Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/01901

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/01901

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Б 

 

Хариуцагч: Э.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Хариуцагч Э.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Б нь 0 тоот хаягт байрлалтай 45 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй юм. Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2004 онд худалдан авсан. 2018 оноос хойш уг байраа 2018 оноос хойш өөрийнхөө төрсөн эгчийн охин Э.Т-г түр хугацаагаар амьдруулсан ба бид 2021 онд хөлслөх гэрээг нөхөж хийж байсан. Хариуцагч нь гэрээний дагуу хөлсөө төлөхгүй байгаа. Сүүлдээ Э.Т- намайг үл тоож байрнаас гарахгүй байгаа тул Э.Т-г миний байрнаас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 0 тоотод анхнаасаа оршин сууж байсан. Би энэ байранд 2006 оны 6 дугаар сард орсон. Энэ байрыг манай ээжийн төрсөн дүү Б.Б-гээс аман гэрээгээр өгсөн. Энэ байр нь намайг ороход балгас болсон байсан. Би бүх зүйлийг цэвэрлэж, засварлаж цонх хаалгыг хийж, тог цахилгааныг янзлуулж авсан. Энэ хүн ганц ч удаа ирж үзэж хараагүй. Энэ байрны гэрчилгээ болон ямар ч бичиг баримт байдаггүй. Хороонд харъяалагдаагүй байсныг би хөөцөлдөж бичиг баримтыг бүрдүүлж авсан. Одоо миний бие элэгний хүнд өвчтэй болсон тул байнгын асаргаа сувилалд байдаг. Тэгээд энэ байрыг минь нагац ах минь булаацалдаад байна. Надад одоо үүнээс өөр гэр орон юу ч байхгүй. Намайг хэвтэрт хүнд өвчтэй байхад хүүхэд нь ирж орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зуруулсан. Аав зүгээрээ таныг яах ч үгүй гэж хэлсэн. Би мэдээгүй гарын үсэг зурсан. Тэгэхэд миний бие маш муу байсан. Би юу ч мэдээгүй зураад явуулсан. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөлслөх гэрээ /хх 3-4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №122 тоот Орон сууц эзэмших эрхий бичгийн хуулбар /хх 33/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн а-1/355 тоот албан бичиг, хавсралт /хх 46-50/.

 

6. Шүүхийн зүгээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүргэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/789 дүгээр албан бичиг /хх 25/.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийн амбулаторийн дэвтэрт үзлэг хийсэн.

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Г-аас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөлслөх гэрээ авагджээ. Уг гэрээг Б.Б болон Э.Т- нар байгуулсан ба талууд дараах нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ 0 тоот хаягт байршилтай, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаар бүхий, 45м2 талбайтай 1 өрөө орон сууц нь Б.Б-гийн өмч болох нь нотлогдсон болно.

2/ Э.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөлслүүлэгч Б.Б-гийн өмчлөлийн 0 тоот хаягт байршилтай, 45м2 талбайтай 1 өрөө орон сууцыг хөлслөнө.

3/ Сар бүрийн төлбөр 50,000 төгрөг байна.

 

2. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Т-д холбогдуулж 0 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие уг үл хөдлөх эд хөрөнгийг 2004 онд худалдан авсан. 2018 оноос хойш хариуцагчид түрээслүүлэн түр хугацаанд амьдруулж байгаад 2021 онд түрээсийн гэрээг нөхөж хийсэн. Гэвч хариуцагч хөлсөө төлөхгүй, уг байрнаас гарахгүй байгаа учраас Э.Т-г уг байрнаас албадан нүүлгэж өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагааг авахад Улсын бүртгэлийн газраас ...төв түүхий эдийн 32-19 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас лавлагаа авахад тус газраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №122 тоот Орон сууц эзэмших эрхийн бичиг-ийг ирүүлсэн. Уг бичгээр ...Төв түүхий эдийн 32 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны эзэмшигч нь Э.Т- болох-ыг тодорхойлжээ.

 

5. Дээрх байдлаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч нь хариуцагч өөрөө байх тул түүнийг албадан нүүлгүүлэх тухай Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.

 

6. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөлслөх гэрээ-гээр Б.Б болон Э.Т- нар ...0 тоот хаягт байршилтай, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаар бүхий, 0м2 талбайтай 1 өрөө орон сууц нь Б.Б-гийн өмч болох нь нотлогдсон болно гэх талуудын тохиролцоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчид үүсгэхгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Т-г 0 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцнаас албадан нүүлгэх тухай Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ