Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0245/з |
Дугаар | 221/МА2017/0384 |
Огноо | 2017-05-31 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2017/0384
Д.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, Хариуцагч С.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгаланы гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0243 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйл 4 дүгээр зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 8 дугаар зүйлийн 8.2.4, 18 дугаар зүйлийн 18.4, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.*******ээс Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.*******д холбогдуулан гаргасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийтгэвэр, 310000617086385 дугаар торгох шийтгэвэрийг тус тус хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: " ... ийнхүү хуульд заасан шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүйн дээр Захиргааны хариуцлагын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн "Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хор уршиг, хохирлыг багасгах, захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэж захиргааны зөрчил, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг сахиулах зорилгод нийцэж байна" гэжээ.
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж "энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна" гэснийг "шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтай хуульд заасан шийтгэл оногдуулна" гэж өөрчилсөн. Энэхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй бөгөөд Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн улс даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэж үзэж байна. Энэ нь уг хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах субъект тодорхойгүй буюу эрх зүйн хийдэлтэй байсныг хууль тогтоогчоос эрх зүйн хийдлийг хууль тогтоох замаар арилгасныг харуулж байгаа билээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар эрх олгогдоогүй цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан нь эахиргааны шийтгэл оногдуулсан нь нэхэмжпэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл " ... шийтгэлийг хэн ногдуулах нь зохицуулалтгүй эрх зүйн хийдэлтэй байсан гэх хэдий ч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3-т зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан буюу замын цагдаагийн байцаагч захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна".
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан”
Мөн хуулийн 10 дугаар зүйлд “Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал Захиргааны хариуцлага хүлээлгэхээр энэ хуульд заасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараах харьяаллаар хянан шийдвэрлэнэ” цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, 23, 24, 251, 25, 26, 281, 302, ЗО3, 307 ,31, 32, 33, З5 36. 37, 38, 39, 40, 41, 42. 43. 45, 47, 471, 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг бол эөвхөн энэ хуульд буюу зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан тохиолдолд л хариуцлага хүлээлгэх хүрээгээр хэмжээ хязгаартай 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа “25 дугаар зүйл” нь Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 'Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн 1 дүгээр зүйлээр хүчингүй" тооцогдсон, 2 дугаар зүйлээр нь энэ хууль нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байгаа юм. " .. эдгээр хуулиуд зохицуулалтын хувьд уялдаатай, Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчилд хариуцлага, шийтгэл ногдуулах эрх олгогдсон этгээдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан зөрчилд хариуцлага шийтгэл ногдуулах эрх олгогдсон байна.
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Өмнөх үндэслэлд дурдсан тайлбар нэгэн адил хамаарна.
"... Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт орсон энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна" гэснийг шүүгч эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна гэсэн өөрчлөлт нь уг хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах субъектийг тодорхой болгож, эрх зүйн хийдлийг арилгасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй ч дээр дүгнэсэнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 3-т зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хамаарч байна.
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Өмнөх үндэслэлд дурдсан тайлбар нэгэн адил хамаарна.“... Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хасах эрх нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч ахлах зохицуулагчид олгогдсон байна. Эдгээрээс дүгнэхэд Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.*******д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх олгогджээ.
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Энд шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна Учир нь Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдаагийн байгууллагын дaраах ажилтан хасна.
Энэхүү журмаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасна гэсэн боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэдэг нь хуулиар эрх олгогдсон байх шаардлагатай зохицуулалт юм.
" ... торгох шийтгэл нь үндсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь үндсэн ба нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэгдэхээр байна Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай" 173 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдуүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж үндсэн шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр бичиж бичиглэлийн алдаа гаргасан байх хэдий ч энэ нь шийтгэврийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.”
Зөвшөөрөхгүй байгаа үндэслэп: Энд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар "Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл. .. шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ" гэж заасан. Зохицуулагч С.*******гийн оногдуулсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /480,000 төгрөгөөр/ торгож" гэж торгох шийтгэпийг эрх хасах шийтгэлийн урьд нь хэрэглэж, эрх хасах шийтгэлтэй үндсэн шийтгэлийн хэлбэрээр давхардуулан хэрэглэсэн нь захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Хууль тогтоогчоос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заахдаа эхлээд Торгох шийтгэлийг үндсэн шийтгэлийн хэлбэрээр, харин эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хамтад нь оногдуулж хэрэглэхээр хуульчилсан байна. Энд бичиглэлийн алдаа гараагүй, харин хуулийг буруу хэрэглэсэн нь харагдаж байгаа болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0243 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулах субьект тодорхойгүй буюу эрх зүйн хийдэлтэй байсныг хууль тогтоогчоос эрх зүйн хийдлийг арилгасан. Хуулиар эрх олгоогүй байхад цагдаагийн ажилтан захиргааны шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл мөн” гэжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих” үүргийг, 8.2.4-д “Замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах” эрхийг Цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр тус тус зааснаас үзвэл уг хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд цагдаагийн байгууллага шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу хассан тохиолдолд жолоодох эрх дуусгавар болохоор заасан, мөн зүйлийн 18.4-т Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, сэргээх журмыг батлах эрх олгосны дагуу Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын 2.2.1-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн зохицуулагч хасахаар заасан нь уг хуулийн 8.2.4-д заасан цагдаагийн байгууллагын эрхийг хэрэгжүүлэх ажилтныг тодруулан заасан байх тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийтгэврээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу цагдаагийн байгууллагын ажилтан зохицуулагч С.******* нь Д.*******т шийтгэл ногдуулсныг “хуулиар эрх олгоогүй этгээд” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан торгож, жолоодох эрх хасах шийтгэл оногдуулах нөхцөл /гипотези/ буюу “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийг гаргасан талаараа маргаагүй байх тул шийтгэл ногдуулсны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй.
Мөн давж заалдах гомдолд “... торгох шийтгэлийг эрх хасах шийтгэлийн урьд нь хэрэглэж, эрх хасах шийтгэлтэй үндсэн шийтгэлийн хэлбэрээр давхардуулан хэрэглэсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн ...” гэжээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д торгох шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр тус тус хэрэглэхээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д эдгээр шийтгэлийг хоёуланг зэрэг оногдуулахаар заасны дагуу оногдуулсныг “эрх хасах болон торгох шийтгэлийг хоёуланг үндсэн шийтгэлээр хэрэглэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг хуульд үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн аль нэгнээр хэрэглэх сонгох боломжийг заасан, маргаж буй тохиолдолд торгох үндсэн шийтгэлтэй хамт хэрэглэсэн байхад эрх хасах шийтгэлийг сонгох боломжийн зөвхөн нэг нь болох үндсэн шийтгэлийн хэлбэрээр хэрэглэсэн гэж нэг талаас нь ойлгож буруутгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2017/0243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч Т.Баясгалангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ