| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0014/э |
| Дугаар | 322 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч М.Ганбат, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөхтө овогт Мөнхбаатарын Ганбатад холбогдох 201726020851 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Бөхтө овогт Мөнхбаатарын Ганбат /РД:ШЖ81092211/,
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Яллагдагч М.Ганбат нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “шинэ хотхон” байрны гадаа “төрсөн дүү М.Наранжаргалыг зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн хоорондын хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хүргэн болох Г.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганбат мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогч Г.Алтангэрэл мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Шинэ хотхоны 6-79 тоот гэртээ байхад манай эхнэр Наранжаргал уурлаад баз ах Мөнхбаатарын машины түлхүүрийг булааж аваад 3 охиноо дагуулаад гэрээс гарахаар нь би араас нь дагаад гарсан. Тэгээд би эхнэр Наранжаргалтай машины түлхүүрийг булаацалдаад байрны гадна маргалдсан. Гэтэл миний дунд охин утсаар хадам ах Ганбат руу яриад аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд Насанжаргал утсыг нь шүүрч аваад энэ чинь намайг зодоод байна гэж утсаар ярьсан. Удалгүй хадам ах Ганбат такси аваад манай байрны гадна ирээд яагаад байгаа пизда вэ гэж хэлээд хэд хэдэн удаа гараараа цохиод авсан, би өөдөөс нь ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй. Би Ганбат ахад танай дүүг зодоогүй гэж хэлэхэд чи өмнө нь зодож байсан гээ биз дээ, би дандаа дүүгүй байдаг байсан шүү гэж хэлээд намайг заамдаж миний цамцны захаар боогоод намайг чирээд байр руу явсан. Тэгээд байрны хойно очоод намайг хавсараад газарт унагаад миний дээрээс хэвлий нуруу хэсэг рүү хамгаагүй өшиглөж зодож нүдсэн... би зодуулж байх үед манай төрсөн ахын найз Биндэръяа таараад Ганбатыг салгасан...надад гомдол байхгүй...” гэжээ. /хав 9-10/
Гэрч Н.Биндэръяа мэдүүлэхдээ: “... 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, 11 цаг өнгөрч байсан байхаа гэрээсээ гараад Шинэ хотхонд хүнтэй уулзахаар очоод гадаа хүлээгээд зогсож байхад ...нэг залуу машинаас бууж ирээд найзын төрсөн дүү Алтангэрэлийг нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Би тэр үед ах дүү улсууд хоорондоо учраа олно биз гээд бодоод очоогүй. Гэтэл Алтангэрэлийг ирсэн залуу загнаад цаашаа байрны хашаа руу аваад явсан. Би хэсэг байж байтал хүн чанга юм яриад байхаар нь араас нь очиж харсан чинь Алтангэрэлийг газар унагаасан өшиглөж байхаар нь би арай ч дээ гэж бодоод зодож байсан залууг нь би чи одоо болиочээ ... гээд салгаад Алтангэрэлийг босгох үед дух халзарсан, амны жавж хэсгээс цус гарсан, хувцас нь нил шороо болсон байдалтай байсан..” гэжээ. /хав 12/
Гэрч М.Наранжаргал мэдүүлэхдээ: “...дунд охин Намуун миний гар утсыг аваад ах Ганбат руу залгаад аав ээжийг зодоод байна гэж хэлсэн байсан, тэгээд бас хадам ээж рүү аав ээжийг зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгээд бид 2 зууралдаад салаад ...хашаанаас гартал миний төрсөн ах Ганбат такситай ирсэн машинаас бууж байсан. Тэгээд Ганбат ах намайг яасан бэ гэж асуухаар нь энэ чинь намайг ажилд явуулахгүй зулгаагаад машины түлхүүр авна гээд зууралдаад байна гэж хэлсэн. ..тэгээд ах Ганбат нөхөр Алтангэрэлийг цаашаа хашаа руу аваад явсан. Түүнээс хойш ах Ганбат, нөхөр Алтангэрэл 2 юу болсоныг мэдээгүй. Би гэртээ харихгүй бараг 1 сар болсон. ...тэгээд 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр Алтангэрэл ..бид 2 эвлэрээд буцаад би 3 охиноо аваад гэртээ ирсэн” гэжээ. /хав 13/
Шинжээч эмч М.Энхтайван мэдүүлэхдээ: “...Г.Алтангэрэлийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..” гэжээ. /хав 20/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4508 дугаартай дүгнэлтэд: 1.Алтангэрэлийн биед зүүн 5,6-р хавирганы хугарал, духанд зулгаралт, нуруу цээж духанд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 19/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 43,44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Ганбат нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “шинэ хотхон” байрны гадаа “төрсөн дүү М.Наранжаргалыг зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн хоорондын хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хүргэн болох Г.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 85/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Г.Алтангэрэл нь мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ганбаттай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 85/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.
Шүүгдэгч М.Ганбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Ганбат хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 9-10 хуу/, шинжээчийн 4508 тоот дүгнэлт /хав 19 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул М.Ганбатыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан М.Ганбатад 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зургийг хохирогч Г.Алтангэрэлд буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бөхтө овогт Мөнхбаатарын Ганбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. М.Ганбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагсан рентген зургийг хохирогч Г.Алтангэрэлд буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ганбатын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.