Батбаатартай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүү 37 500 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөг, Д.Энхээтэй 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, хүү 6 500 000 төгрөгийг тус тус төлж, нийт 409 500 000 төгрөгийн хохирол учирсан” гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Т газар т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохиролд бусдаас авсан зээлийн хүү, алдангид 579 450 000 төгрөг, олох байсан орлогод 54 754 166 төгрөг, нийт 634 204 166 төгрөг гаргуулах тухай нэхэмжилж, улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 629 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 207 255 324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 426 948 842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 77-81/

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь зээлдэгч Н.Нацагдоржид 500 000 000 төгрөгийн зээлийн алдангид 153 000 000 төгрөг төлсөн болох нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орлогын ордероор нотлогдож байна. Харин Д.Энхээ, Д.Ариунзаяа нарт зээлийн алданги төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн Г.Батбаатараас зээл авсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй. Мөн Г.Батбаатарт алданги төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. ...Нэхэмжлэгч нь 54 255 324 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн эдгээрийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 207 255 324 төгрөг /54 255 324+153 000 000/ төгрөг гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...207 255 324 төгрөг...” гэснийг “153 000 000 төгрөг” гэж өөрчилсөн байх ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 82-86/

 

Нэхэмжлэгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд нэр бүхий 4 иргэнээс зээлсэн мөнгөний хүү, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны зүйл нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэгдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлүүд тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай бөгөөд дээрх нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т газар т холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 409 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 205 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН