| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01515/И |
| Дугаар | 102/ШШ2023/02018 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/02018
| 2023 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/02018 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Н.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 10,568,070.77 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Н.Э-оос 10,568,070.77 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч Н.Э- нь Т ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 110000626 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 110000626-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 9,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэгч Н.Э- нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 110000626-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,464,373.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,205,400.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 326.01 төгрөг, нийт 2,670,100 төгрөг төлсөн. Зээлдэгч Н.Э- нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 371 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Т ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.Э-той зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н.Э- нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх бөгөөд Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж байна. Иймд: 1. Талуудын хооронд байгуулсан 110000626 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 110000626-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, 110000626-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 7,535,626.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,866,675.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,268.86 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8,500 төгрөг, нийт 10,568,070.77 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.Э-оос гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 6-8/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх9-12/, Н.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 13/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх 14/, нотариатын мөнгөний тасалбар /хх 15/, Н.Э-той харилцсан тэмдэглэл /хх 16/
3. Хариуцагч хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Н.Э- нар 110000626 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 110000626-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулжээ. Эдгээр гэрээний дагуу Н.Э- нь 9,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК нь хариуцагч Н.Э-т холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 10,568,070.77 төгрөгийг шаардан шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ...371 хоног хугацаа хэтрүүлсэн, ...зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөн учир гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргийг шаардаж байна гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
2. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
3. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
4. Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
5. Нэхэмжлэгчийн ...хариуцагч зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх тайлбарыг хариуцагч ямар байдлаар эсэргүүцээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 7.4 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.
6. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Хариуцагчийн зүгээс зээлийг хүлээн авсан тал дээр маргаагүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 10,559,570.77 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
8. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 8,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,039.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-оос 184,039.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Э-оос 10,568,070.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,039.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-оос 184,039.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ