Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02608

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б холбогдох,

8,813,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онь 10 дугаар сарын 04-ний өдөр А нь Т ХХК-тай 02020945 дүгээр зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус-41 маркийн... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,307,848 төгрөг, хүү 1,337,340 төгрөг, алданги 167,882 төгрөг, нийт 8,813,070 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч А.Б-с үүрэг гүйцэтгэх хугацааг 183 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2 удаагийн төлөлтийг хийж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болно. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөронгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд А.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд А.Б-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02020945 дугаартай гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,307,848 төгрөг, хүү 1,337,340 төгрөг, алданги 167,882 төгрөг, нийт 8,813,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус шүүхэд Т ХХК нэхэмжлэлтэй А.Б-т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ц.Ш би нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаж, А.Б-с зээлийн гэрээний үүрэгт 8,813,070 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Талууд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 02020945 дугаар зээлийн гэрээ 02020945 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, хариуцагч А.Б нь 8,000,000 төгрөгийг Т ХХК-иас зээлэн авсан. Гэвч А.Б нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, ажил хийж чадахгүй байгаа тул зээлийн төлбөрийг мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймээс 02020945 дугаар фидуцийн гэрээний төлбөрт Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн... УБР улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Т ХХК-тай гэрээ байгуулах үед зээлийн мэргэжилтэн Б.Э зээлийн гэрээний шимтгэл гэж 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд уг 500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хангахгүй орхиж, үлдэх хэсэг болох 8,313,070 төгрөгийг 02020945 дугаар фидуцийн гэрээний төлбөр болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ /хх 5-7/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн фидуцийн гэрээ /хх 8-9/, барьцаат зээлийн тооцооны хуудас /хх 10/, А.Б тайлбарыг /хх 11/ шүүхэд гаргаж өгсөн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02020945 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7,307,848 төгрөг, хүү 1,337,340 төгрөг, алданги 167,882 төгрөг, нийт 8,813,070 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн боловч гэрээний шимтгэл гэж бэлнээр 500,000 төгрөг өгснийг хасуулаад үлдсэн хэсгийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулна гэжээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Б-тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн байна. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр Toyota prius 41 alpha маркийн ... УБР улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

Энэхүү үйл явдлын талаар болон зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, алданги 8,813,070 төгрөг болсон талаар хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс 500,000 төгрөгийг шимтгэлд буцааж өгсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

7. Нэхэмжлэгч нь 8,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлснийг хариуцагч нь хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч нь Toyota prius 41 alpha маркийн ....УБР улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол автомашины өмчлөлийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. заасан фидуцийн гэрээ байгуулагджээ.

Гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээ агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар болохыг талууд маргаагүй ба зээлийн үйл ажиллагаа эрхлэх аливаа аж ахуйн нэгж нь хуульд зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй тухайн үйл ажиллагааг явуулдаг байна.

Харин барьцаалан зээлдүүлэх газар нь тухайн үйл ажиллагаа явуулахдаа хаанаас, хэрхэн зөвшөөрөл авахыг хуульд тусгайлан заагаагүй, гагцхүү Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2017 Монгол улсын стандартад энэхүү төрлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг зохицуулжээ. 

Тайгын булаг кредит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр гэж бүртгэгдсэн, компанийн эрх зүйн байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул хариуцагчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй, талуудын хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардлага гаргаж маргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

9. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаас үзвэл тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл байна.

Дээр дурдсанаар барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох үйл ажиллагаа, тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэж тухайлан зохицуулжээ.

Тайгын булаг кредит ХХК нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд хууль болон стандартаар тогтоосон журмыг дагаж мөрдөх үүрэгтэй ба зээлийн үүргийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулж болохыг, улмаар төлбөр төлөгдөөгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж эхлэх хугацаа, аргыг түүнчлэн үнийн зөрүү гарвал мөнгийг өгөх боломжийг хуулиар тодорхой зохицуулсан атал өөрөөр буюу хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх /фидуци/ аргыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэхдээ нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй учир зээлийн гэрээнээс үүдэх шаардах эрхийг тодорхойлох учиртай.

10. Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой байх тул үндсэн зээл 7,307,848 төгрөг, хүү 1,337,340 төгрөг, алданги 167,882 төгрөг, нийт 8,813,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох буюу зээлийн гэрээний үүрэгт 8,813,070 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэйгээс гадна хариуцагчийн фидуцийн гэрээний зүйлээр үүргийг хангуулах тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл бүрджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч А.Б 8,813,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тайгын булаг кредит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 155,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

             

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ