Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0335

 

    2023         04          06                                     128/ШШ2023/0335

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “О” ХХК /РД: 6*******/,

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Гуравдагч этгээд: “М*******и” ХХК /РД: 2*******/

Гуравдагч этгээд: “Ю” ХХК /РД: 5/

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, С.Я, Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “М*******и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах,

1.2 “М*******и” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Харилцааны холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “О” ХХК-д Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/ эрхлэх 14 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

2.2. Улмаар Харилцааны холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М*******и” ХХК, “Ю” ХХК-уудад “...”О” ХХК-тай сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулж, гэрээ болон түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлэх”-ийг мэдэгджээ.

2.3. Харин “М*******и” ХХК, “Ю” ХХК-аас сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг “О” ХХК-тай байгуулахаас татгалзсан хариуг Харилцааны холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

2.4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй, "О” ХХК-ийн сүлжээг “М*******и” ХХК болон “Ю” ХХК-тай холбогдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа үйл ажиллагаанд холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжтой гэсэн үндэслэлээр шүүхэд маргаан үүсгэсэн.

3. Процессын түүх:

3.1 Нэхэмжлэгч “О” ХХК-аас шүүхэд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцан холболт хийхтэй холбоотой зохицуулах чиг үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах, "Ю" ХХК-ийн үүрэн холбооны ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа "2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и" ХХК, "Ю" ХХК-д хүүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилсөн.

3.3. Тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10743 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.4. Улмаар “О” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа “М*******и” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж ихэсгэсэн.

4. Нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. "А*******" ХХК нь (компанийн нэр өөрчлөгдсөн тул цаашид "О" гэх) Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 дугаар тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч болохын хувьд Харилцаа холбооны зохицуулах хороотой 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8111хххх, 8166XXXX, 8188xxxx, 8181хххх сүлжээний дугаарлалтын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60XX XXXX, 66XXXXХХ сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулагдсанаар бид тэдгээр дугаарлалтыг ашиглаж телефон ярианы үйлчилгээг нийтэд үзүүлэх техникийн болон хууль зүйн бүх нөхцөл шаардлагыг хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт, зохицуулалт дор тус салбарт үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн.

4.2. Бид 2021 оны 53 дугаар тогтоол, дугаарлалтын гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хуулиар хүлээх үүргийг хүлээж, эрхийг эдэлж бусад ижил тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай, тэгш эрхтэйгээр харилцаа холбооны тарт төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Ингээд Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай "Харилцан холболтын гэрээ" байгуулах хүсэлтийг гэрээний төслийн хамт илгээсэн. Манай хүсэлтийн дагуу М" ХК Төрийн холбоо, Төмөр замын холбоо, С ХХК-иуд гэрээ байгуулж харил холболт хийх нөхцөлийг бүрдүүлсэн.

4.3. Харин "М*******и" ХХК, "Ю" ХХК-ийн зүгээс харилцан холболтын асуудалтай огт хамааралгүй шалтгаан дурдаж, хууль зүйн үндэслэлгүйгээр харилцан холболт хийхээс татгалзсан. “М*******” ХХК нь үндэслэлээ 55 гэсэн дугаарлалттай холбогдуулан “Ю” ХХК-тай шүүхэд маргаантай явж байгаа. Энэ асуудал шийдвэрлэгдсэний дараа танайхтай харилцан холболт хийнэ. Энэ асуудал шийдвэрлэгдэхээс өмнө харилцан холболт хийхгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. “Ю” ХХК нь танай авсан тусгай зөвшөөрөл эргэлзээтэй байна. Хууль зөрчсөн байж магадгүй байгаа учраас бид шүүхэд хандсан. Энэ асуудал шийдвэрлэгдтэл харилцан холболт хийхгүй гэж мэдэгдсэн. “М*******” ХХК-ийн хувьд татгалзаж буй үндэслэл нь өөрчлөгдөөд явсан. Эхлээд 55 дугаарлалттай холбогдуулан харилцан холболт хийхгүй гэж байсан. Дараа нь “Онлайн” гэсэн нэртэй өөр интернэтэд суурилсан ярианы эрхтэй компанитай харилцан холболт хийхгүй байгаа учраас танайхтай бас харилцан холболт хийхгүй гэж байсан.

4.4. Үүний дараа шүүхэд гомдол гаргаж байгаа, дугаараа хуулийн дагуу аваагүй учраас харилцан холболт хийхгүй гэх мэтчилэн 4, 5 янзаар үндэслэлээ өөрчилсөн. "М*******и" ХХК, "Ю" ХХК- ийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зах зээлд давамгай байдлаа ашиглан, тухайн зах зээлд шинээр орж үйл ажиллагаа явуулах гэж байгаа манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрэх боломжийг хааж, манай компанийг төдийгүй тухайн зах зээлийн хэрэглэгчдийг хохироосон үйл ажиллагаа явуулсан.

4.5. Тодруулбал, Харилцаа холбооны тухай хуулийн 22.2-д "Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана", Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5- д "Давамгай байдалтай аж ахуйн нэгж эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоохыг хориглосон". Дээрх хуулийн зохицуулалтууд нь үйлчлэгч буюу "М*******и" ХХК, "Ю" ХХК бусад үйлчлэгч этгээдийг зөвхөн "техник"-ийн боломж хангасан эсэхээс шалтгаалж өөрийн сүлжээнд холбох, эс холбох шийдвэр гаргахыг үүрэг болгосон ба дээрх компаниуд Харилцаа холбооны тухай хуулийн 22.2-г зөрчиж байгаа болно. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021-05-14-ний өдрийн 33 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох ерөнхий нөхцөл орлого хуваарилах журам"-ын 2.2 дахь хэсэгт "Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчлэгчид өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлнэ" гэж заасныг зөрчиж байгаа болно. 

4.6. Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-т "хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох хүчингүй болгох, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих", 9.1.4-т "сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих", 9.1.6-д "харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих" үндсэн чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заажээ. Түүнчлэн, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д "Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно", 15.1.1-д "харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тус тус хуульчилсан байх ба энэ нь Харилцаа холбооны зохицуулах хороонд хууль тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үүргийг ногдуулсан хуулийн зохицуулалт юм.

4.7. Нэгэнт зах заалд давамгай байдалтай аж ахуйн нэгж /"М*******и” ХХК, "Ю" ХХК/-Үүд ижил тустай зөвшөөрөл эзэмшиж буй манай компанийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай харилцан холболт хийх замаар харилцаа холбооны салбарт нэвтэрч үйл ажиллагаа явуулах боломжийг хууль бусаар хязгаарлаж, зохицуулалттай салбар болох харилцаа холбооны зах зээлд дур зоргоороо авирлаж байсан тул манай компанийн зүгээс "Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг" бүхий хуулиар "сүлжээ хоорондын харилцан холболт хийх, зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх холбогдох журмын батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрх олгогдсон төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/386 дугаартай албан бичгээр "Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай", хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг шаардсан гомдол гаргасан.

4.8. Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай компанийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр дараах агуулга бүхий шийдвэрийг "М*******и" ХХК, "Ю” ХХК-д хүргүүлсэн. “Тус хороо нь хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журмын хүрээнд “А” ХХК-д Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/ эрхлэх 14 дугаартай тусгай зөвшөөрөл болон уг үйлчилгээнд ашиглах 81, 60, 66 сүлжээний дугаарлалтыг олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Иймд, тус хорооны 2021 оны 33 дугаартай тогтоолоор батлагдсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ын 2 дугаар зүйлд заасан зарчим, үүргийн дагуу сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулж, уг журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажсан гэрээ, түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг заасан хугацаанд Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлнэ үү." гэж шийдвэрлэж, харилцан холболтын гэрээ байгуулж, гэрээг зохицуулах хороонд бүртгүүлэхийг дээрх 2 компанид мэдэгдсэн.

4.9. Гэвч "М*******и" ХХК, "Ю" ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

 4.10. Иймд, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д "Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно" гээд 15.1.1-д "харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд биелүүлээгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд "Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ:" гээд 84.1.1-т "захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага;" гэж тус тус заасны дагуу "О" ХХК-иас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх зорилгоор албадлагын арга хэмжээ авхуулахаар дахин гомдол гаргасан.

4.11. Манай компанийн гаргасан гомдолд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "...Иргэдээс төрийн байгууллага тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1- заасны дагуу гомдол шийдвэрлэлтийн хугацааг 30 хоногоор сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна" гэж гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан боловч хууль заасан хугацаанд шийдвэрлэх ажиллагаа явуулж, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасан дагуу захиргааны шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй.

4.12. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, гэж заасан чиг үүргээ болон 9.1.4-т "сүлжээ хооронд харилцан холболт хийх,..." бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу ХХЗХ-ны 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и" ХХК, "Ю" ХХК-д хүүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа болно.

4.13. Хуулийн дагуу харилцаа холбооны салбарт зохицуулалт хийх чиг үүрэг, бүрэн эрх бүхий төрийн захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээн зохицуулалтаа хийхгүй байгаагийн улмаас тусгай зөвшөөрөл аваад 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч манай компани "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /телефон ярианы үйлчилгээ/" тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээгээ нийтэд үзүүлж чадахгүй, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх ноцтой зөрчигдөж байна. Нөгөө талаар манай компанийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, үйл ажиллагаагаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт зохицуулалт доор явуулж байна.

4.14. Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцан холболтоо хийгээд гэрээгээ манайд ирүүл гэсэн шийдвэрийг бүх талуудад мэдэгдсэн. Энэ шийдвэрээ дахин давтан гаргаж, албан бичгээ дахин илгээдэг. Хуулиар бүрэн эрхэд нь олгогдсон бусад үйлдлийг огт хийдэггүй. Бид тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэх мэт шат дараатай арга хэмжээг авч өгөөч, нэг үйлдлээ дахин давтаж битгий хийгээч гэдэг байдлаар уулзаж үзсэн, албан бичгийг илгээж үзсэн. Дээрх үйлдэл огт хийгдээгүй. Тийм учраас эцсийн найдлага гэж үзээд шүүхэд хандаж байгаа. Бид тусгай зөвшөөрлөө аваад 3 жилийн хугацаа дөхөж байна. 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, 100 гаруй ажилтан ажиллуулж байна.

4.15. Хэрэв Харилцаа холбооны зохицуулах хороо хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын харилцан холболтыг хийлгэсэн, өөрийн гаргасан захиргааны шийдвэрээ гүйцэтгэсэн, албадлагын арга хэрэглэх талаар Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол манай компани өнөөдрийг хүртэл хохирохгүй байсан. Түүнчлэн дээрх 2 компанийн хууль бус, өрсөлдөөнийг хязгаарласан ажиллагаа таслан зогсоож, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн гаргасан захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байгаагийн улмаас "О" ХХК эд хөрөнгийн онц их хэмжээний хохирол амсаж байна.

4.16. Хууль зүйн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо зохицуулагч байгууллага болохын хувьд Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и" ХХК, "Ю" ХХК-д хүүргүүлсэн захиргааны шийдвэрээ биелүүлэх талаар Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүрэгт заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэглэх албадлагын хэлбэрүүдээс сонгон хэрэглэж, албадлагыг хэрэгжүүлсэн бол "М*******и" ХХК, "Ю" ХХК-ын хууль бус үйлдэл өнөөдрийн хэмжээнд хүрч 1 жил гаруй хугацаанд үргэлжилж, манай компани хохирохгүй байсан.

4.17. Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт захиргааны шийдвэр гүйцэтгэхэд баримтлах журмыг тодорхой хуульчилсан бөгөөд хуулийн уг зохицуулалтын хүрээнд шийдвэрээ албадан гүйцэтгэх ямар ажиллагаа явуулах, албадлагын ямар арга хэрэглэх нь захиргааны байгууллагын дотоод эрх хэмжээний асуудал юм. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч захиргааны байгууллагыг хуульд заасан журмын дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.

4.18. Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлд "Албадлага хэрэглэх" гээд 85.1-д "Албадлагыг хуульд зааснаар нэн даруй хэрэглэхээс бусад тохиолдолд албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг үүрэг хүлээгчид бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд үүрэг биелүүлэх хугацааг заана", 85.2-т "Захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ" гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч ХХЗХ 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и" ХХК, "Ю" ХХК-д хүргүүлсэн шийдвэрээ биелүүлэхгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд /"М*******и" ХХК, "Ю" ХХК/-ийн хууль бус үйл ажиллагааны эсрэг Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2-т заасан албадлага хэрэглэх ажиллагааг явуулахгүй байгаа нь хууль бус байна.

4.19. Уг нөхцөл байдлаас болж, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл аваад байгаа "О" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд орж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх өнөөдрийг хүртэл хууль бусаар хязгаарлагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой хохирсоор байна.

4.20. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т "зохицуулалт" гэж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг;", 3.1.18-т ""харилцан холболт" гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;" гэж тодорхойлсон. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т "сүлжээ хооронд харилцан холболт хийх,..." бүрэн эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулиар олгосон байхад хуулиар олгогдсон бүрэн эрхээ шалтгаангүйгээр хэрэгжүүлэхгүй байгаа болно.

4.21. "О" ХХК нь "М*******и" ХХК, "Ю" ХХК-иудтай сүлжээ хоорондын холболт хийх бүх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байгаа ба энэ нь бусад үйлчлэгч нартай харилцан холболт хийгдсэн байгаагаар бүрэн нотлогдож байгаа болно. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйлчлэгч байгууллагуудын сүлжээ хоорондын холболтыг хийх нь "О" ХХК-нд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олго эерэг нөлөөллийг бий болгох юм. Дээрх хууль зүйн үндэслэлээр "М*******и" ХХК, "Ю" ХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгаж, "М*******и" ХХК, "Ю" ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

4.22. Захиргааны акт байсан уу, байгаагүй юу гэдэг асуудлын хувьд тусгай зөвшөөрөл олгоод манайд энэ салбарт хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг даалгаж байгаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хорооны тогтоолоор хорооны ажлын албадад даалгаж шийдвэрлэж байгаа нэг акт гарсан. Бид үйлчлэгч аж ахуйн нэгж болоод тусгай зөвшөөрлөө авчихлаа манайхтай холбогдооч гэхэд гуравдагч этгээдүүд эсэргүүцсэн тул хариуцагчид байгууллагад үүнийг шийдвэрлэж өгөөч гэж хандахад тус хорооноос гуравдагч этгээд нарт бичиг явуулсан. Манайх хуулийн дагуу дүрэм, журмаа баталсан, хэрэгжилтэд хяналт тавих эрх бидэнд байна та нар дүрэм, журмын дагуу 10 хоногийн дотор гэрээ хэлцлээ байгуулаад аваад ир гэж байгаа. Үүнд захирамжилсан шинж байхгүй гэдэг. Гэтэл “...сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг байгуулж, уг журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажсан гэрээ, түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг заасан хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж бүртгүүлнэ үү” гэсэн байгаа. Энэ нь мэдээлэл хүргэж байгаа биш манай харилцан холболт хийхгүй байна гэсэн гомдлын дагуу өгч байгаа бичиг юм. Энэ агуулгаар шийдвэр гаргаж хүргэгдсэн, захирамжилсан агуулгыг агуулж байгаа гэж үзэж байна.

4.23. Мөн давж заалдах шатны шүүхээс “О” ХХК нь эрх, ашгаа хамгаалахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандахад шийдвэр гаргаж хүргүүлсэн байна. Энэ нь хэрэгжээгүй байна. Хэрэгжээгүй гэж шаардах эрх нь “О” ХХК-д байгаа учраас нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар тогтоол гарсан. Тэгэхээр захиргааны акт байгаа.

4.24. Гуравдагч этгээдийн зүгээс захиргааны актыг хэрэгжүүлэх албадлага хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдсэн үү гэж маргадаг. Захиргааны актыг албадан гүйцэтгүүлэхийн тулд ямар урьдач нөхцөлийг хангасан байх вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуульд заасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.-т “Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ”, 82.2.1-д “гомдол гаргах хугацаа өнгөрсөн”, 82.2.2-т “захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон” гэж заасан. “О” ХХК-ийн гомдлын дагуу “М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн холболт хий гэсэн албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийн талаар гомдол гаргах эрхээ “М*******и” ХХК, “Ю” ХХК-иуд хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргаагүй. Манай тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ямар нэгэн байдлаар түдгэлзүүлсэн шийдвэр байсан бол бид шүүхэд ирээд хэрэгжүүлээч гэж шаардаад байж чадахгүй. Тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой хэрэгт эдгээр 3 төрлийн зөвшөөрлийг түдгэлзүүлье хүсэлтийг гаргасан боловч шат, шатны шүүхээс түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байна гэж үзсэн.

4.25. Өнөөдрийн энэ хэрэгт захиргааны шийдвэрийг албадан биелүүлэх урьдач нөхцөл бүрдсэн байгаа. Үүний дараа захиргааны шийдвэр гүйцэтгэлийн дараагийн үе шат нь захиргаан шийдвэрийг хэрэгжүүлэх талаарх мэдэгдлийг хүргүүлдэг. Мэдэгдлийг биелүүлэхгүй бол захиргааны албадлагын 3 төрлөөс хамаарч акт гардаг. “М*******и” ХХК, “Ю” ХХК-иуд нь адил тусгай зөвшөөрөл авсан, ижил эрхтэй “О” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа. Тус компаниуд нь шүүх, төрийн захиргааны байгууллагын өмнөөс хууль зөрсөн гэдэг шийдвэрийг өөрсдөө гаргаж, өөрсдийн субьектив бодлын үндсэн дээрээс нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлэхгүй байна. Зохицуулалт хийх эрх бүхий этгээд нь байсаар байж ямар ч зохицуулалт хийхгүй жил гаруй хугацаанд хаясан асуудал үүсгээд байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд албадлага хэрэглэх, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрх нь байгаа учраас хуульд заасан ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тухайд захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёстой, явагдахыг даалгах ёстой гэж үзэж байгаа.

4.26. Хоёрдугаарт тодорхой захиргааны акт заавал гаргахыг даалгах ёстой гэж үзвэл захиргааны шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэл өгөх, албадан гүйцэтгэх чиглэлийн захиргааны актууд гарах ёстой. Үүнийг гаргахыг  даалгуулах нь зөв зүйтэй шийдвэр болох юм байна гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж оруулж ирсэн. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хуульч хүний хувьд харахад нийгэм, эдийн засгийн маш том үр дагавартай шийдвэр гарах байх. Хэрэв цаашид шинээр аж ахуйн нэгж орж ирэхэд хувийн үзэмжээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нар оруулахгүй хаалт хийж байх ёстой юу, эсхүл хаалт хийхгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хороо зохицуулалт хийх эрх хэмжээ байх уу, цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд ингээд байж байх ёстой юу, эсхүл шинээр салхи оруулж хэрэглэгчдэд ашигтай нөхцөл үүсгэх ёстой юу, энэ боломжийг бүрдүүлэх боломжтой юу гээд маш олон үр дагаврууд үүний цаана байгааг ойлгож байна. Шүүх үүнийг харгалзан үзэж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д зааснаар харилцан холболт гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг ойлгох бөгөөд сүлжээнүүд хоороо харилцан холбогдсоноор цахилгаан холбооны бүх хэрэглэгчид аль үйлчлэгчийн хэрэглэгч гэдгээс үл хамааран өөр хоороо дуудлага хийх, мессеж хүлээн авч, солилцох гэх мэтээр харилцаа холбооны үйлчилгээг хүлээн авах боломж бүрддэг. Харилцан холболт хийх үйл ажиллагаанд зааглах цэгийг тодорхойлох, сүлжээний цаг, дохиолол нь харилцан тохирсон байх, дугааруудаа харилцан сүлжээнүүдэд үүсгэсэн байх, стандарт технологид нийцсэн шугам, тоног төхөөрөмжүүдээр холболт хийх боломжтой байх зэрэг урьдач нөхцөлүүдийг тодорхойлж, хангасан байх шаардлагатай байдаг.

5.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцан холболттой холбоотой аливаа харилцааг Харилцаа холбооны тухай хууль болон тус хорооны 2021 оны 33 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ыг баримтлан зохицуулдаг. "А*******" ХХК ("О" ХХК) нь уг журмын 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу харилцан холболт хийх хүсэлтийг холбогдох харилцаа холбооны үйлчлэгчид бичгээр хүргүүлсэн хэдий ч талууд харилцан холболт хийхгүй байгаа тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны 21/386 албан бичгийг тус хороонд ирүүлсэн. Энэхүү албан бичгийн хүрээнд тус хороо нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и" ХХК болон "Ю" ХХК-д хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журмын хүрээнд сүлжээ хоорондын харилцан холболт хийж, гэрээний хувийг ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

5.3. Улмаар "О" ХХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "М*******и" ХХК болон "Ю" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай 2022 оны 22/47 дугаартайыг тус хороонд ирүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2022 оны 01 дүгээр сарын 12- ны едрийн 05/76 албан бичигт "М*******и" ХХК болон "Ю" ХХК-иас ирүүлсэн тайлбар, "О" ХХК-иас ирүүлсэн гомдлыг тус тус харгалзан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ын 10 дугаар зүйлд заасан маргаан шийдвэрлэх хэсгийн зохицуулалтын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

5.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу тус хороо нь маргаантай асуудлыг шийдвэрлэхээр хууль тогтоомжид заасан аргуудын хүрээнд талуудтай бүх түвшинд ажиллаж байгаа болно. Иймд "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус хороонд холбогдуулан гаргасан харилцан холболт хийхтэй холбоотой зохицуулах чиг үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, "Ю” ХХК болон "М*******и" ХХК-иудад хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг тус хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.5. Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д "Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэглэх албадлага дараах хэлбэртэй байна", 86.1.1-д "Торгууль оногдуулах", 86.1.2-т "Бусдаар гүйцэтгүүлэх", 86.1.3-т "Албадан гүйцэтгэх" гэж тус тус заасан. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д зааснаар харилцан холболт гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл, Харилцан холболт гэдэг нь нэг үйлчлэгч өөрийн үйлчилгээг бусад сүлжээний хэрэглэгчдэд хүргэх, өөрийн хэрэглэгчдэд бусдын үйлчилгээг хүртээх зорилгоор сүлжээгээ бусдын сүлжээнд холбож буй техникийн болон санхүүгийн үйл ажиллагаа, арилжааны хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардаж буй албадлагыг хэрэглэх боломжгүй юм.

5.6. Захиргааны ерөнхий хуулийн 85.1-д "Албадлагыг хуульд зааснаар нэн даруй хэрэглэхээс бусад тохиолдолд албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг үүрэг хүлээгчид бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд үүрэг биелүүлэх хугацааг заана", 90.1-т "Мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийг хариуцсан захиргааны байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган, түүнийг нэн даруй биелүүлнэ", 106 дугаар зүйлийн 106.3.4-т "Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасан. Тодруулбал, захиргааны байгууллага албадлага хэрэглэхээр захиргааны акт гаргах бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой. Харин мэдэгдэл нь албадлага хэрэглэх арга журам болохоос захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны акт биш. Тиймээс даалга нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

5.7. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэх үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй байх тул "О" ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан ""М*******и" ХХК, "Ю" ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах, "М*******и" ХХК, "Ю" ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Гуравдагч этгээд “М*******и” ХХК-иас нэхэмжлэлийг үгүйсгэн дараах тайлбарыг гаргаж байна.

6.1 Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1.3-т "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуулийн 15.16.1-15.16.3, 15.16.5-15.16.7-д заасан тусгай зөвшөөрөл тус тус хамаарна", Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуулийн 15.1-д “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ", 15.16-д "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр", 15.16.1-д "радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах", 15.16.2-д "харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх", 15.16.3-д "контентийн үйлчилгээ эрхлэх" гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

6.2. Тодруулбал дээрх хууль, журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжид "радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах", "харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх", "контентийн үйлчилгээ эрхлэх" гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй.

6.3. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ын 2.1-т "Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх болон сүлжээнд холбогдох эрхтэй байна", 2.2-т "Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчлэгчид өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу манай компанийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг олгохын тулд хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ёстой.

6.4. Товчхоо харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөж байгаа, хуульд нийцсэн, хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авсан хуулийн этгээдтэй манай компанийн хувьд харилцан холболт хийхэд татгалзах зүйлгүй. Гэвч “О” ХХК /А******* ХХК/-ийн тусгай зөвшөөрөл нь хуульд нийцээгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус компанид тусгай зөвшөөрөл олгохдоо хуулийг зөрчсөн, хуульд байхгүй тусгай зөвшөөрлийг олгосон зэрэг нөхцөл байдлууд бий болсон.

6.5. Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны тухай хуулийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасны дагуу манай компанийн хувьд харилцаа холбооны салбарт зөвхөн хуульд нийцсэн, шударга өрсөлдөөнийг дэмжиж ажилладаг тул шударга өрсөлдөөнийг хязгаарласан, нэг компанид давуу байдал олгосон дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийн эрх Хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, цаашид ч зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул манай “М*******” ХХК-ийн зүгээс “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

6.6. Мөн “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр “Ю” ХХК-ийн нэхэмжлэлээр Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хэрэв манай компанийн хувьд “О” ХХК-тай харилцан холболтын гэрээ байгуулсан тохиолдолд харилцаа холбооны салбарт хууль бус үйл явдлыг өөгшүүлсэн, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шударга шүүхээр хамгаалуулах эрхээсээ татгалзсан, холбогдох хууль, Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг тус тус зөрчсөн үйлдэл болно гэж үзэж байна.

6.7. Захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэхийн тулд шийдвэр байх ёстой. Хэрэв захиргааны шийдвэр үнэхээр байгаад түүнд албадлага хэрэглэх шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу гарсан уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооны маргаантай холбоотойгоор албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг захиргааны шийдвэр гэдгийг тогтоогоогүй байж, Монгол улсад анх удаа хийх гээд байх шиг байна. Хаана, ямар шийдвэр байгаа юм бэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд хоёр компанийг харилцан холболт хийх хуульд заасан эрх байхгүй гэдгийг хэлсэн. Үүнийг албадлагаар хий гэж байгаа нь шүүхийг хуулийг давж захиргааны мэдэгдэл, албадлага хоёрыг хамтад нь хий гээд байгаа юм уу. Үүнийг ойлгохгүй байна. Хуулийг хэрэглэхийн тулд зарчим байх ёстой. Захиргааны албадлагын арга хэмжээ хэрэглэхийн тулд өмнөх шаардлага, нөхцөл нь биелсэн юм уу гэдгийг харах шаардлагатай.

6.8. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гүйцэтгэх эрх нь байна уу. Тусгай зөвшөөрлийг олголоо, харилан холболтыг хийнэ үү гэсэн мэдэгдлийг захиргааны шийдвэр гэж ойлгож байх шиг байна. Нэгдүгээрт харилцан холболтоо хийнэ үү гэснийг захиргааны шийдвэр гэж үзэх юм уу. Хоёрдугаарт шийдвэр гүйцэтгэл хийх эрхтэй шийдвэр нь байна уу. Хоёр байгууллагын хооронд харилцан холболт хийгээрэй гэж мэдэгдэл өгсөн. Үүнийг захиргааны шийдвэр гэж үзэхгүй. Эрх бүхий шийдвэр нь тодорхой хуулийн процесстой холбоотойгоор албадлага хэрэглэж болох уу. Товч хэлэхэд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор мэдэгдэл, албадлага хоёрыг шүүх хүчээр хийлгүүлье гэдэг нь хуулийг давсан шаардлага байна” гэжээ.

7. Гуравдагч этгээд “Ю” ХХК-иас нэхэмжлэлийг үгүйсгэж, дараах тайлбарыг гаргаж байна.

7.1 “О” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан "Мэдээллийн технологийн үйлчилгээ /ярианы үйлчилгээ/" тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосонтой холбогдуулан уг зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороог хариуцагчаар татсан, О ХХК гуравдагч этгээдээр оролцож буй хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Ю ХХК нь О ХХК- тай сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх ёстой ба бид “О” ХХК-тай сүлжээ хоорондын гэрээ байгуулах нь нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгуулах гэж буй шийдвэрээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болохын зэрэгцээ хэрэв шүүхээс “Ю” ХХК-ийн талд асуудалд шийдэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй нөхцөл үүснэ.

7.2. Бид энэ талаараа “О” ХХК болон Харилцаа холбооны зохицуулах хороонд удаа дараа мэдэгдсэн болно. Бидний харилцан холболтын гэрээ байгуулахгүй гэсэн байр суурь нь харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчөөгүй, тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэг огтхон ч биш, Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо хамгаалсан хэлбэр хэмээн бид үзэж байна.

7.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасантай холбогдохгүй байна. Албан бичгээр харилцан холболттой асуудлыг харилцан тохиролцож, гэрээ байгуулаад ирүүлээрэй гэж мэдэгдсэн. Нэгт гэрээ байгуулах үндэслэл нь хууль бус байна, хоёрдугаарт гэрээ байгуулах нөхцөлүүд нь тодорхой бус байна гэдгийг хариуцагчид байгууллагад тодорхой мэдэгдсэн. Үүний дагуу хариуцагчийн зүгээс тодорхой тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч өөрийн техникийн нөхцөлийн талаарх гэрээний стандарт нөхцөл боловсруулах зөвлөмжийг 2022 оны 04 дүгээр сарийн 15-ны өдөр авсан байгаа. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хаягт техникийн нөхцөл байршуулсан байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа харилцан холболт хийх гэрээнийхээ өөрсдийн нөхцөлийг одоо л байршуулаад байна. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр техникийн нөхцөлөө байршуулсан.

7.4. Албадлага хэрэглэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн ирүүлсэн тайлбарт гэрээ байгуулахгүй гээд байгаа боловч техникийн нөхцөлөө тодорхойлсон албан бичгээ ирүүлэхгүй гэсэн байдаг. Тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэхээс үл хамаараад нэхэмжлэгчийн зүгээс хийх ёстой ажиллагаагаа огт хийгээгүй. Нэхэмжлэгч өөрөө эрх, ашгаа хамгаалах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл бүрэн төгс хийж дуусгаагүй байна. Хариуцагч байгууллагын хувьд хууль, дүрэм заасан хүрээнд хийх ёстой ажлаа хийж байгаа. Зохицуулагчийн чиг үүргийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгч оператор компаниудыг удаа дараа дуудан уулзалт зохион байгуулж, зөвлөмж хүргүүлж хуульд заасан арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар эс үйлдэхүй гаргасан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

7.5. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар байгуулагдсан байгууллага юм. Үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан хэлбэрээр явагддаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон гишүүдийг Ерөнхий сайд томилоод, үүссэн асуудлыг хуралдаж шийдвэрлэдэг. Шийдвэр нь тогтоол хэлбэрээр гардаг. Нэхэмжлэгчийн ярьж буй 05/76 дугаар албан бичиг нь захиргааны шийдвэр биш гэж үзэж байна. Энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаас гарсан шийдвэр биш, Зах зээлийн үнэ тарифын зохицуулалтын газрын даргаас ирүүлсэн албан бичиг юм. Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйл ажиллагаа явуулахдаа хуульд зааснаар ажлын албадтай байж болно. Үүний дагуу хэд, хэдэн газартай байдгийн нэг нь Зах зээлийн үнэ тарифын зохицуулалтын газар юм.

7.6. Захиргааны шийдвэрийг албадахгүй байна, эс үйлдэхүй гаргаж байна, үүнийг албадах ёстой гэдгийн ярихын тулд хамгийн түрүүнд захиргааны шийдвэр гарсан уу шалгах ёстой. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаар албан бичиг нь захиргааны шийдвэр биш гэж үзэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрээ хуралдааны үндсэн дээр тогтоол хэлбэрээр гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр манайд ирээгүй. Эс үйлдэхүй гэдэг нь хийх ёстой зүйлээ хийхгүй байхыг ойлгодог. Хариуцагч байгууллага энэ хугацаанд бүх оператор компанийн техникийн нөхцөлийг тодорхой болгож, цахим хаягтаа байршуулсан. Харилцан холболт хийх суурь нөхцөлүүдийг хэлэлцэхээр удаа дараа уулзалт зохион байгуулж, санал солилцож байсан.

7.7. Харилцаа холбооны зохицуулах хороо харилцан холболтын маргаантай холбоотой асуудал дээр эс үйлдэхүй гаргаагүй. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тодорхой арга, хэмжээг дэс дараатай аваад явж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны 05/76 дугаар албан бичиг захиргааны шийдвэр биш. Захиргааны актын 6 шинжийн захирамжилсан шинжийг хангаагүй байна. Захиргааны акт хориглосон, зөвшөөрсөн, тогтоосон, татгалзсан, эс үйлдэхүй гэсэн 6 шинжийн аль нэгийг заавал хангах ёстой. Бичгээр гарах захиргааны шийдвэрт хэрэв шийдвэрийг зөвшөөрөхгүй бол хаашаа, ямар хугацаанд хандах талаар тодорхой дурдсан байх ёстой. Тийм зүйл байхгүй. Газрын даргын 05/76 дугаар албан бичиг нь шийдвэр гарахын өмнөх процессыг тодотгож байгаа албан бичиг юм. Энэ албан бичгийг шийдвэр гэж үзээд албадан биелүүл гэвэл бодит байдал дээр хэрэгжих боломж байхгүй. Харилцан холболтыг гэрээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хий гэхээр хоёр тал за гээд хийчихдэг зүйл биш. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 05/76 дугаар албан бичгийг шийдвэр байна гэж хараад анхнаасаа буруу явчихсан байна. 05/76 дугаар албан бичиг гарахаас өмнө техникийн нөхцөлүүдээ тодорхойлоод, зааглах цэг өөр хоороо 10 километр зайтай байгаа гэдгийг мэдэж байгаа, аль аль тал нь /RIO/-г гаргаад өгсөн. Тэгэхээр зааглах цэгээ тодорхойлуулъя гэж нэг ч удаа хариуцагчид хандаагүй. Анхны хүсэлтэд бид хуулийн маргаантай байгаа учраас холболт хийвэл нэхэмжлэлийн шаардлага дээрээ дордох учраас татгалзаж байна гэсэн хариуг өгөөд шууд шүүхэд хандсан асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байх ёстой гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Харилцааны холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар болон 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “О” ХХК-д Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/ эрхлэх 14 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байх ба “О” ХХК-аас сүлжээ хооронд харилцан холболт хийх хүсэлтийг гаргаснаар “...“О” ХХК-ийн сүлжээтэй харилцан холболт хийх гэрээг байгуулж, гэрээ болон түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлэх” мэдэгдлийг Харилцааны холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М*******и” ХХК, “Ю” ХХК-уудад хүргүүлжээ.

3. Гэвч “М*******и” ХХК, “Ю” ХХК-аас сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг “О” ХХК-тай байгуулахаас татгалзсан хариуг Харилцааны холбооны зохицуулах хороонд өгснөөр одоог хүртэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн сүлжээ хооронд харилцан холболт хийгдээгүй байна.

4. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “О” ХХК-аас “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг”-ийг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх боломжтой захиргааны шийдвэр гэж үзээд тус албан бичгийг албадан гүйцэтгэснээр сүлжээ хооронд харилцан холболт хийгдэх боломж бүрдэнэ гэсэн үндэслэлээр шүүхэд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

5. Хариуцагч Харилцааны холбооны зохицуулах хорооноос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...харилцан холболт хийлгэхээр холбогдох арга хэмжээг авч ажилласаар байгаа, цаашид харилцан холболт хийгдэх боломжтой, гэхдээ нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар харилцан холболтыг албадан хийх боломжгүй...” гэсэн тайлбар гаргасан, гуравдагч этгээдүүдээс “... “О” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн талаар шүүхэд маргаантай байгаа учраас харилцан холболт хийгээгүй, ...захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх шийдвэр байхгүй учраас нэхэмжлэл хангагдах боломжгүй...” гэж маргаж байна.

6. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр гуравдагч этгээд “М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх боломжтой “захиргааны шийдвэр” мөн эсэх, сүлжээ хооронд харилцан холболт хийлгэхээр албадлага хэрэглэх бүрэн эрх Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулиар олгогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “О” ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулах хүсэлтийг гуравдагч этгээд “М*******и” ХХК, “Ю” ХХК-д удаа дараа хүргүүлсэн, өөрийнх нь сүлжээнд харилцан холболт хийхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй талаар хариуцагч Харилцааны холбооны зохицуулах хороонд удаа, дараа гомдол гаргаж байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй.

8. Харин сүлжээ хооронд харилцан холболт хийх зохицуулалтын үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Харилцааны холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаанд холбогдуулан “О” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгийг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ.” гэж зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэл гэдэг нь захиргааны хүчин төгөлдөр шийдвэрийг эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээд сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд захиргааны албадлагыг хэрэглэж шийдвэрийг гүйцэтгэх тухай ойлголт байх бөгөөд захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх урьдчилсан нөхцөл нь юуны түрүүнд захиргааны шийдвэр байхыг шаардана.

10. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны шийдвэрийг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар заасан.

11. Нэхэмжлэгч “О” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгийг захиргааны акт гэж тодорхойлон захиргааны актад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаар маргаж байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”. гэж заасан.

13. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой захиргааны акт биш, захиргааны актын зохицуулалт агуулсан, захирамжилсан шинжийг агуулаагүй, “О” ХХК-д мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан сүлжээнд харилцан холболт хийх бүрэн эрх үүссэн тул тогтоосон журмын дагуу сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулахыг “М*******и” ХХК, “Ю” ХХК-д мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй зохион байгуулалтын баримт бичиг байна.

            14. Захиргааны актын зохицуулалт агуулсан байх гэдэг нь тухайн шийдвэрээр аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, чиглэсэн этгээдийн хувьд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу эрх үүрэг үүсгэсэн, өөрчлөгдсөн, дуусгавар болгосон байхыг, захирамжилсан гэдэг нь захиргааны байгууллагын нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, төрийн албадлага хэрэглэсэн тохиолдолд шууд биелэгдэх шинжтэй байхыг ойлгоно.

15. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-т зааснаар Харилцааны холбооны зохицуулах хороо нь сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй, Харилцааны холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-нй өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.2-т “Харилцааны холбооны үйлчлэгч нь сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчлэгчид өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлнэ”, 3.1-д “Харилцааны холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх болон сүлжээнд холбогдох хүсэлтийг харилцааны холбооны үйлчлэгчид бичгээр гаргана”, 3.2-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь уг хүсэлтийг хүлээн авч өөрийн сүлжээний техникийн боломж, гэрээний нөхцөлийг хангаж буй эсэхийг нягталж, өөрийн сүлжээнд холбогдох болон сүлжээ хооронд харилцан холболт хийх боломжтой эсэх талаар судалж, ажлын 10 хоногийн дотор хариуг хүсэлт гаргасан талд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

16. Үүнээс үзвэл, харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулахаас өмнө өөрийн сүлжээний техникийн боломж, гэрээний нөхцөлийг хангаж буй эсэхийг нягталж, сүлжээ хооронд харилцн холболт хийх боломжтой эсэх талаар судалсны үндсэн дээр харилцан холболт хийх гэрээг байгуулах эсэхээ шийдвэрлэдэг байх тул Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулахыг үүрэг болгох боломжгүй, гуравдагч этгээдүүдэд ямар нэг эрх үүрэг үүсгэж, өөрчлөгдөж, дуусгавар болгосон шинжийг агуулаагүй, тус албан бичгийг хүлээн авснаар “М*******и” ХХК, “Ю” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл шаардахгүйгээр шууд биелэгдэх буюу харилцан холболт хийгдэх үр дагаврыг үүсгээгүй, дээрх журмын хүрээнд үүсгэх ч боломжгүй болох нь тогтоогдож байна.

17. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасан захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад шаардагдах захиргааны акт байхгүй энэ тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй гэсэн ойлголт үүсэхгүй, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шүүхээс даалгах боломжгүй болох тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй юм.

18. Нэхэмжлэгч “О” ХХК-аас “...Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгийг албадан гүйцэтгүүлэх зорилго нь сүлжээ хооронд харилцан холболт шууд хийгдэх үр дагавар үүснэ гэж харахгүй байгаа, хариуцагчаас тус албан бичгээ албадан гүйцэтгэхийн тулд Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу сүлжээ хооронд харилцан холболт хийхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа учраас гуравдагч этгээдүүдэд торгууль оногдуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, холбогдох хяналт шалгалтыг явуулж арга хэмжээ авах зэргээр хэрэгжүүлэх боломжтой...” гэх зэргээр маргах боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр асуудал хамаарахгүй.

19. Учир нь нэхэмжлэгч “О” ХХК-аас захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн төрөлд хамааруулан тодорхойлж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулна хэмээн маргасан.

20. Дээр дурдсанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой захиргааны шийдвэр биш, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан “...Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу сүлжээ хооронд харилцан холболт хийхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа учраас гуравдагч этгээдүүдэд торгууль оногдуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, холбогдох хяналт шалгалтыг явуулж арга хэмжээ авах зэргээр хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийг гаргах боломжгүй.

21. Өөрөөр хэлбэл, хэдийгээр харилцаа холбооны үйлчлэгч нь “сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг хангасан харилцааны холбооны үйлчлэгчид өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлэхгүй” байгаатай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцан холболт хийх, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд Харилцаа холбооны тухай хууль, холбогдох журам зөрчсөн эсэх, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан улсын байцаагч томилох, хяналт шалгалт явуулах, зөрчил илэрсэн тохиолдолд шийдвэрлэх бүрэн эрхтэй байх боловч энэ асуудал нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс шийдвэрлэх асуудал биш байна.

22. Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23. Харин “М*******и” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлд нь үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг. Тодруулбал, шүүхийн хянаж буй захиргааны үйл ажиллагаа бүр тусдаа эрх зүйн дагавар үүсгэсэн байх ёстой.

25. Нэхэмжлэгч “О” ХХК-аас “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

26. Шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шийдвэрлэснээр “захиргааны албадлага хэрэглэх тухай мэдэгдэл хүргүүлэх, албадлага хэрэглэх тухай акт гаргахыг хариуцагчид даалгах” асуудал шийдвэрлэгдэх бөгөөд нэхэмжлэгч нь энэ тохиолдолд тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаанд холбогдуулан маргасан гэж үзэхээргүй, тус нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйлд хамаарахгүй байна.

27. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,  нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

28. Харин нэхэмжлэгч нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасныг баримтлан “О” ХХК-аас Харилцааны холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр "М*******и” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан  ““М*******и” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М*******и” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ