Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

                                                                                                        

Д.Саруул-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ,

Түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Э.Ганбат нар

Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолтой Д.Саруул-Эрдэнэд холбогдох 2115000000006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дашдаваагийн Саруул-Эрдэнэ /рд: ФД********/, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний **** дугаар ангийн малын суурийн нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Б сум, О баг, *-**-** тоотод оршин суух хаягтай. Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчим Булган аймгийн О сумын ** дугаар багийн нутаг “Зүйлийн эх” гэх газарт Ц.Ундрах-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь сүхээр /зэвсэг/ цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч Боржигон овогт Дашдаваагийн Саруул-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Энэ хэрэгт шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, модон ишний урт 62.5 см, ажлын хэсгийн урт 18 см сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Ганбат нар давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 28-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн өмгөөлөгч Э. Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Үндэслэл:

1. Д.Саруул-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн толгойн КТГ-ийн шинжилгээний зураг зэрэг нотлох баримтаар ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүнд хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн байхад шүүх ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай шийдвэрлээгүй болно.

Хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн толгойн оройн ар хэсэгт “сүх”-ээр урдаас нь цохиогүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. Үүнд:

Хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн: ...Би Саруул-Эрдэнэ ахын хамт байшингаас гарсан... тампараар түрүүлээд Саруул-Эрдэнэ ах гарах шиг болсон, тэгээд би нэг мэдсэн газарт гадаа сэрсэн, юу болсныг мэдэхгүй, сүхээр цохисныг би өөрөө мэдэхгүй гэх мэдүүлэг (хх-16х);

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд (хх-Зх):... Ундрах-Эрдэнийн хэвтэж байсан гэх газрыг заасан ба үүдний хөл арчдаг резинэн шалавчны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хөлдсөн байв...;

Хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлбэрт (хх-6х):

Зураг №8:... Ундрах-Эрдэнийн хэвтэж байсан гэх газар нь байшингийн хаалганы урд хэсэгт байх цементен довжоо, түүнтэй залгаа паар (радиатор) түүний зүүн хэсэгт залгуулж тавьж дэвссэн резинэн дэвсгэр (Паар-резинэн дэвсгэртэй нийлсэн хэсэгт цус мэт бохирдолттой) байсан нь тод бэхжүүлэгдсэн харагдана;

Хохирогч Ундрах-Эрдэнийн мэдүүлэгт (хх-13х): ... Саруул-Эрдэнэ ах үүдний амбаараас гарч байхад өөдөөс (урдаас гэж ойлгогдохоор хэлсэн) нэг юм ирээд толгойруу цохьсон санагдана... гэх мэдүүлэг;

Гэрч Сарантуяагийн мэдүүлэг (хх-22х): ...Отгонбаяр “Саруул-Эрдэнийг чи яаж байгаа юм бэ?” гээд зогсож байсан, газарт ямар нэг багаж зэвсэг байсан эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг;

Гэрч Отгонбаярын мэдүүлэг (хх-24х): ... унасан гэх газарт нь хөл арчдаг резин, паар зэрэг байдаг гэх мэдүүлэг;

Гэрч Амгаланбаярын мэдүүлэг (хх-29х): ... 2020 оны 12-р сарын 03-ны орой байшингийн хойно идэш хийсэн газарт сүх байхыг харсан. (Сүх үүдэнд байгаагүйг гэрчилсэн);

Гэрч Эрдэнэбатын мэдүүлэг (хх-46х): ... хамгийн сүүлд сүх адуу гаргасан газар байхыг харсан ... (үүдэнд сүх байгаагүйг гэрчилсэн);

ШШАлбаны 352 дугаартай дүгнэлтэнд: ... КТГ-д: Зүүн зулай яс дотогш цөмөрч хугарсан. ... толгойн зүүн оройд хөндлөн язарсан шархтай, баруун дух овойж хавдсан, баруун нүдний зовхинд 2x1.5 см хүрэнтэж цус хурсан;

Шинжээч эмч Буянзаяагийн тайлбар мэдүүлэгт (хх-61х): ... 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүснэ. (толгойн ясны гэмтэл нь гэж ойлгогдох) Харин дух баруун нүдний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ (бас нэг өөр үйлчлэл гэж ойлгогдоно);

Өвчний түүхэнд (хх-109-121х): ... толгойн зүүн оройд хөндлөн язарсан шархтай, ясны ирмэг мэдэгдэнэ, баруун дух овойж хавдсан...;

Шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгүүдээс (тэмдэглэлд тусгагдсан):

Хохирогч Ундрах-Эрдэнэ:... толгойн урдаас цохих шиг болсон, тэгээд ухаан алдсан.

Гэрч Отгонбаяр: ... Би Саруул-Эрдэнийн араас гарсан. Ундрах-Эрдэнийг довжооноос (паар бүхий) буугаад 2-3 алхсан үед цохисон, сүх барьсныг хараагүй... 

Гэрч Эрдэнэбатаас: ... гарсан чинь Ундрах-Эрдэнэ унасан байсан. Биеийн байрлал нь дээш харсан, толгой нь паар (гишгүүр)-ны хажууд ...

Шинжээч эмч Буянзаяагаас: ... хуйхны орчим 4 см хөндлөн няцарсан шарх мохоо зүйлээр үүснэ. Толгойн КТГ-ийн зурган дээр уг хугарал нь зүүн зулайн ар хэсэгт, зуйван дугуй хэлбэртэй... байна.

Эд мөрийн баримт болох сүхний ажлын хэсэг (иртэй хэсэг) нь 18 см урт, толгойн хэсэг тэгш дөрвөлжин хэлбэртэй байгааг шинжлэв.

Дээрх нотлох баримтыг тус бүрд нь болон харьцуулан шинжилж, үнэлж үзэхэд хохирогчийн урдаас сүхээр (иртэй болон толгойн тэгш дөрвөлжин, булан г.м) цохиход уг зулайн ар дээд хэсэгт үүссэн хөндлөн няцарсан шарх, түүний доорхи (харалдаа) “Зуйван дугуй” хэлбэртэй дарагдаж цөмөрсөн хугарал үүсэх боломжгүй нь маш тодорхой нотлогдсон.

Гэрч Отгонбаяр согтуурсан үедээ зулайн язарсан хөндлөн шархыг хараад иртэй зүйл (сүх)-ээр гэж төсөөлөн бодсон байхыг үгүйсгэхгүй бөгөөд сүхээр цохьсонг хэн ч нотлоогүй, тэр үүд хэсэг газарт сүх байгаагүй нь нотлогдсон. Харин хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлгээр гишгүүр болгон тавьсан паарны ил гарсан ирмэг хэсэгт (мөлгөр дугуй төгсгөл) хохирогч Ундрах-Эрдэнэ нь Саруул-Эрдэнэ баруун нүд, дух хэсэгт хүчтэй цохиулснаас хойш савж унасан байх бүрэн магадлалтай нөхцөл нотлогдсон ба унасан байсан хэсэгт паартай залгаа резинэн шалавч дэвссэн, тэр хэсэгт цусаар бохирлогдсон байсан нь нотлогдсон.

Иймд ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн зүйлчлэлийг ЭХ-ийн 11.1- р зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Ганбат нар давж заалдах гомдолдоо: ” ...Саруул-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн толгойн КТГ-ийн шинжээчийн зураг зэрэг нотлох баримтаар ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүнд хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн байхад шүүх ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай шийдвэрлээгүй, ...ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн зүйлчлэлийг ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн эх” гэх газарт Ц.Ундрах-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь сүхээр /зэвсэг/ цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд  үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, Д.Саруул-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилжээ.

Харин Д.Саруул-Эрдэнэ нь хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн толгойн тус газар сүхээр цохиж гэмтэл учруулсан гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Саруул-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

  2. шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                             Н.БАЯРХҮҮ

 

                                                                                               Ё.БЯМБАЦЭРЭН