Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/03112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.К

Хариуцагч: Б.Э

Цалин 914,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.К /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.К нь хариуцагч Б.Эд холбогдуулан цалин 914,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б аймаг С сумын Б уулд байрлалтай Ж ХХК-ийн өмчлөлийн онцгой объектын сайтын манаачаар 2009 оноос эхлэн хариуцаж хамгаалж гэрээгээр ажиллаж байна. Уг объектод 48 ширхэг аккумлятор, 20 ширхэг нарны гэрлийн толь, байшин, хашаа болон бусад янз бүрийн тоног төхөөрөмж байгаа. Би сард 2-3 удаа очиж, зарим үед хонож бүх гарсан зардлаа өөрөө хариуцаж гадны ямар нэгэн халдлагаас хамгаалж нэг ч дутагдал гаргуулахгүй ажиллаж байсан . 2020 онд нэг этгээд тэнд байсан нарны гэрлийн нэгийг шөнөөр очиж хулгайлж авсныг би өөрийн биеэр хөөцөлдөж байж хулгайчийг илрүүлэн Ж ХХК-ийг хохиролгүй болгож хулгайчийг 2 жилээр хорих ялаар шийтгүүлж байсан юм. Миний бие хоёргүй сэтгэлээр өөрийн нас өндөр хэдий боловч шударгаар үүргээ биелүүлж байтал Б.Э надад чиний гэрээг цуцалсан гэж утсаар мэдэгдсэн. Би юмаа албан ёсоор хүлээлгэж өгье та надад миний гэрээ цуцалсан албан бичиг баримтай, хүлээлгэж өгөх акттай явуулж өгөөрэй мөн хүлээлгэж авсан өдрөөс миний аваагүй цалинг бодож өгех, ажил хүлээж авах өдөр тасалбар болгох талаар ярихад тэрээр би чамд түлхүүрийг бэлгэллээ, тэр газарт өөр цоож хийлгэж авна шүү гэх мэтээр намайг хэл амаар доромжлон дарамталсан. Би тухайн үед тэр хүн уурандаа ингэж ярьсан байх гэж ач холбогдол өгөөгүй. Гэтэл сая 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би уг газарт очиж хяналт хийхэд өөр цоож хийгээд явчихсан байна. Сураглаж үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр саарал өнгийн Жийп машинтай хүмүүс ирж явсан гэж сураг гарсан. Эзэн нь юмаа мэдэх нь зүй хэрэг боловч 14 жил хоёргүй сэтгэлээр ажилласан өндөр настан намайг хүн гэж тоохгүйгээр тэр дотор байсан миний өөрийн зарим эд хөрөнгийг минь болон өөр юмаа хүлээлгэж өгөлгүйгээр дураараа ажилласанд би туйлын гомдолтой байна.  Эдгээр эд хөрөнгөнд данс бүртгэл байна уу? хэн гэдэг хүнд хүлээлгэж өгсөн тухай албан бичиг тушаалыг гарган хүлээж авах хэрэгтэй байна. Иймд миний цалин 914,000 төгрөгийг Б.Эаас гаргуулж өгнө үү гэв.

2. Харицагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Г.С тайлбарлахдаа: У.Ктэй ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг хийгээгүй. Түүнд цалин хөлс олгож байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрхгүй. Нэхэмжлэлээ Б.Эд холбогдуулж гаргаж байгаа боловч Ж ХХК-наас нэхэмжилсэн юм шиг байна. Нэхэмжлэгчийн ярианаас ойлгохоор хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээг цуцлах хүсэлтэй байгаа гэдгийг хэлсэн юм шиг байна. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа сүүлийн 2-3 жилд хүүхдээ явуулж шалгуулдаг, тэр хүүхэд нь өдрийн цагаар өөрийнхөө ажлыг хийгээд шөнөөр очиж үздэг байсан байгаа юм. Б.Э нь инженерийн ажил хийдэг бөгөөд түүний тэмдэглэлд 11 дүгээр сараас 01 дүгээр сар хүртэл энэ хүн нэг ч удаа очиж үзлэг шалгалт хийсэн тухай мэдээгээ ирүүлээгүй тул хөлсөөр ажиллах гэрээг цуцлана гэдгээ албан бичгээр явуулсан. Тухайн албан бичгийг тус аймгийн Ж салбарт ажилладаг түүний охины хаягаар мейлээр явуулсан. Өөрт нь утсаар ч мэдэгдсэн байдаг. Тухайн үеийн цалинг өгөөд хөлсөөр ажиллах гэрээг цуцалж өөр хүнтэй ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулаад ажиллуулж байна. Тухайн үедээ хулгайчийг илрүүлсэн гээд шатахуун түлшний мөнгөө авч байсан байдаг гэв.

3. Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

4. Хариуцагчаас Ж ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/498 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн У.Ктэй хийсэн Хөлсөөр ажиллах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.Атай хийсэн Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ гэсэн баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Ж ХХК-ийн өмчлөлийн онцгой обектын сайтын манаачаар 2009 оноос эхлэн гэрээгээр ажиллаж байна. Надад хэлэлгүй өөр хүнд ажил хүлээлгэн өгсөн тул цалин 914,000 төгрөгийг Б.Эаас гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүнд өөрийн зүгээс цалин олгож байгаагүй гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1 Нэхэмжлэгч У.К нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай Б аймгийн С суманд байрлах сайтад харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллахаар Ж ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж сард 120,000 төгрөгний хөлсийг Хаан банк дахь 5188079707 дугаарын дансаар сар бүрийн 15-ны дотор шилжүүлэхээр тохиролцож гэрээг байгуулсан байна.

4.1.2. Ж ХХК нь У.Ктэй байгуулсан гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цуцалж хүчингүй болгосон тухай албан бичгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.Атай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь албан бичиг гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч У.К нь хариуцагч Б.Эаас цалин 914,000 төгрөг шаардсан боловч тэрээр Хөлсөөр ажиллах гэрээг Б.Этай биш Ж ХХК-тай байгуулж Ж ХХК-ийн Б аймгийн С суманд байрлах сайтад харуулаар ажилласан тул энэ хугацааны хөлсийг Б.Эаас шаардсан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл У.К нь Ж ХХК-тай гэрээ байгуулж гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн тул хариуцагч Б.Эаас цалин, хөлс шаардах эрхгүй байна.

5. Нэхэмжлэгч У.К нь хариуцагчаа буруу тодорхойлсон, Б.Э уг хэргийн хариуцагч биш, нэхэмжлэгчээс хариуцагчийг солих талаар хүсэлт гаргаагүй тул Б.Эд холбогдох нэхэмжлэгч У.Кий нэхэмжлэлийн шаардлага цалин 914,000 төгрөг гаругулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

6. Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.Эд холбогдох цалинд 914,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч У.Кий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА