Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Т.Наранбаяр, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /0845/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нар овогт Түмэндэлгэрийн Наранбаярт холбогдох 201726021326 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биенесийн удирдлага мэргэжилтэй, Безот ХХК-д захирал ажилтай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсгийн 6-244 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нар овгийн Түмэндэлгэрийн Наранбаяр /РД:МЕ79071211/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч Т.Наранбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Секрет гарден нэртэй зочид буудалд хохирогч Н.Уртнасанг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Наранбаяр мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж хохирлоо төлсөн тул ялаас чөлөөлж өгнө үү.

 

Хохирогч Н.Уртнасан мэдүүлэхдээ: “би 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын өмнө утсаар танилцсан Наранбаяр гэдэг залуутай миний гэрт хамтран амьдрах болсон. ...гэтэл 2017 оны 5 дугаар сарын 07-ний өдөр гэртээ Наранбаяртай байж байсан чинь миний ангийн найз Чимгээ ирээд бид 2 хичээл ярилцангаа 1 том савтай пивыг Наранбаяртай хамт 3-лаа хувааж ууцгаагаад .... Наранбаяр манай байрны хажууханд байдаг Секрет Гарден нэртэй зочид буудлын 3 давхарт өрөө авсан байсан. ....Наранбаяр урьдны хэрүүлээ сөхөж... намайг бараг 2 цаг орчим зочид буудлын өрөөнд цохиж зодсон. ..тэгээд эрүү сонин оригоод байхаар нь 4 хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарсан байна гээд хэвтэж хадуулахаар болоод эмчилгээ хийлгэсэн... би уг нь зодуулсныхаа маргааш нь цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч Наранбаяр намайг гуйгаад байхаар нь өгөөгүй.. ” гэжээ. /хав 15-16, 18/

 

Гэрч Ж.Чимгээ мэдүүлэхдээ: “...тэр үед Уртнасангийн гар утас нь дугараад утсаараа хүнтэй ярьсан чинь Наранбаяр нь хардаад зодсон. Тухайн үед Наранбаяр, Уртнасан бид гурваас өөр хүн байгаагүй. Наранбаяр ганц хоёр удаа л рүнкээр архи уусан байсан ерөөсөө согтоогүй байсан Уртнасан бид хоёр ч гэсэн нэг их согтоогүй байсан Уртнасан бид хоёр ч гэсэн нэг их согтоогүй байсан. ...Наранбаяр нь гар, хөлөөрөө л нүүрлүү нь, толгойруу нь хамарлуу нь цохиод зодоод байсан тэр үед Уртнасангийн нүүр нь нил хавдар, хамарнаас нь цус гарсан, чих нь бас хавдсан, толгой нь хавдсан харагдаж байсан....” гэжээ. /хав 24/

 

Гэрч Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...3 удаад нь би очоод хаалгыг нь тогшисон чинь хаалгыг Наранбаяр онгойлгоод зүгээр гэсэнд цаана нь нөгөө 2 эмэгтэй нь цагдаа дууд гээд орилоод байсан тэгээд нөгөө Наранбаяр хаалгаа хаачихаар нь би зүгээр юм байна гэж бодоод доошоо буусан тэгээд хэсэг байж байсан чинь ахиад эмэгтэй хүн орилоод байсан тэгэхээр нь ахиад очоод хаалгыг нь тогшисон чинь найз эмэгтэй нь хаалга онгойлгоод цагдаа дууд гэсэн чинь яасан бэ гээд надруу уурласан тэгэхээр нь би доошоо буугаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр 3-ыг 3-ланг нь авч явсан...” гэжээ. /хав 19-20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7511 дугаартай дүгнэлтэнд: “Н.Уртнасангийн биед доод эрүүний баруун талын үений толгойн хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, үений толгойн мултрал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх доод эрүүний баруун талын үений толгойн хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хав 39/

 

Иргэний үнэмлэхийн давлагаа /хав 53/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Наранбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Секрет гарден нэртэй зочид буудалд хохирогч Н.Уртнасанг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 59/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Наранбаярт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Н.Уртнасантай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Наранбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.