Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/03190

 

 

 

                                                                                                                              

 

 

 

 

               2023       11        13

182/ШШ2023/03190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.И-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын болон нэмэлт зардалд 6,325,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан хүүхдийн сургалтын болон нэмэлт зардалд 6,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *******, ******* бид нар 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 586 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ миний бие асрамжиндаа авч, эцэг *******ээс хүүхдийн тэтгэлэг авахаар шийдвэрлэсэн. Миний охин ******* нь одоо 14 настай ба миний зүгээс энэ хичээлийн жилээс эхлэн суурь боловсрол, хүмүүжил, суралцах орчинд онцгой анхаарч, өөрийн оршин суугаа гэрт нь газарт ойрхон Гурван тамир дунд сургуулийн 9 дүгээр ангид суралцуулж байна. Хүүхэд минь урьд нь Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд 1-8 дугаар анги хүртэл суралцдаг байсан ба хичээлдээ маш сайн суралцдаг хэдий ч холоос зөөж авах маш их хүндрэлтэй байсан. Мөн хүүхдээ төгөлдөр хуурын болон бүжгийн гэх мэт сургалтанд суралцуулж амжилт гаргадаг. Хүүхдийнхээ давтан сургалт, бүжгийн, төгөлдөр хуурын сургалтын төлбөр зэрэг нэмэлт зардлыг өөрийн орлогоороо төлж байсан ба одоо зөвхөн бүх сургалт нь багтсан Гурван тамир дунд сургуулийн 9 дүгээр ангид нийт 12,650,000 төгрөгөөр суралцуулах болсон. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулинд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан байдаг ба хүүхэд минь төлбөртэй сургуульд орж нэмэлт зардлууд гарч байгаа тул нэмэлт төлбөрийн тал хувийг эцгээс нь гаргуулаар шүүхэд хандаж байна.

1.2. Сургуулийн үндсэн төлбөр 11.500.000 төгрөг, гадаад хөтөлбөрийн ном товхимолын төлбөр 530.000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцасны төлбөр 622.000 төгрөг нийт 12.650.000 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг *******ээс охин ******* сургалтын болон бусад нэмэлт зардалд 12.650.000 төгрөгийн нэмэлт зардлын тал болох 6.325.000 төгрөгийг гаргуулан эх *******т олгож шийдвэрлэж өгнө үү.

1.3. Хүүхэд сургуульд ороод 8 дугаар анги хүртлээ ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд сурч байсан. 9-р ангиас эхлээд энэ хүүхдийн маань сургалтад анхаарахгүй бол зайлшгүй шаардлагатай юм байна. Гэрээсээ хол гэр бүлийн хүчирхийлэл, Улаанбаатар хотод гарч байгаа гэмт хэрэг зөрчлөөс энэ өрх толгойлсон эмэгтэй буюу ******* айгаад хүүхдэдээ ойрхон сургалт семинар давтан хичээл хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг учраас гэрт ойрхон бүх давтан сургалт нь нэг дороо байдаг сургуульд суралцъя гэдэг шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд маань Улаанбаатар хотын вива сити хорооллоос түгжирч явсаар байгаад Баянзүрх дүүргийн 48-р сургуульд суралцахаас илүүтэйгээр гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, эрүүл саруул бойжих, өсөн торних тэр нөхцөл бололцоог нь ээж нь хангах үүднээс 12,000,000 төгрөгийн төлбөрийг өөрөө төлсөн байгаа. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас болон бусад хүчин зүйлээс шалтгаалаад хүүхдийн төлбөрийг өгөх боломжгүй байна. Ер нь бол Монгол Улсын хуульд заасны дагуу суурь боловсролыг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн заалт байгаа учраас хүүхдийг заавал өндөр төлбөртэй сургуульд суралцсанаар сайн хүн болдог гэдэгтэй эсрэг бодолтой байна. Би *******ээс гадна өөр хүнтэй гэр бүл болоод одоо 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань улсын сургуульд үнэ төлбөргүй суралцаж байгаа. Нэг нь 5 дугаар анги, нэг нь 1 дүгээр ангид суралцаж байна.

2.2. Шийдвэрүүдийг үргэлж ******* өөрөө бие даан гаргадаг. Адилхан эцэг эх гээд надаас үүрэг хариуцлага нэхэж байгаа бол хүүхдийн сургууль сургалтын талаар анх эхлээд ярилцах ёстой байсан. Тэгэхэд нэг гэр бүл байгаа юм шиг үйлдэл гаргаж, 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Над руу 09 дүгээр сарын 10-ны үеэр ярьсан. Хүүхдийг төлбөртэй сургуульд оруулсан, чи төлөх үү гэсэн. Би төлж чадахгүй гэхэд тэгвэл төлүүлдэг байгууллага байдаг юм, чи утсаа аваарай, дуудсан цагт нь очоорой гээд л утсаа салгасан. Би хүүхдийн тэтгэлгээ төлөөд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу үүргээ биелүүлээд явж байгаа.

2.3. Одоогийн нөхцөл байдал гэвэл би 2022 оноос хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй. Сахарын өвчин хүндрээд сая гарын үе нь хавдаад хоёр ч удаа хагалгаанд ороод эмнэлэгт 14 хоног орчим хэвтээд гарч байна. 2 кг-аас дээш жинтэй зүйл өргөж болохгүй. Биеийн хүчний ажил хийж болохгүй гэсэн эмчийн хяналтад байгаа. Би 6,000,000 төгрөг гаргаж өгөх, хүүхдийн төлбөрийг төлөх боломж алга байна. Амьдралын нөхцөл байдал гэвэл сүүлд хамтран амьдарч байгаа эхнэрийнхээ орлогоор л амьдарч байна.

2.4. Би хүүхдийг төрснөөс эхлээд би бүх цэцэрлэг, сургуулийн хувьд үүсэж байгаа асуудлыг нь шийдэж байсан. 48 дугаар сургуульд ороход би бичиг баримтыг янзалж сургуульд оруулсан. Анх төрөхөд нь 10 дугаар цэцэрлэг, 22 дугаар цэцэрлэгт оруулсан. Энэ бүх зүйлийг би эцэг хүний хувьд үүргээ биелүүлээд шийдэж байгаа. ******* өөрөө хаяг байрлалаа нүүлгэсэн бол өөрөө тэр эрсдэлээ тооцож асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны байранд ээжтэйгээ, *******, манай охинтой гурвуулаа хамт амьдардаг байсан. Тэрнээс биш эцэг гэдэг хариуцлагыг үүрүүлэх гэж байгаа бол хамгийн эхлээд зөвшилцөх ёстой. Хэдий тусдаа амьдралтай болсон ч гэсэн за ийм байна, Итгэлээ хүүхдийн ирээдүйн төлөө ингэхээр боллоо гэсэн шийдвэрийн ярилцах ёстой. Гэтэл одоо бол тулган шаардаж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байгаа нь үнэн. Хүүхдийн тэтгэмжийг сар бүр өгөөд явж байгаа. Сүүлийн үед ганц нэг сар алдагдсан зүйл бий түүнийгээ бол нөхөөд өгөөд явдаг гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/

3.3. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 4/

3.4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 586 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 5-7/,

3.5. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх 8/,

3.6. Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 9/,

3.7. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Гурван тамир сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дугаар албан бичиг /хх 10/,

3.6. 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын гэрээ  /хх 11-13/,

3.7. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Гурван тамир сургуулийн төлбөрийн баримт /хх 14-16/,

3.8. Итгэмжлэл /хх 37/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 18/,

4.2. Хаан банкны зээлийн дансны хуулга /хх 30-35/,

4.3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 36/ зэрэг болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч тал нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн тул нэмэлт тэтгэлэг буюу охин ******* сургалтын болон бусад нэмэлт зардалд 6,325,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардаж байна.

 

1.2. Хариуцагч ******* нь Монгол Улсын хуульд суурь боловсролыг үнэгүй эзэмшүүлнэ гэж заасан, ******* надтай зөвшилцөхгүйгээр хүүхдийг төлбөртэй сургуульд оруулсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байгаа, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин ******* төрсөн байна.

 

2.2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр Б.И, М.О нарын гэрлэлтийг цуцалж, охин *******ыг эх *******ийн асрамжид үлдээж, эцэг *******ээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

            Өнөөг хүртэл охин ******* нь эх *******ийн асрамжид байгаа талаар талууд тайлбарлаж байх ба энэ талаар маргаагүй.

 

2.3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гаргасан зардлыг хариуцуулахаар хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэл гаргаж болно.” гэж заажээ.

 

******* нь 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын Гурван тамир сургуульд элсэн суралцаж байгаа болох нь тус сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дүгээр албан бичиг, 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын гэрээгээр нотлогдож байна.

 

Энэхүү сургалтын гэрээний 2 дугаар зүйлд зааснаар сургалтын төлбөрийн хэмжээ 11,500,000 төгрөг байх ба энэхүү төлбөр болон он-лайн номын үйлчилгээний төлбөр 530,000 төгрөг, охидын дүрэмт хувцасны төлбөр 622,000 төгрөг, нийт 12,650,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь  Нийслэлийн ерөнхий боловсролын Гурван тамир сургуульд төлбөн гэж тайлбарласантай хариуцагч нь маргаагүй.

 

Талуудын тайлбараар охин ******* нь Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд 8  дугаар анги хүртлээ суралцсан байна. Талуудын маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

2.4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ... этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүрэг рүү нүүсэн, хүүхдийн сургууль гэрээсээ хол, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргээлсэн, хүүхдийн давтан сургалт, бүжгийн, төгөлдөр хуурийн сургалтын төлбөрийг өөрийн орлогоороо төлдөг байсан бол энэ сургалтууд Гурван тамир сургуулийн төлбөрт бүрэн багтсан, гэрт ойрхон, сургалтын орчинд онцгой анхаарах үүднээс хүүхдийн сургуулийг сольсон гэх агуулгаар тайлбарлаж байгааг тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. 7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл төрөөс иргэн бүрт суурь боловсролыг үнэгүй эзэмшүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч талаас хүүхдийн сурлага хүмүүжил, сургалтын орчиноос шалтгаалаагүй, оршин суух газраа өөрчилснөөс хүүхдийн сургууль гэрээс холдсон, үүнээс үүдэн гэмт хэрэг зөрчилд өртөх, аюулгүй байдлыг харгалзан хүүхдийн сургуулийг солих шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа ч оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэснээр харъяа дүүргийн ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг хамруулах боломжтой  байна.

 

2.6. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”  гэж тус тус заасан.

 

Хэдийгээр бүх шатны боловсролыг үнэ төлбөртэйгээр сурч эзэмшихийг хуулиар хязгаарлаагүй ч нэхэмжлэгч талаас охин *******ыг төлбөртэй сургуульд сургах талаар хариуцагчтай харилцан тохиролцож шийдвэрлээгүй буюу хариуцагч *******ийн хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрхтэй оролцох боломжийг хязгаарласан байна.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн ерөнхий боловсролын Гурван тамир сургуульд охин *******ыг суралцуулах болсон нь нэхэмжлэгч *******ийн хүсэл зориг, шийдвэр, сонголтоор байсан байна.  

 

2.7. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,150  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. 1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн сургалтын болон нэмэлт зардалд 6,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 116,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.АЗЗАЯА