Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 540

 

 

 

 

 

 

                                                                    

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/00292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.О, Б ХХК, М ХХК -д тус тус холбогдох

 

Түрээсийн төлбөрт 5 32 800 төгрөг, алданги 1 809 072 төгрөг, нийт 7 129 872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Хэрлэнчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Н.Отэй 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №56 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Н.О манай компаниас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 120 ширхэг барилгын туслах материалыг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд барилга барихад ашиглахаар түрээслэн авсан, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нийт бараа материалаас 13 ширхэгийг буцааж хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөөгүй 107 ширхэг бараа материалаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний нийт төлбөр 7 450 800 төгрөгөөс Б ХХК 2 130 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5 320 800 төгрөгийг төлөөгүй байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 320 800 төгрөг, алданги 1 809 072 төгрөг, нийт 7 129 872 төгрөгийг Б ХХК -иас гаргуулж өгнө үү. Хариуцагч Н.О, “Монтеталл” ХХК нараас татгалзсан байгаа гэжээ.

Хариуцагч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Э ХХК, Н.О нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Харин 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №56 тоот гэрээ нь Э ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ юм. Тус гэрээний зүйл болох барилгын материалыг Н.О авч ашиглаагүй, түүгээр орлого олоогүй бөгөөд эзэмшилд түрээсийн зүйл болох барилгын материал шилжээгүй. Харин Б ХХК нь Э ХХК-аас түрээслэн авч барьж байсан барилгадаа ашиглаж орлого олсон. Түрээсийн төлбөрийг Б ХХК  төлж, бараа материалыг авч, хүлээлгэн өгсөн. Н.О 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд “Босоо цамхаг ХХК-д ХАБЭА-ын инженерээр ажилладаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.О болон манай компани нь “ЭСУ” ХХ-иас барилгын материал аваагүй, гэрээ байгуулаагүй. Э ХХК-иас “Монтеталл” ХХК барилгын материал авч ашигласан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан Б ХХК-иас 5 320 800 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 809 072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б ХХК-иас 100 082 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгож, нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч Н.О, М ХХК  нараас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хариуцагч Б ХХК-д хурлын товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх хэсэгт заасан зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н.О, М ХХК , Б ХХК-д тус тус холбогдуулан түрээсийн төлбөрт 5 32 800 төгрөг, алданги 1 809 072 төгрөг, нийт 7 129 872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О, М ХХК  нараас татгалзсаныг хариуцагч Б ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт хариуцагч Б ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийг нотолсон баримт авагдаагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Б ХХК нарын хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан эсэх, уг гэрээг Б ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан эсэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

 

Түүнчлэн, хариуцагч нарын тайлбар хоорондоо зөрүүтэй байхаас гадна, түрээсийн гэрээний зүйл болох 120 ширхэг эд материалын тооцоо нийлсэн актад хариуцагч Н.О гарын үсэг зурсан, хэргийн 42 дугаар талд авагдсан Э ХХК-ийн орлогын баримтад түрээсийн гэрээний зүйлээс 107 ширхэг эд зүйлийг хариуцагч Б ХХК, М ХХК  нараас буцааж хүлээлгэн өгч гарын үсэг зурсан зэрэг хэрэгт цугларсан баримтын хүрээнд гэрээний зүйлийн ашиглалтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. /хх 8-10/

 

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримттай холбогдуулан тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагааг Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа байжээ.

 

Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамтай. Иймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/00292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН