Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01820

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01820

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ш ХХК 

 

Хариуцагч: Б.С 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Хариуцагч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Манай компани нь Сонгинохайрхан дүүрэгт цонх, шилэн наалт суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус төсөл дээр хийгдэж буй шилэн хаалтны гол түүхий эд болох 5мм-ын зузаантай, өнгөт бор шилийг барилгын талбай руу зөөлгөхөөр бид Гурвалжин барилгын зах дээр очсон. Ингээд 00-00 УБН улсын дугаартай, караантай автомашины жолооч Б.С-тай харилцан тохиролцож нэг бүр нь 11,000,000 төгрөгийн үнэ бүхий, 2 авдар шилийг Б.Саар тээвэрлүүлсэн. Тэрээр 2 авдар шилийг өөрөө ачиж, машин дээрээ бэхэлсэн. Гэтэл Б.С нь шилийг ачихдаа заавал хийх ёстой стандарт бэхэлгээг дутуу, буруу хийснээс болж шилийг барилгын талбайд буулгах үед нэг авдар шил нь унаж нийт 52 шилийг ашиглах аргагүй болгон хагалсан. Нэгэнт хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бидэнд хохирол учруулсан учир нэг авдар шилний мөнгө болох 11,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Тухайн үед барилгын талбайг цэвэрлэх, хагарсан шилнүүдийг машинд ачих, хог дээр хаях зэргээр тодорхой хэмжээний нэмэлт зардлыг манай компани гаргасан. Гэвч эдгээр зардлуудыг бид хариуцагчаас нэхэмжлээгүй болно. Хариуцагч манай ажилчдыг ...шилийг түшээгүйгээ гэж буруутгаж байна. Гэтэл тэр хүнд авдартай шилийг түших оролдлого хийх боломжгүй, хийсэн бол хариуцагч одоо иргэний шүүх дээр биш эрүүгийн шүүх дээр хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар шүүгдэх байсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид нэг авдар шилний мөнгө болох 11,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгон хохирлоо бага хэмжээгээр нэхэмжлэх боломжтой гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.С 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө миний таньдаг ах над руу утсаар ярьж хүний шил ачиж өгнө гээд хэлчихсэн байсан чинь хувийн ажил гараад ачиж амжихгүй болчихлоо. Чи ачаад өг гэхэд нь зөвшөөрсөн. Ингээд Ш ХХК-тай тохиролцоод хоёр авдар шилийг нь И ХХК-ийн ойролцоогоос ачиж М хороолол хүртэл тээвэрлэсэн. Тээвэрлэх явцдаа ямар нэгэн асуудал гаргаагүй. М дээр очиж шилээ буулгахдаа краныхаа данхраадыг тулж байгаад ачааныхаа татлагыг тайлж шилээ кранаар өргөж буулгасан. Шил буулгахаар очиход хүлээн авах хүмүүс гэж хоёр залуу ирж тусалж, оосорлож өгсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, надад тусалсан хоёр залуу маш туршлагагүй хариуцлагагүй хүмүүс байсан. Ингээд машин дээр байсан хоёр авдар шилнийхээ буух талын шилийг түрүүлж өргөж буулгаад газар тавиад оосороо мулталж авах агшинд машин дээр байсан шил эсрэг тал руугаа ямар нэгэн гадны төлөөгүйгээр унаж хагасан. Уг үйлдлийг би хувьдаа дүгнэхдээ эмээл төмрөн дээр агсан шилнийхээ баруун талын шилийг өргөж авахад зүүн талын шил нилээн босоо байрлалтай болсныг оосорлогч хоёр залуу мэдсэн ч надад хэлээгүйгээс уг асуудал гарсан гэж үзэж байгаа. Иймд уг асуудлыг миний өөрийн буруутай үйлдэл гэж үзэхгүй байна. Би өөрөө тэхийн зогсоол дээр хувийн караантай машинаараа ачаа, шил зөөдөг. Ер нь бол би шилийг ачсаны дараа бэхэлгээг нь өөрөө хийсэн. Мөн буулгалтыг нь өөрөө хариуцдаг. Яг юунаас шалтгаалж ачаа нурсныг нь мэдэхгүй байна. Хэрэв шилийг буулгахад надад тусалж байсан хүмүүс надад ...шил чинь босоо байна гэж хэлсэн бол би арга хэмжээ авах байсан. Шилний тооцоолол дээр маргаан байхгүй. Ер нь бол би шил тээвэрлүүлсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй учир үүрэг хүлээхгүй гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 3, 27/, зарлагын баримт /хх 4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, фото зураг /хх 6-12/.

 

3. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: фото зураг /хх 21-22/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулж 11,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.С-аар ...нэг бүр нь 11,000,000 төгрөгийн үнэ бүхий, 2 авдар шилийг тээвэрлүүлсэн. Гэвч хариуцагч 2 авдар шилийг өөрөө ачихдаа заавал хийх ёстой стандарт бэхэлгээг дутуу, буруу хийснээс болж шилийг барилгын талбайд буулгах үед нэг авдар шил нь унаж нийт 52 шилийг ашиглах аргагүй болгон хагалсан учир нэг авдар шилний мөнгө болох 11,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба шүүхээс талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...шилийг ачаад бэхэлгээг нь би өөрөө хийсэн, ...олон жил шил ачиж байгаа, ...шилийг ачих болон буулгахыг би өөрөө хариуцан хийдэг, ...шилийг буулгах үед нэхэмжлэгч компанийн ажилчид туршлагагүй хүмүүс байсан учир надад ...шил нурах гэж байна гэж хэлээгүй, анзаараагүй. Ийм учраас би төлбөрийг хариуцахгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Бид нэг авдар шилний мөнгө болох 11,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгон хохирлоо бага хэмжээгээр нэхэмжлэх боломжтой тайлбарыг үндэслэн хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Саас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ