| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/01566/И |
| Дугаар | 102/ШШ2023/02149 |
| Огноо | 2023-05-31 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2023/02149
| 2023 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2023/02149 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК
Хариуцагч: А ХХК
Хариуцагч: Б.Т
54,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н ХХК-ийн захирал К.С, хариуцагч А ХХК, Б.Т нарын төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч А ХХК, Б.Т нарт холбогдуулан гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 27,000,000 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал К.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр № Г/4 Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т заасан гэрээний үүрэг болох 2018 оны 09 дүгээр сарын 18-наас 2023 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны 54 сарын 54,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А ХХК нь 2016 оноос Х ХХК-нд 532,530,893 төгрөгийн өр үүсгэж компаний удирдлага өр маргаантай асуудалтай тулгарсан. Компанитай холбоотой асуудлуудыг шийдвэрлүүлж байхаар хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах улмаар хоёр тал цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ амжилттай биелүүлж ирсэн боловч хариуцагч Хамтран ажиллах гэрээний үүргээ 2019 оны 09 дүгээр сараас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй, холбогдохоо больсон. Хамтран ажиллах гэрээний 3.1-т гэрээг цуцлах саналыг хоёр тал аль нэг нь бичгээр нэг сарын өмнө гаргаагүй бол гэрээг үргэлжлүүлэн сунгагдсанд тооцно гэж заасан. Гэрээ нь өөрөө тодорхой хэмжээний ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой биш хариуцагчийн бүхий л үйл ажиллагааг хянаж дэмжиж ажиллаж ирсэн. Гэрээнд хугацаа заагдаагүй. Хариуцагч гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оноос А ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч Б.Бтой холбоотой гэр бүлийн дундын өмчийг хуваалгах асуудал дээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаан үүсэж А ХХК-ийн үйл ажиллагаа явуулах болоход бүгд ажил дээрээ байхаа больсон. Энэ үед хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдах болсон. Тухайн үед асуудлыг би хариуцаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Бид байнгын хамтын ажиллагаатай байсан. Б.Тийн хувьд ажилдаа ирдэггүй, байгууллага дээрээ харагддаггүй, утсаа ч авдаггүй хүн. Өнөөдөр А үйл ажиллагаа явуулж байгаа нь миний ажил. А ХХК-нд данс байхгүй. Бүх гүйлгээ захирал Б.Тийн хувийн дансаар хийгддэг тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. А ХХК, Б.Т хоёр нэг хүн тул хоёр хариуцагаас 54,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Коронагийн үед хэн хэнийх нь үйл ажиллагаа зогссон байсан тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны хөлс 27,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК, Б.Т нараас гаргуулна гэв.
2. Хариуцагч А ХХК, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Г/4 Хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч нь А ХХК-тай байгуулсан. Н ХХК нь иргэн Б.Ттэй гэрээ байгуулаагүй тул Б.Төөс гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй. А, Н ХХК-ийн хооронд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулсан өдрөөс хойш Н ХХК-ийн захирал К.Сийн дансанд сар бүр олгох ёстой 1,000,000 төгрөгийг шилжүүлж 2018 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Хэдийгээр Хамтран ажиллах гэрээ хийгдсэн боловч энэ нь Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа. Хөлсөөр ажиллах гэрээ нь итгэлцэлд тулгуурладаг. Тиймээс энэ гэрээ нь ур чадвар шаардагдах эмч, өмгөөлөгч нартай хийгддэг. Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1-д зааснаар гэрээг дуусгавар болсон гэж үзэж байна. Учир нь 2016 оны 02 дугаар сард хийгдсэн гэрээ 1 жилийн хугацаатай ба гэрээний 3.1-т зааснаар гэрээг цуцлах саналыг хоёр талын аль нэг тал бичгээр гаргаагүй бол гэрээг үргэлжлүүлэн сунгасанд тооцно гэх юм бол дахин 1 жилээр сунгагдах боломжтой. Тэгэхээр гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болж 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүрэл 1 жилээр сунгагдсан. Түүнээс дараагийн бүх жилүүдэд ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй байхад сунгагдаад явах хууль зүйн боломж байхгүй. Энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Хамгийн сүүлд төлөлт хийгдсэнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 жилийн хугацаа аль хэдийн өнгөрсөн. 2016 оноос хойш тооцвол гэрээний хугацаа 2019 онд, 2016 онд гэрээ сунгагдсан гэж тооцвол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ байдлыг шүүх анхаарах байх. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг дүгнэж бодит байдалд тулгуурласан харилцааг үүсгээгүй, нөгөөтэйгүүр иргэн Б.Т, А ХХК сураггүй алга болоогүй хаяг байрандаа байсан. Н ХХК нь иргэн Б.Төөс ямар нэгэн байдлаар гэрээг дүгнэе гэсэн шаардах эрхээ хэрэгжүүлэхээр 2019 оноос хойш мэдэгдэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс Хамтран ажиллах гэрээ, Х ХХК-ийн төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, Хаан банкны дансны хуулга, А ХХК-ийн дэлгүүрийг хариуцан ажиллаж буй иргэн н.Мд гэх мэдэгдэл, А ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Боос хуулийн зөвлөх К.Ст гэх хүсэлт,
4. Хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 101/ШВ2018/..мөнгөн торгууль оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч гэрээний 3.1-т гэрээг цуцлах саналыг хоёр тал аль нэг нь бичгээр нэг сарын өмнө гаргаагүй бол гэрээг үргэлжлүүлэн сунгагдсанд тооцно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, гэрээ сунгагдсан. Иймд хариуцагч нараас гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулна,
3. Хариуцагч Гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний хугацаа 1 жилээр сунгагдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр талууд шаардах эрх, татгалзлаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээ нь Хамтран ажиллах гэрээ гэх боловч тайлбар, агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байна.
Гэрээний зүйл нь А тал буюу А ХХК-ний эрх, ашиг сонирхлын дагуу Б тал буюу Н ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлж бизнесийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн дэмжиж хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулах.
Гэрээний талууд гэрээгээр үзүүлэх үйлчилгээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээг цуцлах саналыг 2 талын аль нэг нь бичгээр нэг сарын өмнө гаргаагүй бол гэрээг үргэлжлүүлэн сунгагдсанд тооцож, хамтын ажиллагааны үнэлэмж 1,000,000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр нэхэжлэгчийн Хаан банкны дансанд төлөхөөр харилцан тохиролцсон.
Энэ нөхцөлөөр үнэлэмж буюу гэрээний хөлс 1,000,000 төгрөгийг хариуцагч тал 2018 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд цалин хэлбэрээр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Энэ байдалд зохигч маргаагүй.
4.2. Нэхэмжлэгч нь гэрээний талууд хэн аль нь гэрээг дуусгавар болгохоор бичгээр хүсэлт гаргаагүй тул жил бүр сунгагдаж ирсэн, хариуцагч тал 2018 оны 07 дугаар сард цалинг шилжүүлж энэ хугацаанаас хойш ажил үүрэг гүйцэтгэгээгүй тул гэрээ дуусгавар болсон гэж маргасан.
4.3. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор байгуулагдсан боловч ажиллуулагч 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан үйл явдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар хариуцагч гэрээнээс татгалзаагүй, хоёр тал гэрээг үргэлжлүүлэн нэг, нэг жилээр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж, энэ хугацааны хөлсийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь энэ хугацааны хөлсийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны хөлс 27,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч гэрээний хугацаа дууссан 2019 оны 02 дугаар сарын 15-наас хойш буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн, энэ хугацаанд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах хариуцагчаас баталгаа гаргах буюу талууд энэ байдлаар тохиролцож байсан гэх баримтгүй, шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримт бүрдүүлэх, тэднийг мэтгэлзүүлэх зарчимд үндэслэж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
5. Иймд хариуцагч А ХХК, Б.Т нарт холбогдох гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Х ХХК-ийн төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, А ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Боос хуулийн зөвлөх К.Ст гэх хүсэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэж дүгнэлт өгөх хуулийн шаардлага хангаагүй, хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 101/ШВ2018/000... мөнгөн торгууль оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангахгүй тул эдгээр баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 102/ШЗ2023/0... Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч А, Б.Т нарт холбогдох гэрээний үүрэг 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 102/ШЗ2023/0... Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА