Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/02852

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/02852

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т

 

Хариуцагч: Г.У

 

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч О., хариуцагч Г.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2001 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Одоо 21 настай, МУИС-ийн 1 дүгээр курсийн оюутан. Би багаасаа одоог хүртэл аав П.Б, ээж Г.Ур нарын хамт БГД-ийн ... орон сууцанд хамтдаа амьдарч байна. 2012 оноос манай хоёр тусдаа амьдрах болсноос хойш ээж Г.У-тэй хамт энэ байрандаа амьдарч байгаа. Б.Т би 2020 оны 11 сард шуудангийн хүн манайд заавал ээжид чинь өгөх чухал бичиг гээд захиа авч ирж өгөхөд өөрийнхөө байрыг банкны барьцаанд байгаа тухай анх мэдсэн. Тухайн үед ээжээсээ юу болсон талаар асуухад юм хэлэхгүй одоо ч надад тодорхой тайлбар өгөхгүй байна. Ээж энэ байрыг 2017 онд Голомт банкны барьцаанд тавьсан юм байна. Тэр үед би насанд хүрээгүй юмны учир холбогдлыг сайн ойлгож мэддэггүй байсан. Мэдсэн цагаасаа хойш өөрөө эргэн тойрныхоо найз нөхөд аав, ах эгч нартайгаа ярилцаад уг асуудлыг шийдвэрлэх гарцын талаар судалж хууль уншиж судалж байна. 2022 оны 3 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд тус албаны зарлан дуудах бичиг ирж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулж өгсөн байдалтай танилцаад өөрийнхөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрх минь зөрчигдөж байгааг мэдсэн. Иймд миний бие Б.Т-г ... З өрөө орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие ... нөхөр П.Б хүү Б.Т-н хамт амьдарч байсан. Д.Б-с гэр бүл тусдаа амьдраад 10 гаруй жил өнгөрч байна. Энэ орон сууцыг 2007 онд худалдан авахад Б.Т тэр үед 6 настай байсан. Үл хөлдөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр дангаар авсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас зээл авч дээрх ... орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн. Энэ зээл нь 2 жилийн хугацаатай байсан ба 2019 оны нэгдүгээр улирлыг дуустал хэвийн байсан. Доллар ханшны хөөсрөлд орж Монгол банк долларын худалдаанд хязгаарлалт тавьснаар гадаадаас бараа материал татаж авах боломжгүй болсон. Мөн бусад монопол байгууллагуудын шахаанд орж бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн хэвийн төлөлт удааширч шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү шилжсэн. Миний хүү Б.Т 2016 оны зун ахуйн осолд орж хүндээр өвчилж эмнэлгээр явж байнга эмчлүүлж байсан ба энэ асуудал ч бас нөлөөлсөн. Мөн хүү маань байнгын суурь өвчтэй болсон учраас орон сууцаа зээлийн барьцаанд тавьснаа нуусан. Тэгээд ч учир мэдэхгүй, насанд хүрээгүй байсан тул хэлэхийг хүсээгүй. 2020 онд шүүхийн шийдвэрээс бичиг ирэхэд мэдсэн юм шиг байна лээ. Тэгээд надаас асуухад би одоо ч тодорхой юм хэлэхгүй байгаа нь үнэн. Би үнэхээр эмнэлгээс эмнэлгийн хооронд явж маш их зовлон үзсэн. Иймд ...тоотын хамтран өмчлөгч нь Б.Т мөн болоход маргах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир уг орон сууц Г ХК болон Т ХХК нарын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаат хөрөнгө юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор 2 шатны шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй учир албадан гүйцэтгүүлэхээр НШШГ Газарт шилжүүлж ажиллагаа явагдаж байна. Т ХХК-ийн захирал Б.У нь шүүхийн шийдвэрийн дагуу 417.000.000 төгрөг төлөх ёстой боловч 6 жилийн хугацаанд огт төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу барьцаанд байгаа байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг нотлох баримт байхгүй байгаа юм. гэв.

 

4. Нэхэмжлэгчээс эд хөрөнгө өмчлөх эрхийн 000007226 дугаар гэрчилгээ /хх 9/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 10/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 14/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарлан дуудах мэдэгдэл /хх 18/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 19/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3345 дугаар шийдвэр /хх 20-24/, гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 27/, Голомт банкны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18/06-220196 албан бичгийг /хх 40/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь .... гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч зөвшөөрчээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрхийн ...дугаар гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн ... хорооны засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь өөрийн төрсөн эх, хариуцагч Г.У-н хамт .... гурван өрөө орон сууцанд амьдардаг бөгөөд Б.Т-г 6 настай байхад уг орон сууцыг 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.У өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч шүүхээс эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч хууль болон гэрээгээр хамтран өмчлөх эрхтэй эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлэх бөгөөд орон сууц нь гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Гэр бүлийн хөрөнгө нь гэрчлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын өмч мөн, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын хөрөнгөд хамаарна гэж зааснаар Б.Т гэр бүлийн гишүүн болсны дараа хариуцагч орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, гурван өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм. Хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй юм.

 

Иймд Б.Т нь хуульд зааснаар эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... талбайтай, гурван өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. зааснаар хангах нь зүйтэй.

 

10. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн байдаг тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д заасан эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэх зохицуулалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4.-т заасан гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэх зохицуулалт үгүйсгэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй Г ХК үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж буй этгээд тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй болно. Эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4 дэх хэсэг гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Төгөлдөрийг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ