| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/202/01889/и |
| Дугаар | 102/ШШ2023/02466 |
| Огноо | 2023-06-22 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/02466
| 2023 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2023/02466 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У ХХК холбогдох,
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,993,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь У ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн. Хариуцагч төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 9,948,000 төгрөг, алдангийн хамт 14,256,840 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан 71,300 төгрөгийн тэмдэгтийн хураамж, нийт 14,993,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр иргэн Б.У-с У ХХК-ийг шилжүүлэн авсан. Энэхүү гэрээний 5.3-т эрх шилжүүлэхээс өмнөх татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй холбоотой өр авлагын асуудлыг эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцна гэж заасан. Мөн нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч У ХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг хэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан эсэх, мөн гэрээ хэрхэн, яаж хэрэгжсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл ямар бүтээгдэхүүнийг хэнд, хэзээ нийлүүлсэн гэх баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгчээс Р ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/04 дугаартай албан бичиг /хх 6/, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх 7-13/, Р ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/410 дугаартай нэхэмжлэх /хх 14-15/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4853 дугаартай шүүгчийн захирамж /хх 16/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3881 дугаартай шийдвэр /хх 17-18/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2820/1378 дугаар албан бичиг /хх 19-20/, Ремикон ХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд /хх 38-46/, хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх 30/, Шүүхийн төрөлжсөн архивын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 9593 дугаартай албан бичиг /хх 31/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх 32/зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 9,948,000 төгрөг, алданги 4,974,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан 71,300 төгрөгийн тэмдэгтийн хураамж, нийт 14,993,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хугацаандаа шаардлага гаргаагүй, компанийн эрх шилжүүлж авахад мэдэгдээгүй байсан учир хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Р ХК нь хавсралтад заасан чанар, марк, төрлийн бетон зуурмагийг үйлдвэрлэн худалдан авагч талын заасан барилгын талбайд тээвэрлэн нийлүүлэх, хариуцагч У ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна.
Энэхүү гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 10,546,000 төгрөгийн өртөг бүхий бетон зуурмагийг У ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь Р ХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч дээрх үйл баримтыг мэдэхгүй гэснээс гадна энэ талаар маргаагүй байна.
Хариуцагчийн хугацаандаа шаардлага гаргаагүй гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагджээ. Нэхэмжлэгч анх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө шүүхэд хандаж, шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар хариуцагч У ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3881 дугаар шийдвэр гарчээ. Иймээс хариуцагч шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Мөн хуулийн этгээдийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн хүлээх хариуцлагыг хязгаарласан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ зааснаар хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн явдал нь компанийг хариуцлагаас чөлөөлөх, гэрээний талаас хасах үндэслэл болохгүй. Энэ талаарх хувьцаа эзэмшигч нарын тохиролцоо нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарын хувьд хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч Р ХК-д хамааралгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ууган-Орхон ХХК нь татгалзлаа баримтаар баримтаар нотлоогүй байна.
7. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 10,546,000 төгрөгийн өртөг бүхий бетон зуурмагийг У ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ заасныг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт 9,948,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
8. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барагдуулаагүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нэмж тооцно гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Алдангийн хэмжээг гэрээний 4.2-т заасан төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 9,948,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 4,974,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Мөн хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор түүнийг эрэн сурвалжилж, олохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,300 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
9. Иймд хариуцагч У ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,948,000 төгрөг, алданги 4,974,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 71,300 төгрөг, нийт 14,993,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХК-д олгох нь зүйтэй юм.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,993,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ