Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0322

 

2023         04           04                                             128/ШШ2023/0322

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэ******* даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД: 2*******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн хооронд үүссэн ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Э*******" ХХК-ийн ХV-1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-д XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын  2011 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 49, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 518, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд нийт 3 удаа сунгасан, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жилийн хугацаанд эзэмшжээ.

2.2. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, э*******, хайгуулын үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж чадаагүй, үүнтэй холбогдуулан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсны үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах, ашигт малтмалын нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлөө сэргээлгэнэ хэмээн Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг гаргасан.

2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай албан бичгээр “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байна...” гэсэн хариуг өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Процессын түүх:

3.1. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 тоот албан бичгээр хайгуулын XV-1******* тусгай зөвшөөрлийн сэргээх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

3.2. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас шүүхэд анх “"Э*******" ХХК-ийн ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оны 01 сарын 14-ний өдөр дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын бүртгэлийг хүчингүй болгуулах, "Э*******" ХХК-ийн ашигт малтмалын ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Э*******" ХХК-ийн ХV-1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 ны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулсан.

4. Нэхэмжлэгч “Э*******” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. "Э*******" ХХК нь Х аймгийн Б сумын нутаг дахь "И" нэртэй газарт орших, ашигт малтмалын хайгуулын ХѴ-1******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг анх 2008 оны 01-р сарын 14-ний өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн. Түүнээс хойш 12 жил тасралтгүй холбогдох хууль, журмын дагуу ямар нэгэн зөрчилгүй, их хэмжээний зардал гарган геологи хайгуулын ажлыг гүйцэтгэж ирсэн болно.

4.2. Хайгуулын ажлын ажлын үр дүнгээр тус талбайд гөлтгөнийн ордын нөөц тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөс уг талбайд илрүүлсэн Гөлтгөний ордод шинжээч томилох /XX-2018/130/ шийдвэр гарч, 2018 оны 11-р сарын 02-ны өдөр шинжээчээр Н.О******* нь томилогдон ажилласан.

4.3. Уг талбайд гөлтгөний ордын нөөц тогтоосон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг зохиогч геологич Г.Ж*******, зөвлөх геологич Н.З нар бичиж шинжээч томилуулахаар 2018 оны 10-р сарын 22-ны өдөр 377 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч манай байгууллагын захиалгаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн "Т" ХХК-иас мөн өдөр 1/45 албан тоот давхардуулан авч, улмаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-1******* тоот дугаарыг XV-0 тоот дугаар болгон андуурч Ашигт Малтмал Газрын Тосны Газрын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн холбогдох ажилтан техникийн алдаа гаргаснаас болж бид Гөлтгөний ордын нөөц тогтоосон ажлын тайлангаа ч батлуулж, хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадалгүй олон тэрбум төгрөгөөр хохироод байна.

4.4. Х аймгийн Б сумын нутаг дахь "И" нэртэй газарт орших, ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд Арзын холбоогийн Гөлтгөний ордод 2017-2019 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, шинжээчийн 2020 оны 01-р сарын 01-ний өдрийн дүгнэлт гарсан ба тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр цуцлагдсан байна.

4.5. Энэ цаг хугацаа нь дээрх дэлхий даяар бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалтай давхцаж, гарцаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай, биднээс үл хамаарах нөхцөл байдалтай байсан тул бидний зүгээс уг талбайн ХѴ-1******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, тайланд хяналтын хуудас олгуулах тухай хүсэлтийг 2022 оны 04 сарын 19-ний өдөр 55 тоот албан бичгээр Ашигт Малтмал Газрын Тосны газарт гаргасан юм.

4.6. Гэтэл Ашигт Малтмал Газрын Тосны газраас манай хүсэлтийг хүлээн авч танилцаад 2022 оны 05 сарын 03-ны өдөр 1/2414 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байна гэж дүгнээд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаагаас болж бидний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол хохироод байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, их хэмжээний хөрөнгө, зардлаар хохироод байна.

4.7. Мөн 2014 оноос эхлэн манай улс санхүү, эдийн засгийн хямралд орж, улмаар 2019 оны сүүлээр Covid-19 цар тахал гарч, Монгол улсын эдийн засаг бүхэлдээ хямарсан, шинжээчийн дүгнэлтийн техникийн алдаа зэрэг нөхцөл байдлуудаас болж манай компани үйл ажиллагаагаа явуулахад хүнд*******тэй нөхцөл байдал үүсэж, улмаар бид энэхүү нөхцөл байдлаа тодорхойлуулах хүсэлт гаргаснаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг бидэнд олгосон. Улсын онцгой комиссоос цар тахлын хорио цээрийн дэглэм 2022 оны эхний улирал хүртэл үргэлжилж, өнөөдөр шар ангилалд шилжээд байна.

4.8. Иймд бидний буруутай үйл ажиллагаа биш байх тул "Э*******" ХХК-ийн ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оны 01 сарын 14-ний өдөр дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын бүртгэлийг хүчингүй болгуулж, "Э*******" ХХК-ийн ашигт малтмалын ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү.” гэжээ.  

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Х аймгийн Б сумын нутагт байрлах "Иын хөндий" нэртэй 5127 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Кадастрын бүртгэлийн төвийн даргын /Хуучин нэрээр/ 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Э*******" ХХК-д олгосон байна.

5.2. "Э*******" ХХК-ийн ирүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллага хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 49, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 518. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс тооцож, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 3, 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн байна.

5.3. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана:" гэж заасны дагуу ашигт малтмалын XV-01******* хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл болон холбогдох баримт бичгээ хавсаргаж ирүүлээгүй байна.

5.4. "Э*******" ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот албан бичгээр ашигт малтмалын XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 12 дахь жилийн хугацаа дуусаж байгаа бөгөөд уг талбайд Гөлтгөнийн орд илрүүлэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бичиж ЭБМЗ-ийн хурлаар оруулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа мөн тусгай зөвшөөрлийг түр хугацаанд хүчинтэй хэвээр байлгаж өгөхийг хүсэж, нөөц батлагдсаны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа талаар дурдсан байна.

5.5. Уг албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 8/307 тоот албан бичгээр ашигт малтмалын XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн байна.

5.6. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болно." гэж зааснаар ашигт малтмалын XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу "Э*******" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхгүй болсон байна.

5.7. Нэхэмжлэлд дурдсан ЭБМЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн XX-2018/130 дугаартай шинжээч томилох шийдвэрийн тухайд: "Т" ХХК -ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Х аймгийн Б сумын нутагт байрлах "Нарийн хярийн нуруу" нэртэй ашигт малтмалын ХҮ-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн гөлтгөнийн ордод 2018 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд ЭБМЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн XX-2018/130 дугаартай шийдвэрээр шинжээч томилсон байна.

5.8. Уг шийдвэрт ашигт малтмалын ХҮ-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар болон талбайн нэрийг заасан байх тул нэхэмжлэлд дурдсанаар тус газрын холбогдох мэргэжилтэн тусгай зөвшөөрлийн дугаарыг андуурч техникийн алдаа гаргасан гэж үзэх боломжгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, э******* хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу "Э*******" ХХК ашигт малтмалын XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Э*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас ХV-1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 ны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...хайгуулын ажлын үр дүнгээр тус талбайд гөлтгөнийн ордын нөөц илрүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг батлуулж, нөөцийг бүртгүүлэх гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ажилтны буруугаас болж, гөлтгөний ордын нөөцөө батлуулж чадалгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, ийнхүү нөөцөө бүртгүүлж чадаагүйн улмаас цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах боломжгүй болсон, үүнд бидний буруутай үйл ажиллагаа байхгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэж, нөөцөө батлуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргах шаардлагатай байна...” гэж тайлбарласан, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь 2008-2020 он хүртэл 12 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн учраас тусгай зөвшөөрлийн хугацааг цаашид сунгах хууль зүйн боломжгүй, ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш ирүүлсэн, түүнээс өмнө хүсэлт гаргаж байгаагүй ...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-д Х аймгийн Б сумын Иын хөндий нэртэй 5121,82 гектар талбайд XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 518, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрүүдээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд тус тус 3 удаа сунгасан, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жилийн хугацаанд эзэмшсэн, хэргийн оролцогчид энэ талаар маргаангүй.

5. Харин нэхэмжлэгчээс “...хайгуулын ажлын үр дүнд гөлтгөнийн ордын нөөц илрүүлж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ажилтны гаргасан техникийн алдааны улмаас шинжээч томилогдоогүй...ийнхүү шинжээч томилогдохгүй байсаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон...” хэмээн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, сэргээлгэхээр маргаж буй үндэслэлээ тайлбарлах боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “хайгуулын ажлын үр дүнд шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс зохих журмын дагуу шийдвэрлэсэн эсэх” асуудлыг дүгнэх боломжгүй.

6. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасан журмын дагуу шийдвэрлэн хайгуулын үр дүнгийн тайланд шинжээч томилох, дүгнэлтийг хэлэлцүүлж, ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах зэрэг шийдвэрийг гаргадаг, энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахтай хамааралгүй, захиргааны тусдаа үйл ажиллагаа байх ба нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас одоог хүртэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдуулан маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийг гаргах боломжгүй тул шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд “Э*******” ХХК-ийн XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсонд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг цаашид сунгах, мөн сэргээх боломжтой эсэхийг дүгнэн шийдвэр гаргах юм.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч “Э*******” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаагаар 3 удаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж, 12 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн.

9. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...”, 22.2.-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ... тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан, хуулиар тогтоосон уг зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 12 жилээс цаашид үргэлжлүүлэн сунгах эрхийг олгоогүй гэж үзэх бөгөөд түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг аливаа шалтгаанаар нөхөн тооцох, эсхүл дуусгавар болсон хугацааг сэргээнэ гэсэн ойлголт байхгүй тул хариуцагчийн 2022 ны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай албан бичиг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар маргажээ.

10. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хугацаа дуусгавар болсон бүртгэл хийсэн нь зөв, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

11. Нэхэмжлэгчээс “....Коронавирус цар тахлын хөл хорионы улмаас хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй явсаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон...” гэж тайлбарлах боловч шинжээч томилуулах хүсэлт гаргасан гэх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасан шаардлагыг хангуулах бүрэн боломжтой байсан, үүнд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсонгүй.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох “Э*******" ХХК-ийн ХV-1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 ны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2414 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ