Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

 

 

 

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00119 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Т газарт холбогдох

 

Албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1 186 152 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/192 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцагчаар томилогдон ажиллаж байтал Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Ц.Батболдыг уг албан тушаалд давхардуулан томилж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилж, албан тушаал бууруулсан. Ингээд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Б/02 дугаар тушаалын Ц.Батболдод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны Б/191 дүгээр тушаалаар Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилогдоод ажиллаж байна. Миний бие Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад албан тушаалын ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр 733 833 төгрөгийн цалин авч байсан бол албан тушаал буурч захиргааны тасгийн хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцагчаар ажиллах хугацаанд албан тушаалын ТЗ-6-5 ангилал, зэрэглэлээр 677 436 төгрөгийн цалин авч, тушаалын сарын үндсэн цалин 56 427 төгрөгөөр, нэмэгдэл 26 520 төгрөгөөр буурсан. Иймд хэргийг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрт цалингийн зөрүүгийн асуудал огт дурьдагдаагүй тул цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад албан тушаалын ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр 733 833 төгрөгийн цалин авч байсан бол албан тушаал буурч захиргааны тасгийн хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар ажиллах хугацаанд албан тушаалын ТЗ-6-5 ангилал, зэрэглэлээр 677 436 төгрөгийн цалин авч байсан тушаалын сарын үндсэн цалин 56 427 төгрөгөөр буурсан гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр жилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байна. Гэтэл А.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилж, албан тушаал бууруулсан тушаал гарснаар мэдсэн байна. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэхдээ цалингийн асуудлыг шийдвэрлүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй” гэж заасны дагуу шийдвэрлүүлээгүй харагдаж байна. Ажилтан албан тушаалын цалингийн зөрүү гарсныг мэдэж байсан ч нэхэмжлээгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.3 дахь хэсэгт заасны дагуу цалин хөлстэй хамааралтай маргааныг төрийн албаны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан байна. Шүүхэд гомдол гаргах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд А.Бын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Т газарт холбогдох албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1 186 152 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай А.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Б давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Татварын албанд ажилладаг төрийн захиргааны албан хаагч бөгөөд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй юм. Захиргааны үйл ажиллагаанаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэл тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дахь хэсэгт захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасныг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 102.2 дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан. Татварын ерөнхий газрын даргын хууль бус тушаалын эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан тул үүнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар 5 жил байхаар зохицуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч нь А.Б нь хариуцагч  Т газарт холбогдуулан албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1 186 152 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилогдож, албан тушаал бууруулан ажиллуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0808 дугаартай магадлалаар Захиргааны тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоор өөрчлөлт оруулсан байх ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор дээрх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Захиргааны тасгийн даргын албан тушаалд гэснийг Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд гэж өөрчилж магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 5-16, 19-21/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Быг албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжлэх эрх нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилсон үеэс үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргаан таслах комиссын шийдвэрлэх эсэх асуудал дотор ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааны төрөл хамаарахгүй, харин цалин хөлсний зөрүүтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхээр заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол шүүх уг хугацааг сэргээж болно, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн жуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заажээ.

 

Хариуцагч  Т газар нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолд заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.Быг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б/191 тоот тушаалаар Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хх 24/

 

Нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б/191 тоот тушаал гарснаар 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл, хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй гэж үзэж, албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1 186 152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гаргуулах олговрын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон нарийвчилсан журам хамаарна. Гэм хор учруулснаас үүсэх үүрэгт ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Баас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН