Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01719

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01719

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч.Э

 

Хариуцагч: Б.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: 23,799,000 төгрөг гаргуулах;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 30,613,421 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Э

Хариуцагч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие Ч.Э нь 2019 оны 10 дугаар сараас хариуцагч Б.У-ийн байрыг түрээсэлж эхэлсэн. Улмаар надад байр худалдаж авах хэрэг байсан болохоор 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.У-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болж бид дараах зүйлсийг тохиролцсон. Үүнд:

а/ Баянгол дүүрэгт байх байрны 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны үнийг 70,000,000 төгрөг байна.

б/ Урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлнө.

в/ Үлдэх төлбөрийг би банкнаас орон сууцны зээл авч Б.У-т төлнө. Ийнхүү төлж дуусгаснаар өмчлөх эрхийн гэрчилгээг Б.У нь Ч.Э-т шилжүүлнэ. Ингээд би Б.Ут урьдчилгаа 20,000,000 төгрөг бүрдүүлж мөнгийг шилжүүлсэн. Би орон сууцны зээлд хамрагдахаар хөөцөлдсөн боловч миний нэр дээр зээл гарах боломжгүй болсон. Миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул Б.У нь өөрийнхөө нэр дээр Хаан банкнаас 56,000,000 төгрөгийн зээлийг авсан. Би уг зээлийг сар бүр төлөөд дуусахаар байрны өмчлөлийг шилжүүлэн авахаар болсон. Ингээд би 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 18,499,000 төгрөгийг Хаан банкинд хариуцагчийн өмнөөс зээлийг төлөөд явж байсан. Гэвч хил, гааль хаалттай, ковид вирусээс болж бүх юм хоригт орсон, зээл хөөцөлдөхөд зээл гарах боломж банкуудад хаалттай байсан учир уг зээлийг цаашид төлөх боломжгүй болж буцаахаар хариуцагчтай ярьсан. Уг нь би зээлийг төлөөд байрыг авах хүсэлтэй байсан ч хариуцагч нь ...зээлийг удаалаа, энэ хооронд байрны үнэ өслөө, нөхөр дургуйцаад байна гээд байсан учир би 2022 оны 8 дугаар сараас зээлийг төлөхөө больсон. Байрыг авахаа больсноос хойш хариуцагч надад урьдчилгаа 20,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг увуулж цувуулан буцааж өгсөн ч үлдэх мөнгийг өгөхгүй байгаа тул би шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ Б.У-т байрны урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг буцаан авна.

2/ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хаан банкинд төлсөн 18,499,000 төгрөгийг нэхэмжилнэ.

3/ Анх байрыг хүлээж авахад нэг стейнк буюу тавилга байсан. Уг тавилгыг би хариуцагчаас 650,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 300,000 төгрөг төлсөн. Байрнаас гарахдаа уг тавилгыг нь үлдээсэн учир 300,000 төгрөгийг гаргуулна. Нийт 23,799,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа 25,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргаж, буруу бичсэн байсан, одоо бол 23,799,000 төгрөгийн шаардлагаа дэмжиж оролцоно. Нэгэнт хариуцагчийн орон сууцыг худалдан авахаа больсон учир төлсөн мөнгөө л авмаар байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Э нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Ингэхдээ бид 2 өрөө орон сууцны үнийг 70,000,000 төгрөг байхаар, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлөхөөр, үлдэх төлбөрийг нэхэмжлэгч тэр жилдээ буюу 2020 онд багтаан банкнаас орон сууцны зээл авч төлөхөөр тохиролцсон. Гэтэл Ч.Э урьдчилгаа болох 20,000,000 төгрөгөө ч хугацаандаа өгөөгүй, увуулж, цувуулж төлөн анхнаасаа л гэрээгээ зөрчөөд эхэлсэн. Нэхэмжлэгч үлдэгдэл мөнгөө төлөхөөр орон сууцны зээл хөөцөлдсөн ч тэр нь бүтээгүй. Түүний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул би өөрийнхөө нэр дээр Хаан банкнаас 56,000,000 төгрөгийн зээлийг авсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 18,499,000 төгрөгийг төлсөн. Ингээд зээл нь бүтэхгүй, мөнгөө төлж чадахгүй байсан мөртлөө тэрээр шүүхэд хандсан. Үүнийг би Ч.Э нь анхнаасаа миний байранд үнэгүй суух арга зохиож байсан гэж үзэж байна. Би хоёр өрөө байрандаа энэ хүнийг 2 жил 5 сар суулгасан, тэрээр миний байранд үнэгүй сууж дээр нь байрыг бохирдуулсан. Мөн, ус, дулаан, СӨХ-ны төлбөрөө ч бүрэн төлөөгүй. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилгаа гэх 20,000,000 төгрөгийг би түүнд буцаан төлсөн. Нэхэмжлэгч байрыг хүлээж авахдаа надаас гуйгаад байхаар нь би байранд байсан тавилгыг зарсан. Түүний нэхэмжлээд байгаа тавилганы 300,000 төгрөгийг нь буцаагаад өгч болно. Ер нь бол шүүх, хуулийн байгууллагаар нэхэмжлэгчтэй маргалдаад явах сонирхолгүй байгаа тул 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөд салмаар байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ч.Э-т холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие Ч.Э-ийг 28 сар байрандаа үнэгүй суулгана гэж байхгүй. Миний байрыг худалдаж авна гэж хуурч суугаад ямар ч түрээс, урсгал зардалгүй суух учиргүй тул хариуцлагыг нь хүлээлгэх хүсэлтэй байна. Ингээд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1/2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 9,600,000 төгрөг /1 сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг х 12 сар/ гаргуулна.

2/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг /1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 х 12 сар/ гаргуулна.

3/ 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг /нэг сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг х 4 сар/ гаргуулна. Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороололд байдаг байрнуудын түрээс 2020-2021 онуудад 800,000 төгрөг, 2021-2022 онуудад 1,000,000 төгрөг байсан. Ийм учраас би энэ жишгээр түрээсийн төлбөрөө тооцсон.

4/ Орон сууцыг буцаан засварлахад гарах зардал 4,500,000 төгрөг гаргуулна. Учир нь байрны обой, эмульс, ойр зуурын сангийн хэрэгсэл, будаг, кноп, замаск, мөн цэвэрлэгээ хийлгэсний хөлс, мөн засвар хийлгэсний зардал нь нийлээд 4,500,000 төгрөг болсон.

5/ СӨХ, байр, дулааны төлбөр 513,421 төгрөгийг гаргуулна. Ингээд нийт 30,613,421 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ хүнийг надаар ингэж 3 жил тоглоогүй бол байраа зарах буюу түрээслээд хэл амгүй учраа олох байсан гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нийт 28 сарын хугацаанд маргаан бүхий байранд суусан. Энэ хугацаанд 2020-2021 онд ковид вирусээс болж хүнд хэцүү үед байгаа бүх бараа бүтээгдэхүүнээ борлуулж байж хариуцагчийн данс руу 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг хийсэн. Энэ мөнгө Б.Уийн бизнес, бараа бүтээгдэхүүнээ авахад нь тодорхой хэмжээнд хэрэг болсон. Б.У нь анх байраа 70,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгөөд, үлдэх 50,000,000 төгрөгийг зээл авч төлөх байсан юм. Миний нэрээр зээл гарах боломжгүй, эргэлзээтэй, зээлтэй байсан болохоор, түүний нэр дээр зээлийг авч би төлөхөөр тохирсон. Гэтэл яг зээл гарах үед 6,000,000 төгрөгийг нэмж гаргасан байсан. Үүнээс болж надад их зардал гарсан. Гэр хорооллоос бүх юмаа аваад нүүж ирсэн, дээрээс нь 20,000,000 төгрөг өгсөн болохоор байрыг авахаар болсон. Одоо надад харамсалтай байна. Хүний зээлийг 13 сар төлж, энэ хугацаанд өрх толгойлсон эмэгтэй хүүхдийнхээ тэтгэмжийг хүртэл байрныхаа зээлэнд төлдөг байсан. Одоо төлсөн мөнгөө буцааж авахыг хүсэж байгаа. Тухайн байрны засварын хувьд анх ороход засвар хийсэн шинэ байр байгаагүй. Тэнд байх хугацаанд 3 хүн байдаг байсан ба 2 хүн нь хоногоор ажилладаг. Манайд гадны хүн бараг суудаггүй, эвдрэл, хэмхэрсэн зүйл ер гараагүй. Шал нь зураас гараагүй байсан. Харин биднийг ороод 11 сар болоход өвөл паар халахгүй нэр сарын хугацаанд хүйтэн байшинд байсан. Аргагүйн эрхэнд паар нэмж тавиулсан. Ус их алддаг, байнга дуудлага өгч байсан. Сан, дулааны мөнгөө өөрөө авчихаад цаашаа өгөөгүй байсан. Дахин хэлэхэд ковидтой хүнд хэцүү үед байртай болох гэх хүсэлт дээр минь хэдэн төгрөг авчихаад орон гэргүй 1 хүнд ч гэсэн тус болох миний өөрийн гаргасан шийдвэр энэ тэр гэж миний сэтгэл санаагаар минь тоглож, дараа нь байрны үнэ өслөө гэр орондоо багтахгүй нөхөр хүүхэд уурлаад байна гэх зэргээр миний байр гэж дур зоргоороо ирж, аашилж хүнд байдалд оруулж байсан. Өрх толгойлсон ганц бие хүнээр тоглосон, орох оронгүй болж байгаа мөнгөө өгөөд авахыг хүсч байсан энэ байдлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Байрны түрээс тэр хавьд нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 1,000,000 төгрөг ч байгаагүй. Тэр хавийн байрнуудын түрээс 700,000 төгрөг л байсан. Энэ тал дээр маргахгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, зээлийн гэрээний хуулбар /хх 5-7/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, Голомт банкны дансны хуулга /хх 55-56/, Хаан банкны дансны хуулга /хх 57-71, 108-125/.

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Төрийн банкны нэхэмжлэх /хх 25/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх 26-35/, Хаан банкны дансны хуулга /хх 81-92/, фото зураг /хх 93-100/.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

1. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ч.Э нь хариуцагч Б.У-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон ба талууд дараах зүйлсийг харилцан тохирсон талаар маргаангүй байна. Үүнд:

а/ Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны үнийг 70,000,000 төгрөг байна.

б/ Урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлнө.

в/ Үлдэх төлбөрийг Ч.Э нь банкнаас орон сууцны зээл авч Б.Ут төлнө. Ийнхүү төлж дуусгаснаар өмчлөх эрхийн гэрчилгээг Б.У нь Ч.Эт шилжүүлнэ.

2. Ч.Э нь Б.Ут урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлсөн.

3. ...Ч.Эийн нэр дээр орон сууцны зээл гарах боломжгүй болсон гэх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.У нь Хаан банкнаас 56,000,000 төгрөгийн зээлийг авсан ба уг зээлийг Ч.Э төлж дуусгаснаар байрны өмчлөлийг шилжүүлэн авахаар талууд тохирсон.

4. Ч.Э нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 18,499,000 төгрөгийг Хаан банкинд төлсөн.

5. Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ч.Э хариуцагч Б.У-т холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ Б.Ут байрны урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөг /15,000,000 төгрөгийг Б.У-ээс буцаан авсан/;

2/ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 18,499,000 төгрөг;

3/ Тавилганы төлбөрт төлсөн 300,000 төгрөг, нийт 23,799,000 төгрөг. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...байрыг нь худалдаж авахаа больсон учир төлсөн мөнгөө буцаан гаргуулна, ...би анх нэхэмжлэл гаргахдаа 25,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргаж, буруу бичсэн байна. Шүүх хуралдаанд 23,799,000 төгрөгийн шаардлагаа дэмжиж оролцоно гэж тайлбарласан.

Хариуцагч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа ...Ч.Э нь анхнаасаа миний байранд үнэгүй суух арга зохиож байсан байна. Тэрээр миний байранд 2 жил 5 сар үнэгүй суусан, дээр нь шинэ байрыг муухай эдэлж, хэрэглэсэн, ...ус, дулаан, СӨХ-ны төлбөрийг ч төлөөгүй гэж тайлбарласан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Эт холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

1/ 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 9,600,000 төгрөг /1 сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг х 12 сар/;

2/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг /1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 х 12 сар/;

3/ 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг /нэг сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг х 4 сар/;

4/ Орон сууцыг буцаан засварлахад гарах зардал 4,500,000 төгрөг;

5/ СӨХ, байр, дулааны төлбөр 513,421 төгрөг, нийт 30,613,421 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцох замаар дараах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хариуцагч Б.У-ээс 23,799,000 төгрөг гаргуулах шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээг цуцалж, түүнд өгсөн мөнгөө буцаан авахаар шүүхэд хандсан гэж үзэхээр бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн буруугаас гэрээ дуусгавар болсон учир өөрт учирсан хохирлыг гаргуулах агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн ...би ...үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөхөөр зээл хөөцөлдсөн боловч миний нэр дээр зээл гараагүй, ...ийм учраас хариуцагчаар зээл авахуулж, уг зээлийг төлж байсан гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хариуцагч Б.У-ийн буруугаас бус эсрэгээрээ нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалан дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б.У-т 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн ...Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороололд байдаг байрнуудын түрээс 2020-2021 онуудад 800,000 төгрөг, 2021-2022 онуудад 1,000,000 төгрөг байсан. Ийм учраас би энэ жишгээр түрээсийн төлбөрөө тооцсон гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс ...тэр хавьд байх байрнуудын түрээс 700,000 төгрөг байсан тал дээр маргахгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгснийг үндэслэн түрээсийн төлбөр /гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол/-ийг 19,600,000 төгрөгөөр тогтоох боломжтой гэж шүүхээс үзэв /28 сар х 700,000 төгрөг/.

 

Мөн нэхэмжлэгчийн ...СӨХ, байр, дулааны төлбөр 513,421 төгрөгийг нь төлж болно гэсэн тайлбарыг үндэслэн энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хангана.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ...орон сууцыг буцаан засварлахад гарах зардал 4,500,000 төгрөг-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хариуцагч энэ талаар гаргасан шаардлагаа баримтаар нотлоогүй, шүүхэд ямар нэг хүсэлтийг гаргаагүй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.Э-ээс 20,113,421 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэлийн шаардагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаанд 20,000,000 төгрөг, Хаан банкны зээлд 18,499,000 төгрөг, нийт 38,499,000 төгрөг төлсөн байна. Үүнээс хариуцагч Б.У нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Харин хариуцагч ...би урьдчилгаанд авсан 20,000,000 төгрөгийг нь бүгдийг нь буцаан төлсөн, ...үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. Мөн хариуцагч ...тавилганы 300,000 төгрөгийг буцаан төлж болно гэсэн тайлбарыг гаргасан.

 

Ийнхүү тооцоход нэхэмжлэгч Ч.Э-ийн хариуцагчаас буцаан шаардах боломжтой мөнгө нь 3,685,579 төгрөг байна /18,499,000 төгрөг +5,000,000 төгрөг+300,000 төгрөг = 23,799,000 төгрөг. 23,799,000 төгрөг 19,600,000 төгрөг 513,421 төгрөг = 3,685,579 төгрөг/.

 

Гэхдээ хариуцагч ...би нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг төлөөд энэ маргааныг дуусгамаар байна гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Уээс 5,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 311,017 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уээс 276,945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт, нэхэмжлэгч Ч.Эээс 251,945 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Ут олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-ээс 23,799,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-т олгосугай.

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ээс 18,799,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Ут олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,814,421 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 311,017 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-ээс 276,945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт, нэхэмжлэгч Ч.Эээс 251,945 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Ут олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ