Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Эрдэнэбаатарт холбогдох 201726020913 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ханбогд кашмер” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Москвагийн гудамж 66 дугаар байр 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо “Голден хилл” хотхон 71б-56 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн Боржигон овогт Батсайханы Эрдэнэбаатар /РД:ВЗ87031210/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч Б.Эрдэнэбаатар нь согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Д.Отгонтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Отгонтуяа мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед ... Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын хойд талд байрлах “Платинум” нэртэй караокейд ...2 дугаартай өрөөнд залуучууд хоорондоо зодолдоод байсан, нэг залуу нь өрөөнөөсөө гарч ирээд коридорын хананд тогтоосон байсан толийг цохиж хагалж байсан...” караокейны шатаар зэрэгцээд бууж таарсан... тэгсэн гэнэт Явуу “хөөе наад цусаа” гэж хэлсэн. Би тэр үед эргэж харсан чинь нөгөө толь хагалж байсан залуу Явууг цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм” гэж хэлээд гарнаас нь татсан. Тэгсэн тэр залуу эргэж хараад шууд миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэр үед миний амнаас их хэмжээний цус гарсан... харин тэр намайг цохисон залуу караокейны хамгаалагчийг эсэргүүцээд, хэд хэдэн удаа цохиод байсан... одоо миний толгой шилэн хүзүүгээр дагаж өвддөг, хоол идэх гэхэд шүд хөдлөөд өвддөг учир хоол идэхэд хэцүү байна, дээд уруулны дотор талд хатуу сорив тогтсон. Дээд уруулны гадна талд сорив тогтсон болохоор сэтэрхий уруултай болсон юм шиг харагддаг болсон. Би 120,000 төгрөгийн үнэтэй толгойны КТГ-н зураг авахуулсан... шүдний эмчилгээ хийлгэх 3,000,000 төгрөг, 6-н сарын хугацаанд эмчилгээ хийлгэх болсон болохоор тэр хугацааны ажлын орлогын ядаж 25%-г нэхэмжилмээр байна. Би 4 сарын хугацаанд 8,160,000 төгрөгийн нэхэмжилж байна..” гэжээ. /хав 12,13/

 

Хохирогчоор Д.Явуу мэдүүлэхдээ: “...бид нар караокенаас гарах гэж явж байсан. Тэр үед миний хажуугаар гарнаас нь цус гарч байсан залуу зөрөөд өнгөрөх гэж байсан. Би тэр залууг “гараас цус гарч байгаа юм чинь, түрүүлээд гарчих” гээд Үнэнжаргалыг хажуу тал руу татаж тэр залууд хажуугаар гарах зай гаргаж өгсөн. тэгсэн тэр залуу “миний цусаа гойжуулах чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи түрүүлээд гар” гэж хэлсэн чинь тэр залуу намайг “биеэ үнэлэгч янхан” гээд хэл амаар доромжилж миний баруун шанаа, баруун мөр лүү цохиод, хана руу түлэхээд байсан. Тэр үед Отгонтуяа ирээд тэр залууг “болиоч, эмэгтэй хүнийг” гэж хэлээд араас нь татсан. Тэр үед тэр залуу гараа зангидсан байдалтай яг намайг цохих гэж байхад Отгонтуяа ардаас нь татаж таарсан юм. Тэгсэн тэр залуу намайг цохихгүй эргэж хараад Отгонтуяагийн нүүр рүү нь цохисон. Отгонтуяа нүүрээ дараад доошоо суусан. Харин нөгөө залуу орилоод агсраад байсан. Тэр үед доороос Баатарцогт ирээд тэр залууг салгаж явуулахгүй хориглосон. Тэгсэн тэр залуу Баатарцогтын хамар луу 1 удаа цохисон. Баатарцогтын хамарнаас цус гарч байсан болохоор 00-ын өрөө рүү явсан. Тэгээд караокены хамгаалагч ирээд тэр залууг салгасан. Тэр залууг хамгаалагч гаргахгүй хориглож байсан ба хамгаалагч залууг бас цохиж байсан, ...миний биед сүртэй гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэжээ. /хав 15/

 

Хохирогчоор Б.Баатарцогт мэдүүлэхдээ: “...би түрүүлээд шатаар буугаад гарч явсан. Тэгсэн дээд талд хүмүүс орилолдоод чанга дуу чимээ гараад байхаар нь би дээшээ гарсан. Намайг очиход Отгонтуяа цохиулсан байдалтай, танихгүй эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Харин нөгөө танихгүй залуу Явуу, Отгонтуяа нар руу хэл амаар доромжилж дайраад байсан. Би очоод салгах гэхэд тэр залуу миний нүүр рүү цохисон. Би зөрүүлээд мөр рүү нь түлхэж цохисон. Миний хамарнаас цус гараад тэр залуугийн цус нь үсрээд миний нүүрэн дээр тогтсон байсан. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хав 17/

 

Гэрч Д.Мөнх-Ирээдүй мэдүүлэхдээ: “...толь хагалсан залууг нэг залуу хананд шахчихсан, хажууд нь нэг эмэгтэй нүүр рүүгээ цохиулсан байдалтай шатны хаалга дараад “гаргахгүй” гээд зогсож байсан. Толь хагалсан залуутай хамт явж байсан залуучууд нь тэр залууг авч гарах гээд байсан..” гэжээ. /хав 20/

 

Гэрч С.Өлзийжаргал мэдүүлэхдээ: “...цус болчихсон нэлээн согтсон байдалтай танихгүй залуу Явууг цохисон. Отгонтуяа “чи эмэгтэй хүнийг яаж байнаа” гэж хэлээд ардаас нь татсан чинь тэр залуу эргэж хараад Отгонтуяагын нүүр рүү шууд цохисон...” гэжээ. /хав 21/

 

Гэрч Ч.Бат-Орших мэдүүлэхдээ: “...нөгөө толь хагалсан залуу караокенаас гарч байсан 2 эмэгтэйн нэгийг нь цохисон байсан. Тэр эмэгтэйн уруул нь сэтэрчихсэн байдалтай, амнаас нь цус гарч байсан. Би тэр залууг гаргахгүй хориглож байхад тэр залуу миний нүүр рүү мөргөсөн...” гэжээ. /хав 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5085 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Дээд уруулын баруун хэсэгт 1х0,3см, дотор талд 0,8х0,2см зах ирмэг тэгш бус нэвтэрсэн шархтай, доод уруулын дотор салстад 0,7х0,3см язралттай, дээд уруулын баруун хэсэгт овойж хавдсан. Баруун талын дээд 2-р шүд суларсан бага зэрэг хөдөлгөөнтэй.  Дүгнэлт: 1.Д.Отгонтуяагын биед дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, баруун талын дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 34/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 44/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 47/

Гэрэл зургийн үзүүлэлт /хав 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Яллагдагч Б.Эрдэнэбаатар нь согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Д.Отгонтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 101/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Д.Отгонтуяа нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эрдэнэбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 101/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

            Б.Эрдэнэбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Отгонтуяагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 12,13 хуу/, шинжээчийн 5085 тоот дүгнэлт /хх-ийн 34 х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Эрдэнэбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Б.Эрдэнэбаатарт 480,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батсайханы Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Б.Эрдэнэбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ