| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/01077/И |
| Дугаар | 102/ШШ2023/01798 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/01798
| 2023 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2023/01798 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Д
Хариуцагч: В
Үндсэн нэхэмжлэл: 45,244,765 төгрөг гаргуулах;
Сөрөг нэхэмжлэл: 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.Д, Д ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Б.С дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Б.С би найз Д.Д-ын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож өөрийн өмч болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0, 216 м2 талбайг шүдний эмнэлэгийн зориулалтаар эзэмшүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 2020 оны 02 дугаар сараас эхлэн тохижилтын ажил хийгдэж эхэлсэн. Тухайн барилгын 5 дугаар давхарын нийт 215.83 м2 талбайг нэг сарын 5,000,000 төгрөгийн түрээс (НӨАТ ороогүй)-ийн төлбөртэй, түрээслэгч Д.Д нь тог цахилгааныхаа үнийг өөрөө төлж байхаар тохиролцон 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Д нь найз Б гэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес хийдэг залуутай энэ талбайг хуваан эзэмшинэ гэж ярьж гурвуулаа уулзаж байсан. Миний зүгээс ...найз Д.Дтай л гэрээгээ хийнэ, та 2 хамтраад түрээслэх нь тусдаа гэдгийг хэлсэн. Д.Д өмнө надад тусалж байсан сайн найз маань гэж үзэн бусад түрээслэгчдээс 400,000 төгрөгөөр хямд үнээр гэрээ байгуулж, харуул, ус, дулаан, лифт, хог гэх мэт ашиглалтын зардлуудын хөнгөлөлт үзүүлсэн. Түрээслэгч өөрийн ажиллагаанд зориулж хийсэн засварыг байрыг сулласаны дараа хуучин хэвд нь оруулна гэсэн тул бусад болзошгүй эвдрэлээс хамгаалсан барьцааны төлбөр ч авалгүй боломжоороо хандсан. 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 2 сарын хугацаанд тохижилтын ажилтай үед нь түрээсийн төлбөр аваагүй. Харин 2020 оны 4, 5, 6 дугаар саруудад нийт 3 сарын хугацаанд 50% түрээсийн хөнгөлөлт үзүүлж, 2020 оны 7 дугаар сараас эхлэн 100% түрээсээ төлөх нөхцөлтэйгээр ТГ-2020/01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Д гарын үсгээ зурснаар нөхөж байгуулсан. Миний зүгээс 2020 оны 02 дугаар сард гэрээний нэг хувийг өгөөд, санал бодпоо тусгаад гарын үсэг зураад өгөөрэй гэж хэлсэн. Гэвч Д.Д гэрээгээр ер нь яахав, найзууд юм чинь гэх маягтай зүйл ярьсан. Би хариуд нь зарчмын хувьд хамтрагчид ямар хүн байх нь илүү чухал, гэхдээ ярьж тохирсноо цаасан дээр буулгаад гэрээ байгуулах нь илүү зөв гэдгээ хэлсэн. Д.Дтай найз нөхдийн харилцаатай учир итгээд тохижилтын ажлыг нь эхлүүлсэн. Засвар 2 сарын хугацаанд дууссан ба гэрээгээ үзэглэх талаар үе үе сануулсан. Тэрээр ажил ихтэй байна, гадуур эмнэлгийн зөвшөөрлөө хөөцөлдөөд байна гэх мэт шалтгаанууд тоочсон. Миний хувьд найз учраас тухайн үедээ бас нэг их санаа зовоогүй. Ажил нь цэгцрэхээр тэр юу байхав, гол юмаа хөөцөлдөг дээ гээд дахиж нэг их шаардалгүй орхисон. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр түрээсийн гэрээ хэрэгтэй байна нотариат оръё гэж Д.Д намайг дуудсан. Д.Д хоёр өөр нөхцөлтэй гэрээ авчирсан байсан. Нэг нь зөвхөн шүдний эмнэлэг нь байгаа талбайг түрээслэх хувилбар, нөгөөх нь түүний найзтай гурвуулаа ярьж тохирсон 5 давхарыг бүтнээр нь түрээслэх хувилбар байсан. Д.Д нь ЭМЯ-ны зөвшөөрөл өгдөг газар зөвхөн эмнэлгээ л оруулсан гэрээ шаарддаг юм байна, нөгөө Бгийн талбайг хамаагүй оруулж болохгүй байна. Шалгахад бага талбайг тохижуулсан байвал надад амар, Би бол анхны хувилбараа буюу давхарын бүх талбайг түрээслэх тухай гэрээний заалтаа мөрдөж ажиллана, чи санаа зоволтгүй, гарын үсгээ зурчих найзаа гэж хэлсэн. Би түүний тайлбар хүсэлтэд итгэж, түрээсийн гэрээний хоёр хувилбар дээр нь гарын үсгээ зурсан. Д.Д ч мөн хоёр хувилбар дээр гарын үсгээ зураад, бидний анхны тохирсон гэрээний хувилбарыг надад өгсөн. Жижиг талбайтай хувилбараа нотариатаар баталгаажуулаад яам руу аваад явсан. Хэдийгээр иймэрхүү хоёр төрлийн гэрээ байгаа боловч Д.Д нь нийт талбайг битүүлж, өөрийнхөө үзэмжээр ашиглахаар хана хийсэн. Өнгөрсөн хугацаанд Д.Д нь 5 давхарын бүх талбайг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан. Даас 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын түрээсийн төлбөрийг нэхэж байж цувуулж авсан. 2020 оны 8 дугаар сараас хойшхи түрээсийн төлбөр, хэрэглэсэн цахилгааны төлбөр нийт 32,244,765 төгрөгийг нэхэмжилж мэйл хаягаар явуулсан. Гэвч төлбөрөө төлөхгүй байсан, удаа дараа мэдэгдэл өгсөн ч тоогоогүй. Ингээд хариуцагч Д ХХК болон Д.Д нарт холбогдуулж нийт 53,744,765 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 44,244,765 төгрөг болгон багасгаж, дараах зүйлсийг хариуцагч нараас нэхэмжилнэ. Үүнд:
1/ Түрээсийн төлбөрт 34,500,000 төгрөг гаргуулна. 2020 оны 8, 9, 10, 11, 2021 оны 01 дүгээр сар, нийт 5 сарын түрээсийн төлбөрт 1 сарын түрээсийг 5,000,000 төгрөгөөр тооцож 25,000,000 төгрөг гаргуулна. 2020 оны 12, 2021 оны 02 дугаар сарын төлбөрүүдийг 30 хувь хөнгөлөөд 3,500,000 төгрөг, уг мөнгийг 2 сараар тооцоход 7,000,000 төгрөг болно. Тухайн үед цар тахлын хорио цээр үйлчилж байсан учир 30 хувийн хөнгөлөлтийг хариуцагч нарт үзүүлсэн. Нэхэмжлэгчийн түрээсийн байранд хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилласан ба түрээсийн төлбөрийг нь 1,500,000 төгрөгөөр тооцсон. Ингээд ажлын байрны түрээсийн төлбөрт нийт 34,500,000 төгрөгийг хариуцагч нараас 2 гэрээний хувьд хувь тэнцүүлэн гаргуулна.
2/ Цахилгааны төлбөр 244,765 төгрөг гаргуулна. Хариуцагч нар 2020 оны 8 дугаар сараас хойш цахилгааны төлбөр 244,765 төгрөгийг төлөөгүй.
3/ 10,500,000 төгрөг гаргуулна. Хариуцагч нар түрээсийн зүйл болох 5 давхарын нийт талбайг дундуур нь хана хийж олон өрөө болгосон, хана болон плитан шалыг цоолсон, мөн таазанд цоолж бэхэлгээ хийсэн. Эдгээрийг буулгаж, дахин засварлах замаар хэвийн байдалд оруулах ажлын зардал 10,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Анх бид 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч зарим засварыг хийх шаардлагагүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 10,500,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.
2. Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С нь иргэн Д.Д, хуулийн этгээд болох Д ХХК-иудыг хариуцагчаар татсан. Д.Д нь түрээсийн гэрээ, түрээсийн ажлын байрны талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд зөвхөн хуулийн этгээд болох Д ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. Д ХХК нь 215.83 м2 талбайгаас 100 м2 талбайд нь Д ХХК-ийн дэргэдэх шүдний эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан болно. Түрээслэх явцдаа бидний зүгээс 12,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Сд төлсөн. Гэрээний 2.1.4-д Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал гэж газар хөдлөлт, ган, зуд, үер, аянга зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, хувьсгал, байлдааны үйл ажиллагаа, гоц аюултай халдварт өвчин, гааль, худалдааны хориг, нийтийг хамарсан ажил хаялт, төрийн байгууллагын хориг зэрэг нөхцөл байдлыг тус тус ойлгоно гэж тусгасан. Шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хийгдэж байсан ч дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын өдрийн 181 тоот тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолууд гарсан. Эдгээр тогтоолуудаар түрээсийн барилга нь хатуу хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд багтаж байсантай холбоотойгоор болон НЭМГ-аас эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гараагүй байсан. Мөн түрээсийн гэрээгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас цахилгаан болон түрээсийн төлбөр нэхэмжилсэн байгаа нь хуүлийн үндэслэлгүй. Бид уг үл хөдлөх хөрөнгийг удаан хугацаагаар түрээслэх гэрээ байгуулах учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Үл хөдлөх энгийн түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсний дагуу бүртгүүлэхээр удаа дараа шаардсан ч Б.С нь хуулийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй. Б.С үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бүртгүүлээгүй учир бидний дунд байгуулагдсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Б.С-аас түрээслэсэн 100 м2 талбай дээр, анх ямар ч тохижилт байгаагүй. Хоосон талбай дээр Д ХХК нь өөрийн зардлаар шүдний эмнэлгийн зориулалтаар тохижуулж, тодорхой эд хөрөнгийг оруулсан байхад нэхэмжлэгч нь дураараа, бидэнд мэдэгдэлгүйгээр шинээр давхар төмөр хаалга хийж, биднийг, компанийн ажилчдыг үүд хаалгаар оруулахгүй болгож, дараагийн түрээслэгчийг оруулна гэж аашилсан. Бид түрээсийн гэрээний 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчөөгүй байхад гэрээний хугацаанаас өмнө Д ХХК-ийн ажилчдыг тоног төхөөрөмжийн хамтаар хөөж гаргасан. Гэрээг үндэслэлгүй дуусгасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл явдлууд худал болохыг үүгээр мэдэгдэж байна. Б.С нь Би их хэмжээний зээлтэй байгаа гэж түрээслэгчдээ байнга шантажлаж, уурлан хилэгнэж, зүй бус авир гаргадаг байсан гэжээ.
3. Хариуцагч Д ХХК-иас Б.С-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1/ Д ХХК нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн байгуулсан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл дахин 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ гэж хувь хүнтэй байгуулсан гэрээ нь хууль бус юм. Иймд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна.
2/ Мөн нэхэмжлэгчээс 56,803,653 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч Б.С нь Д ХХК-ийн түрээсийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан. Үүний улмаас Д ХХК-д эмнэлгийн тохижилт, засварын ажлын хөлс, түрээсийн зардалд нийт 54,003,653 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү зардлыг Б.Саас нэхэмжилнэ. Мөн нэхэмжлэгч Б.Сын хүсэлтээр түүний найзад 2,800,000 төгрөгийн шүдний эмчилгээ хийж өгсөн. Уг зардлыг түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч хасна гэсэн ч хасаагүй. Ийм учраас уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д нь эд хөрөнгө ашиглах гэрээний хугацаанд улсын хэмжээнд цар тахал өвчний улмаас хорио цээр тогтоосон гэх баримтыг шүүхэд өгсөн. Ямар ч хорио цээрийн хугацаанд эмнэлгийн байгуулагыг ажиллахыг хориглоогүй бөгөөд энэ нь түүний өгсөн эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрээр батлагдаж байна. Түүний эрхлэн явуулж байсан шүдний эмнэлэг байнга ажиллаж байсан.
Сөрөг нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд: Д.Д бидний хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох ямар ч үндэслэл байхгүй. Тэрээр анх гэрээ байгуулахдаа 5 дугаар давхарын талбайг хөлсөлж авсан бөгөөд хэнтэй хамт ажиллах гээд гэрээ байгуулсан, хэн нь түүнтэй хамт ажиллахаа больсон талаар асуудал тухайн маргаанд хамааралгүй. Д.Д тухайн байранд ажиллаж, хонон өнжин үйл ажиллагаа явуулж, хамтрагч эмч эмэгтэйн хамт байсан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д заасан хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т заасан эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 289.1.3-т заасан хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх гэсэн заалтуудыг Д.Д нь зөрчсөн учир гэрээг арга буюу цуцалсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзахын өмнө Д.Д болон түүний хамтран ажиллаж буй эмэгтэйд олон удаа шаардлага тавьсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна.
Хоёр дахь шаардлага буюу 56,803,653 төгрөг нэхэмжилсэн тухайд: Хариуцагч Д.Д нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээ цуцлах нь хуулийн үндэслэлтэй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр бүх тоног төхөөрөмжөө зөөгөөд авч явахдаа тухайн байрнаас авч болох бүх зүйлийг зөөсөн. Харин гипсэн хана салгаж авахад эвдэрч гэмтээд ашиглах боломжгүй болдог тул орхиод гарсан билээ. Хэрвээ Д.Д нь үгүй ядахдаа зөвшөөрч байгаа талбайн хэмжээнд мөнгөө төлөөд байсан бол миний зүгээс найзын хувьд гэрээгээ цуцлаж чадахгүй төлбөрөө төл гэж шаардсаар өнөөдрийг хүрэх байсан байх. Д.Д нь түрээсийн төлбөр төлөөгүйгээр үл барам байнга элдвээр дарамтлан надад элдэв мэссэж бичдэг байсныг шүүхэд өгсөн байгаа. Иргэний хуулинд гэм буруутай талын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байгаа тул түүнд төлбөр төлөх ямар ч үүрэг надад байхгүй гэж үзэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ТГ-2020/02 тоот Иргэн Б.С болон Д ХХК хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ /1 хавтас, 6-9/, Б.С, Д.Д нарын иргэний үнэмлэх /1хавтас, 10/, Б.Сын нэр дээрх, эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаар давхар тоот хаягт байршилтай, 215.83м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /1 хавтас, 11/, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хавтас, 12/, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ /1 хавтас, 13-16/, Дорнын цамхаг констракшн ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /1 хавтас, 24/, фото зургууд, засварын ажлын үнийн задаргаа /1 хавтас,150-156/, Нару баянбулаг ХХК-тай байгуулсан гэрээ /2 хавтас, 129/, ажил гүйцэтгэх гэрээ /2 хавтас,203-206/.
6. Хариуцагч Д ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /1 хавтас, 42, 43/, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /1 хавтас, 47/, Монгол улсын Засгийн газрын тогтоолууд /1 хавтас, 48-58/, Д ХХК болон Зонне ХХК-ийн гэрээ /1 хавтас, 171/, ХХБ-ны шилжүүлгийн мэдээлэл /1 хавтас, 183/, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зардлын баримтууд /1хавтас 184-250, 2 хавтас 1-144/
7. Хариуцагч Д.Д-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, 170/.
8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн /1 хавтас 87-140, 2 хавтас 78-116/, гарын үсгийн шинжээч томилуулан ажиллуулсан /2 хавтас,164, 171-184/.
9. Хариуцагчийн хүсэлтээр П.Б-ийг гэрчээр асуусан /2 хавтас75, 232-233/, гарын үсгийн шинжээч томилуулан ажиллуулсан /2 хавтас,132-151, 239-250, 3 хавтас 14/.
10. Шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан /1 хавтас, 164-166/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан байна. Үүнд:
1. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ТГ-2020/02 тоот Иргэн Б.С болон Д ХХК хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:
1/ Б.С нь 0 хаягт байрлах 5 давхар барилгын 5 дугаар давхар, нийт 215.83м2 талбайн 100м2 талбайн 1м2 талбайг 25,000 төгрөгөөр Д ХХК-д түрээслэхээр;
2/ Гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 жил байхаар.
2. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:
1/ Б.С нь 0 хаягт байрлах 5 давхар барилгын 5 дугаар давхар, 216м2 талбайг Д.Дад сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэхээр;
2/ Гэрээний хугацааг 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 жил байхаар.
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д ХХК болон Д.Д нарт холбогдуулж 53,744,765 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 44,244,765 төгрөг болгон багасгасан ба задаргааг нь дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
1/ Түрээсийн төлбөрт 34,500,000 төгрөг гаргуулах: Уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2020 оны 8, 9, 10, 11, 2021 оны 01 дүгээр сар, нийт 5 сарын түрээсийн төлбөрт 1 сарын түрээсийг 5,000,000 төгрөгөөр тооцож 25,000,000 төгрөг гаргуулна. 2020 оны 12, 2021 оны 02 дугаар сарын төлбөрүүдийг 30 хувь хөнгөлөөд 3,500,000 төгрөг, уг мөнгийг 2 сараар тооцоход 7,000,000 төгрөг болно. Тухайн үед цар тахлын хорио цээр үйлчилж байсан учир 30 хувийн хөнгөлөлтийг хариуцагч нарт үзүүлсэн. Нэхэмжлэгчийн түрээсийн байранд хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилласан ба түрээсийн төлбөрийг нь 1,500,000 төгрөгөөр тооцсон. Ингээд ажлын байрны түрээсийн төлбөрт нийт 33,500,000 төгрөгийг хариуцагч нараас 2 гэрээний хувьд хувь тэнцүүлэн гаргуулна гэж тайлбарласан.
2/ Цахилгааны төлбөр 244,765 төгрөг гаргуулах: Уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2020 оны 8 дугаар сараас хойш төлөгдөөгүй цахилгааны төлбөр 244,765 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн.
3/ 10,500,000 төгрөг гаргуулах: Уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч нар түрээсийн зүйл болох 5 давхарын нийт талбайг дундуур нь хана хийж олон өрөө болгосон, хана болон плитан шалыг цоолсон, мөн таазанд цоолж бэхэлгээ хийсэн. Эдгээрийг буулгаж, дахин засварлах замаар хэвийн байдалд оруулах ажлын зардал 10,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Анх бид 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч зарим засварыг хийх шаардлагагүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 10,500,000 төгрөг болгон багасгаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна.
Дээрх шаардлагын үндэслэлээ ...Д ХХК нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн байгуулсан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл дахин 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ гэж хувь хүнтэй байгуулсан гэрээ нь хууль бус юм гэж тайлбарласан.
2/ Нэхэмжлэгчээс 56,803,653 төгрөг гаргуулна. Энэ шаардлагын үндэслэлээ хариуцагчаас нэхэмжлэгч Б.С нь Д ХХК-ийн түрээсийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан. Үүний улмаас Д ХХК-д эмнэлгийн тохижолт, засварын ажлын хөлс, түрээсийн зардалд нийт 54,003,653 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү зардлыг Б.С-аас нэхэмжилнэ. Мөн нэхэмжлэгч Б.Сын хүсэлтээр түүний найзад 2,800,000 төгрөгийн шүдний эмчилгээ хийж өгсөн. Уг зардлыг түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч хасна гэсэн ч хасаагүй. Ийм учраас уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж тайлбарласан.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулгаас үзэхэд Б.С нь талуудын байгуулсан гэрээ хариуцагчийн буруугаас дуусгавар болсон учир түрээсийн төлбөрийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын хамт шаардсан гэж үзэхээр байна.
Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар, учирсан хохирлыг шаардах боломжтой.
2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ТГ-2020/02 тоот Иргэн Б.С болон Д ХХК хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-нүүдийн дагуу үүссэн талуудын харилцаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан тул түрээсийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хуульд ийнхүү гэрээг ямар хэлбэр, журмаар байгуулахыг заасан тул уг журмыг баримтлаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх үр дагавартай бөгөөд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан байдал нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.
2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ТГ-2020/02 тоот Иргэн Б.С болон Д ХХК хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-нд ...5 давхар барилгын 5 дугаар давхар, нийт 215.83м2 талбайн 100м2 талбайг ...Д ХХК-д түрээслэх-ээр, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-нд ...5 давхар барилгын 5 дугаар давхар, 216м2 талбайг Д.Дад сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэх-ээр зөрүүтэй зохицуулалттай байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг буюу талбайг түрээслэж буй тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх боломжтой. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс ...хариуцагч нар нь 215м2 буюу 5 давхар талбайг тэр чигт нь түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэх тайлбарыг гаргасан. Уг тайлбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10/5686 тоот албан бичиг, түүний хавсралтад ...0 дугаар давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эрхийн улсын Ү-0 дугаарт Б.Сын нэр дээр бүртгэгдсэн, уг хаягт ямар нэг үүрэг ногдуулсан хэлцэл буюу түрээсийн гэрээ бүртгэгдээгүй гэж бичигдсэнтэй харьцуулан судлахад зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх байх тул тэдний хоорондын маргаантай асуудалд гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт үйлчилнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учруулсан гэм хор, хохирлыг арилгах, нөхөн төлбөр хийх үүргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгээр зохицуулжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан гэрээг холбогдох газарт бүртгүүлээгүй явдалд адил хэмжээгээр буруутай гэж үзэхээр байна. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцох замаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзэв.
Харин хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...цахилгааны 244,765 төгрөгийг нь төлж болно гэх тайлбарыг үндэслэн уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Гэрээний талуудын харилцан үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэдий ч түрээслүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч үнэ төлбөргүй ашиглах, өөрийн хөрөнгөө хэмнэж, үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолуудаас үзэхэд хариуцагчийн хувьд 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар саруудад түрээсийн байранд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан гэж үзэхээр байгааг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 244,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч Д ХХК болон Д.Д нараас 45,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №ТГ-2020/01 тоот Иргэн Б.С болон иргэн Д.Д нарын хоорондын ажлын байрны түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 56,803,653 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,673.83 төгрөг, хариуцагч Д ХХК-иас төлсөн 441,999 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 7,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ