Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

                                                                                                          

М.Галбадрахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч М.Галбадрах,

Түүний өмгөөлөгч П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой М.Галбадрахад холбогдох 2115000000052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Эрдэнэ-Уул овогтой Мөнхжаргалын Галбадрах /рд: ГН*******/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Х суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, ээж дүүгийн хамт, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Галбадрах нь Булган аймгийн Х сумын Х **-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Одбаярын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Эрдэнэ-Уул овогт Мөнхжаргалын Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Галбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрад цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Галбадрахаас 2 000 000 /хоёр сая/ төгрөг, гаргуулан иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймаг Т сум **-р баг Аргалантын *-* тоотод оршин суух Я овогт Ц-ын Сэдбазарт /рд: РК********/ олгож, Шүүгдэгч М.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч М.Галбадрахын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч М.Галбадрахад ял халдаах боломжгүй байгаа талаар шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцон санал хүсэлт мэдүүлэг энд тодорхой байгаа болно. Мөн энэ хэргийн хохирогч гэх Ц.Сэдбазар, Б.Одбаяр нарыг давж заалдах шатны шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж байна....” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс М.Галбадрахыг Булган аймгийн Х сумын Х **-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Одбаярын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэм буруутай болох нь:

-Мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Энх-Амгалан, Ц.Сэдбазар, Б.Алтансүх, Б.Хишигдаваа, Д.Болор-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэгүүд,

-Гэрч Б.Одбаяр, Ц.Цэвээннамжил, Д.Жаргалсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,

-“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2100060 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь “Шүүгдэгч М.Галбадрахад ял халдаах боломжгүй байгаа талаар шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцон санал хүсэлт мэдүүлэг энд тодорхой байгаа болно” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Галбадрахыг иргэн Б.Одбаярын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж боруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Галбадрах нь иргэн Б.Одбаярын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгайтай эрлийз 1 тооны унагыг хулгайлсан болох нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ “бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан” гэсэн санаа, зорилго агуулсан хадлагын зүйл нь мал байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс яллагдснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулдаг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Галбадрахыг бусдын малыг хулгайлж зарж борлуулсан гэх хангалттай баримт авагдаагүй байх тул “хулгайлах” гэмт хэргийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нэг болгон хуульчилжээ.

Шүүгдэгч М.Галбадрах мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс үзвэл, тэрээр гэрч Б.Энх-Амгалантай Хөвсгөлд уулзсан. Сэдбазар гэх хүнийг танихгүй. Б.Энх-Амгалан нь Б.Одбаярын адууг хардаг байсан. Би Сэдбазар гэх хүнд унага худалдаагүй гэж мэдүүлсэн байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн дээрх баримтуудыг шүүгдэгчийн болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл шүүгдэгч нь хохирогчийн 1 тооны унагыг хулгайлан авч, бусдад худалдсан нь нотлогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зохицуулсан 16 дугаар бүлгийн холбогдох, заалтыг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тухайлбал, анхан шатны шүүхийн “шүүгдэгч М.Галбадрах нь иргэн Б.Одбаярын 1 тооны унагыг хулгайлан бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ” гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоосон нотлох баримт байхгүй байхад “бусдын малыг хулгайлсан, бусдад худалдсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг бүрэн хангаж, шүүгдэгч М.Галбадрахын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Булган аймгийн прокурорын газраас М.Галбадрахад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2115000000052 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Галбадрахыг цагаатгаж, түүний өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч М.галбадрахыг нэн даруй сулласугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай

          

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        Н.БАЯРХҮҮ

 

                                                                                        Ё.БЯМБАЦЭРЭН