Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

                                           

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.С , Б.Б  нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 684 978 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Энхцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч К ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К ХХК нь иргэн Т.С , Б.Б  нартай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ЭГ-43, №БГ-43 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, тус банкнаас 87 700 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж 47/3 байр 38 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034037 дугаарт бүртгэгдсэн, 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Т.С , Б.Б  нар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлөлтөө бүрэн төлөөгүй явсаар 278 хоног хугацаа хэтрүүлж К ХХК-ийг хохироосон. Зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 83 740 598 төгрөг, үндсэн хүү 6 907 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 926 төгрөг байгаа. Иймд хариуцагч Т.С , Б.Б  нараас нийт 90 684 978 төгрөгийг гаргуулан, зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 38 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-2205034037 дугаартай, 66 м2 талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.С , Б.Б  нар шүүхэд гаргасан тайлбартаа: К ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-43, №БГ-43 тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 87 700 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 47/3-38 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууц худалдан авсан. Банк биднээс үндсэн зээл 83 740 598 төгрөг, үндсэн хүү 6 907 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 926 төгрөг, нийт 90 684 978 төгрөгийг нэхэмжилсэн. Бид 2017 оны 11 дүгээр сарыг дуустал үндсэн зээл 5 813 704 төгрөг, зээлийн хүү 19 837 606 төгрөг, нийт 25 651 311 төгрөг төлсөн байна. Банкны нэхэмжилж байгаа дээрх мөнгөн дүн зээлийн гэрээ болон бидний төлсөн мөнгөн дүнгээс зөрүүтэй байгаа тул К ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.С , Б.Б  нараас 90 684 978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 38 тоот хаягт байршилтай, 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 681 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С , Б.Б  нараас 681 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б  давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. К ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 90 684 978 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн гэрээний үүрэгт бидний зүгээс төлсөн мөнгөн дүнгийн тооцоолол 5 854 303 төгрөгөөр зөрүүтэй байна. Иймээс зээлийн гэрээний тооцооллыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т.С , Б.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 684 978 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Т.С , Б.Б  нар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Капитал банктай №ЗГ-43 тоот зээлийн гэрээ байгуулж, 87 700 000 төгрөгийг жилийн 365 хоногт 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зорилгоор зээлж, гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ-43 тоот барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 4-13/

Талууд гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн төлөлт хийсэн баримт, зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон. Зээлийн гэрээний 8.3-д зааснаар зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэлд хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл хамаарах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох юм.

Түүнчлэн, зээлдэгч тал зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Т.С , Б.Б  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ зээлийн гэрээний тооцоолол зөрүүтэй бодогдсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН