| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/05015/И |
| Дугаар | 102/ШШ2023/04086 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2023/04086
| 2023 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2023/04086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.О
Хариуцагч: А.Б
Хариуцагч: Х.Т
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, хариуцагч А.Б, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч А.Б, Х.Т нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.О нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.Б, Х.Т нартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулагдсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зээлийн хүүнд хариуцагч Х.Тын өмчлөлийн ... орон сууцыг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож хөлслөн суухаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар хөлслөгчийн зөвшөөрлөөр дамжуулан түрээслэх эрхийг нэхэмжлэгч авсан. Нэхэмжлэгч Т.О орон сууцыг дамжуулан түрээслэсэн мөнгийг хариуцагч нараас авсан болохоос зээлийн мөнгөө аваад байгаа юм биш. Улмаар зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож 6 сараар сунгаж, сунгасан гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарыны 11-ний өдөр дуусч хөлсөлсөн орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Орон сууц хөлслөх гэрээний хувьд маргаангүй, мөнгөө авсан тул дуусгавар болсон. Улмаар зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөгний 20,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд төлсөн. Нийтдээ 32,000,000 төгрөг авснаас 12,000,000 төгрөг нь 12 сарын хүү. Зээлээс 5,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Хөлслүүлсэн байрны эд хогшил эвдсэн, СӨХ төлбөр төлөөгүй, түлхүүр хүлээлгэж өгөөгүй гэж асуудлаа Р компаний агент н.Бтай ярих асуудал болохоос зээлийн гэрээтэй хамааралгүй. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагч А.Б, Х.Т нараас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч А.Б, Х.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Оаас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг зээлж өмчлөлийн .. 2 өрөө байрыг зээлийн хүүнд бусдад дамжуулан түрээслэх эрхийг өгч 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 2023 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэл нийтдээ нэг жилийн түрээсийн хөлс 10,765,000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлж байсан. Зээлийн 20,000,000 төгрөгийг Т.Оын дансанд 2013 оны 04 дүгээр сарын 12, 13-нд шилжүүлж, нийтдээ 31,915,000 төгрөг төлсөн. Т.Оын байранд суулгасан хүмүүс хэлэлгүй 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нүүсэн байсан. Нүүхээс нь өмнө биднийг очиход байрны тавилгыг маш ихээр эвдэж сэвтээсэн, эвдэлсэн байсныг хэлэхэд нүүхдээ хохиролгүй болгоно гэсэн боловч хэлэлгүй чимээгүй нүүгээд явсан байсан. Орон сууц түрээслэхэд анх барьцаа гэж 1.150.000 төгрөг Т.Оын данс руу шилжүүлсэн мөнгө одоо хүртэл Т.От байгаа. Нэг жилийн хугацаанд бид 10,765,000 төгрөг шилжүүлсэн. 20,000,000 төгрөг төлсөн. Ингээд барьцааны мөнгөтэй хамт 31,915,000 төгрөг төлсөн. Бидний хувьд 5,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Зээлийн гэрээ, Т.Оын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
4. Хариуцагчаас Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай 25,000,000 төгрөг зээлдүүлж, мөн хугацаагаар сарын хүү 1,000,000 төгрөгт тооцож хөлслөхөөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хоёр гэрээг тохиролцож дахин 6 сараар сунгасан. Зээлийн 20,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг төлсөн. Зээлээс үлдэгдэл 5,000,000 төгрөг төлөөгүй тул гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагчид зээлд 31,915,000 төгрөг төлсөн. Байрыг гэрээнд тохирсон ёсоор хүлээлгэж өгөөгүй. 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1.1. Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай 25,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүнд мөн өдрөө Орон сууц дамжуулан хөлслөх гэрээ байгуулж, зээлийн мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтад хэн аль нь маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээл, Орон сууц хөлслөх гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.1.2. Нэхэмжлэгч нь 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгаж хүүнд 12,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж үндсэн зээлээс дутуу төлсөн 5,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлан шаардсан боловч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар гэрээ сунгагдсан гэх хугацааны 6 сарын хүүг шаардах эрхгүй.
Хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 25,000,000 төгрөг, 6 сарын хүү 6,000,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
5. Иймд хариуцагч А.Б, Х.Тд нарт холбогдох зээлийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Б, Х.Тд нарт холбогдох зээлийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА