Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01769

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01769

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд оршин байх, Т ХХК

 

Хариуцагч: Э 

 

Хариуцагч: Ц.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: 21,447,142.27 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.Э, Ц.М нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Хариуцагч Э.Э, Ц.М нар нь Т ны Сонгинохайрхан дүүрэг салбараас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/176 тоот гэрээгээр 18,300,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч Э.Э болон хамтран зээлдэгч Ц.М нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал зээлдэгч Э.Э, хамтран зээлдэгч Ц.М нар нь дээрх 18/176 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ эргүүлэн төлөөгүй 835 хоног хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Зээлдэгч Э.Э, Ц.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайсхийж байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү 21,431,642.27 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 21,447,142.27 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие Э.Э-ыг батлан даасан боловч тухайн цалингийн зээлээс мөнгө авч хэрэглээгүй. Миний дансаар орсон гарсан хуулга байхгүй. Э.Этой ярих бүрт өөрөө төлнө санаа зоволтгүй гэдэг байсан. Энэ хүнээс болж олон жил данс хаагдаж хэцүү байсан. Одоо зээлийг нь өөрөөр нь төлүүлж батлан даагчаас татгалзаж дансаа нээлгэх хүсэлтэй байна. Тухайн үед Э.Этой хамтран амьдарч байсан учраас батлан даасан. Бидний дундаас охинтой болсон боловч өдий 7 жилийн хугацаанд охиндоо 100 төгрөгч өгч байгаагүй. Дээрээс нь энэ өр зээлээс болж дансаа хаалгаад надад маш их дараа болж байна. Тийм учраас энэ зээлээс миний батлан даалтыг болиулж өгнө үү. Энэ зээлийг би төлөх ёсгүй. Тны Э.Эын цалингийн зээлйг Э.Э бүрэн хариуцаж төлнө гэжээ.

 

3. Хариуцагч Э.Э-оос хариу тайлбар гаргаж өгөөгүй.

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 4-5/, мемориалын баримт /хх 6/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №18/176 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар /хх 7-10/, зээлийн дансны хуулга /хх 11-14/, зээлийн тооцоолол /хх 16-19/, Э.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20/, Ц.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 21/, мэдэгдэл /хх 22/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 2018 оны 10 дугаар сарын 04-ний 3019 тоот тодорхойлолтын хуулбар /хх 23/.

 

5. Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК болон Э.Э, Ц.М нар №18/176 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Э.Э, Ц.М нар Т ХХК-иас 18,300,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 14.40 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Т ХХК нь хариуцагч Э.Э, Ц.М нарт холбогдуулж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №18/176 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 21,447,142.27 төгрөгийг шаардан шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 835 хоног хугацаа хэтрүүлсэн, ...зээл төлөхөөс зайлсхийсэн гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.

 

2. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

3. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

4. Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

5. Нэхэмжлэгчийн ...хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ...гэрээний үүргээ зөрчсөн гэх тайлбарыг хариуцагч нарын зүгээс ямар байдлаар эсэргүүцээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.

 

6. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Хариуцагч нарын зүгээс зээлийг хүлээн авсан тал дээр маргаагүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 21,431,642.27 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

8. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 15,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

9. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,108.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 265,108.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Э, Ц.М нараас 21,447,142.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,108.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Ц.М нараас 265,108.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ