Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

                                                                                                          

Ч.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор М.*******,

Шүүгдэгч Ч.*******,

Түүний өмгөөлөгч М.*******,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар шүүгчийн захирамжтай Ч.*******д холбогдох 2115000380104 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Туухай овогт Чойжамцын ******* /рд:ГА*******/, 19** оны ** дүгээр сарын **-ны Булган аймгийн Б суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Булган аймгийн Б сумын Шарга **-р багийн нутаг “Шаргын уул” гэх газраас хохирогч С.*******ын хүрэн зүсмийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн 2115000380104 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

 Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрэн зүсмийн адууны толгойг Булган аймгийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгаж,

  Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хулээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П. би, эрүүгийн 2115000380104 дугаартай Ч.*******д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/247 дугаар захирамжаар дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийн 1 дахь заалгт: Хохирогч С.*******аас уг хулгайд алдсан морины зургийг гаргуулж, хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны толгойтой харьцуулах нь хэрэгт ач холбогдолтой,

2 дахь заалт: Гэрчээр ченж Мөнхцэцэгийг асуух нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход тус тус ач холбогдолтой байх тул дээрхи ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил илэрсэн гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаахаар шийдвэрлэв гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 00 минутанд хүлээн авч танилцлаа.

Шүүх дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, үндэслэл болон тогтоох хэсэгт тусгасан дүгнэлт харилцан зөрүүтэй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Шүүгчийн захирамжийн үндэслэл хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна. Учир нь хохирогч С.******* нь өөрийн алдсан адууг нас нийлэх гэж байгаа бүдүүн морь, хязаалан үрээ гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй...” гэх дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хохирогч С.******* нь алдсан морины насыг бүдүүн морь гэж мэдүүлсэний учир шалтгааны талаар хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө залруулж мэдүүлэг өгсөн, мөн хулгайд алдсан гэх морины насыг тогтоох талаар болон морины насыг тогтоосонтой холбогдуулан үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэн дүгнээгүй байна. Үүнд:

Хохирогч С.*******ын хохирогчоор дахин өгсөн “...Би өмнөх мэдүүлэг дээрээ өөрийн хулгайд алдсан морио нас нийлж байгаа бүдүүн морь гэж мэдүүлсэн. Би өөрөө сумын төвд эхнэрийн хамт амьдардаг. Манай аав, ээж маань хөдөө мал маллаж амьдардаг юм. Би ааваасаа хулгайд алдсан мориныхоо талаар мэдүүлэг өгсөн талаар хэлэхэд тэр үед морио нас нийлж байгаа бүдүүн морь талаар ярихад аав маань тэр морь чинь бие томтой морь болохоос биш бүдүүрээгүй байгаа шүү дээ, чи 2019 оны намар 10 сард би уг морио хязаалан үрээ байхад нь эмнэг үрээ сургаж унаж байсан тэгээд уг хязаалан үрээгээ дэлийг нь засаад хэсэг унаж байгаад тавьсан юм. Бие томтой им, тамгагүй, содон шинж нь духан дээрээ жижиг буурал үстэй духнаас доош нь хамар хүртэлх үсийг нь сайн ажиглаж харж үсийг нь сөргөөж үзвэл цагаан үстэй...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-р тал/

Гэрч *******ын “...Уг хулгайлд алдагдсан морь нь манай хүүгийн Шарга азаргатай 20 тооны адуунд байсан юм. Уг хүрэн морины эцэг нь хонгор халзан азарга, эх нь уг адуунд яваа юм. Уг хулгайд алдагдсан гээд байгаа хүрэн зүсмийн морь нь 2016 оны унага юм. 2017 онд даага, 2018 онд шүдлэн, 2019 онд хязаалан настай байсан бөгөөд 2019 оны намар манай хүү ******* нь өөрөө эмнэг үрээ сургаж унаж байсан юм. Тэгээд уг хязаалан үрээ нь 2020 оны 01 дүгээр сард хулгайд алдагдсан бөгөөд хаа сайгүй олон удаа хайсан ч олоогүй...2020 оны хавар ногоонд соёолон настай болох байсан юм. ...Манай хүү ******* нь насыг нь буруу хэлсэн байхаа. 2016 онд манай шарга азрагатай адуунд байгаа хүрэн гүүнээс гарсан унага байгаа юм. Тэгээд 2017 оны ногоонд даага болж байгаа юм.2018 оны ногоонд шүдэн настай болно, 2019 оны ногоонд хязаалан настай болно, тэгээд 2019 оны намар манайн хүү ******* нь уг үрээг сургаж унаж байсан бөгөөд уг морь 2020 он зун ногоо идээд соёолон болох байсан юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сард хулгайд алдагдсан.Эрдэнэт хотын хүлэг захын махны ченжээс адууны толгойг авч ирсэн гэсэн. Тэр хүнд манай сумын 1 хүн зарсан байсан гэсэн. Тэгээд тэр хүрэн зүсмийн адууны толгойг харахад яг мөн байсаан. ...Тэгээд манай хүү ******* нь манай багийн иргэн Дугараа буюу *******ынд очоод та миний морийг хулгайлсан байна гэхэд ******* нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд чи цагдаагаараа яв гэж хэлсэн байсан. Тэгээд намрын ажил болоод түр хойш нь тавьсан байсан тэгээд сүүлд нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд ******* нь цагдаа дээр шалгагадаж байхдаа *******тай уулзаж хэргээ хүлээгээд тохиролций хохирлыг чинь бүрэн барагдуулж өгье гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг

Яллагдагч Ч.*******ын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн “...Би өөрийн сонгон авсан өмгөөлөгч Д.Ган-Очиртой мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлэг өгнө. 2020 оны 01 сарын 05-ны өдөр байх Баягн-Агьт сумын 1-р багийн нутаг Шаргын нуур гэх газар байсан. Азаргыг нь мэдэхгүй 20 орчим тооны адуу байхаар нь би өөрийн шар өнгийн мустанг 5 маркийн мотоцикпоор 16 цагийн үед гэрийнхээ гадаа тууж ирсэн. Уг адууг би өөрийнхөө өвөлжөөнийхөө хашаанд хашиж байгаад хүрэн зүсмийн морийг нь барьж уяад бусад адууг нь шаргын нуур луу туугаад орхисон. Тэр үед манайд ямар ч хүмүүс байгаагүй би ганцаараа хөдөө байсан. Манай ээж Түмээ дүү Отгонсүрэн нар УБ хот явсан байсан. Манай эхнэр ******* сумын төвд байсан юм.Би уг барьж авсан морио өөрийнхөө гэрийн ард талд хутгаар нугасалж алаад ганцаараа эвдэж төхөөрсөн. Уг адууны махыг нь би өөрийнхөө илүү гэрт зөөж оруулаад Баян-Агт сумаас Булган аймаг Орхон аймгийн чиглэл рүү хүн тээвэрлэж явдаг тэндэрийн жолооч ******* гэх ахтай сумын төвд таараад Эрдэнэт хотруу явнаа нэг адууны махтай гэсэн ******* гэх залуу зөвшөөрөөд би сумын төвд байдаг Ганболдоос гарал үүслийн бичиг аваад *******гаар баталгаажуулаад *******тай хамт хөдөө гэрт очсон ба орой нь *******гийн машинд адууныхаа махыг ачаад Орхон аймаг орсон.Бид 2 нэлээн оройтсон болохоор авах газар байхгүй байсан. Би ******* ахыг өглөө зах орж махаа өгнөө гэхэд ******* ах, ах нь өглөө жилтай би чамайг таньдаг хүнтэйгээ яриад өгье гээд нэг ахтай ярьж 700 гаруй мянган төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг

Адууны толгойд дахин үзлэг хийсэн тэмдэглэл “...мэргэжилтэн мал зүйч Ч.******* нь уг адууны толгойг гаднах байдлаас нь шүдийг нь хараад 8 наснаас доош насны адуу байх магадлалтай юм байна. Уг хүрэн зүсмийн адууны толгойны эрүүг нь оролцогч Д.Амаржаргалаар заалган насыг нь тогтооход бэлэн болгов. Уг адуу нь ямар настай болохыг мэргэжилтэн мал зүйч Ч.*******гаас асуухад уг адууны шүдийг арчиж сайтар ажиглаад шүднийх нь цөгц бүдүүрээгүй байна. Мөн соёо нь ургаагүй байна. Энэ адуу нь хязаалан настай адуу байна гэж ярьсныг тэмдэглэлд тусгав..” гэх /хх-ийн 14-16-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хулгайд алдагдсан гэх хүрэн зүсмийн адууны толгойны зургийг түүнтэй адил зүстэй 2 ширхэг адууны толгойны зурагтай хамт А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр өнгөтөөр хэвлэж 1,2,3 гэж дугаарлан байрлуулав. Хулгайд алдагдсан адууны хүрэн зүсмийн толгойг 1 гэсэн дугаарт байрлуулан тавьж хохирогч С.*******ад харуулахад хохирогч С.******* нь бичгийн цаасан дээр хэвлэж байрлуулсан 3 ширхэг гэрэл зургийг харж 1 гэж дугаарласан 1 ширхэг хүрэн зүсмийн адууны толгойны гэрэл зургийг зааж миний адууны толгой мөн байна гэв...” гэх /хх-ийн 22-23-р тал/

Шинжээчийн анхны дүгнэлтээр “бүдүүн морины” үнэлгээ, 2 дахь дүгнэлтээр “хязаалан” насны морины үнэлгээг тус тус гаргасан.

Яллагдагч Ч.******* нь мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ш.Мөнх- Амгалантай болон хохирогч С.*******тай хэргийн талаар болон хохирол төлбөрөө төлөх талаар ярилцаж байгаа талаархи дуу, дүрсний бичлэгийг дискэнд хуулбарлан бэхжүүлэн авсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан талаархи дүгнэлтийг огт хийгээгүй байна.

Хоёр. Шүүгчийн захирамжид дурьдсан нэмэлт ажиллагаа хийлгэх 2 үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолгүй, мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөх байтал, зөвхөн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээдэггүй, яллагдагчийн мөрдөн байцаалтын үед зөрүүтэй өгсөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга 1-р багийн нутаг “Шаргын уул” гэх газраас хохирогч С.*******ын хүрэн зүсмийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх хохирогч С.*******аас уг хулгайд алдсан морины зургийг гаргуулж, хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны толгойтой харьцуулах нь хэрэгт ач холбогдолтой, гэрчээр ченж Мөнхцэцэгийг асуух нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход тус тус ач холбогдогтой байх тул дээрх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил илэрсэн гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь байна.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжид дурьдсан нэмэлт ажиллагаа хийлгэх 2 үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолгүй, мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөх байтал, зөвхөн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээдэггүй, яллагдагчийн мөрдөн байцаалтын үед зөрүүтэй өгсөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захирамжидаа 2 үндэслэлээр буюу захирамжийн үндэслэлийн 1 дэх заалтад хохирогч С.*******аас уг хулгайд алдсан морины зургийг гаргуулж, хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны толгойтой харьцуулах нь тухайн гэмт хэрэгт шүүгчдэгчийн гэмт хэрэг хийсэн гэм буруутай болохыг тогтоолох чухал ач холбогдолтой байна.

2 дахь заалтад гэрчээр ченж Мөнхцэцэгийг асуух нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход боломжтой ба гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнг тогтооход ач холбогдолтой байна. Дээрх ажиллагааг хийснээр шүүгдэгчийн гэм бурууг нотлох, гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг тодорхойлох чухал ач холбогдогтой болно.

Ч.*******ын 2019 оны малын А дансыг шалгаж, тухайн үед Ч.******* нь хүрэн зүсмийн адуутай байсан эсэхийг нэмж шалгах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.гийн эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                                                                       Н.БАЯРХҮҮ