Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/03588

 

 

 

 

 

2023 11 13

181/ШШ2023/03588

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,491,525.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.У нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.У д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 8,491,525.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, мөнгөн төлбөр гаргуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Зээлдэгч Б.У нь Т тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр МN350034102600505453 тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн бэлэн зарцуулалтын хүү 36 хувийн хүүтэй, бэлэн бус зарцуулалтын хүү 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан.

Кредит карт эзэмших гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Б.Уянгын Т дахь МN350034102600505453 тоот Алтан кредит картын дансанд 5,000,000 төгрөгийн зээлийг төлбөр тооцоо гүйцэтгэх, зарцуулалт хийх лимитийг нээж бодитоор бүрэн олгосон.

Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, хангай 7 дугаар байр 236 тоотод байрлалтай гэрийн эд хогшил, цахилгаан барааг барьцаалсан байна.

Кредит карт эзэмших МN50034102600505453 тоот гэрээний эргэн төлөлтийн хувиарийн дагуу ашигласан зээлийн дүнгээс 10 хувийг ашигласан дүнгээс бодогдсон хүүгийн хамт нэхэмжлэл илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж 1266 хоног хугацаа хэтрэн зээлийн эргэн төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч Т ХК-д хохирол учруулж байна.

Зээлдэгч нь кредит зарт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нийт өр бэлнээр зарцуулсан 3,059,500 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 1,935,844.26 төгрөг, хүү хуримтлалаар зарцуулсан 3,209,467.87 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 271,663.47 төгрөг, бусад шимтгэл 4,050 төгрөг, нийт 8,480,525.60 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр, нотариатын зардал болох 11,000 төгрөг, нийт 8,491,525.60 төгрөгийг зээлдэгчээс нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...кредит карт авч, зээлийн мөнгийг ашигласан нь үнэн. Гэхдээ Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон өөрийн эрүүл мэндийн байдлын талаар зээлийн эдийн засагчид мэдэгдэж байсан. 2021 онд зээлийн төлбөрийг сар болгон 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар график байгуулан тохиролцохыг хүсэхэд банк хүлээж аваагүй. Одоогоор надад шууд гаргаад төлөх мөнгө алга. Иймээс зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг багасгаж өгөхийг хүсье. ... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, Б.М, Б.А, Б.Б нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.У тай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102600505453 дугаар Кредит карт эзэмших гэрээ /хавсралтын хамт/, кредит картын өргөдөл, судалгааны маягт, зээлдэгчийн анкет, оршин суугаа хаягийн тодорхойлолт, кредит болон харилцах дансны хуулга /2018.09.14-2023.11.13/, зээлийн дансны үлдэгдлийн баталгаа /2020.10.08, 2021.11.30/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /2022.02.21/, зээлдэгчийн гаргасан хүсэлт /2021.12.28/ зэргийн хуулбар, хувилсан хувиуд /хх 3-46, 66-71/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн болон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.У д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 8,491,525.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, мөнгөн төлбөр гаргуулах шаардлагаа дэмжсэн.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг багасгаж өгөхийг хүссэн.

3. Шүүх нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийн заримыг хангаж шийдвэрлэв.

4. Т ХК /цаашид зээлдүүлэгч гэх/ нь Б.У /цаашид зээлдэгч гэх/-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 102600505453 дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь хэрэглээний зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээлийн лимит бүхий картыг 2 жилийн хугацаатай, жилийн бэлэн зарцуулалтын 36 хувийн хүүтэй, бэлэн бус зарцуулалтын 24 хувийн хүүтэй, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл ашигласан дүнгийн 2 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь байхаар тохирч олгох, карт эзэмшигч буюу зээлдэгч нь төлбөрийн нэхэмжлэх ирсэн өдрөөс хойш тухайн сарын 15-ны өдрийн дотор ашигласан зээлийн дүнгийн 10 хувь, түүнээс дээш төлбөрийг хүү, шимтгэлийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. гэж тус тус заасан бөгөөд карт эзэмшигч нь банктай байгуулсан гэрээний үндсэн дээр зээлийн данснаас тодорхой дүнгээр зарлага хийх байдлаар авч ашиглан, эргэн төлөлт хийж байсан талаараа тайлбарласан.

 

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

  5. Хариуцагч нь бэлнээр зарцуулсан 3,059,500 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 1,935,844.26 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 271,633.47 төгрөг, бусад шимтгэл 4,050 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин хүүгийн хуримтлал 3,209,467.87 төгрөгийн хэмжээг эс зөвшөөрч, багасгахыг хүссэн тул шүүх энэ асуудлын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...зээлдэгч 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гэрээний үүргээ үл биелүүлж, 1266 хоног хугацаа хэтэрсэн... хэмээн тайлбарладаг.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай хэдий ч зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд дан ганц түүний буруугаас болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчээс өөрийн санаачилгаар гэрээг цуцлах, эсхүл тогтоосон хугацаа өнгөрмөгц зээлийг гэрээнд заасан журмын дагуу зээлдэгчдээс шаардах тодорхой арга хэмжээг аваагүй, шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас зээлийн хүүгийн хэмжээ 3,209,467.87 төгрөг буюу ашигласан зээлийн үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээнд хүртлээ нэмэгджээ.

 

Шүүх энэхүү нөхцөл байдлыг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгчид мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах. зохицуулалтад хамаатуулах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг шаардах эрхээ алдсан гэж үзлээ.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.У ас үндсэн зээлийн үлдэгдэл 4,995,344.26 /3,059,500+1,935,844.26/ төгрөг, үндсэн хүү 1,514,730.95 төгрөг, шимтгэл 275,683.47 /271,633.47+4,050/ нотариатын зардал 11,000 төгрөг нийт 6,796,788.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,694,736.92 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.У ас 6,796,788.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,694,736.92 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,698.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН