Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02515

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02515

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.С

Хариуцагч: М ХЗХ-д холбогдох,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, түүний өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь хариуцагч М зээлийн хоршоотой анх 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 07/14 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 1.1, 1.2-д зааснаар 9,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин 5,000,000 төгрөгийг зээлж өмнөх зээлийн гэрээг шинэчлэн 07/99 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1, 1.2-д зааснаар нийт 14,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож зээлийн барьцааны 0/14 дугаартай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2020 оны сүүл 2021 оны эхэн үеэс дэлхийн нийтээр тархсан ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн удаа хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагааг алдагдуулснаас болж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд хүрсэн. Энэхүү учир байдлаа тайлбарлахаар хариуцагч талтай очиж уулзахад та гэрээгээ шинэчлээд хийчихвэл тэгээд асуудалгүй, цааш төлөөд явчих өнөөдрийн байдлаар 1,100,000 төгрөг төлөөд явах юм байна гэж нягтлан нь хэлсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээг байгуулах болсон тухайн үед өмнөх зээл, үндсэн хүү зэргээс нийт 10,901,190 төгрөг төлсөн байсан гэтэл нэмэгдүүлсэн хүү нэмэгдээд нийт 12,000,000 төгрөг болж байна өнөөдөр төлөх төлбөр нь 1,100,000 төгрөг нийт 13,200,000 төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцааны 03/39 дугаартай гэрээ байгуулж, барьцаа эд хөрөнгө болох ... эд хөрөнгийг 13,200,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ байгуулсан. Миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 10,901,190 төгрөгийг төлсөн байхад үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүүг үлдэгдэл зээл дээр нэмж, дахин хүү тооцуулж намайг хохироосонд гомдолтой байна. Мөн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээний дагуу 13,200,000 төгрөгийг бэлнээр аваагүй, тус гэрээ нь дараах үндэслэлээр анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна. 1. Хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох 13,200,000 төгрөгийг тогтоохдоо өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрээр тогтоосон нь зээлдэгчид нэн хохиролтой бөгөөд тус гэрээний дагуу олгосон гэх 13,200,000 төгрөгийг ашиглаагүй, аваагүй атлаа өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс дахин үндсэн хүү тооцож төлөх нөхцөлтэй гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 / хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл/-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ билээ. Зээлийн гэрээгээр олгох зээл нь зориулалтын дагуу ашиглах боломжтой мөнгөн хөрөнгө байх ёстой. Гэвч дээрх гэрээний дагуу тогтоосон мөнгөн дүн нь хууль болон гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй тул тус зээлийн гэрээний дагуу үүрэг үүсэхгүй. 2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх гэсэн нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох зохицуулалттай гэвч хариуцагч нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, бодитойгоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, байгуулагдаагүй байхад тус гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах зэргээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шаардлагаар 8,424,000 төгрөгийг төлсөн нийт 19,325,190 төгрөг төлсөн байхад өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү гэх зэрэг 12,555,881 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хууль бус шаардлага тавьж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 07/99 дугаартай зээлийн гэрээний нийт төлөх зээл, үндсэн хүү нь 18,710,902 төгрөг төлөх ёстойгоос нийтдээ 19,325,190 төгрөг төлж тухайн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон. Иймд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Барьцаа эд хөрөнгө болох... эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн М.Сай хийсэн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 тоот зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. 03/39 зээлийн гэрээг байгуулагдахад талуудын хооронд гэрээ байгуулахад Монгол улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх нөхцөл бүрдсэн бөгөөд 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлээ буюу М.С зээлийн гэрээг байгуулах саналыг манай байгууллагад илэрхийлснээр хэлцэл /зээлийн гэрээ/ хүчин төгөлдөр болох бүх нөхцөл бүрдсэн. М.С нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 тоот зээлийн гэрээнд гарын үсэг өөрийн биеэр зурсан, улмаар Ү-2203002653 тоот улсын бүртгэлийн дугаартай 000644710 тоот гэрчилгээний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр зээлийн мэргэжилтэн Ч.Ш-д итгэмжлэл олгосон нь зээлийн гэрээний хэрэгжилт, үр дагавар, өөрийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн ойлгож ухамсарлаж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Ийм учраас М.С-н гаргасан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар барьцаа үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 07/14 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хх 6-7/, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /хх 8-9/, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /10-11/, 03/39 дугаартай гэрээний зээлийн данс, дансны тооцоо /хх 12/, Б.Одончимэгийн 5020258778 дугаар Хаан банкны дансны хуулга /хх 15-19, 32-41/, М.Сарантуяагийн 5094070482 дугаар Хаан банкны дансны хуулга /хх 20-31/, хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн кассын орлогын ордер /хх 63/, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн кассын зарлагын ордер /хх 64/, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх 65/, М ХЗХ-ны хувь нийлүүлсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх 66-72/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр М ХЗХ-ны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн дэлгэрэнгүй бүртгэл /хх 85-96/, хариуцагчийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудит /хх 97-130/-ийг хариуцагчаас гаргуулжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, .... эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.С нь М ХЗХ-той 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 07/14 тоот зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэн авсан байна. Мөн өдөр зээлийн барьцаанд........... тоотод байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

Улмаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг М.С-д нэмж өгөн нийт 14,500,000 төгрөгөөр зээлийн болон барьцааны гэрээг шинэчилжээ. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар өмнөх зээлийн үлдэгдэл 13,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэсэн тайлбарт үндэслэн зээлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ байгуулагдах үед 13,200,000 төгрөгийн төлөх төлбөртэй байсан болох нь 03/39 дугаартай гэрээний зээлийн данс, дансны тооцоо, М ХЗХ-ны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн дэлгэрэнгүй бүртгэл, хариуцагчийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудит зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 07/99 дугаар зээлийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай гэрээний үлдэгдэл 13,200,000 төгрөг байсан талаар маргаагүйгээс гадна тухайн гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргаагүй тул өмнөх зээлийг илүү төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, өмнөх зээлийн үлдэгдэл 13,200,000 төгрөгийг төлүүлэх зорилгоор нэхэмжлэгч М.С-д мөнгийг шилжүүлэхгүйгээр түүний үлдэгдэл зээлийг төлж, зээл төлсөн дүнгээрээ 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн кассын орлогын ордер, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн кассын зарлагын ордер, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдлөөс харагдаж байна. Энэхүү үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжжээ.

7. Харин нэхэмжлэгч нь энэ гэрээгээр мөнгө аваагүй учир 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 тоот зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн бол хариуцагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдтэй М.С танилцан хүсэл зоригоо илэрхийлж, дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан, үр дагаврыг нь өөрөө ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Эндээс үзэхэд зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж хуульд заажээ. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршино.

Хариуцагчийн өмнөх зээлээ төлүүлэх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлсэн 13,200,000 төгрөгийг М.С-р дамжуулахгүйгээр түүний зээлийг хаасан үйл явдал нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт ...зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно..., мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт ...зээлийг зээлийн гэрээнд заасан заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэг даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана... гэж заажээ.

М.С болон М ХЗХ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай 13,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон гэсэн боловч зориулалтын дагуу олгоогүй, зөвхөн өмнөх зээлийг нь төлүүлэх зорилготой гэрээ байна.

Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, нийгмийн зан суртахуунтай зөрчилдөж буй талуудын хэлцлийг зан суртахуунд харш хэмээн үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай, 13,200,000 төгрөг олгосон зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь өөрийн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхэд чиглэхгүйгээс гадна хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зааснаар тохиролцох боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдтэй М.С танилцан хүсэл зоригоо илэрхийлж, дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан, үр дагаврыг нь өөрөө ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчинтэй гэсэн татгалзал үндэслэлгүй болжээ.

9. Зохигчийн хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай, 13,200,000 төгрөг олгосон зээлийн гэрээний дагуу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, ... тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн .... дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ.

Энэхүү ....... тоотод байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай үл хөдлөх хөрөнгө хариуцагч М ХЗХ-ийн өмчлөлд шилжээгүй тухайд талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д ...Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно..., Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д ...өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ... зааснаар үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул түүний үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан боловч тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлснөөс гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар уг хэргийн зохигч нар хэлцлээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

10. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай, 13,200,000 төгрөг олгосон зээлийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл бүрджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар М.Сарантуяа болон Монсант алдар ХЗХ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болох ....байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Монсант алдар ХЗХ-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Сулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 233,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЗҮМБЭРЭЛ