Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/02569

 

 

 

   

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/02569

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х АА

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

264,531,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, гэрч Ч.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Тухайлбал: Монгол улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэйгээр үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хээр адуу ХХК-ийн хүсэлт ... Булган аймаг дах салбарт хадгалагдаж байгаа 2009 оны ургацын улаан буудайнаас 1 тонныг нь 180,000 төгрөгөөр тооцож нийт 3000 тонныг худалдан авах хүсэлтэй байна ... гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай Х ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Буудай 12/27 дугаар Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч тал дотоодын хэрэгцээний гурил үйлдвэрлэх зориулалтаар нэг тонны үнийг 180,000 төгрөгөөр тооцож 1574,5 тонныг нийт 283,354,200 төгрөгөөр тооцож төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг тонныг 180,000 төгрөгөөр тооцон 1574,19 тонн нийт 283,354,200 төгрөгөөр авч 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 107,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Төлбөрийн үлдэгдэл 176,354,200 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй бөгөөд гэрээний 5.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 176,354,200 төгрөгийн тавин хувь болох 88,177,100 төгрөг алдангийг үндсэн төлбөрийн хамт 264,531,300 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Буудай 12/27 дугаартай Хүнсний улаан буудай худалдах,худалдан авах гэрээтэй холбогдуулан Х ХХК-д гэрээний үүргийг биелүүлэх талаар ямар ч мэдэгдэл, шаардлага гаргаж байгаагүй болно. Х ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сантай 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Буудай 12/27 дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээг байгуулснаас хойш 11 жил 4 сар хугацаа өнгөрсөн байна. Иймээс 11 жилийн өмнөх гэрээний үүргийг одоо манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2011 оны ургацын хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудас /хх 5/, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Буудай 12/27 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ /хх 6-8/, Хээр адуу ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/79 дугаартай албан бичиг болон түүнийг бүртгэн авсан бичиг /хх 9-10/, тооцоо нийлсэн акт /хх 17/, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал /хх 18/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоол /хх 22/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар тушаалыг /хх 23/ шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Энх-Одыг гэрчээр асуужээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

5. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 176,354,200 төгрөг, алданги 88,177,100 төгрөг, нийт 264,531,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид харилцан тохиролцож, 3000 тонн ургацын хүнсний улаан буудайг 540,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 1574,5 тонн улаан буудайг 283,354,200 төгрөгөөр зээлээр худалджээ. Улмаар хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 107,000,000 төгрөг төлж, 176,354,200 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох нь 2011 оны ургацын хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Буудай 12/27 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, Х ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/79 дугаартай албан бичиг болон түүнийг бүртгэн авсан бичиг, тооцоо нийлсэн акт, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн Ч.Э хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х ХХК-иас Range rover автомашиныг төлбөртөө тооцуулах гээд явж байсан. Гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэхүү тогтоогдсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар хариуцагч үгүйсгэн маргаагүй бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардаж байсан, утсаар ярихад хариуцагч хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

7. Нэхэмжлэгч 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 1574,5 тонн улаан буудайг 283,354,200 төгрөгөөр зээлээр худалдаж, хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрийг буцаан төлөхөөр тохирсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

8. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, хариу үүргийг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болжээ.

Гэхдээ хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлээс төлсөн, гэрч Ч.Э 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч зээл төлөхөө зөвшөөрч байсан гэсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учир 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор гаргах байжээ.

9. Иймд хариуцагч Х ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 264,531,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-д холбогдох, ажлын албаны нэхэмжилсэн 264,531,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөлгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ