Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01770

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01770

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  өөрийн байранд оршин байх, Т ХК 

 

Хариуцагч: Т.М

 

Хариуцагч М

 

Нэхэмжлэлийн шаардлага:  10,775,341.27 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

/Хариуцагч Т.М-ийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.М, Т.ММ нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Зээлдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №18/128 тоот зээлийн гэрээ байгуулан Тны Сансар тооцооны төвөөс 9,000,000.00 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувь /жилийн 19,2 хувь/-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгчтэй байгуулсан №18/128 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагчийн Тны 102800244621 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Т.М нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт өгч уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,834,625.55 төгрөг, хүүнд 2,159,389.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,435.47 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэгч Т-ны зүгээс хариуцагч Т.М-д дор дурдсан хугацаанд мэдэгдэл, албан тоотуудыг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн. Үүнд:

1/ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот Мэдэгдэл.

2/ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот мэдэгдлүүдийг тус тус өгч сануулж байсан ч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Иймд Т ХК нь Т.М-тай байгуулсан зээлийн гэрээ зөрчигдсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж буйтай холбогдуулан зээлдэгч Т.М, хамтран зээлдэгч Т.ММ нараас дараах төлбөрүүдийг гаргуулан. Үүнд: Ттай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №18/128 тоот цалингийн зээлийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 7,165,374.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,166,366.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 427,100.24 төгрөг нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 10,775,341.27 төгрөгийг хариуцагч Т.М, Т.ММ нараас гаргуулж, Т ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 14-нд цалингийн зээл авсан нь үнэн болно. Анх Тнаас 2013 оны 8 дугаар сард цалингийн зээл аваад цаг хугацаандаа төлөөд явдаг байсан. 2018 онд 10 дугаар сард ар гэрийн шалтгаанаар ажлаас гараад нөхөр хүнд өвчин тусаж 2019 оны 10 дугаар сарын 01-нд нас барсан. Тухайн үед түрээсийн байранд амьдардаг, нөхөр давхар зээлтэй бас хувь хүнд өр зээлтэй байсан учир зээлээгүй төлөөгүй удсан. Зээлээ бага багаар цэгцлээд миний хувьд Тны зээл маань үлдээд байгаа юм. Мөн Ковид-19 вирусийн үеэр ямар ч ажиллах боломжгүй байсан. Би өөрийн гэсэн орон байргүй, ээжийндээ 8 дугаар ангийн охинтойгоо амьдардаг. Ер нь зээлээ зөвшөөрч байгаа харин энэ хүү алдангиас бага хувиар ч гэсэн хөнгөлөх боломж нөхцөл байвал хөнгөлүүлэх хүсэлтэй байна. Зээлээ өөрийн боломж бололцоогоор төлнө. Яг одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Ажилд орсон боловч ар гэр ахуй хэрэгцээнд хүрэлцэхгүй болоод ажлаас гарсан. Ямар ч байсан зээлээ боломжоороо төлнө гэжээ.

 

3. Хариуцагч Т.ММ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сард эгч Т.Мын Тны цалингийн зээлийн батлан даагч болж орсон. Гэвч зээлээ ар гэрийн гачигдал боломж муу өр ширнээс болоод шүүх рүү шилжсэн байна. Миний бие одоо Төв аймагт Бумбардай цэцэрлэгийн туслах багш хийдэг. Мөн би ихэр жирэмсэн тул шүүх хуралд нь биеэр оролцох боломжгүй байна. Энэ байдлыг минь хүлээн авч үзнэ үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 7-8/, мемориалын баримт /хх 9, 15/, төлбөрийн баримт /хх 10/, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №18/128 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, хавсралт /хх 11-15/, зээлдэгчийн анкетын хуулбар /хх 16-17/, зээл хүссэн өргөдлийн хуулбар /хх 18/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 19/, оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар /хх 20/ зээлийн дансны хуулга /хх 21-26, 52/, зээлийн тооцоолол /хх 27-30/, мэдэгдлийн хуулбар /хх 31-35/, Танд гаргасан Т.М-ын хүсэлтийн хуулбар /хх 36/, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх 37/, байгууллагын тодорхойлолтын хуулбар /хх 38-39/, хариуцагч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 40-42/, зээлийн мэдээллийн сангийн хуулбар /хх 43-44/, кредит картын хуулга /хх 45-51/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 2018 оны 10 дугаар сарын 04-ний 3019 тоот тодорхойлолтын хуулбар /хх 23/.

 

5. Хариуцагч нараас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК болон Т.М, Т.ММ нар №18/128 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Т.М, Т.ММ нар Т ХХК-иас 9,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т ХХК нь хариуцагч Т.М, Т.ММ нарт холбогдуулж 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №18/128 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 10,775,341.27 төгрөгийг шаардан шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2. Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

3. Хариуцагч нар зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагч нараас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №18/128 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

4. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал 16,500 болох төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

5. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,855.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М, Т.ММ нараас 203,855.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.М, Т.ММ нараас 10,775,341.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,355.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М, Т.ММ нараас 187,355.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ