Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102//ШШ2023/02372

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/02372

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц

 

Хариуцагч:НШШГГ

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 147/15250869 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Б.Ц-д холбогдох хэсэг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Г.У хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц миний бие 2013 онд барилгын салбарт бизнес хийхээр В.Б-н үүсгэн байгуулсан С ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцон 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо өрхийн эмнэлгийн хажууд, мөн 3,4 дүгээр хороолол Өргөө кино театрын хойд тал тус тус 2 газар барилгын ажил хийхээр харилцан тохиролцож үйл ажиллагаа эхэлсэн. Хамтран ажиллах явцад хөрөнгө оруулалт буюу зарлага гарахаас орлого орж ирдэггүй олон асуудал В.Б бид хоёрын хооронд үүсэж байсан бөгөөд 3, 4 дүгээр хороолол дахь барилгын ажил дуусаж тохиролцсон 4 орон сууцаа авах гэтэл давхар зарагдсан байснаас болж цаашид хамтран ажиллах, тэвчих ямар ч боломжгүй болсон. Дээрх 3, 4 дүгээр хороолол барилгатай холбоотой давхар зарж бусдыг залилсан гэх асуудлаар гүйцэтгэх захирал В.Болд нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэн шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа гэж би сонссон. Энэ хугацаанд 21 дүгээр хороололд барилгын суурийн ажил хийгдсэн газрыг хохирогч нартаа өгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүссэн авлагыг хаасан гэж миний бие ойлгож байсан. Гэтэл миний нэр дээр тус газраас 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 4-146/2376 дугаар мэдэгдэл ирсэн. Өөрөөр хэлбэл компанийн хөрөнгөөр төлбөр төлөх болохоороо надад огт мэдэгдэлгүй ажиллагаа явуулж төлдөг хэр нь үлдсэн төлбөр дээр хариуцлага хүлээ гэж надад хандсанд нь тухайн үед шударга бус л санагдаж байсан. Мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал В.Б тухайн хугацаанд дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд товчоор хэлэхэд 20%-ийн хувьцаа эзэмшигч хүн ямар ч бодит эрх мэдэл байдаггүй, компанийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй, гаръя гээд гарч чаддаггүй, оруулсан хөрөнгө, тохиролцсон зүйлсээ авч чадахгүй өөрөө хохироод өнөөдрийг хүрч байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/03154 дугаар шийдвэрээр С ХХК-аас 32.281.426 төгрөгийг гаргуулж Г.Б-д, мөн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/111Ш2015/03154 дугаар шийдвэрээр 23.895.779 төгрөгийг С ХХК-аас Д.Ш-д олгохоор тус тус шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Ц-д миний нэр дээрх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, арилжааны банк дахь дансыг битүүмжилсэнд үнэхээр гомдолтой байна. Дээрх ажиллагаа хуульд нийцээгүй, хууль бус болсон талаар дараах үндэслэл байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах гээд маш тодорхой зохицуулалтай байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С ХХК-ийн төлбөрийг хувьцаа эзэмшигч иргэн Б.Ц надаас гаргуулахаар эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, арилжааны банк дахь дансыг битүүмжилж хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа ба шүүхийн шийдвэрт заагаагүй үйл ажиллагааг эрх мэдлээ хэтрүүлэн хийж байна. 2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан заалтыг баримталсан бөгөөд миний хувийн хөрөнгө С ХХК-ийн хөрөнгөтэй нийлсэн, холилдсон зүйл огт байхгүй. Энэ талаар ямар ч баримт байхгүй, мөн баримт цуглуулаагүй энэ хууль бус арга хэмжээг авсан байна. 3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Х-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны 146/2960 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор гаргасан бөгөөд энэ талаараа Б.Ц надад 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 4-146/2376 дугаар Мэдэгдэл ирүүлж тус мэдэгдэлдээ ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбарыг 2022 оны 02 дугаар сарын 16-н өдрийн 10 цагт ... М.Х-д ирүүлэхийг мэдэгдье гэжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн эрхийг нь түдгэлзүүлснийхээ дараа хөрөнгө зааглагдсан эсэх талаар баримт ирүүлэхийг шаардаж хуульд заасан дараалал зөрчсөн байна. 4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн ямар нэг тогтоолгүйгээр иргэн Б.Ц миний эзэмшлийн ... УНҮ улсын дугаартай Toyota Sai маркийн, мөн ... УНҮ улсын дугаартай Toyota landcruiser 200 маркийн автомашинуудын тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн. Энэ талаар надад огт мэдэгдээгүйгээр энэ хууль бус арга хэмжээг авсан байна. 5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.А-н 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 147/15250869 дүгээр Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргахдаа бол огт мэдэгдэж тайлбар аваагүй бөгөөд миний бие гүйлгээ хийх гээд болохгүй болохоор нь банкнаас тодруулж байж мэдсэн. Уг тогтоолын хууль зүйн үндэслэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах данс дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих зааснаар иргэн Б.Ц би төлбөр төлөгч биш бөгөөд шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч С ХХК гэж тодорхой заасан байна. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ гэж эрх бүхий хуулийн этгээдийн гээд заасан байна. Өөрөөр хэлбэл энэ барьсан хуулийн заалтад төлбөр төлөгч, хуулийн этгээд гэж тодорхой заасан бөгөөд хувьцаа эзэмшигч иргэний дансыг битүүмжлэх, хөрөнгө татах ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. 6. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд Төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах гээд 86.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэдэг заалтыг барьсан нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэрт С ХХК, гүйцэтгэх хуудас дээр төлбөр төлөгч С ХХК гэж хуулийн этгээдэд холбогдож байхад иргэн Б.Ц-с гаргуулахаар ажиллагаа хийж эрх мэдлээ хэтрүүлэн, хоёр тусдаа ажиллагаа, хуулийн заалтыг нэг дор хэрэглэж том алдаа, хуулийн зөрчил үүсгэсэн байна. 7. Дээрх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 146-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Х, 147-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.А нар хийсэн байх бөгөөд С ХХК-ийн албан ёсны хаяг ........ гарсан бөгөөд аль тойрогт харьяалагдаж байгаа нь тодорхойгүйн дээр бүхэлдээ тойргийн харьяалал зөрчигдөж ажиллагаа хийгдсэн байна. Хувь хүний эрхэд халдсан дээрх ажиллагааг хууль бус гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт хандаад эрхээ хамгаалуулж чадаагүй тул шүүхэд хандаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно заасан бөгөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Х-гийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны 146/2960 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ц-н хувийн өмч болох .......... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.А-н 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 147/15250869 дүгээр Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ц-н арилжааны банк дахь дансыг 56.127.204 төгрөгөөр битүүмжлэх, хасалт хийж шилжүүлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хууль бус болохыг тогтоолгож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн ямар нэг тогтоолгүйгээр иргэн Б.Ц миний эзэмшлийн... УНҮ улсын дугаартай Toyota Sai маркийн, мөн ... УНҮ улсын дугаартай Toyota landcruiser 200 маркийн автомашинуудын тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн. Энэ талаар надад огт мэдэгдээгүйгээр энэ хууль бус арга хэмжээг авсан тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр С /5575982/ ХХК-иас 23.619.731 төгрөг гаргуулж Д.Ш-д, тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар шийдвэрээр С  /5575982/ ХХК-иас 25.378.126 төгрөг гаргуулж Б.Э, Б.Э нарт, тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 960 дугаар шийдвэрээр С /5575982/ ХХК-иас 31.695.000 төгрөг гаргуулж Г.Б-д олгохоор тус тус шийдвэрлэсэн 3 гүйцэтгэх баримт бичигт 2015 оноос эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч талаас өөрийн эзэмшлийн газрыг дарааллын эхэнд бүртгэлтэй төлбөр авагч Б.Б, Б.Ж нарт төлж барагдуулсан. Үүнээс хойш С ХХК нь нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Төлбөр төлөгч С /5575982/ ХХК-ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөгүй болсон тул тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа Б.Ц-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 3.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах талаар 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 4-146/2376 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчигдөөгүй хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/77 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх 18/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03/242 албан бичиг /хх 19/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3353 дугаар захирамж /хх 20-21/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар мэдэгдэл /хх 68/, Хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1758 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 30/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17022 дугаар шүүгчийн захирамж /хх 31/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3154 дугаартай шийдвэр /хх 32-33/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол /хх 34/, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2319 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 35/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22063 дугаар шүүгчийн захирамж /хх 35 ар/, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1770 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 36/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17110 дугаар шүүгчийн захирамж /хх 36 ар/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3318 дугаар шийдвэр /хх 37-38/, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 39/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2960 дугаартай шийдвэр /хх 40-41/, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 42/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2376 дугаар мэдэгдэл /хх 43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2374 дугаар эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх 44/, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960/01 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 44 ар/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2375 дугаар эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх 45/, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 45 ар/, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 288 дугаар албан бичгийн хариу /хх 46/, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар албан бичиг /хх 46 ар/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21250659/10 дугаар төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх 47/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4-146/11477 дугаар албан бичиг /хх 47 ар/, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9/674 дугаар төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /хх 48/, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 48 ар/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-146/17580 дугаар албан бичиг /хх 49/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3-2/2552 дугаар албан бичиг /хх 49 ар/, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх 50/, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх 52/, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 52 ар/, хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл /хх 53/, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 54/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 55/, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 56-57/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/5052 албан бичиг /хх 83/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан санал болгох ажиллагааны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх 84-86/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас С ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 88-93/, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн албан бичиг /хх 112/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 147/15250869 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Б.Ц-д холбогдох хэсэг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3154 дугаартай шийдвэрээр С ХХК-иас 23,619,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш-д олгохоор, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3318 дугаар шийдвэрээр С ХХК-иас 24,995,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Э нарт олгохоор, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2960 дугаартай шийдвэрээр С ХХК-иас 31,695,000 төгрөг гаргуулан Г.Б олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

7. Дээрх шийдвэрүүдийг хариуцагч С ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1758 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17022 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2319 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22063 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1770 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17110 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус тус үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийсэн байна.

 

8. Улмаар С ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн дүн хүрэлцэхгүй, өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 20 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ц 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2376 дугаар албан бичгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбарыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгджээ.

 

Гэтэл энэхүү мэдэгдлийг хүргүүлэхээс өмнө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг үйлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2375 дугаар эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгүүдийн огноо, дугаараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбарыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдсэн атлаа хариу ирэх эсэхээс үл хамааран эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймээс хариуцагч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна зааснаар нэхэмжлэгч Б.Ц компанийн 20 хувийн хувьцааг эзэмшихдээ хөрөнгө оруулсан эсэх, хувийн хөрөнгө нь компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулалгүйгээр түүний эд хөрөнгөд халдсан тул энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй.

 

9. Мөн хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон гэдгийг тогтоогоогүй байна.

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/5052 дугаар эрх шилжүүлэх тухай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд явуулахдаа төлбөр төлөгч СПО инженеринг ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 4 дүгээр гудамж 27 тоот хаягтай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг төлбөр авагч О.А, Ц.Ц, Д.Б, Л.Б, Л.Д, Б.Э, Б.Э, Б.А, Г.Б, Д.Ш, СХХ ХХК нарт эзэмшигчээр шилжүүлэхээр болсон байна.

 

Энэхүү газрыг төлбөр авагч Г.Б, Д.Ш нарт олгосноор С ХХК-ийн төлөх төлбөрөөс хасагдах байтал шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу 56,127,204 төгрөгөөр Б.Ц-н нэр дээрх эзэмшиж байгаа банкны дансыг битүүмжилсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч С ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансанд мөнгө байгаа эсэх болон өмчлөл, эзэмшилд нь хөрөнгө байгаа эсэх талаар тодруулсны үндсэн дээр хувьцаа эзэмшигчтэй холбоотой ажиллагаа хийх байтал энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь эхлээд С ХХК-ийн бүх хөрөнгөөр төлбөрийг барагдуулах болон үлдсэн төлбөрийг ялган тогтоох ажиллагаа хийгээгүй, компанийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө компанийн хөрөнгөөс зааглагдсан эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулсны үндсэн дээр хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг битүүмжлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/2960 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 147/15250869 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын Б.Ц-д холбогдох хэсэг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4-146/2373 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ